Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчин төр, ард түмэндээ байнга хэрэгтэй байж, хүчин зүтгэх ёстой


 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа.

 

-Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойн босгон дээр тантай ярилцаж байна. Юуны өмнө танд баярын мэнд хүргэе. Монгол Улсын батлан хамгаалах салбарыг удирдаж байгаа хүний хувьд ярилцлагын эхэнд таны мэндчилгээг сонсох нь зүйтэй болов уу?

-Баярлалаа. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан сониныхоо ярилцлагад урьсан явдалд танд болон танай хамт олонд талархал илэрхийлье. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдаж, түүхийн олон олон нугачааг туулж хөгжсөөр өдгөө 103 дахь жилтэйгээ золгож байна. Батлан хамгаалахын сайдын хувиар энэхүү баярт өдрийг тохиолдуулан Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт ухамсарт амьдрал, залуу насаа зориулсан үе үеийн ахмад дайчид болон өнөөдөр батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд алба хааж буй генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, цэргийн гэрээт алба хаагчид, хугацаат албаны дайчид, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид болон нийт ард иргэддээ Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье.

Тэртээ 1921 онд Ардын журамт цэрэг байгуулагдан цэрэг, зэвсгийн хүчээр улс үндэстнээ харийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улсаа сэргээн мандуулж, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд монгол цэрэг эх орон, ард түмэн, тусгаар тогтнолоо хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, улмаар улс орныхоо бүтээн байгуулалтад манлайлан оролцож ирсэн бол 2002 оноос эхлэн НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцон даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хувь нэмрээ оруулж байгааг онцлон дурдахыг хүсэж байна. 

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ой, Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг биелүүлж яваа эрхэм хамтран зүтгэгч та бидний баярын өдөр төдийгүй улс орны тусгаар тогтнолын үнэ цэн, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг охид, хөвгүүдийнхөө алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр юм. 

Энэ хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, нэгтгэл, анги байгууллагуудаас иргэд, хүүхэд залуучууддаа чиглэсэн олон ажил, арга хэмжээг төлөвлөн зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал, “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээ, “Эх орны цэрэг” яруу найргийн наадам, Жанжин Д.Сүхбаатар, Залуу жанжин Ж.Лхагвасүрэн, БНМАУ-ын баатар Л.Дандарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэгт алба хаасан түрүүч, байлдагч нарын “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй ахлагч нарын чуулган, “Зэвсэгт хүчин 103 жил” Монгол цэргийн музейн нүүдлийн үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна.


-УИХ-ын ээлжит сонгууль боло­ход бага хугацаа үлдээд байна. Тиймээс хоёулаа сонгуульт жилийн хугацаан дахь үр дүнгээр ярилц­лагаа үргэлжлүүлэх үү. Салбар тэргүүлсэн дөрвөн жилийн хуга­цаанд ямар бодлого, зорилт дэвшүүлж ажил­лав. Өнөөдрийн үр дүнгээ бидэнтэй хуваалцана уу?

-Батлан хамгаалах яам нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогод батлан хамгаалах чиглэлээрх бодлого, зорилтууд болон хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ нарийвчлан тодорхойлж тусгуулан, улмаар хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч ирлээ. 

Энэ ч үүднээс саяхан дээрх баримт бичгүүдийн хэрэгжилтэд холбогдох байгуул­лагын хийсэн үнэлгээ, дүгнэлтийн үр дүн өндөр хувьтай хэрэгжиж байна гэсэн тооцоо, судалгаа гарсан байна. Тухайлбал, 2023 оны байдлаар “Алсын хараа-2050”-д туссан зорил­тын I үе шат болох “Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх үе”-д туссан зорилт, 15 үйл ажиллагаа, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх” зорилт, есөн дэд зорилт, 48 арга хэмжээний хэрэгжилт 85 гаруй хувьтай байна. Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэл маш эрчимтэй явагдаж байгааг энд онцолмоор байна. Хөгжлийн бодлогын баримт бичигт батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх чиглэлээр 2020-2024 онд ҮАБЗ, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшинд 100 гаруй асуудлыг хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрийг гаргуулжээ. 

Миний бие Батлан хамгаалахын сайдаар томилогдсон өдрөөсөө эхлэн Зэвсэгт хүчнээ хөгжүүлж чадавхжуулах, цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, түүн дотроо үндэсний цэргийн үйлдвэрлэлийг эхлүүлэх, хөгжүүлэх, нэгтгэл, анги, салбаруудын бэлэн байдлыг дээшлүүлэх, улс орны стратегийн бүтээн байгуулалт болон даян дэлхийд энх тайвныг сахиулах, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, салбарынхаа төсөв, алба хаагч­дынхаа цалин хөлсийг бодитоор нэмэгдүүлэх, тэр тусмаа нийт бие бүрэлдэхүүний сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор “Хандлагаа өөрчилье, хариуцлагаа өндөржүүлье” гэсэн бодлого, чиглэлийг баримтлан, уриалан ажиллаж ирсэн. 

Түүнчлэн манай салбарын өмнөө тавьсан бас нэгэн чухал зорилт бол “Хэрэглэгч салбараас бүтээн байгуулагч, үйлдвэрлэгч салбар болох” зорилгыг дэвшүүлэн Зэвсэгт хүчинд цэргийн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг бүтээх туршилт, судалгааны долоон төвийг байгуулж, тухайн төвүүддээ түшиглэн батлан хамгаалах эрх ашигт нийцсэн цэргийн зориулалттай зарим техник, хэрэгсэл тухайлбал, тагнуул-байлдааны гурван төрлийн 25 нэгж техникийг дотооддоо угсарч үйлдвэрлэн батлан хамгаалахын аж үйлдвэрийн суурийг тавьж чадсан. Эдгээр төвийг түшиглэн нисгэгчгүй нисэх төхөөрөмж, радио электрон болон холбооны хэрэгслийн эхний загваруудыг бүтээж, Радиолокацын станцын шинэчлэл, сэргээн сайжруулалт, туршилт-судалгааны ажлуудаа эрчимтэй хэрэгжүүлж байна. 

Өнгөрсөн хугацаанд онцлох томоохон ажлын нэг бол БХЯ-ны харьяанд түүхэндээ анх удаа Зэвсэгт хүчинд хэрэглэгддэг болон сургуулийн, спортын, ангийн зориулалттай сум үйлдвэрлэх “Зэв” УТҮГ-аа байгуулж, тус үйлдвэрийн газартай холбоотой бүхий л төрлийн зөвшөөрөл, лиценз, эрх зүйн баримт бичгүүдийг баталгаажуулан, үйлдвэрийн байраа барьж бэлэн болгосон төдийгүй удахгүй тоног төхөөрөмжөө хүлээн авахад бэлэн болоод байна. Энэ бол маш том амжилт юм. Тус сумны үйлдвэр ашиглалтад орсноор Зэвсэгт хүчний сумны хэрэгцээг хангаад зогсохгүй төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хэрэгцээт сумыг хангах чухал ач холбогдолтой. Цаашид зэвсгээ ч үйлдвэрлэх алс хэтийн бодлого бий. Өөр бусад олон чухал ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлсэн. Бүгдийг яривал урт хугацаа шаардах болно. Дээрх ололт, амжилт бол манай салбарын алба хаагч бүрийн хичээл зүтгэл, идэвх санаачилга, хамтын ажиллагааны үр дүн юм шүү.

-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогуудтай ажлаа уялдуулан ажиллаж байгаа гэж ойлголоо. Засгийн газраас дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод Батлан хамгаалах салбар ямар оролцоотой ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилготой Шинэ сэргэлтийн бодлогыг манай салбар тууштай дэмжин, манлайлан оролцож ирснийг тодотгон хэлмээр байна. 

Батлан хамгаалах салбар тус бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцож, эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт” гэсэн таван багц асуудлын зургаан зорилт, үйл ажиллагааны хүрээнд 10 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгааг товч танилцуулъя. Тухайлбал, “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд үндэсний төмөр замын сүлжээг өргөтгөж, транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх, боомт хүртэлх зам, харилцааг сайжруулах, тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэр­гийн ангиуд манлайлан оролцож, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын доод, дээд бүтцийн ажил, Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 17.5 км хүнд даацын авто замын ажлыг маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн. 

Улмаар хоёр дахь том төсөл болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг жил хүрэхгүй хугацаанд чанартай хийж гүйцэтгэн ашиглалтад оруулсан. Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Цогтцэций дахь өртөөний барилга угсралтын ажил, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 30 байрлалд хоолойн барилга угсралт, 25 км-т далан барих, суурийн материал тээвэрлэх ажлыг бүрэн гүйцэтгэсэн бол 144.9 км “Богдхан төмөр зам” төслийн доод бүтцийн барилга угсралтын трассыг хүлээн авч, материалын судалгаа хийх, төгсгөл хэсгийн 37.5 км-ийн далангийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм. 2023 онд Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт дахь “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах” төслийн зам, талбайн газар шороо, ус өнгөрүүлэх хоолойн барилга угсралт, бетон талбай цутгах, бетон зуурмаг үйлдвэрлэх ажлуудыг мөн хийж гүйцэтгээд байна. 

Түүнчлэн улсын хилийн боомт дээр үүссэн нөхцөл байдлыг арилгах үүднээс Зэвсэгт хүчний ангиудаас 250 гаруй алба хаагч түүхий эд, бараа материалыг ачиж буулгах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналт, журам сахиулах ажиллагаанд болон Замын-Үүд боомтод ачаа, чингэлэг тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлж ажилласан. Мөн Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны 170 айлын орон сууцны барилга, угсралтын ажилд Зэвсэгт хүчний барилгачин дайчид оролцож байна. 

“Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд батлан хамгаалах салбар хамгийн тэргүүн эгнээнд нэгдэж, цэргийн анги, байгууллагуудаа түшиглэн нийт долоон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. 

Бид 2030 он гэхэд 27 сая гаруй модыг тарьж ургуулахаар тусгай төлөвлөгөө гарган ажиллаж, мод, бутны суулгацын тодорхой нөөцийг бий болгож чадсан. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хэрэгцээт тарьц суулгацаар хангах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэж, сурган дадлагажуулах зорилгоор Мод үржүүлэг-агро экологийн сургалтын төвийг, Зэвсэгт хүчний хоёр ангийн харьяанд 24 га Мод үржүүлгийн газрыг, мөн гурван ангийн харьяанд нийт 10 га талбайд Мод үржүүлгийн талбайг тус тус байгуулж, 2023 оны байдлаар 1.6 сая гаруй мод, бутыг тарьж ургуулан, арчилж байна. 

Батлан хамгаалах салбар дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр байгаль, экологийн доройтлыг бууруулж, экологийн тэнцвэрт байд­лыг хадгалах, хөрсний үржил шимийг сайжруулах, алба хаагч­дын амьдрах, ажиллах орчин, нөхцөлийг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой, үр дүнтэй арга хэмжээ гэж үзэж байгаа юм. “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд Батлан хамгаалах салбар нь өөрийн гэсэн онцлогтой ч энэ чиглэлээр нэлээд ажлуудыг хийж байна. 

Үүний дотор “Цэргийн бүртгэл” болон “Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг Төрийн нэгдсэн цахим үйлчилгээний www.e-mongolia.mn веб порталд байршуулан тухайн бүртгэлийг амжилттай явуулж байна. Мөн Батлан хамгаалахын төв архивын зарим үйлчилгээг төрийн нэгдсэн цахим үйлчилгээнд байршуулж, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, ажилласан жилийн лавлагаа, цалингийн тодорхойлолт, дайнд оролцсон ахмад дайчдын лавлагаа, тушаал, шийдвэр, бусад баримтын хуулбарыг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. 

“Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг төрөөс бодлогоор дэмжих, төвлөрлийг бууруулах зорилтын дагуу улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засагтай уялдуулан Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн дагуу зарим цэргийн ангиудыг орон нутагт байгуулах, шилжүүлэн байрлуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

-Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн чадамжийг дээш­лүүлэхэд хэрхэн анхаарсан бэ. Ямар ач холбогдолтой, хэчнээн хууль, тогтоомжийг батлуулж ажиллав? 

-Энэ маш чухал асуулт байна. Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал бол бидний нэн тэргүүнд анхаарал хандуулан хэрэгжүүлж ирсэн чухал ажил тул нэлээд дэлгэрэнгүй ярья. 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг тухайн үеийн БНМАУ-ын АИХ зургаан бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан нь өнөөгийн Батлан хамгаалах бодлогын болон хууль эрх зүйн шинэтгэл хийх, шинэчлэлийн үйл ажиллагаа хэрэгжих гол үндэс суурь нь болсныг онцлон хэлмээр байна. Монгол Улсын Үндсэн хуулиар “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн”, “Иргэн бүр эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй” гэж, мөн “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно” гэсэн эрх зүйн суурь зохицуулалтыг тусгасан нь манай салбарын хууль тогтоомжуудад шинэчлэлт, өөрчлөлт хийх ажлын эхлэл байлаа. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байхаар Үндсэн хуульд тогтоож, улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх бүрэн эрхийг Засгийн газарт хуулиар ногдуулснаар цэрэг, армийг улс төрийн аль нэг нам биш зөвхөн ард түмнээс сонгогдсон төр, засаг удирдах төрийн байгуулалтын ардчилсан зарчмын эрх зүйн үндсийг бий болгосон юм. Шинэ Үндсэн хуулийн зохицуулалттай нийцүүлэн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын батлан хамгаалах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай, Дайны байдлын тухай, Дайн бүхий байдлын тухай, Дайчилгааны тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай зэрэг хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан байдаг. Өнөөгийн байдлаар Батлан хамгаалах яамнаас салбарын хууль тогтоомжийн эрх зүйн чадамжийг сайжруулах, цэргийн алба хаагчийн нийгмийн хамгаалал, эрх зүйн байд­лыг дээшлүүлэх бодлогын хүрээнд 2015-2024 онд нийт 16 хууль, хамт өргөн мэдүүлж, дагалдан гарах 66 хууль, нийт 82 хууль, УИХ-ын хоёр тогтоолыг УИХ-аар батлуулаад байна. Энэ хүрээнд УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг 2024 он хүр­тэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д батлан хамгаалах салбарын хүрээнд боловсруулж, батлуулахаар дөрвөн хуулийг тусгуулсан байдаг. 

УИХ-ын чуулганы 2023 оны арван­хоёр­дугаар сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулсан ба тухайн хуулийн үйлчлэлд хамаардаг байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчийн жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцох, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх болон практикт гарч байсан хуулийн хийдлийг засаж, цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг сайжруулж, хууль эрх зүйн чадамжийг дээшлүүлсэн юм. Харин Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хоёр хуулийн төслийг эцэслэн боловсруулсан бөгөөд Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар УИХ-д өргөн бариад байгаа бол “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. 

Мөн энэ хугацаанд үндсэн чиглэлд тусгаагүй зарим хууль тогтоомжийг боловсруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан юм. Тодруулбал, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2020, 2021 онуудад Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг хоёр удаа, 2022 онд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг батлуулснаар батлан хамгаалах тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс шинэчлэгдэж, Зэвсэгт хүчний бүтэц шинээр тодорхойлогдож, Монгол Улсын иргэн хуулийн дагуу цэргийн алба хаах эрх зүйн харилцаа боловсронгуй болсон. Тухайлбал, Зэвсэгт хүчний бүтцэд “Тусгай хүчний цэргийн командлал”, “Кибер аюулгүй байдлын цэргийн командлал”, “Барилга-инженерийн цэргийн удирдах газар”-ыг шинээр байгуулж, Зэвсэгт хүчний Жанжин штабт Цэргийн тагнуулын байгууллагыг дахин шилжүүлснээр төрийн болон цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг гадаад улс орны цэрэг-улс төр, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний чадавх, цэрэг стратегийн талаарх мэдээ, мэдээллээр хангах боломжийг бүрдүүлсэн. 

Мөн сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд шийдвэрлэгдээгүй байсан томоохон баримт бичиг болох “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-оо энэ оны нэгдүгээр сард УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулж чадлаа. Тус бодлого батлагдсанаар батлан хамгаалах салбар зэвсэг, техникээ шинэчлэх, сэргээн сайжруулах талаарх төрөөс баримтлах бодлогоо тодорхойлж, зэвсэг, техникийн хадгалалтын чанарыг дээшлүүлэх, сэргээн сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн зэвсэг, техник худалдан авах, үйлдвэрлэх замаар Зэвсэгт хүчний үндсэн үүргээ биелүүлэх чадавхыг бүрдүүлэх эрх зүйн үндсийг бий болгосон зэрэг нэн чухал ач холбогдолтой болсон.

 Түүнчлэн Зэвсэгт хүчний хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны стратеги, чиг үүрэгт нийцүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийг шинэчлэн батлуулахын зэрэгцээ батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хууль, эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэхэд чиглэл болох олон төрлийн дүрэм, журам, зааврыг боловсруулан баталгаажуулж, үйл ажиллагаандаа мөрдөж байна. 

-Батлан хамгаалах бодлого маш өргөн хүрээг хамардаг. Тэр бүрд тохирсон бодлого, стратеги хэрэгжүүлж ажиллах шаардлага үүсдэг болов уу. Энэ тухайд та ямар бодлогыг онцлох вэ? 

-Тантай санал нэг байна. Батлан хамгаалах бодлого нь улс орны улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэрэг техник, оюун санааны зэрэг бүхий л хүрээг хамарсан өргөн ойлголт. Аливаа улс орны төрийн бодлогын нэг гол цөм нь улс орноо батлан хамгаалах бодлого байдаг. Батлан хамгаалах бодлого нь үндэсний аюулгүй байдлын хүрээнд улс орноо гаднын зэвсэгт халдлагаас хамгаалах, түүний бэлтгэлийг хангах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон төрийн бодлого юм. 

Монголын анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсанаас хойш Монголын төр улс орныхоо батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхэд онцгой анхаарч, төр улсынхаа тусгаар тогтнолыг сахин хамгаалсаар ирснийг бид мэднэ. Түүхийн энэ урт удаан хугацаанд монгол төрийн батлан хамгаалах бодлогын асуудлыг бид энэ удаад дэлгэрэнгүй ярилцах боломжгүй юм. Ийм учраас монголчууд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оноос хойших төрийн батлан хамгаалах бодлогын шинэчлэлийг тоймлон авч үзье. Монгол Улс 1990-ээд оны эхээр тайван цагт улс орныхоо батлан хамгаалах хэрэгцээ, шаардлага, эдийн засгийн боломжид нийцсэн “Цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байна” гэж тодорхойлсны дагуу төр, засгийн өмнө нэн шинэ үеийн Зэвсэгт хүчнийг байгуулан бэхжүүлэх томоохон зорилт тавигдаж, түүний хүрээнд бүтэц, зохион байгуулалтыг нь хураангуйлах, тайван цагт байлдааны, сургуулийн болон хураангуй бүрэлдэхүүн бүхий холимог зохион байгуулалтад шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. 

Үндсэндээ мэргэжлийн чиг хандлагатай, цомхон, чадварлаг Зэвсэгт хүчин байгуулах зорилт 2000 он гэхэд хангагдаж, цомхон гэдэг зорилт бол төрийн бодлогын хэмжээнд тавигдах асуудал биш байна гэж үзээд мэргэжлийн чиг хандлагатай, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох нь зүйтэй юм байна гэсэн зорилтыг 2000 оноос дэвшүүлж, 2015 оныг хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн юм. Харин 2015 онд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгээ УИХ-аар батлуулж, батлан хамгаалахын эрх зүйн хоёр дахь шинэчлэлийг эхлүүлсэн. Тус баримт бичигт Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхыг бодлогын баримт бичгээрээ шинээр тунхаглаж өгсөн. Үүнийг дагаад Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэж байгаа үүрэгт томоохон өөрчлөлтүүд орсон юм.

 Шинэчлэгдэн батлагдсан бодлогодоо тулгуурлан Батлан хамгаалахын багц хуулиудаа боловсруулан УИХ-аар 2016 онд батлуулж чадсан. Энэ нь Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн түүхэн арга хэмжээ болсон. Улмаар Зэвсэгт хүчнийг 2050 он гэхэд цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчин болсон байна гэж “Алсын хараа”-гаа тодорхойлоод байгаа. Өнөөдөр Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Барилга-инженерийн цэрэг, Кибер аюулгүй байдлын цэрэг болон Тусгай хүчний цэргээс бүрдэхээс гадна дайны байдлын үед Хилийн болон Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагууд Зэвсэгт хүчний бүтцэд шууд ордог хууль эрх зүйн зохицуулалттай болсон. Энэ нь тайван цагт тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг дээрх байгууллагууд улс оронд аюул, занал тулгарсан үед батлан хамгаалах нэгдмэл тогтолцоонд орж, улс орноо батлан хамгаалах үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хамтдаа хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

 Нөгөөтэйгүүр улс орноо хамгаалах нь Зэвсэгт хүчний үүрэг хэдий ч өнөөгийн дэлхий дахинд өрнөж байгаа цэрэг-улс төрийн нөхцөл байдал, явагдаж байгаа дайн, зэвсэгт мөргөлдөөний шинж чанараас харахад аливаа улс өөрийн орны газар нутгаа хамгаалахдаа бэлтгэгдэж сургагдсан Зэвсэгт хүчнээс гадна бүх нийтийн оролцоотой орон нутгийн хамгаалалтад тулгуурлаж, үүнд нийт иргэд нь хуулийн дагуу тодорхой үүрэг хүлээн оролцох тогтолцоо нь үр дүнтэй арга, хэлбэр болсоор байгаа нь улам бүр нотлогдсоор байна. Энэхүү тогтолцоог хуульчлах ажлыг батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулж, 2018 онд “Орон нутгийн хамгаалалтын тухай” анхдагч хуулийг УИХ-аар батлуулсан юм. Уг хуулийн гол үзэл санаа нь орон нутгийн хамгаалалтын удирдлага, зохион байгуулалтын гол субъект нь бүх шатны Засаг дарга, хэрэгжүүлэх нөөц нь тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хүч нөөц, хэрэгжүүлэх хүч хэрэгсэл нь бүх шатны байгууллага, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан хамтын ажиллагаа гэж маш тодорхой тусгаж өгсөн. 

