Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх 17 байгууллага бүхий Шуурхай бүлэг байгуулагдан, ажиллаж буй.
Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт автах эрсдэл бүхий гол, сайр, жалга судгийн дагуу суурьшин, гэр хорооллыг тэлж, үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна. Нийслэлийн халиа тошин, шар усны үерийн өртөх байдлын үнэлгээг тооцоход нийт 3947 объект өртөхөөр байна гэсэн тооцоо гарчээ. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн аюулын индекс маш их байгаа бол Багануур дүүрэг их, Хан-Уул, Баянгол дүүрэг дунд, Баганхангай, Налайх дүүрэг бага түвшинд байна. Харин нийслэлийн үерийн эрсдэлийн индекс 8.65 буюу маш их түвшинд байгаа юм.
Нийслэлийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүсээд байгаагаас 25 байршлыг дүүргүүд, найман байршлыг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. Шар усны үерт өртөх эрсдэлтэй 1120 нэгж талбарт 1487 өрх байгаагаас 388 нэгж талбарын газрыг ашиглаж буй иргэд газрын зөвшөөрөлгүй байгаа юм.
Иймд шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор халиа тошин үүссэн байршил дахь мөсийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 6-ны хооронд зөөж тээвэрлэсэн. Энэ хүрээнд 20 аж ахуйн нэгж, байгууллагын 350 ажилтан 235 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 11,091 рейсээр 221,820 тонн мөсийг тээвэрлэсэн байна.
Мөн халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40, Сонгинохайрхан дүүргийн 135 буюу нийт 464 айлд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм. Мөн сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд түргэн шуурхай түгээх, болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” нөлөөллийн аяныг гуравдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна.
Үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор 2023 онд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг НИТХ-аар баталсан. Энэ хүрээнд 2040 он хүртэл үерийн хамгаалалтын барилга байгууламж, ул хөрсний усны түвшинг бууруулах байгууламж, зам талбайн борооны ус зайлуулах шугам, газар зохион байгуулалт гэсэн дөрвөн чиглэлийн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Мөн УБЗАА, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа дошин үүсэж айл өрх, ус мөсөнд автахаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад байна.
Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор нийслэлийн мал бүхий зургаан дүүрэгт холбогдох байгууллагууд ажилласан. Эрсдэлийн үнэлгээгээр Багануур, Багахангай дүүрэгт өвөлжилт хүндэрч, зудын эрсдэлтэй гарчээ. Нөхцөл байдал хүндэрсэн дүүргүүдэд 6187 толгой мал хорогдсон байна. Иймд нийслэл, дүүргийн аюулгүйн нөөцөд 794.4 тонн өвс, тэжээл бэлтгэн, малчдад хүргэж, өвс, тэжээлийг хөнгөлттэй үнээр олгох, дэмжлэх үзүүлэх ажлыг зохион байгуулсан юм.
Цаашид дээрх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд дүүргүүд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагууд бэлэн байдлаа хангах, түүнд үзлэг шалгалт зохион байгуулах, иргэд олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх шаардлагатай байгааг НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна