Цас зудын гамшгийн хажуугаар цагаан гурилын хэрүүл...


Дугаараас дугаарын хооронд


Үртэй болгон цэцэглэж, үндэстэй болгон соёолдог хаврын дунд сар гарч, хаа сайгүй хүйтний эрч суларч байна. Гэвч малчдын хувьд цас хайлж, шар усны үер бууж, балчиг намагт хэдэн малаа алдчих гэж сандарч эхэллээ. Мал шинэ ногоонд цадах хүртэл чилийсэн урт гурван сар бий. Цас зуданд боогдсон, хамаг өвс тэжээлээ барсан, хүн малгүй зутарсан хөдөөнийхөн хаврын саруудыг барж, зуны дэлгэр цагтай золготол бас л тэсэж тэвчих л хэрэгтэй болж байна. Монгол орны нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, малчдын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсний улмаас 2024 оны гуравдугаар сарын 6-ны байдлаар 21 аймагт олон сая мал хорогдоод байна. Тиймээс Ерөнхий сайд зудын улмаас их хэмжээний хохирол амссан, малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад үүрэг болголоо. 

Хотын гудамж ч ялгаагүй шавар шалбааг, түгжрэл бөглө­рөл, бухимдал ихтэй өдрүүд үргэл­жилсээр... Дөрвөн уулынхаа дунд чихэлдэж амьдардаг Нийс­лэлчүүдийг ч бас шар усны үеэр тойрохгүй дайрч эхэллээ. Гудамж талбай битүү лаг шавар болж, Туул, Сэлбэ голын голдиролд үүссэн халиа тошинг чөлөөлөх ажилд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад байна.


Сүүлийн хэдэн сар гурилын үнэ өсөж талх, нарийн боовны үнэ нэмэгдэн, цайны газраас эхлээд тансаг зэрэглэлийн зоогийн газрууд хүртэл хоолныхоо үнийг нэмж эхэллээ. Сургууль, цэцэр­лэгийн хүүхдийн хоолны зардал энэ хэрээр зузаарч, нимгэн төсвөө нэрмэж байна. Сүүлийн хоёр, гуравхан жилийн дотор 2.5 дахин өсөөд байгаа гурилын үнийг буулгахын тулд Засгийн газраас импортын татварыг тэглэх шийдвэр гаргасан нь цөөн хэдхэн гурил үйлдвэрлэгчдийн омгийг хөдөлгөж орхих нь тэр. Монгол Улсын нийт гурилын хэрэглээний 70 хувийг Х.Баттулга, П.Цэнгүүн, Ц.Баатарсайхан тэргүүтэй дөрөвхөн гэр бүл баздаг. Энэ дөрвөн гэр бүл жил бүр Засгийн газартай наймаалцаж, хөнгөлөлттэй зээл авдаг. Зөвхөн 2023 онд гэхэд л гурил үйлдвэрлэгчид 100 гаруй тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ. Зээлийн хүү жилийн 19 хувь. Энэ хүүгээс 13 хувийг нь Засгийн газар төлдөг. Засгийн газрын мөнгө биш үнэндээ бол татвар төлөгч бидний л мөнгөөр гурил үйлдвэрлэгчдийн зээлийн хүүгийн зөрүүг олгож байгаа. Гурил үйлдвэрлэгчид дөнгөж зургаахан хувийг нь л гаргадаг. Гэвч тэд жил бүр янз бүрийн шалтаг шалтгаан хэлж үнээ нэмж байгаа учраас Засгийн газар импортын гурил, будааны татвар, оруулж ирэх хувь хэмжээг тэглэхээс өөр аргагүйд хүрсэн бололтой.

