Эх дэлхийн энхийг хамгаалагч цэнхэр дуулгатан


Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжил, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн гавьяа, алдар хүндийг дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер, хурандаа Ганболдын БОЛОР

Монгол Улсын Зэвсэгт хүчний салбарын шинэ үеийн тод төлөөлөл Г.Болор бол 100 жилийн түүхтэй Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн анхны эмэгтэй төгсөгч, тус сургуулиас төрсөн анхны эмэгтэй хурандаа төдийгүй АНУ-ын Нисэх хүчний команд штабын коллежийг төгссөн анхны монгол эмэгтэй офицер, НҮБ-ын Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагааны хүчний штабын холбооны хэлтсийн даргаар ажилласан анхны эмэгтэй, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер юм. Нэг үгээр түүнийг зогсолтгүй урагшилсаар байгаа хэмээн тодорхойлж болно.

Одоогоос 27 жилийн өмнө, 1994 онд Цэргийн их сургууль (одоогийн Үндэсний батлан хамгаалахын их сургууль) анхны эмэгтэй сонсогчдоо шалгаруулан элсүүлж байв. Г.Болорын ээж Дэлгэрмаа олон жил ерөнхий боловсролын сургуульд багшилсан хүн. Охиноо мөрдөс зүүж, дүрэмт хувцас өмссөнөөр төсөөлөх дуртай ээж нь түүнийг ЦИС-д орохыг ятган үнэмшүүлж чадсан байна. Ээжийнхээ хүслийг биелүүлж, ЦИС-д ороод, 17-хон насандаа "Эх орныхоо төлөө амиа өгөхөд бэлэн" хэмээн амлалт өгсөн Г.Болор өөрөөсөө гадна таван эмэгтэй, 28 эрэгтэй сонсогчтой "Цахилгаан холбооны инженер, командын офицер"-ын анхны хос хөтөлбөр, анхны эмэгтэй сонсогчтой ангид суралцаж, нэр төртэйгөөр төгссөн юм. Нэр төртэйгөөр гэж онцолсны учир нь таван жилийн сургалтад эрэгтэй, эмэгтэй гэсэн ялгаа байсангүй. Эрчүүд хэдэн километрт гүйнэ, охид тэдэнтэй адилхан л гүйнэ. Эрчүүд ямар дасгал, бэлтгэл хийнэ, охид ч бас хийнэ. Тасралтгүй үргэлжлэх бэлтгэл, сургуулилалт, хичээлийн ачааллыг амжилттай давж, сургуулиа төгсөөд Г.Болор Зэвсэгт хүчний тооцоолох төвд электроникийн инженер, дараа нь төгссөн сургуулийнхаа Холбооны тэнхимд станц ашиглалтын холбооны багшаар долоон жил ажиллажээ.

Дараа нь ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга, Сургалтын албаны дарга, Цэргийн нэгдсэн сургуулийн дэд захирал болтлоо дэвшин ажиллахдаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, туршлага хуримтлуулж байв. Энэ хугацаанд англи хэлний багш, орчуулагч, программист болж, техникийн болон цэргийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалж, АНУ-ын Техас муж дахь Батлан хамгаалах хэлний хүрээлэнгийн удирдлагын дамжаа, НҮБ-ын Ажиглагчийн болон штабын офицерын бүх шатны дамжаа, ХБНГУ-ын Гармиш хот, АНУ-ын Хавай мужид Олон улсын аюулгүй байдлын дамжааг тус тус төгсөж, боловсрол, мэдлэгээ дээшлүүлжээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт идэвх чармайлттай оролцож, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дотор нийт энхийг сахиулагчид болон энхийг сахиулагч эмэгтэй цэргийн алба хаагчдын тоогоор томоохон байр суурийг эзэлдэг. Жишээлбэл, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаараа Монгол Улс Ази тивдээ тэргүүлж байна.

Эдгээр амжилтыг үргэлжлүүлэн Монгол Улсын энхийг сахиулагчдын нэр хүндийг өндөрт өргөн Г.Болор НҮБ-ын энхийг сахиулах томоохон гурван удаагийн ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэжээ. Хамгийн анх 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад цэргийн хүчний штабт хүний нөөцийн офицероор энхийг сахиулах ажиллагаанд оролцож, чамгүй туршлага хуримтлуулжээ.

Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын UNMISS ажиллагааны хүчний штабт Холбооны хэлтсийн даргаар 2013 онд томилогдож очлоо. Иргэний дайнтай Өмнөд Судан улсад нэг жилийн хугацаанд ажиллахдаа үхэл хагацал, өвчин шаналал, өлсгөлөн ядуурал, тэмцэл мөргөлдөөнтэй өдөр тутам таарч явав. Тэнд Г.Болор үндсэн үүрэгт ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ Монгол Улсын 850 цэргийн алба хаагчтай Мото буудлагын батальон болон штабын офицеруудаа хариуцав.

Тэрбээр Өмнөд Суданд энхийг сахиулах хугацаандаа Xүчний командлалын дэргэд Эмэгтэйчүүдийн холбоог санаачлан байгууллаа. Норвеги, Энэтхэг, Кени улсын гурван эмэгтэй офицерыг ахлан, 6000 гаруй км газрыг туулж Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол, Энэтхэг, Кени, Хятад, Өмнөд Солонгос, Япон улсын цэргийн алба хаагчидтай уулзаж ярилцан, дайны цагт тэдний санааг дэмжих урам зориг өгчээ.

Улмаар дараагийн цэргийн багт ирэх эмэгтэй офицеруудын тоог нэмэгдүүлж ажилласан нь НҮБ-ын аюулгүй байдлын салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхэд онцгой хувь оруулсан учир "Онцлох үнэлгээтэй офицер"-оор шалгарч байв.

Ийнхүү үнэлэгдэхэд нөлөөлсөн бас нэг томоохон хувь нэмэр гэвэл Нил мөрөн дээгүүр хүнс, шатахууны хангалтын цувааг амжилттай явуулж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй цэргүүдэд хүргэх усан тээвэр дэх цэргийн удирдлагын холбоог анх удаа амжилттай зохион байгуулж чадсан явдал юм.

Тухайн үед борооны улирал таарсан тул хүмүүнлэгийн ачаа тээвэр хүргэдэг байсан ганц замаар машин явах боломжгүй болж, дүрвэгсдээс гадна бүлгүүдийн хоорондын тэмцэл хурцадсан байлаа. Гэтэл цэргүүд өлсгөлөнд нэрвэгдэхэд хүрээд байв. Анх удаа Нил мөрөн дээгүүр усан тээвэр зохион байгуулж, эрсдэлт нөхцөлд алба хаагчдаа явуулахаас аргагүйд хүрчээ. Бүхий л нөхцөлийг харгалзан тооцоод "Эрдэнэт хүний амь нас хамгийн чухал" гэдэг сонголтод тулжээ

Хүмүүнлэгийн тусламжийн цувааг Нил мөрнийг долоо, найман хоног гатлах урт зам хүлээж байв. Энэхүү ажиллагаанд монгол цэргүүдийг заавал авч явах шаардлагатай гэсэн шийдэлд ч хүрэв. Учир нь Монголын баг бүрэлдэхүүний эр зориг бусдадаа түшиг байлаа.

Монголчуудын хариуцдаг бүс Нил мөрнөөс хамаагүй хол байсан хэдий ч нэгэнт НҮБ-ын Энхийг сахиулах хүчинд үүрэг гүйцэтгэж байгаа учраас эр зоригтой нэг офицер, гурван ахлагчаа цуваанд нь томилов. Хүмүүнлэгийн хангамжаа хүргэж өгчихөөд буцах замдаа цуваа халдлагад өртөж, монгол офицер буудуулж, толгойдоо гэмтэл авч, өөр улсын цэргүүд ч шархадсан хэдий ч ажиллагааг амжилттай дуусгаж, хүний тоо бүрэн иржээ.

Энэ үед Хүчний командлалд Холбооны хэлтсийн дарга Г.Болор зохион байгуулалтыг хийж байсан юм. Түүний хувьд холбоогоо хором ч таслахгүйн тулд хэдэн өдрийн нойр, хоолыг умартан ажиллажээ. Энхийг сахиулах хугацаандаа тушаал авсан офицер хүний л хийж чадах энэ мэт олон үүргийг хурандаа Г.Болор гүйцэтгэсэн билээ.

Г.Болорын гурав дахь удаагийн энхийг сахиулах ажиллагаа Монгол Улсын Зэвсэгт хүчний салбарт шинэ зам татуулсан юм. Тэрбээр 2015-2017 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтнээр сонгогдон, удалгүй ахлах мэргэжилтнээр дэвшин ажиллажээ. Монголын энхийг сахиулагч офицерууд дотроо НҮБ-ын төв штабт үүрэг гүйцэтгэсэн анхны цэнхэр дуулгатан болсон нь энэ билээ. НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт жилд дунджаар 850-950 офицер орон орноос ажиллах хүсэлтээ ирүүлдэг. Тэдгээрээс гурван үе шатлалаар олон сар шалгаруулалт хийж, цөөн хэдэн офицерыг сонгодог. Тэдний нэг нь Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер Ганболдын Болор болсон юм.

Тэрбээр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт ажиллахдаа Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн албан ёсны цахим хуудсыг нээж, "Оны шилдэг эмэгтэй энхийг сахиулагч" шалгаруулах саналыг анх гарган, тухайн үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд уламжилсан нь дэмжигдэн, биеллээ олж, уг үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл зохион байгуулж байна. Энэхүү санаачилгын үр дүнд олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн нэр хүнд өссөн төдийгүй үүрэг гүйцэтгэлийн үнэлгээг нарийвчлан гаргах боломж бүрджээ.


Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан тухайгаа хурандаа Г.Болор "Хэрэв би алдаа гаргавал Г.Болор гэж харахгүй. Монгол Улс, Монголын Зэвсэгт хүчин гэж харах учраас маш их хичээдэг. Мөрөн дээрээ Монголын армийн мөрдөстэй эмэгтэйчүүд дотроо өндөр цолтой нь болохоор дайны нөхцөлд бусдадаа дорой байдлыг харуулж болохгүй хэмээн өөртөө өндөр хариуцлага өгч ажилладаг байлаа" хэмээн дурссан юм.

Үнэнч шударга, биеэ даасан байдал нь цэргийн хүнийг бусдаас ялгаруулж харагдуулдаг маш том онцлог, төрөлхийн зан чанар. Цэргийн хүн, тэр дотроо энхийг сахиулагч байна гэдэг нь хайрлах, мэдрэх, ойлгох сэтгэлийг өөртөө гүн гүнзгийгээр суулгаж өгдөг мэт.

Г.Болор АНУ, Өмнөд Судан, Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа зовлон гэж чухам юу болох, баян, ядуу байх нь ямар болох, өнчрөл  хагацлын уй гунигийг  хүртэл нүдээр үзэж, сэтгэлээр мэдэрч, байгаа улсынхаа иргэдийг, хамт ажиллаж байгаа орон орны энхийг сахиулагчдыг хэнийг нь ч ялгалгүй өмгөөлж, хайрлаж, хамгаалж иржээ. Монгол хүний уужуу ухаан, өгөөмөр сайхан сэтгэл, тэсвэр хатуужилтай зан чанарууд нь монгол цэргүүдийг "эх дэлхийн цэрэг"-ийн үүргээ үргэлж амжилттай гүйцэтгэхэд нөлөөлдөг биз ээ.

Г.Болор хурандаагийн биечлэн оролцсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хуралдааны үеэр монгол цэргүүдийн зоригийг биширсэн ганцхан жишээг бичвэл, Уг хуралдаанаар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа үүргээс зугтаж яваад амь насаа алдсан өөр улсын алба хаагчдын талаар хэлэлцжээ. Гэтэл тухайн үйл явдлыг Английн хошууч генерал дүгнэхдээ "Хэрвээ монгол цэргүүд шиг үргэлж бие бялдар, сэтгэл санааны бэлтгэлтэй байсан бол зугтаж байгаад буудуулах бус харин ч дайны хөлөөс маш олон хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалж чадах байлаа” гэж хэлсэн гэдэг.

Нэгдсэн Үндэстний Байгууллага хэмээх дэлхийн 193 орныг энхийн үйлсийн эгнээндээ нэгтгэсэн том байгууллагын индэр дээрээс, байгууллагыг тэргүүлэгч, нэр нөлөө бүхий оролцогчдын өмнө монгол цэргүүдийг бусдад сайн жишээ болгон ярина гэдэг монгол цэргүүд Монголын энхийг сахиулагчдын маань чансааг илтгэнэ. Монгол хүн хаа ч явсан "Нэр хугарахаар яс хугар" гэсэн шазруун бөгөөд эрэмгий дайчин сэтгэлгээтэйгээ явдаг.

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг  гүйцэтгэж байгаа алба хаагчдад гунигтай, бахдалтай, баяртай дурсамж олон тохиолдоно. Тэр дундаас нэгэн дурсамжийг ярихад Г.Болорыг Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байхад болсон явдал. Өмнөд Судан бол  дотоодын  дүрвэгсдийн тоогоор дэлхийд тэргүүлдэг улс. Тэмцэл, мөргөлдөөний улмаас төрсөн газартаа амьдрах аргагүй болсон хүмүүс амьд үлдэхийн тулд нэг газраас нөгөө рүү байнга дүрвэнэ. Тэр олон дүрвэгсэд дундаас хөлдөө гуталгүй шахам хэрнээ хоёр хүүхдээ дундаа хөтлөөд, бөөн шавар шалбааг туучин алхах нэгэн гэр бүл нүдэнд тусжээ. Хос хоёр нэг гялгар уутыг хамжин, толгой дээрээ бариад үрсээ болон өөрсдийгөө борооноос хамгаалж явав.

Эхнэр, нөхөр хоёрын нэг нэгнээ ямар их хайрлаж байгаа нь Г.Болорын сэтгэлийг хөдөлгөж, машинаа зогсоон, хэсэгтээ тэднийг ажиглажээ. НҮБ-ын дүрвэгсдийн хуаран руу ирж байгаа тэр гэр бүл "Бид гэр бүлээрээ амьд байна" гэсэн харцаар бие бие рүүгээ харж, үгээр хэлэхийн аргагүй жаргалтай байсан гэдэг. Аз жаргалыг эд хөрөнгө, алдар нэр, албан тушаалын сайнаар бус “Амьдрах нь тэр хүнд хэр үнэ цэнтэй вэ” гэдгээр хэмжиж болох нь гэсэн бодол төрсөн гэдэг. Ийм л сэтгэлд хадсан үйл явдал, будаггүй үнэнтэй өдөр тутам таардаг болохоороо "цэнхэр дуулгатнууд" амьдралыг илүү гэрэл гэгээтэйгээр, сайн сайхнаар, өөдрөгөөр харж төсөөлдөг байх.

Тэртээ найман зууны өмнө Эзэн Богд Чингис хаан "Хол хэмээн бүү цөх. Явбаас хүрьюү. Хүнд хэмээн бүү яд. Өргөвөөс дааюу" хэмээх эрдэнэт сургаалаа айлдаж үлдээсэн байдаг. Эзэн Богдынхоо сургаал адилаар Монгол Улсын Зэвсэгт хүчний хурандаа Г.Болорын эр зориг мохошгүй, мятаршгүй юм. Г.Болор хурандаа шиг мянга мянган цэрэгтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний салбарын ирээдүй тун ч өөдрөг, гэрэлтэж яваа.

Хурандаа Г.Болорын бэлтгэсэн зуу зуун цэргүүд өсөн дэвжиж буй. Түүний эхлүүлсэн эх дэлхийн замаар энэ цагийн баатар Монголын цэнхэр дуулгатан цэрэг эрс, цэрэг бүсгүйчүүд Монгол Улсаа төлөөлөн, олон улсын алба хаагчидтай мөр зэрэгцэн алхаж яваа. Монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг тэд тив, дэлхийд таниулсаар, алдаршуулсаар байх болно.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22