Энэ нь батлан хамгаалах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болж, тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах учиртайг хэлж байгаа юм. Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх, тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах чиглэлд яамны зүгээс нэлээд арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд аймаг, орон нутгийн удирдлагууд ч ихээхэн анхаарал хандуулж, үүрэг хариуцлагаа ойлгож эхлээд байгааг хэлэх нь зүйтэй. Өнөөдөр орон нутгийн томилгоот нэгжийг аймаг, сум бүрд байгуулах, орон нутгийн цэргийн сургалтын тогтолцоог бүрдүүлж, шат дараалсан сургалтыг зохион байгуулж, тогтмолжуулах, орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах нь улс орны хэмжээний чухал зорилт болоод байна.

 Энэ хүрээнд бид 2022 оноос Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд заасан сургалт, дадлагуудыг аймаг, сумдын удирдлага, ард иргэдтэйгээ хамтран шат дараатайгаар зохион байгуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төв аймгийн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдтэй “Хээрийн дадлага” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад орон нутгийн хамгаалалтын нийт 2000 орчим томилгоот бүрэлдэхүүн хамрагдаж, мэдлэг, дадлагатай болсон байна. Энэ онд Архангай, Булган, Баянхонгор, Дархан-Уул, Орхон зэрэг 14 аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд батлан хамгаалах тогтолцооны бүрэлдэхүүн хэсгийн нэг болсон “Нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа”-г бэхжүүлэх чиглэлээр нэлээдгүй ажлыг амжуулсан бөгөөд 2023 онд “Дайчилгаатай хээрийн сургууль”-ийг Орон нутгийн цэрэг, Орон нутгийн томилгоот нэгжийн бүрэлдэхүүнтэй хамтарсан анхны сургуулийг явуулсан. “Дайны байдлын тухай” хууль батлагдан гарсан өнгөрөгч 25 жилийн хугацаанд Орон нутгийн цэрэгтэй явуулсан анхны сургууль болон түүхэнд үлдэж байгааг хэлье. Мөн 20 гаруй жилийн турш шинэчлэгдээгүй байсан “Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө” болон “Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгавар”-ыг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бусад мэдээлэлд тулгуурлан боловсруулж, өнгөрөгч 2023 оны Засгийн газрын отгон хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан нь улс орны хэмжээнд мөрдөгдөх томоохон баримт бичиг болсон. 

Ийнхүү Монгол Улс үндсэндээ анх удаа улс орны нийгэм, эдийн засгийг дайны байдалд шилжүүлэх зорилгыг агуулсан, эдийн засгийн тооцоо, судалгаанд тулгуурласан төлөвлөлтийн баримт бичигтэй болсон нь ихээхэн ач холбогдолтой юм. 

-Батлан хамгаалах салбарын төсөв хангалтгүй байгаа талаар байнга ярьдаг. Таны хувьд салбарын төсвийг үр ашигтай зарцуулах, нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажилласан бэ?

-Энэ бол маш чухал асуудал. Олон улсын гадаад орчны аюулгүй байдал, улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор улс орнууд батлан хамгаалах төсвөө жилээс жилд нэмэгдүүлж байгаа нь бүс нутгийн болон даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд тодорхой эрсдэл сорилтыг бий болгох магадлалтай гэж судлаач, шинжээч нар үздэг. Энэ нь манай салбарын хувьд онцгойлон анхаарах асуудал юм.

 Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчинд гарч буй өөрчлөлттэй уялдуулан батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэнийг бүхий л түвшинд ярьж, танилцуулахын зэрэгцээ батлан хамгаалах салбарын төсвийг үр ашигтай зарцуулах талаар байнга анхаарч ирсэн. Манай салбарын төсөв сүүлийн жилүүдэд нэмэгдсэн харагдаж байгаа хэдий ч батлан хамгаалах салбартаа зарцуулдаг төсвийн үзүүлэлтээр Монгол Улс 145 орноос 115 дугаарт ордог юм. Мөн улсын төсөвт эзлэх хувь нь 2.0-2.4, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6 хувийг эзэлж байгаа нь өмнөө тавьсан зорилт, олон улсын жишгээр батлан хамгаалах салбарыг зохих түвшинд хөгжүүлэхэд маш чамлалттай үзүүлэлт. 

Сүүлийн жилүүдэд улс орнуудын олон улсын геополитик, геостратегийн хувьсал, өөрчлөлтийн байдлаас шалтгаалан шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, цэргийн сургалт, бэлтгэл, зэвсэглэл, техникийг шинэчлэн сайжруулах зорилгоор батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх бодлогыг баримталж байгаа нь ажиглагдаж байна. Манай улсын батлан хамгаалахын сүүлийн жилүүдийн төсвийг авч үзэхэд 2023 оны төсөв нь таван жилийн өмнөхөөс 33.0 хувиар өссөн хэдий ч энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн болон инфляцыг дагасан өсөлт байсан бөгөөд нийт төсвийн 3.7 хувийг хөрөнгө оруулалтын, 96.3 хувийг урсгал зардлын төсөв эзэлж байсан нь салбарын төсөв зөвхөн урсгал хэрэглээг хангах төдий байсан юм. Үүнээс үзэхэд батлан хамгаалах салбарын төсөв нь төлөвлөсөн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, улс орны батлан хамгаалах чадавх сулрах, Зэвсэгт хүчний бэлэн байдал алдагдах эрсдэлийг дагуулж байгааг анхаарах цаг болоод байсан. 

Тус нөхцөл байдлыг төр, засгийн удирдлагад танилцуулан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд батлан хамгаалах салбарын 2024 оны урсгал төсвийг 542.8 тэрбум буюу 80 хувиар, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсвийг 20.0 тэрбум буюу 70 орчим хувиар тус тус өмнөх жилүүдээс нэмэгдүүлэн батлуулж чадсан бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 0.9 хувьд хүрлээ. Цаашид батлан хамгаалахын төсвийн багцыг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх бодлогыг баримталснаар улс орны болоод салбарын өмнө тулгарч болзошгүй эрсдэлийг бууруулах, Засгийн газрын хөтөлбөр, төлөвлөгөө, салбарын бодлого, зорилт, төлөвлөлтөд туссан төсөл, арга хэмжээг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх боломж бүрдэх чухал ач холбогдолтой болно. 


-Салбарын онцлогоос хамаарч байнгын бэлэн байдалд ажил­ладаг алба хаагчид нийгмийн хам­гаал­лын асуудал чухал. Энэ талаар хэрэгжүүлсэн бодлогоосоо хуваалцана уу?

-Нийгмийн хамгааллын тухайд миний бие Батлан хамгаалахын сайдаар томилогдсон өдрөөс эхлэн Зэвсэгт хүчнээ хөгжүүлж чадавхжуулах олон зорилт, арга хэмжээ дэвшүүлсний нэг нь алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг эрс сайжруулах, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, салбарынхаа төсөв, алба хаагчдынхаа цалинг нэмэгдүүлэх бодлого, зорилтыг дэвшүүлэн ажиллаж ирсэн. Батлан хамгаалах салбар маань байнгын бэлэн байдалд улс, эх орныхоо аюулгүй байдлыг хангаж ажилладгаараа онцлог. 

Тийм ч учраас цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг аль болох шийдвэрлэж байх нь нэн тэргүүний асуудал. Ингэснээр мэдээж хэрэг алба хаагчдын сэтгэл хоёрдохгүй, үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэж, бэлэн байдал хангагдах ач холбогдолтой. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалингийн нэмэгдлийг харьцуулан үзэхэд цэргийн алба хаагчийн цалингийн хэмжээ харьцангуй бага байсан. Үүнтэй ч холбоотойгоор нэлээдгүй алба хаагчид өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч, зарим нь өөр төрийн цэргийн болон бусад байгууллагад шилжих хандлагатай байсан юм. 

Тийм ч учраас бид өөрсдийн бэлтгэсэн хүний нөөцөө тогтвортой ажиллуулахын тулд хийсэн томоохон алхмын нэг нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд “Цэргийн алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цол, цалингийн зэрэглэл”-ийг хоёр ч удаа шинэчлэн тогтоосон. Мөн түүнчлэн Засгийн газраас төрийн алба хаагчдын цалингийн хэмжээг 2023 онд хоёр удаа нэмэгдүүлэн тогтоож өгснөөр цэргийн алба хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгаалал тодорхой түвшинд дээшилж, бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын цалин хөлстэй ижил хэмжээнд хүрээд байна. 

Мөн Зэвсэгт хүчний алслагдсан анги, салбарын жагсаалтыг шинэчлэн батлуулж, хөдөө орон нутагт байршилтай Зэвсэгт хүчний нэг анги, таван салбарыг алслагдсан анги, салбарын жагсаалтад нэмж оруулснаар офицер, ахлагч нарын сургуулийн насны хүүхдийн боловсролыг дэмжих, түүний гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн тусламжийг олгох эрх зүйн үндсийг бүрдүүлж чадсан. Ингэснээр цэргийн алба хаагчдын албандаа итгэх итгэл, алба хаах хүсэл зориг, эрмэлзлийг өсгөж, хөдөө орон нутагт алба хаах хүсэл сонирхлыг хангахын зэрэгцээ Зэвсэгт хүчинд ажиллах мэргэжлийн боловсон хүчний нөөц нэмэгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа. Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилчин албан хаагчдыг орон сууцжуулах, нийгмийн баталгааг дээшлүүлэх, ажиллах орчныг сайжруулах арга хэмжээг шат дараатай авах, цэргийн хугацаат болон гэрээт алба хаагчдын амьдрах орчин, нөхцөлийг шинэчлэх зэрэг олон ажил, арга хэмжээ бидний өмнө тулгамдаж байдаг. 

Салбарын хувьд алба хааж буй офицер, ахлагч нарынхаа нийгмийн баталгааг дээшлүүлэх хүрээнд Засгийн газрын шийдвэрээр зарим анги, байгууллагын орон сууцыг амьдарч байгаа офицер, ахлагч, ахмад дайчдад үнэгүй хувьчилж, мөн албан тушаалын 600 гаруй айлын орон сууцны үнийг өнөөгийн зах зээлийн үнэ ханшаас 30-50 хувиар бага байхаар тогтоон, оршин сууж байгаа офицер, ахлагч нарт нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлсэн. Үүнээс гадна офицер, ахлагч, ахмад дайчдад орон сууц, гэр, байшин худалдан авахад нь зориулж 500 орчим сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлж, алба хааж байгаа бие бүрэлдэхүүнийг албан тушаалын орон сууцаар хангах, гэр олгох, эдэлбэр газартай болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

 Түүнчлэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулж, Зэвсэгт хүчний хөгжлийн санд бүтээн байгуулалтаас олсон орлогыг төвлөрүүлэн салбарын өмнө тулгамдаад байгаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлж чадсан нь томоохон амжилт юм. Үүний зэрэгцээ Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн ангиуд улсыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцож байна. Уг ажилд томилогдон үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч, залуусын цалин, орлого нэмэгдэж, амьдралын түвшинд бодит дэмжлэг болж байгаад сайдын хувьд баяртай байдаг. Сүүлийн жилүүдэд төр засгаас алба хаагчдыг дэмжсэн бодлого, үйл ажиллагааг эрчимтэй явуулж, тэдний нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, албандаа хандах хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2023 оныг “Залуу офицеруудын жил” болгон зарлаж, өөрийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулж, үүнд Их Монгол Улс байгуулагдсаны ойг бэлгэдэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 817 залуу офицерууд чуулж, улс орны хөгжил тэр дундаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хөгжил, хамтын ажиллагаанд залуусын гүйцэтгэх үүрэг, оролцоогоо тодорхойлж чадсан нь чухал ажил, арга хэмжээ болсон. 

Цаашид уг арга хэмжээг хоёр жил тутамд зохион байгуулах үүргийг манай яаманд өгсөн. Улмаар 2024 оныг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын жил” болгон зарлаж, Зэвсэгт хүчний хэмжээнд “Ахлагчийн алба-мэргэшсэн алба” уриан дор жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмээгээ төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудалд анхаарсан жил байхаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 10.3 тэрбум төгрөгийн барилга угсралт болон их засварын ажлыг хийхээр батлан хамгаалахын төсөвт тусгуулаад байна. 

-Боловсон хүчний бодлогын талаар мэдээлэл хуваалцаж болох уу. Хаа сайгүй хүний нөөцийн дутагдалд ороод байгаа энэ үед батлан хамгаалах салбар боловсон хүчнээ хадгалж үлдэхийн тулд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Батлан хамгаалах салбарын нэн тэргүүний анхаарч хэрэгжүүлэх бодлого бол мэдээж салбарын хэрэгцээт хүний нөөцийг бэлтгэх асуудал гэдэг нь тодорхой юм. Бид 2023 онд хийгдсэн Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн шинэчлэлд анх удаа цэргийн боловсролын тогтолцоог албан ёсоор хуульчилсныг энд тэмдэглэх нь зүйтэй. Батлан хамгаалах салбарын хүний нөөцийн бодлогын үндсэн онцлог нь хэрэгцээт хүний нөөцийг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэх үндсэн бодлогын хүрээнд дотоодын болон гадаадын цэргийн их, дээд сургуулиудаар бэлтгэж, улмаар ажлын байран дээр үе шаттайгаар мэргэшүүлдгээрээ бусад салбараас ялгагддаг юм. 