 Сүүлийн хэд хоногт хаврын шалгалт шүүлэг, элсэлт, төгсөлтийн тухай дуулиан эрчимжиж эхэлж байна. Засгийн газрын хуралдаанаас дотоод, гадаадад суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталжээ. Энэ журамд багш мэргэжлээр сурал­цагч болон багшийн магистрын хөтөлбөрт суралцахад нь дэмжлэг үзүүлэх, төгсөөд төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад гурваас доошгүй эсхүл нийслэлд таваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах шаардлагыг тусгайлан зааж өгчээ. Мөн төрийн болон орон нутгийн сургуульд тасралтгүй 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг төрөөс хариуцахаар болсон байна. Өнгөрөгч долоо хоногийн хамгийн таатай мэдээг Эрчим хүчний сайд дуулгалаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц барих төслийг “Цэцэнс майнинг энд энержи” ХХК хэрэг­жүүлж байгаа. Одоогийн байдлаар барилга угсралтын ажил 50 хувьтай байгаа бөгөөд 150 МВт-ын блокийг ирэх аравдугаар сард, хоёр дахь шатны 150 МВт-ын блокийг 2025 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Эрчим хүчний дутагдалд орж, өнгөрсөн өвлийг айдас түгшүүртэй, хэрэглээний хязгаарлалттай давсан монголчуудын хувьд 150 МВт-ын эх үүсвэр ашиглалтад орчихвол эхний хоёр жилдээ айлтгүй л гэсэн үг хэмээн салбарыхан баярлаж байна. 

Өнгөрөгч долоо хоногт Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргээр ял авсан шүүгдэгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаан эхэлсэн. Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг гомдлыг 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс Улаанбаатар чуулгын байранд хэлэлцэж байна. Нийслэлийн прокурор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүтэй өндөр албан тушаалтнуудыг ял зэмгүй өнгөрөөсөнд эсэргүүцэл бичсэн бол ял сонссон УИХ-ын гишүүн А.Баатарбилэг тэргүүтэй нөхөд гомдолтой байгаа юм. Мөн өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал болж, түүнийг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайдад нөлөөлж, төрсөн дүүгийн “Страто” компанид давуу байдал олгуулсан гэх хэрэгт буруутган нийтийн албанд томилох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон байна. Ийнхүү Хөгжлийн банк болон өндөр дээд албан тушаалтнуудтай холбоотой хэрэг ээлж дараалан шүүхэд очиж байна. Тэгвэл нийт монголчуудын зовлон болж хувираад байгаа Нийслэлийн газрын наймааны асуудлыг нээлттэй сонсголоор хэлэлцэх асуудал ирэх сард болно гэдгийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зарлалаа. Хотын удирдлагууд, томоохон бизнесменүүдийн нэр хавчуулагдаж, сүүлийн 30 жил яригдаж байгаа газрын наймааны асуудлыг ухаж, гэм буруутнуудтай хариуцлага тооцох асуудал хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсээд байна.


Жил бүрийн хавар нөөцийн махтай холбоотой томоохон асуудал үүсдэг. Энэ жилийн хувьд долоон аж ахуйн нэгжийн бэлтгэсэн 6337.5 тонн махыг нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр худалдаалж эхэллээ. Энэ жил нэг кг үхрийн ястай махыг 11350 төгрөг, хонины ястай махыг 8900 төгрөг, ямааны махыг 6700 төгрөгөөр борлуулах шийдвэр гарчээ. 

Оны өмнө хөдөөгүүр явж, бүхий л аймагт очин иргэдтэй уулзсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн хэд хоногт нийслэлийн иргэдтэй уулзаад завгүй байна. Тэрбээр Нийслэлийг 42 нэгжээр бүсчилж хөгжүүлэх шинэ төлөвлөлтөө танилцуулж байгаа юм. Улаанбаатар хотын түгжрэл хотын төвийн 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Тиймээс хотын бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, дүүргүүдийг задлахаа Ерөнхий сайд ил тод мэдэгдэж байна. Нийгэм, улс төрийн амьд­рал иймэрхүү байдалтай үргэлжилж байна. Харин улс төрийн намуудын идэвх илт сэргэж эхэллээ. АН-ын хувьд нэгдэл нягтрал бус задрал, хагарлын үүдийг дахин нээв. Тус намын лидерүүдийн нэг Б.Пүрэвдаваа нь Монголын Либерал Ардчилсан намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлээд даргаар томилогджээ. Ардчилсан намаасаа гарах өргөдлөө өргөн барьж олон хүнийг гайхшируулав. Б.Пүрэвдаваагийн хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргаар нь ажиллаж, Х.Баттулгын зөвлөхөөр томилогдож байсан хүн. Тиймээс Монголын Либерал Ардчилсан намыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “халаасны нам” гэдэг яриа олон нийтийн дунд түгээд байна.

  Б.Нүүдэл

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр