Ээ дээ, энэ ам уу...


"Номин Холдинг" ХХК-ийн Зөвлөх, Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан, Доктор (PhD), Профессор, “Монгол Тэмүүлэл” ТББ-ын тэргүүн Амарбаярын Шагдарсүрэн бол төр нийгмийн зүтгэлтэн төдийгүй бас бичгийн агуу хүн билээ. Энэ удаад түүний монгол хэлний зүйр цэцэн үгийн агуу утга, мөн чанарыг залуу үеийнхэндээ ойлгуулах, өвлүүлэх үүднээс манай сонинд "Ээ дээ, энэ ам уу" гэх асуудал дэвшүүлсэн нийтлэл ирүүлснийг уншигчдадаа хүргэж байна.

 

САНАСАН БҮХНЭЭ БҮҮ ЯРЬ, САВААГҮЙ  ЮМААР БҮҮ ОРОЛД

 

Миний бие Торгууд нутагт мэндэлж тэдний хэлээр хэлд орж 15 нас хүртлээ торгуудаар (Баруун монгол хэл аялгаар) ярьж өссөн билээ. Өдгөө 85 насыг зооглож  явахдаа тэр өсөх насандаа сурсан хэл, аялгаа мартаж, зөвхөн халх аялгаар ярьж байгаа ч миний сурч өссөн хэлний ихэнх үг халх хэлэнд байхгүй. Харин Монгол бичигт Хүмүүн (хүн), Хөвүүн (хүүхэд), Дэвэл (дээл) гэх мэт бичигддэг байх юм.

Одоо Хийлэн (цамц), Лавшиг (тэрлэг) гэж хэлбэл дийлэнх хүмүүс ойлгохгүй. Энэ мэт маш олон үгнүүд монгол хэлний орхигдсон өвгөн үг юм. Монгол ардын зүйр цэцэн үгийн нэлээд үгийг одоогийн хүмүүс ойлгохгүй хэмжээнд хүрсэн эмгэнэлтэй байдал ажиглагдаж байна. Гэвч монгол хэл баялаг юм. Бас нэг үг олон утга агуулдаг. Тиймээс санаагаа зөв илэрхийлж, бусдад үгийнхээ утгыг ойлгуулахад их анхаарах учиртай. 

Хүмүүнд олныг сонсог гэж хоёр чих, ихийг хараг гэж хоёр нүд, бага чалчиг гэж ганц ам заяасан байна. Энэ их учиртай. Монгол туургатнууд “Үг тоотой нь, үйл тодорхой нь дээр”, “Үг олшрохоороо ташаарна, утас уртдахаараа тасарна”, “Үг олширвол үхэр холдоно, үг олширвол ажил алдана”, “Ганц үг гарзгүй, олон үг олзгүй”, "Олон үг ончгүй”, “Цөөн үг үр ихтэй, олон үг утга багатай”, “Олон үгнээс оновчтой ганц нь”, “Үгийн цөөн нь, үхрийн олон нь дээр” хэмээн зүйрлэж сургамжилж иржээ. Хамар доор ам байна гэж юу бодсоноо зоргоор чалчиж байдаг хүн буй. Тийм хүний үг бусдын чихэнд чийр болж үнэтэй сайхан цагийг нь үрж байдаг. 