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний үндсэн цөмийг бүрдүүлж буй офицер, ахлагч нарыг дотооддоо Үндэсний батлан хамгаалахын их сургуульд болон гадаадын цэргийн их, дээд сургуулиудад бэлтгэж байна. Үндсэндээ салбарын хүний нөөцийг бэлтгэх үндсэн үүргийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль нуруундаа үүрэн, 100 гаруй жилийн турш амжилттай гүйцэтгэж ирснийг онцлох нь зүйтэй болов уу. Тиймээс Батлан хамгаалах яамны зүгээс тус сургуулийг бэхжүүлэх, сургалтын чанар, үр дүнд ахиц гаргахад чиглэсэн бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, сургалтын тогтолцоо, хөтөлбөр агуулгад өөрчлөлт хийх шаардлагын хүрээнд 2022 онд “Цэргийн нэгдсэн дээд сургууль”-ийг дөрвөн жилийн сургалтын тогтолцоонд эргүүлэн шилжүүлж, 2023 онд Засгийн газрын тогтоолоор “Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв”-ийг “Батлан хамгаалахын политехникийн коллеж” болгон, Батлан хамгаалахын удирдлагын академийн хөтөлбөрийн агуулгад өөрчлөлт оруулан 2024 оны хичээлийн жилээс шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулж эхлээд байна. 

Түүнчлэн 2022 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар тус сургуулийн харьяанд “Эрдмийн сургууль”-ийг анх удаа шинээр байгуулж, судалгаанд суурилсан их сургууль болох үндсэн шаардлага хангагдах нөхцөлийг бүрдүүлж, ахисан түвшний сургалтын чанар, бусад их, дээд сургуулиудтай өрсөлдөх чадвартай болгосон.

 Мөн манай салбарт бодлогын хүрээнд хэрэгжсэн нэг томоохон арга хэмжээ бол 2023 оны сүүлчээс ҮБХИС-ийн харьяанд үйл ажиллагаа явуулж байсан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээ­ний хүрээлэнг Батлан хамгаалах яамны харьяанд шилжүүлснээр хуулиар хүлээсэн эрх, үүргээ бүрэн биелүүлэх, бие даасан үйл ажиллагаа явуулж, судалгаа, шинжилгээний ажлын үр өгөөж, түүний чанар, хүртээмж, далайц нэмэгдэж, бусад яам, агентлагийн харьяаны эрдэм шинжилгээний байгууллагуудтай эрх зүйн ижил түвшинд үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлээд байна. Дээрх өөрчлөлт, шинэчлэлтүүдийн хүрээнд батлан хамгаалах салбарын хэрэгцээг хангасан чанартай боловсон хүчин бэлтгэхэд эерэг үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь гагцхүү тухайн ажил хариуцсан нэгж, албан тушаалтнууд, сонсогч, сурагчдын өөрсдийн хандлага, сэтгэл зүтгэлээс ихээхэн хамааралтай болохыг тэмдэглэж хэлэх нь зүйтэй байх аа. Түүнчлэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг түшиглэн албан тушаалын болон мэргэшүүлэх дамжаанд 1600 орчим, гадаад хэлний дамжаанд 400 гаруй цэргийн алба хаагчийг сургаж бэлтгэсэн нь бие бүрэлдэхүүнийг мэргэшүүлэх чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байгаагийн нэг томоохон илрэл юм.

 Дээр дурдсанчлан бид боловсон хүчнээ дан ганц дотооддоо бус гадаадын улс орнуудад бүх шатанд бэлтгэж ирсэн. Тухайлбал, 2020-2023 онд Батлан хамгаалах яамны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 12 орны цэргийн академи, их, дээд сургууль болон мэргэшүүлэх сургалт, дамжаанд нийт 720 орчим цэргийн алба хаагчийг суралцуулсан нь сүүлийн гурван жилийн хугацаанд гадаад улсад суралцуулах бүрэлдэхүүний тоо 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

Мөн хамтын ажиллагаатай улсуудтай дэлхийн ба бүс нутгийн аюулгүй байдлын орчны талаар олон улсын эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулах, цэргийн мэргэжилтнийг харилцан бэлтгэх, хамтарсан сургууль, дадлагууд явуулах, сургалт семинар зохион байгуулах зэрэг өргөн хүрээний асуудлуудаар офицер, ахлагч нарыг мэргэшүүлэхэд анхааран ажиллаж байна. Дээрхээс гадна цэргийн нэгтгэл, анги, салбарын үндсэн хөдөлмөр болсон цэргийн сургалтын тогтолцоог шинэчлэх замаар цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх үндсэн бодлогыг баримтлан ажилласан. Тухайлбал, хугацаат цэргийн алба хаах бодлого, тогтолцооны шинэчлэлийн хүрээнд залуусыг алба хаах нэг жилийн хугацаанд нь цэргийн мэргэжил эзэмшүүлэхээс гадна хувь хүний амьдралын хэрэгцээнд нийцсэн, цаашид хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг богино хугацаанд суулгах зорилгоор Политехник коллеж болон Мэргэжлийн боловсролын сургууль, мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээний дагуу мэргэжлийн болоод техникийн боловсрол эзэмшүүлж байна. Энэ нь цэргийн болон энгийн мэргэжлээр эх орондоо бэлтгэгдсэн, ажил хөдөлмөрийн дөртэй, цаашид нийгэмд бие даан ажиллаж, амьдрах гарааны буюу амьдралын суурь боловсролыг олгох бодлогыг хэрэгжүүлж байна. 


-Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцоод олон жил болж байна. Одоогоор хэчнээн улс оронтой энэ чиглэлээр хамтран ажиллаж байна вэ. Ер нь салбарын гадаад хамтын ажиллагаа ямар түвшинд байдаг юм бэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос хойших 22 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор нийт 22 мянга гаруй цэргийн алба хаагчийг оролцуулжээ. Өнөөдөр Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах зургаан ажиллагаанд штабын ажилтан, цэргийн мэргэжилтэн болон Мотобуудлагын батальоны цэргийн багт нийт 890 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч дэлхийн 121 улс орнуудаас 24 дүгээрт, эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоогоор 17 дугаарт, Зүүн хойд Азийн улс орнуудаас нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь бид бүхний нэг том бахархал юм. 

Энэ нь Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны идэвхтэй оролцооны томоохон илрэл бөгөөд юуны өмнө улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хангах явдалд томоохон түлхэц болсоор ирснийг зориуд дурдаж байна. 

Энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлж, Зэвсэгт хүчнээс 2022 оноос Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Мали улсад шинээр штабын офицер, цэргийн мэргэжилтнийг, 2023 оны 05 дугаар сараас Бүгд Найрамдах Ливан улсад явагдаж буй НҮБ-ын “UNIFIL” энхийг сахиулах ажиллагааны олон улсын цэргийн эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн I+ шатны эмнэлэгт цэргийн алба хаагчдаа үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн нь бас нэг түүхэн алхам болсон. 

Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн хугацаанд зөвхөн цэрэг хандивлахаас гадна Энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургалт, дадлагуудыг цэргийн хамтын ажиллагаатай орнуудтай харилцан зохион байгуулах замаар цэргийн алба хаагчдынхаа үүрэг гүйцэтгэх дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд нэлээд амжилт гаргаад байгааг ч мөн хэлье. Томоохон сургуулилалтуудаас дурдвал, “Сэлэнгэ” ББТХС, “Восток”, “Кавказ”, “Центр”, “Запад” зэрэг Стратегийн КШС-иуд, “Хааны эрэлд”, “Энхийн хавар”, “Энхийн намар”, “Бланс Мэжик” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагууд, БНХАУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Хамтын хувь заяа” олон улсын ЭДА-ны сургууль, Япон улстай хамтарсан “Зам” сургалт, ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Уулын явган цэргийн сургалт, дадлага” зэрэг юм. 


Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид ОХУ-д явагддаг “Цэргийн наадам”-ын хүрээнд жил бүр явагддаг “Танкийн биатлон”, “Авто ралли”, “Мэргэн буудагчийг зааг”, “Цэргийн гал тогоо”, “Инженерийн формула”, “Аравт” морин цэргийн уралдаан, тэмцээнүүдэд тогтмол оролцож, өндөр амжилт үзүүлж ирсэн. Цаашид төр, засгаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал, бусад томоохон бодлогын баримт бичгүүд, холбогдох хууль тогтоомж, үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт Монгол Улсын энхийг дэмжих ажиллагааны оролцооны талаар тусгагдсан зорилтууд түүний хэрэгжилтийг хангахад Зэвсэгт хүчний оролцоог төрөлжүүлэх, чанаржуулах замаар нэмэгдүүлэх бодлогыг баримталж байна.

 Тухайлбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд “Түргэн байрлах хүчний рот”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”, “Инженерийн рот”-ыг амжилттай шалгуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чадавхын бэлэн байдлын системд амжилттай бүртгүүлж, эдгээрээс “Түргэн байрлах хүчний рот”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийг эхний ээлжид энхийг сахиулах ажиллагаанд шинээр оролцуулах бэлтгэлийг хангах тухай асуудлыг холбогдох түвшинд шийдвэр гаргуулаад явж байгааг хэлье. 

Сайд миний бие салбарынхаа гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Батлан хамгаалах Зэвсэгт хүчнийхээ хөгжилд бодитой өөрчлөлт, шинэчлэлт хийхэд бодлогоор анхаарал хандуулан ажиллаж ирсэн.

 Батлан хамгаалах салбар нь 2020 онд 32 улстай цэргийн харилцаа, таван улстай цэрэг-техникийн хамтын ажиллагаа, олон улсын зургаан байгууллагатай хамтран ажиллаж байсан бол 2022 оноос Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын Батлан хамгаалах яамдтай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулж, нийт 39 улстай цэргийн дипломат харилцаа тогтоолоо. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийн ажиллагааны газрын дарга, мөн Ерөнхий нарийн бичгийн даргын Цэргийн зөвлөх, БНСВУ, БНАЛАУ, БНХАУ, БНЭУ, ИБУИНХУ-ын Батлан хамгаалахын сайд, ОХУ, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, АНУ, Япон, ХБНГУ-ын төрлийн цэргийн командлагч зэрэг өндөр албан тушаалтнууд болон гадаад орнуудын бүсийн цэргийн командлалуудын удирдах бүрэлдэхүүний айлчлалыг зохион байгуулж, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдал, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны нөхцөл байдал, цэрэг хандивлах асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны бодлого, чиглэл, арга хэмжээнүүдээ тодорхойлсон. 

Дээрх харилцан айлчлалуудын үр дүнгээр өнгөрсөн онд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Бүгд Найрамдах Польш улсад суугаа Элчин сайдын яамдад “Батлан хамгаалахын атташе”-г шинээр томилон суулгаж, гадаад улс орнууд дахь цэргийн дипломат ажилтнуудын төлөөллөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ салбарын өндөр түвшний айлчлал, яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын давтамжийг ахиулж чадсан.

-Залуучуудын цэргийн албанд хамрагдалт ямар түвшинд байгааг сонирхъё. Та салбарын сайдын хувьд цэргийн алба хаах ач холбогдлыг хэрхэн тодорхойлох вэ? 

-Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуульд заасны дагуу эх орноо хамгаалах үүрэгтэйг өмнө хэлсэн. Иргэдийг цэргийн алба хаалгах, иргэн бүрийг батлан хамгаалах бэлтгэлжилттэй болгох төрийн бодлого, үйл ажиллагааг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб хариуцдаг. 

Өнөөдөр мөрдөгдөж буй Цэргийн албаны тухай хуульд “Цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэнэ” гэж хуульчилсан байдаг. Хугацаат цэргийн алба бол залуусыг эх орноо хамгаалахад бэлтгэх, цэргийн мэргэжил эзэмшүүлэх үндсэн зорилготой, иргэнд цэргийн боловсрол, мэргэжил олгодог дэлхийн олон орны Зэвсэгт хүчинд хэрэглэгддэг цэргийн албаны нэг төрөл юм.

 Дэлхийн хэмжээнд бүх нийтээр хугацаат цэргийн алба хаах тогтолцоотой 49 улс, хугацаат цэргийн албаны тухай хууль мөрддөг боловч тайван цагт цэрэг татдаггүй 23 улс, хугацаат албаны цэрэггүй 85 улс байдаг. Хугацаат цэргийн албыг заавал биеэр хаадаг 49 улс орноос 60 гаруй хувь нь цэргийн алба хаах насыг 18-27, албаны хугацааг 12-24 сар байхаар хуульчилж, эрэгтэйчүүд цэргийн албыг заавал хаахаар, эмэгтэйчүүдийн хувьд сайн дурын үндсэн дээр хаахаар тогтоосон жишиг байгаа юм. 

Цэргийн алба хаах талаар 1990 оноос өмнөх үетэй харьцуулахад цэргийн дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тоо, хэмжээ жил ирэх тутам буурч байна. Хугацаат цэргийн алба хаах залуучуудын тоо багассан. Иймд хэрэгцээтэй үед бэлэн байх цэргийн бэлтгэл нөөц, тоо хэмжээг зохистой хэмжээнд байлгах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ хүрээнд салбарын яам бодлогын түвшинд нэлээд арга хэмжээг төлөвлөн ажилласны үр дүнд тодорхой ахиц дэвшлүүд гарч байгаа. Тухайлбал, залуучууд цэргийн алба хаах хүсэл эрмэлзлэлтэй, эх орноо хамгаална гэсэн итгэл үнэмшилтэй, сэтгэлтэй байгаа нь судалгаагаар болон бодит амьдрал дээр ажиглагдах болсон. 

Энэ нь сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний бүтцэд шинэ төрлийн цэргийг бий болгосноор цэргийн алба хаах давуу талууд жил ирэх тутам нэмэгдэж байгаатай холбоотой юм. Залуус цэрэгт явснаар цэргийн болон энгийн мэргэжил давхар эзэмших, алба хааж байхдаа эзэмшсэн мэргэжлээрээ улс орны бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон ажиллах, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болох, үргэлжлүүлэн цэргийн гэрээт алба хаах, төрийн албанд орох үүд хаалга нээгдэх, офицерын болон ахлагчийн албанд ажиллах зэрэг өргөн боломжийг олгодог болсноос үүдэлтэй. 

Мөн энэ жилээс эхлэн цэргийн албаа биеэр хааж байгаа оюутнуудад сургуульдаа нэгтгэл, ангиасаа онлайнаар үргэлжлүүлэн суралцах боломжийг бүрдүүлж өгөхөөр ажиллаж байна. Цаашлаад хугацаат цэргийн албанаас халагдаад ирэхэд ажлын байраар хангах, өмнө нь эрхэлж байсан ажлын байрыг нь хадгалах талаар бодлогоор анхаарч байгаа. Үүний үр дүнд нийгэмд цэргийн албаны нэр хүнд өсөж, алба залуучуудад илүү үр өгөөжтэй болж, алба хаах хүсэл сонирхол нь нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд цэргийн албаар дамжуулж залуучуудын хандлагыг өөрчлөх, эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, тэсвэр хатуужил суулгах, цэргийн болон энгийн мэргэжил, мэдлэгтэй болгох, өөрөөр хэлбэл хугацаат цэргийн албаны бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал юм. Тиймээс тогтолцооны шинэчлэл хийж, цэргийн алба хаах хугацаа, сургалтын үечлэл, хөтөлбөр, агуулгад өөрчлөлт оруулах замаар хугацаат цэргийн албанд чанарын бодит өөрчлөлт хийх бодлогыг цаашид баримтлах болно. 