Иймээс манай ард түмэн “Санасан бүхнээ бүү ярь, саваагүй юмаар бүү оролд”, “Олуулаа байвал амаа хичээ, олны дотор үгээ шинж”, “Орь ганцаар байхдаа сэтгэлээ шинж”, “Охин хүн амныхаа мууд, ороо зусаг аашныхаа мууд” гэх зэргээр сургаж ирсэн. Бас “Олон хэлбэл яншаа, цөөн хэлбэл цочоо”, “Олон хэлбэл улиг, цөөн хэлбэл билиг” гэх буюу “Үглэж сургахаар, үлгэрлэж сурга”, “Үглээ хүний үг үнэгүй, үсрээ морины явдал хатуу” гэсэн өвгөдийн сургаал байна.
Ой ухаанд үг байвч онож хэлэхэд хэцүү гэлцдэг. “Сэтгэл муутын үг хатуу, бодол муутын үг мохоо” байдаг.
Санаагаа үгээр зөв илэрхийлж чадахгүй, юу гэж хэлэхээ мэдэхгүй “нөгөө, нөгөө юм” гэж ангалзах залуус олширчээ. Аав, эцэг гэсэн хоёр үгний нарийн ялгааг мэдэхгүй зарим залуу “Энэ миний аав” гэхийн оронд “Энэ миний эцэг” гэхийг сонссон хүнд аавдаа дургүй юм байна, аав нь хойд эцэг юм болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Нийтлэг хэллэгт Хойт эцэг, өвөг эцэг, хадам эцэг, эцэг мал гэж л ярьдаг. Нас эцэслэсэн, өөд болсон, таалал төгссөн, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн, биднийг орхин одсон, тэнгэрт хальсан, бурхан болсон, бурхны оронд заларсан, талийгаач боллоо гэсэн үг байтал “Үхсэн” гэх нь тун “хатуу” сонсогдоно. Үүнийг “Сэтгэл муутын үг хатуу, бодол муутын үг мохоо” гэхээс яахав. Харин малыг үхсэн гэх нь аргагүй.
Мөн “Үгээ олж хэл, үхрээ олж туу” гэдэг. 
Монгол ардын зүйр үгэнд “Үйлэнд уран үгэнд цэцэн”, “Нойронд сэргэг, номд мэргэн”, “Үрэхгүй бол хурц болдоггүй, хичээхгүй бол цэцэн болдоггүй”, “Үрээ гэвэл сургаж бай, морио гэвэл идүүлж бай”, “Цэцэн үг цээжнээс гардаг, цэцэг навч ууланд ургадаг”, “Цэцэн үг цээлээс гүн, зүйр үг зүүнээс хурц”, “Цэцэн түшмэл улсын эрдэнэ, мэргэн эм гэрийн эрдэнэ”, “Цэлмэг тэнгэрийн од тод, цэцэн хүний үг тод”, “Цэцэн үгэнд худалгүй, цэцэг навчинд бузаргүй” гэж цэцэн цэлмэгийг магтан сайшаасан байдаг. 
Үгийн үнэн, худал хуурмагийг айхавтар цэгнэсэн нь бий. Зүйр цэцэн үгэнд “Үнэн үг тус хүргэнэ, худал үг хор хүргэнэ”, “Үнэн худал хоёр үхэр чоно хоёр шиг”, “Үнэн билэгтэй, худал балагтай”, “Үнэн үг үнэтэй, буруу үг булхайтай”, ”Үнэн үг сүүн хариутай, худал үг сүхэн хариутай”, “Үнэн үг чихэнд  хатуу ч хэрэгт тустай”, “Үнэн үг шар тос, худал үг хар мөртэй”, “Үнэн үг хүчтэй, үнэнч хань ачтай” гэхчилэн  онцолжээ.
Тиймээс манай ард түмэн “Үгийн дотроос үнэнийг эр, үзэмжийн дотроос чанарыг эр”, “Үнэн үнэнээрээ сайхан, үнэгэн малгай өвөлдөө сайхан”, “Үнэний өмнө сөгд, худлын эсрэг тэмц”, “Үнэн үгээр үүлээ бүтээ, өрөвч сэтгэлээр бусдыг энэр”,  “Үйлийн буянаас үгийн буян” гэдэг. 

ЯРИХЫН ӨМНӨ ҮГЭЭ, ЯВСАН ХОЙНОО МӨРӨӨ ЦЭГНЭ 

Хүний дутагдал доголдлыг шүүмжилж, хар санаа, худал хуурмагийг нь илчилсэн нэгнийгээ хар буруу санаж гоочлох явдал цөөнгүй байдаг. 
Үүнээс үүдэн “Үнэн үг чихэнд хатуу, үхрийн шил шүдэнд хатуу”, “Үнэн үгний үзүүр ширүүн”, “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй”, “Үнэнч хүн үүдэнд, худалч хүн хойморт”, “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж анхааруулж сануулсан сургамжууд байна.
Мөн “Гашуун ч гэсэн эм өвчинд тустай, хатуу ч гэсэн үнэн үг үйлсэд тустай”, “Үгээр хүнийг алж ч болно, үгээр хүнийг анагааж ч болно”. “Хорт сумаар нэгийг алдаг бол хорт үгээр олныг хөнөөнө”. “Үг үзүүргүй боловч үхтэл хатгана, үлий товгоргүй боловч үхтэл бүдрүүлдэг”, “Үгээр чичвэл сэтгэл өвдөнө, мэсээр чичвэл бие өвдөнө”. “Зөөлнөөр хэлсэн үг ноцтой, зүүгээр чичсэн шарх хортой”, “Сэлэмний шарх эдгэрдэг, сэтгэлийн шарх эдгэрдэггүй” гэдэг зүйр үгс бас байна. Тиймээс “Үгээр цохихоор сүхээр цохь”, “Үгийн шорвогоос давсны шорвог дээр” гэсэн үг гарчээ.
Муу үгээс хол, сайн сайхан үгээр бусдыг баясгаж, үгийн бузар хэлний алдаа, үйлийн муухайгаас зайлж явах нь аминд өлзийтэй, амьдрахад тустай.
Учрыг нь олж, хужрыг нь тунгааж сурах нь хэн бүхэнд хэрэгтэй. Сэтгэлийн шархыг үгээр үүсгэдэг болохоор өвчний зовлонг эмээр, сэтгэлийн зовлонг урмаар эмчилнэ.
“Чалчаа хүний үг олон, залхуу хүний шалтаг олон”, “Сул үг сургааль болдоггүй, сувдаг сэтгэл баян болгодоггүй”, “Утгагүй яриа цагийн гарз, урагшгүй хүн ажлын садаа”, “Их мэд бага ярь”, “Үг ихэдвэл үйл алддаг, үнс ихэдвэл гал бөхдөг”, “Үг олдвол үнээ барна, өвчин ихэдвэл биеэ барна”, “Үг нь үхрийн баас, яриа нь ямааны  хоргол” гэсэн шүүмж  үгс олон байдаг.  Мөн “Агт алдвал барьж болдог,  ам алдвал барьж болдоггүй". 
Үүнээс үүдэж “Үг алдсанаас үхэр алдсан нь дээр”, “Санамсаргүй үг бүү хэл, саваагүй юмаар бүү оролд”, “Ярихын өмнө үгээ, явсан хойноо мөрөө цэгнэ”, “Бардам ам шалдан гуя”, “Хэлснээ хийдэггүй, зорьсондоо хүрдэггүй” гэсэн сургамж хоч үг гарчээ.


ХЭЛСЭНДЭЭ ХҮРДЭГГҮЙ ХҮНТЭЙ ХҮН НӨХӨРЛӨДӨГГҮЙ

Хоосон амлах, худал  хэлэх нь өөрийн амьдрал, өрөөлийн ажил үйлст маш хор уршигтай, ялангуяа зах зээлийн харилцаа, бизнест асар их хохирол учруулдаг. 
Хэлсэн үгэндээ хүрдэггүй, худалч хүнтэй хэн ч хамтрахыг хүсдэггүй. “Амаа хичээхгүй бол гай дагуулдаг, галаа хичээхгүй бол гамшиг дагуулдаг” учиртай. “Урт хошуу хүзүү орооно, урт хормой хөл орооно”, “Дааганаас унаж үхдэггүй, дарвагараас болж үхдэг” гэдэг сургаал байна. Заримдаа амаа татаж, үгээ залгидгийн учир ийм. Чалчаа хүнийг “Зүүдээ ярих гээд хулгайгаа хэлэв” гэж анхааруулах нь бий. Хүн хүнтэй ам хэлээ олохгүй, хэрүүлч хүн байдаг. 
Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо
Үг хөөвөл хэрүүл, үхэр хөөвөл баас
Үгийн ганц эндүүрлээс, үхрийн чинээ хэрүүл
Ховч хэлнийхээ уртаар толгойгоо ороодог 
Үхэр хэлнийхээ уртаар өвс ороодог 
Ховч хүний үг хоёр үзүүртэй зүү, гурван үзүүртэй занга адил 
Худалч хүний нээрэн олон
Хуурамч хүний хөөрхий олон
Худал үг хотолд аюултай
Мохоо хутга гарт аюултай
Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй
Цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй
Хэлж өгөвч чих нь цоорхой
Хийж өгөвч сав нь цоорхой
Ярих нь их бол үг алдах
Идэх нь их бол гэдэс өвдөх 
Хов ихэдвэл хэрүүл, хоол ихэдвэл хордлого
Ховч хүн эв барна, хайлсан цас ул барна
Ховчийн гэр жаргалгүй 
Ховдгийн гэр хоолгүй” 
“Хагацашгүй нөхөртөө, хатуу үг бүү хэл” гэдгийг санаж дотно хүмүүсийнхээ сэтгэлд сэв суулгаж, голд нь ортол гомдоож болохгүй гэдгийг бүх насныхан эн тэргүүнд хичээж явах ёстой. 
Буруу хазгай хэлсэн үгийг өөлөх өөнтөгч ч байдаг. Ганц үг газар гээдэггүй хэрүүл ч байдаг.

УУР ХИЛЭН БОЛ ХҮНИЙ ГАЛЗУУРЛЫН НЭГ ШИНЖ 

Эвгүй үг, цочир уураас болж бие биеэ харааж зүхэн өөрийн хяналтаа алдах нь бий. Тийм үед биеэ барьж, уужуу ухаанаар аядуу хандаж байвал зохино.
“Учиргүй олон хэлбэл уруул ам ядрах, урт зам хөөвөл унасан морь ядрах” гэж бий. Бас “Дуугүй сууснаас гэм гарахгүй, дугариг юмнаас өө гарахгүй” гэдэг. Тэгэхдээ хэл амтай нь хэл амгүй нэгнээ идэх аюул байдаг.
Худал юмыг олон дахин давтаад байвал үнэн юм шиг болдог болсон өнөө цагт “Гэмгүй нь хатавчинд, гэмтэн нь хойморт” болдгийг анхаарахгүй байж болохгүй. 
Хов үгэнд хол ойр ялгаагүй, хорт могойнд бүдүүн нарийн ялгаагүй. 
Ховлогчоосоо хов зөөгч нь илүү аюултай. 
Хэрүүлийн бузар гэж хэмжиж болдоггүй хөнөөлтэй, хэдэн үеэр нь ч дамжиж болох бузар байдаг. Хэрүүл гаргахгүй байх, түүнийг өдөөж гал дээр тос нэмэхгүй байх хамгийн шилдэг арга бол дуугүй байх арга юм. 
Хэрүүл гэдэг нь муу үгээр байлдаж байгаа дайн. 
Уур биеийг зовооно, уул морийг зовооно гэдэг шүү дээ. Их уур хилэн бол хүний галзуурлын нэг шинж юм. Цочмог ууртай, дүрс хийдэг хүн уурласан үедээ юу хийж, хэлж байгаагаа мэдэхгүй болчихдог тохиолдол ч гардаг. Бие биеэ үгээр идэж, түүний хариуг давж өгөөд эхэлбэл улам шатаж дүрэлздэг. Харин хариу өгөхгүй нэг нь дуугүй байвал нөгөө нь баахан харааж, муу үгээр утаж зүхэн байгаад намддаг. 
Мөнгө дайвал хорогддог, үг дайвал нэмэгддэг. Болох болохгүй хүний үгэнд бүү ор, болсон идээнээс бүү татгалз гэж бий.  
Ихэнх хэрүүл голдуу дам үгнээс болсон байдаг. Дамын үг далан худалтай, зуурдын үг зуун худалтай гэдэг. Дамын үг нь олон хүний ам дамжсан, дамжсаар яваад  давсалж  хужирласан, итгэхэд бэрх болсон үг байдаг. 
Дамын үг гол төлөв хүнийг муулсан, буруутгасан, хутган үймүүлж, яс хаясан хов живийн шинжтэй байдаг. 
 Хов зөөгчийн үг нь ховлогчийн үгээс ихээхэн хачирласан, давсалсан шинжтэй цааш цааш хоромхон зуур тархдаг. Хов үг, худал үг эхлээд найзуудын хооронд тархан явсаар эзэндээ хүрдэг.
Хов нь ахан дүүс, найз нөхдийн хоорондын харилцаанд сэв суулгаж, хүмүүсийг хооронд нь мөргөлдүүлэх учир тэдний эв нэгдэл, нөхөрлөлд асар их аюултай. “Хов хот эвддэг, хонзон бие эвддэг”, “Ховч хүн эв барна, хунгарласан цас гутал барна”, “Хов туухаар хонь туу”, “Хов хөөцөлдсөн хүн хол явахгүй бүдэрдэг” гэсэн зүйр цэцэн үг байна.  Ховч, зусарч хоёр хосолж байдаг учраас ялгагдаж танигдах амаргүй.
Ер нь чамд хов зөөсөн хүн, чамайг хүнд бас ховлодог. Чамд хүнийг муулсан хүн чамайг хүнд бас муулдаг гэмтэй. Урьд цагт “Айлын ховыг хүүхэд, аймгийн ховыг бадарчин” гэдэг байжээ. Одоо үед цахимжсан учир ховын хурд, тархалт нь хязгааргүй болжээ. Хов зөөх дадал их балчир үеэс эхтэй байдаг. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ бага балчир үеийн ховын шинжтэй үгийг хүлээн авахгүй харин, тийм тохиолдлыг жигшүүлж сургахад анхаарах нь зохистой. 
“Ховоор хоол, хорзоор унд хийсэн” хүмүүс цөөнгүй. Хүний мууг үзэж хилс хэрэгт тохохын тулд гүжир гүтгэлэг хийх явдал их газар авч байна. Энэ талын хууль эрх зүйн зохицуулалт ч хангалтгүй байна. 

ГЭРИЙНХЭЭ ҮГИЙГ БУСДАД БҮҮ ЯРЬ, ХЭЭРИЙН ҮГИЙГ ГЭРТЭЭ БҮҮ ХЭЛ 

“Гүжир үгэнд үнэнгүй, гүнзгий усанд оломгүй”, “Гүжир үг илд мэснээс ч аюултай”, “Гүжирдлэгээс олдсон шарх эдгэдэггүй” гэсэн үг байдаг. Гүжир гүтгэлэг бол хүнийг цусгүй алах  хэрэгсэл болсоор байгааг Төр засаг анхаарах цаг болжээ.
Дамын үгийн үнэн худал нь мэдэгдэхгүй, итгэхэд бэрх, хүмүүсийг хооронд нь хагаралдуулж талцуулахад хүргэдэг аюултай тул түүнийг сонссон хүн цааш нь дамжуулахгүй байх, зориулагдсан хүн нь сонссон бол үнэн худлыг нь шалгаж буурьтай, хүлээцтэй хандаж байх нь зүйтэй. Ер нь онц хортой биш бол “Жингэр хуцаж байна, жингийн цуваа явж байна” гэсэн байдлаар чихний хажуугаар өнгөрөөх нь өлзийтэй. 
“Шивнээ үг сэтгэлд халтай, шиврээ бороо дээлэнд халтай“, “Ширүүн үгэнд бүү цухалд, нялуун үгэнд бүү бахад”, “Салаа үгтэй хүнээс салаа хэлтэй могой дээр” гэсэн үг байдаг. Бусдын дэргэд хамт сууж байхдаа нэгэндээ шивнэж ярих нь их эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Бас зэмлүүлж өсөөгүй, шүүмжлүүлж сураагүй зарим хүн ялихгүй ширүүн хатуу үгэнд амархан гомддог. Аргадуулж магтуулж байх дуртай тал бий. Насан туршид дан магтуулах гэж яаж байхав. 
“Нялуунаас шулуун нь дээр, нялцгараас аргуу нь дээр” гэдэг. Хэлэх гэснээ бусдын  өмнө товч тодорхой хэлж ойлгуулж  байх нь шударга ёсонд нийцнэ. 
Хээрийн үг, гэрийн үг гэж байна. Иймээс “Гэрийнхээ үгийг бусдад бүү ярь, хээрийн үгийг гэртээ бүү хэл” гэж сургажээ. Юм бүхэн өөрийн нууцтай байдаг болохоор улсын, байгууллагын, гэр бүлиийн, хувь хүмүүсийн нууц гэж байх нь зүйн хэрэг. Тийм болохоор гэр бүлийн доторх нууц, гэрийн үгийг бусдад задгай яриад байж болохгүй. “Булайгаа бусдад бүү дэлгэ, ходоод хагаравч тогоон дотроо” гэдэг зарчимтай. 
“Сайн хүн хийснээ хэлдэг, муу хүн идсэнээ хэлдэг”, “Сайн хүний үг ширүүн боловч ачтай, муу хүний үг зөөлөн боловч бачтай”, “Сайн хүн нэг үгэнд, сайн морь нэг ташууранд” гэсэн цэцэн үгс байдаг. 
Бидний өвөг дээдэс үр хүүхэд, залуу үеэ сайн хүн болгохын тулд зөвхөн үг хэл яриагаар дамжуулж сайн жишээгээр сурган хүмүүжүүлэх, муугийн шинжийг цээрлүүлэх гэж ийм олон зүйрлэл хэрэглэж ирснийг өнөө үе мартах ёсгүй. 
Бурхан багш нирваан дүр үзүүлэхийнхээ өмнө “Ухаанаа атаа шуналаас холдуулан зөв явж чадвал ухаан чинь цэвэр саруул, үг чинь шударга, үнэн байх болно. Амьдрал мөнх биш, үргэлж хувирдгийг санан, уур хилэн, атаа хорсол, мунхаг авираа хязгаарлах чадвартай бай. Тэгвэл бүхий л нүглээс зайлж чадах болно” гэж сургасан ажээ.

ХҮМҮҮЖИЛ ГЭХ ҮГ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД АЛГА БАЙНА

Миний бие 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Боловсролын багц хуулийг хэлэлцэх явцад хүмүүжил гэдэг үгийг оруулах гэж мэтгэлцээд хуульд тусгуулж чадаагүй юм. Тэр үед хүмүүжил гэдэг үгийг “коммунист хүмүүжил” гэдэгтэй  хутгаж ойлгоод тухайн үеийн улс төрчид их цэрвэж байсан. Одоо хүртэл Боловсролын тухай хуульд хүнийг хүн болгодог хүмүүжил гэсэн үг ороогүй л байна. Миний ярьж байгаа хүмүүжил бол үр хүүхдээ “монгол хүн” болгох тухай л асуудал юм. Одоо үед миний ач нараас эхлээд монгол хүн биш, харийн хүн болчихоод байгаа нь цөөнгүй байна. 
Даяаршлын энэ эрин үед ондоошлоо орхигдуулаад байна. Үндэсний уламжлал өв соёлоо тээж явахгүй бол монгол ухаан, монгол хэл, монгол өв соёлоо алхам алхмаар алдсаар эцэстээ юу болох вэ? Гэхдээ орчин үеийн техник технологийн  дэвшлээс хоцрохгүй байж, дэлхийн соёлоос суралцахыг үгүйсгэж яав ч болохгүй. Монголчууд бид ардчилсан хувьсгалын эхэн зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байх үед дэрсэн шүүрээр шалаа шүүрдэж, төмөр нидрүүлгээр хувцсаа угааж, махаа саравч, тагтан дээр хөлдөөж, борцолдог, гар утас хэрэглэх нь бүү хэл нүдээр үзэж гараар барьж үзээгүй, цахим төхөөрөмж ашиглаж  мэдэхгүй байлаа. “Номин Холдинг” компани “Номин-5” Хувиараа Эрхлэх Аж Ахуй (ХЭАА) үүсгэн байгуулсан үеэсээ “Номин Электроникс” дэлгүүр байгуулж, цахим  барааны импортлогчдын анхдагчийн нэг болж телевизор, хөгжим, электрон цаг, тоос сорогч, угаалгын автомат машин, хөргөгч, хөгжим, гар утсыг оруулж ирж ард түмнээ соён гэгээрүүлэх ажилд хувь нэмрээ оруулсан гавьяатай билээ. 
Мөн түүх, соёл, өв уламжлалын холбогдолтой олон арван ном ивээн тэтгэж нийтийн  хүртээл  болгосны дотор Монгол ардын Зүйр цэцэн үгсийн номыг 2002 оноос эмхлэн гаргаж монгол бичиг (дармал), гар бичмэлээр крилл бичигтэй хадаж  улам дэлгэрүүлж олон удаа хэвлэн гаргасан юм. Энэ нь монгол гүн ухаанаа, монгол хэлээ, монгол бичгээ залууст сургахад үр дүнтэй ажил болж олны талархал хүлээж байна. Зүйр цэцэн үгсийн эдгээр номыг манай номын сангууд, ЕБС-ын багш, сурган хүмүүжүүлэгчид, хэвлэл мэдээллийн газрууд, эцэг эхчүүд өргөн ашиглах болсонд өчүүхэн бичээч би баяртай байдаг. 
Эрдэмтэн П.Батаа 2012, 2014 онд “Зүйр үгийн сурган хүмүүжүүлэх увидас” гэдэг номдоо түүний сурган хүмүүжүүлэх үүрэг, ач холбогдлыг яруу тод тайлбарласан байдаг. Зүйр цэцэн үг нь хүний бүх чанар илэрдэг юм бүхэнтэй, тухайлбал амьдрал, ажил, зан ааш, санаа сэтгэл, үг хэл бүртэй холбоотой болохоор хүмүүжлийн чухал хэрэгсэл болдог. Зүйр цэцэн үгс нь хүүхэд багачууд төдийгүй хүн бүрийг насан туршид нь сурган хүмүүжүүлэх шидтэй, шилдэг арга   юм. 
Гэмт хэргийн шалтгаан нь ихэнхдээ хүмүүжлийн доголдлоос үүдэлтэй. Харилцааны соёлд үгийг ямар хүнд, ямар нөлөө үзүүлэх бол гэдгийг сайтар бодолцож хэлэх ёстой. Зүйр үг нь гарцаагүй онож хэлсэн, шүлэглэж, толгой холбосон байдгаараа энгийн үгнээс их оновчтой, оюун ухаанд их тод буудаг, барагтай бол мартагддаггүй болохоор сурган хүмүүжүүлэх увдистай байх нь аргагүй. 

ҮГ ИЛЖИРДЭГГҮЙ, ҮНЭН БАЛАРДАГГҮЙ

Би энд зөвхөн амнаас гарч байгаа үг ямар хүчтэй, тэр үгнээс сайн сайхан, муу муухай бүхэн хамаарч байдгийг л харуулахыг зорилоо. Үгийн билгээс үйлийн буян ундардаг. 
Үгийн өвгөн утгын таяг тулдаг гэлцдэг. Үгийн эрхийг хэлхэж, утгын угалз сийлэх хүн бүхэн хэлж байгаа үгэндээ их анхаарах шаардлагатай. 
Дорнын их соён гэгээрүүлэгч, Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа шавь нартаа зориулан: 
Ухамсаргүй үгээ олтговол хойно гэмшил болдог
Улам сэрж хэлбэл цэцэн болдог
Гайхагдъя гэж хүнд зөв буруу хэлж явсаар бусдад танигддаг
Ганц нэг хэлж суувал оновчтой болдог
Мэдлэггүй хүнээр төрийг бариулбал олон иргэн гутдаг
Мэдэгч сайн хүн төрийн үг хэлбэл олноо захирдаг гэж сургаал айлдсан байдаг. 
Үг амьтай тул учрыг нь олж, утгыг нь тунгааж хэлсэн үг буян үйлдэж чадна, сайн сайханд хөтөлнө. Үг илжирдэггүй, үнэн балардаггүй болохоор үнэн үг мөнхийн амьтай, хүчтэй нөлөөтэй юм. 
Сайн үйлсийг сайшаан магтсан үг их сайхан. Заримдаа чин сэтгэлээсээ магтаж хэлэх үг олдохгүй байх нь ч бий. Алаг булаг адуунд л байг, харин андуу буруу аманд байхгүй баймаар байна. 
Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал хуурмаг гүтгэлгийг захиалгаар хийдэг хүмүүс цөөнгүй байх юм. Ихэвчлэн мөнгөөр хатгуулж, амны алдас хийгээд байгаа нь харагддаг. Энэ нь одоохондоо тэр хүнд ашиг хонжоо олж байгаа хэдий ч алс  хэтдээ өөрт нь болоод  нийгэмд ямар их гай тарьж байгаагаа ухахгүй л байна уу даа. Хэдэн арав, зуун жилийн дараа ийм юмны үнэн зөвийг яаж шүүх билээ. Түүхийг гуйвуулж буй хэрэг тул судлаачид, сэтгүүлчид аливаад тун няхуур бодолтой хандаж  байх нь нэн чухал юм.   
Бид үндэснийхээ тусгаар тогтнол, нийгмийн шинэчлэл, хөгжил дэвшлийнхээ түүх, соёл боловсролынхоо өнгөрсөн түүхийг тэр үеийн “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” сонин, “Баримтат кино” зэргийн шарласан хуудаснаас ямар ч эргэлзээгүй судалж мэдэж чаддаг байсан. Тиймээс ялангуяа өнөөдрийн хэвлэл, мэдээллийн ажилтнууд “үнэн үгний” элчүүд байгаасай гэж хүсэх байна.
Ээ дээ, энэ амаа, амнаас гарч буй үгээ л хичээж явах юмсан. 
Монгол хүн “Амны билгээс ашдын билэг” гэдэг дээ. 

Амарбаярын  ШАГДАРСҮРЭН 
/“Номин Холдинг” ХХК-ийн Зөвлөх, Доктор (PhD) Профессор/ 

2024.02.15


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22