-Батлан хамгаалах салбарын алба хаагчид улс оронд нүүрлэж буй гэнэтийн аюул осол руу ханцуй шамлан ордог. Өнгөрсөн жилүүдийн цар тахал, үер, зуд гээд ард иргэддээ хамгийн ойр байж, хоёргүй сэтгэлээр зүтгэсэн танай алба хаагчдад уншигчдынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье. Ер нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин тайван цагт хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж ирэв?

-Баярлалаа. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, Зэвсэгт хүчний тухай хуульд заасан “Гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн. Батлан хамгаалах салбар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг үргэлж дэмжиж, манлайлан оролцож ирснийг өмнө дурдсан. Өнөөдөр Зэвсэгт хүчин төрдөө, ард түмэндээ байнга хэрэгтэй байж, байнга хүчин зүтгэж байх ёстой гэсэн зарчим баримтлан ажиллаж байна. Хэзээ нэгэн цагт хэрэгтэй биш байнга хэрэгцээтэй Зэвсэгт хүчин байна гэсэн үг.

 Үүний нэг илэрхийлэл нь “Ковид-19” цар тахлын маш хүнд нөхцөл байдлын үед ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд тэргүүн эгнээнд ажиллаж, ковидын үед гадаадаас ирсэн иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах, хэвтүүлэн эмчлэх, вакцинжуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тухайлбал, Гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн” бэлэн байдлын үед “Багабаян-Энхийн төлөө цогцолбор төв”-д 1700 орчим иргэнийг тусгаарлаж, Цэргийн төв эмнэлэгт байгуулсан “Ковидын тасаг”-т 6800 өвчтөнийг хэвтүүлэн эмчилж, салбарын бие бүрэлдэхүүний 98.6 хувийг I, II тунд, 81.9 хувийг III тунд хамруулсан байдаг юм. Мөн стратегийн чухал ач холбогдол бүхий уул уурхайн (Оюутолгой, Эрдэнэт, Замын Үүд, Гашуун сухайт, боомтын ажилчид гэх мэт) 5000 орчим хүнд вакцинжуулах ажлыг манай эмнэлгийн эмч, ажилчид хийсэн юм. Улмаар Зэвсэгт хүчний алба хаагчид маань Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудад хөл хорио тогтоох, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, чингэлэг тээвэрлэлт, ачаа шилжүүлэн ачих ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд Хяналтын постуудад эргүүл, хамгаалалт хийх, замын хөдөлгөөн болон бусад хууль, журам зөрчсөн иргэд, байгууллагуудыг илрүүлэн хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэснийг бас дурдах нь зүйтэй.

 Мөн Зэвсэгт хүчнээс БНТУ-д болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурангид дарагдсан иргэдийг хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд 11 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн багийг 14 хоногийн хугацаатай илгээж, гамшигт нэрвэгдсэн 649 хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж, амь насыг нь авран хамгаалж байлаа. Өнгөрсөн оны долоо, наймдугаар сард нийслэл Улаанбаатар хотод олон хоногоор үргэлжилсэн гэнэтийн хүчтэй аадар борооны улмаас учирсан үер, усны гамшгийн хөнөөлийг багасгах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд 1600 орчим цэргийн алба хаагч дэмжлэг үзүүлэн ажилласныг мэдэж байгаа байх. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хийгдэж буй Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах ажилд Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн манлайлан оролцож, живсэн тээврийн хэрэгслийг илрүү­лэх, байршил тогтоох, татан гаргах ажиллагааны хүрээнд 1985 онд живсэн “Сүхбаатар” онгоц, 2023 онд 33-128 метрийн гүнээс зургаан нэгж техник, чиргүүл, 34.7 тн шатахуун, тос, тосолгооны материалыг татан гаргаж, нуурын усыг бохирдуулахаас хамгаалсан буянтай ажлыг хийсэн. 

Түүнчлэн 2023 оны арваннэгдүгээр сард нутгийн зарим хэсгээр ихээхэн хэмжээний цас орж, өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний 15 нэгтгэл, ангиас 80 орчим цэргийн алба хаагч, туулц сайтай 30 гаруй нэгж техниктэйгээр 14 аймгийн 1100 орчим малчин айл өрхөд 468 тн өвс, 246 тн тэжээлийг хүргэж, 220 айлыг нүүлгэхэд дэмжлэг үзүүлсний зэрэгцээ нийт 12.600 км зам гаргах, даваа, гүвээг нээх, хээр хөдөө төөрсөн иргэд, цасанд боогдсон тээвэрчид, ард, иргэдэд тусламж үзүүлсэн юм. 

Улмаар Монгол Улсын Засгийн газар 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр шийдвэр гаргаж, улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн” бэлэн байдлын “Улбар шар зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан хоёрдугаар сарын 19-ний өдрөөс Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагын 180 гаруй цэргийн алба хаагч нийт 85 нэгж техниктэйгээр 17 аймгийн 64 сумын 2136 малчин өрхөд 1700 тн, өвс, тэжээлийг хүргэн, 46 айлыг нүүлгэн шилжүүлж, цасанд суусан 76 нэгж техникийг татан гаргасан ба 16.000 км орчим зам гаргаж, 20 гаруй даваа, гүвээг нээн дэмжлэг үзүүлж ажилласан байдаг.

 Мөн Улсын онцгой комиссын гуравдугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 27-ны өдрөөс Зэвсэгт хүчний 11 нэгтгэл, ангиас 214 цэргийн алба хаагч, ажилтныг 21 нэгж техниктэйгээр хүч нэмэгдүүлэн гаргаж, хаваржилт хүндэрсэн Төв, Сүхбаатар, Дорнод аймгийн 15 сумын нутаг дэвсгэрт хаваржиж байгаа цөөн ам бүлтэй малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, цасанд дарагдсан гэр, хашаа, эд хөрөнгийг цаснаас гарган цэвэрлэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгээд байна. 

Өнөөдрийн байдлаар гэхэд, нийт 27 ангийн 400 гаруй цэргийн алба хаагч, туулц сайтай 111 нэгж техник, 17 аймгийн 62 суманд хуулиар хүлээсэн тайван цагийн үүргээ амжилттай гүйцэтгэж байгаагаараа бусад байгууллагыг манлайлан ажиллаж байна. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн зудтай нутагт үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн “Бид хамтдаа, Малчдадаа тусалъя” сайн үйлсийн аяныг өрнүүлж, нийт 203.9 сая төгрөг, 50 орчим сая төгрөгийн үнэ бүхий эд материалыг бүрдүүлэн, Улсын онцгой комисст хүлээлгэн өгч, сайхан сэтгэл гаргаж буйг ч танай сониноор дамжуулан иргэддээ хүргэе.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/



0
angry
1
care
0
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр