Миг21 сөнөөгч онгоцны нисгэгч Т.Батжаргал 1993 он.
“Байлдагчийн погон мөрөндөө зүүгээд
Баяр цогтой алхаж явнаа хөө би” ... хэмээн бид 1982 оны намар идэр залуухан 18 насандаа шинэ цэргийн карантины 45 хоногийн турш дуулсан юм. Төв аймгийн Баянчандмань сум сангийн аж ахуйн төвд байрлах Монголын ардын армийн 282 дугаар ангийн шинэ дайчдын карантин 1982 онд намрын сэрүү унасан хойно 45 хоног үргэлжилсэн юм.
Хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулиудаас сурлага мэдлэг, сахилга бат, авъяас чадвараараа шалгарсан 200 шигшмэл хөвгүүдийг гадаадын цэргийн дээд сургуульд мэргэжил эзэмшүүлэхээр сонгон авч энд карантилсан нь ёстой л “Элит баталион” байгуулагдав.
Бид нэг оны чацуутангуут, Монгол Улсын хүн амын өсөлтөд тэсрэлт гарсан хамгийн өндөр төрөлттэй жил гэгдэх 1964 оны “Модон луу” жилийн үр төлүүд, социалист нийгэмд төрж, өсөж бойжсон өсвөр залуус билээ. Миний од гүйж тэр жил сургууль дотроо эрэгтэй хүүхдүүдээс бага, дунд, ахлах ангийн буюу 3, 8, 10 дугаар анги төгссөн сурлагын дүнгийн нийлбэр оноогоор эхний тавд багтаж чадсан нь гадаадын цэргийн дээд сургуулийн хуваарь авах боломж өмнө минь нээгдсэн юм.
Эх орон, эр цэргийн албандаа энхрий хөвгүүдийг чинь эрүүл саруул, бүрэн бүтэн хүлээж авлаа гэж батлан харуулдаг цэрэг татлагын комиссын тогтсон уламжлал биднийг ч тойрсонгүй.
Нийслэл хотоос баруун хойш 72 км зайтай орших Төв аймгийн Баянчандмань сум, сангийн аж ахуйн төвийн хойно дүнхийх аглаг уулын энгэрт дөрөв дөрвөөр нь хоёр хэсэгт зааглаж барьсан найман асар майхан бүхий шинэ цэргийн карантин биднийг хүлээж байлаа.
Машинаас буунгуут биднийг дагалдан ирсэн офицерууд яарч шавдуулан жагсаагаад нэр дуудаж тоолж нягталсан ч үгүй баримжаагаар хоёр хуваагаад хоёр тийш ялган зогсоов. Онгож цайсан хуучивтар цэрэг хувцастай цэргүүд бидний зүг гүйлдэн ирж яваа харагдлаа. Тэдгээр цэргүүдийн мөрдөс дээр хоёр, гурван хөндлөн шар зураас байхыг ажиглавал бага дарга нар бололтой. Биднийг зуу, зуугаар нь хоёр рот(салбар) болгон хувааж нэгдүгээр ротын захигчаар ахлах дэслэгч Элбэгсайхан, хоёрдугаар ротын захирагчаар ахмад Хосбаяр томилогджээ.
Бид шинээр тавьж өгсөн цэрэг хувцсаа зөв өмсөж байгаагаа ч мэдэхгүй, хаана хэн нь хуваарилагдсанаа ч олж харахгүй дэмий гайхсан хүмүүсийг дариу хоолонд орууллаа. Хана туургыг нь байгалийн том том хад чулуу эвлүүлж өрж барьсан байшинд урт урт банзан ширээ, бандан сандал байрлуулжээ. Тэр өдөр ямар хоолтой байсныг ч санахгүй юм. Миний бие нэг сургуулиас ирсэн О.Зоригтын хамт хоёрдугаар ротод хуваарилагдав. Ингээд рот бүрийг дотор нь дөрвөн салаа болгоход нэгдүгээр ротын улс төрийн орлогчоор бага дэслэгч Гансүх, салаан даргаар дэслэгч Амардэлгэр, Баярсайхан, Булгантамир, Марууш нар.
Хоёрдугаар ротын улс төрийн орлогчоор бага дэслэгч Цэгмэд, салаадын даргаар дэслэгч Балдорж, Чулуунбаатар, Цогтбаатар, Пүрэвбазар нар томилогдож эдгээр дарга нарт бид бүтэн жил захирагдах боллоо. Мөн салаа болгонд салааны орлогч дарга гэж тусгайлан сургаж бэлтгэсэн хуучин цэрэг бага дарга нарыг томилжээ. Тэд л шинэхэн цэрэг биднээс алхам ч холдохгүй хамт байж нэг дор байрлаж, нэг тогооноос хооллож, цэргийн эрдэм зааж сургах хамаг ажлыг уйгагүй хийж гүйцэтгэдэг хамгийн ойр чухал хүмүүс байв.
Миний хуваарилагдсан хоёрдугаар ротын “ЖА” буюу жагсаалын даргыг Мөнхбат, салааны орлогчдыг Дашгэрэл, Бат-Эрдэнэ, Гансайхан, Жаргалсайхан, нэгдүгээр ротын “ЖА” буюу жагсаалын даргыг Гүрчулуун, салаан орлогчоор Пүрэвсүрэн, Цэрэлжав, Булган нар байсан шиг санагдаж байна.
Аав, ээжийнхээ хайр халамж, халуун алган дээр бөмбөрч өссөн танхил хөвгүүд бид цэргийн албанд хал үзэж, хатуужил тэсвэрт суралцахыг чухам тэндээс л анх эхэлсэн юм. Өглөө 06.00 цагт “Рот сэрээд”, “Орноос бос”, “Гарч жагс” гэсэн бачуу командаар босгоод л гүйлт, 16 тоот гимнастик хийлгэж задгай усаар гар нүүр, шүд ам угаалгаж, ор дэрээ цэмбийтэл засаж хураан жагсаалын үзлэгт бэлтгэх, өглөөний хоол цай, онол улс төр, цэргийн тактик, галын бэлтгэлийн хичээл, жагсаалын бэлтгэл, хөл гарын сургууль, шинэ цэргийн норм хэмээх суга савлуур, труникэнд заавал хийж гүйцэтгэх биеийн тамирын дасгалуудаар биднийг бүхэл өдрийн турш зай завсаргүй шахан давтуулж зааж сургаж эхэллээ.
Өдрийн хоолны дараа үдээс хойш хоёр цаг унтуулж амраагаад дахиад л биеийн тамир, жагсаалын сургууль, жагсаалын шинэ дуу зааж 19.00 цагт оройн хоолны цаг болно. Үдэш 21.00 цагт “оройн зугаалга” буюу рот, ротоор жагсан шинээр заасан жагсаалын дууг дуулуулан 20-30 минут жагсаал алхаагаар алхуулна, тэгсэний эцэст “оройн тоо” гэх хүн нэг бүрийг нэр тулган бүртгэж тухайн өдрийн анги, ротын жижүүр офицер, жагсаалын дарга цэрэг дайчдад үүрэг даалгавар тавиад 22.00 цагт “Рот орондоо” гэж командлан амраана.
Шинэ цэргийн карантены өдөр тутмын өндөр хэмнэлээр амьдарч эхэллээ. Цэрэгт ирсэн эхний хоногуудад нормын хоолны ихийг нь гайхан идэж барахгүй илүүдэн сав саваар нь асгаж байгаа харагдана.
Бид шинэ цэргүүд бүгд толгойн үсээ хусуулж цоо шинэхэн цэрэг хувцсаар ижилсэн жигдрээд өмнөх төрх байдлаасаа тэс өөр шинэ хүмүүс боллоо. Онжавууд маань эхлээд наран сөрөг “зэрэгц” коммандтай арван тавхан минут зогсооход л захаасаа ухаан балартан унадаг, зарим нэг нь суга савлуур, турникэнд ганц сунайж биеэ даахгүй, салаан дарга ширүүхэн шиг аваад гүйлгэхэд л нэг километр газар яваад л бусдыгаа гүйцэхгүй хоцорч цагаан хөөс амаараа сагуулан бахардан унадаг тийм л сул дорой амьтад эх орноо хамгаалахаар эр цэргийн албанд ирсэн гэхэд итгэмээргүй байв.
“Жагс, зэрэгц, номхон, алхаад марш, гүйгээд марш, зүүн тийш, баруун тийш эргэ, болно сул зогс, тараад” гэх мэтчилэн командуудад өдрийн турш захирагдах боллоо. Жагсаалын сургууль хийж байхад хүрч ирсэн офицер дарга нар “Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” байдаг юм, жагсаал дотор ярьж, хөдөлж ганхаж огт болохгүй бат зогсох ёстой, “зэрэгц” гэдэг команд бол хамгийн хатуу команд үүнийг зөрчих эрх хэнд ч байхгүй, дайны цагт “зэрэгц” команд өгсөн дарга алагдахад салаа цэрэг энэ командтайгаа байсаар бөмбөгдүүлсэн юм гэж жишээ татан ярьж сургана.
Хэлэх ярих, үг яриа хүртэл тэс өөр хэв маяг, хэмжээ хязгаартай болж шинэ орчинд түргэн дасах гэж их л мунгинаж байв.
Энгийн дураар амьдрал нэгэнт ард хоцорч, ар гэртээ хоногтоо иддэгээс даруй гурав дахин илүү их хоол энд өгч байгаа ч яагаад ч цадахгүй шинжтэй. Хэн нэгэн цэрэгт ар гэрээс эргэлт ирж харагдах нь сайхан, манай гэрээс ч бас эргэлтээр ирдэг болов уу гэж горьдон битүүхэн зам ширтэнэ. Хөндий талын замаар хурдлан давхилдах тээврийн машины жолооч шиг эрх чөлөөтэй ажил ховор байх гэж бид атаархан ярилцдаг байлаа.
Хүний эрхэнд захирагдаад хааяа нэг офицер, бага дарга нарт шийтгүүлэх, хуучин цэргүүдийн зүгээс үзүүлдэг “шинэ цэргийн сэнгэнэсэн шанаа” гээчийг ганц нэг амсаад ирэхлээр өөрийн эрхгүй уурсах бухимдаж, хорсон бачимдах явдал бас байна. Нялцгай биетэй, нимгэн арьстай бидэн шиг жулдрай амьтдыг гурван жил хал үзэж хатуужин чангарсан тэвхгэр бага дарга нар харцаараа л айлгана.
Каринтины хүнд өдрүүд үргэлжилсээр, анх ирснээ бодвол онжавууд бие биенийхээ нэрийг тогтоож гайгүй сайн танилцаж, нүүр хагарч, гэнэ алдан тарьсан алдаа паянг хөг дэг болгож, нэр хоч өгч хөгжөөн наргиантай болж байлаа.
10 дугаар сар гараад биднийг үе үе ангируу авч очиж өвлийн бэлтгэл хангах ажилд дайчилдаг болов. Энэ үед тааралдсан хуучин цэргүүд биднийг хялаан харж, “Муусаан даварсан шинэковуудыг дүрмээр чинь амьсгалуулна даа”, “Хөөш муу гожогоо! Хаанахын цэрэг вэ? Ангируу ороод ирэхээр чинь харнаа, гайгүй” гэх мэтчилэн заналхийлж сүрдүүлдэг байлаа. Харваас тэд биднээс насаар ах, хүдэр чийрэг биетэй, нүд шүд хоёр нь гялалзсан хүрэл хүрэн царайтай шийдмэг төрхтэй, өмссөн хувцас нь онгож гандсан ч биед нь их таарсан, ихэнх нь биднээс нуруугаар намхавтар цэргүүд бөгөөд биднийг басамжилсан, өлөн бүргэдийн нүдээр ажиглана. Харин салаан дарга, жагсаалын дарга нар маань тэдгээр хуучин цэргүүдийг бидэнд хавьтуулахгүй.
Манай ангийн морьт сумангийн дайчид гэх 1980 онд цэргийн албанд татагдаж ирсэн “хал” (халагдах) цэргүүд байх агаад Армид цэргийн дэг ид гаарч байсан 1974, 75, 76,77, 78, 79 оны цэргийн хуаран доторх зүрх зүсэм амьдралын талаар үлгэр шиг юм ярьцгаах ба биднийг “ёстой даварсан, жаргасан шинэковууд” хэзээ ийм шинэ цэрэг байсан юм, “муу амьсгаанууд” хэмээн нүд үзүүрлэж, сав л хийвэл “шинэ цэрэг амь бөх”, хэмээн хал цэргийн дарамт үзүүлэхийг завдана. Бид ямар гай тарьсан болоод тэд биднийг ингэж хорсож занаад байгааг нь ойлгохгүй гайхдаг байлаа. Магадгүй тэдний өмнөх дээд оныхоо ах нарт дэглүүлсэн хорслоо дараа оныхоо дүү нараас нөхөж авч чадахгүй байгаадаа ингэж хорсон бачимддаг байсан болов уу.
Шинэ цэргийн карантинд бидний өнгөрүүлсэн 45 хоног бүтэн жил шиг урт санагдаж, өдөр хоног даанч удаан өнгөрч байв. Намрын адаг сар дундаасаа өнгөрч, цас цавцайтал дарсан хойно арай гэж шинэ цэргийн 45 хоногийн карантины хугацаа дуусаж тангараг өргөх өдөр тулж ирэв. 1982 оны аравдугаар сарын 17-ны өдөр манай анги байгууллагаас бидний “Тангаргийн баяр” -ыг хийж Баянчандмань уулын энгэрт сармай майханд 45 хоног орогнон хөдөө хээрт зуны дан, хөнгөн нимгэн хувцастай даарч чичрэн зутарч байсан өдрүүд ашгүй нэг дуусаж сая нэг юм дотогш анги, хуарандаа орж дулаан казармд байрлах боллоо. Каринтин буухын өмнө казармын их цэвэрлэгээ, тохижилтын ажлыг цэргүүдээр хэдэн өдөр нойр хугаслан жаал хийлгэсэн юм.
БХЯ-ны Боловсон хүчний газар, ангийн штабын зүгээс манай “Тангарагийн баяр”-ыг ёстой л үзэл сурталын өндөр хэмжээнд зохион явуулсан юм. Хотод гэртэй цэрэг бүрийн ар гэрээс нь хүмүүс ирсэн байв. Манай эцэг эхчүүд хөвгүүдээ танихгүй хөглөв. Цэрэг хувьцсаар жигдэрч, халимаг үсийг нь хусуулж нар салхинд борлож чийрэгжсэн цэрэг хөвгүүдээ аав ээжүүд жагсаал дундаас арай чүү олж хараад танигдахааргүй өөрчлөгдөж цэрэг эр болсонд дуу алдан шагшин магтаж хайрлаж байв.
Дотогш анги руу ороод удаагүй байтал бидэнд өвлийн хувцасны хангалт хийгдлээ.
Өвлийн дулаан хувцас тавьж өгсөн дариу халуудан түүртэж дандаа ийм халууцаж байх юм бол ч ёстой барахын аргагүй даваа байна даа гэж өөр хоорондоо хүүрнэлдэж байв.
Ийнхүү цэргийн анги хуарангийн өвөлжилт сургалтын жил эхэлж биднийг ерөнхий эрдмийн болон цэргийн эрдмийн хичээлээр өдөр бүр дарж, завсар хоорондуур нь жагсаалын талбай дээр жагсаал бэлтгэл, парад алхаа, хөл гарын сургууль, зэвсэгтэй ажиллагаанд дадлагажуулж, биеийн тамир, тактикийн хичээлээр зай завсаргүй шахаж байлаа. Өдөр бүр цэргийн казармын цэвэрлэгээ хийлгэж шалыг байнга угаалган лаагаар тослон хуучин шинелийн даавуугаар арчин зүлгэсээр хүний нүүр харагдтал өнгөлөн гялалзуулна. Бас хоногийн харуул, манаа, ротын жижүүр, невальд ээлжлэн гарч, 14 хоноод л цэргийн гал тогоонд хоол хуваагчаар бүтэн салаагаар гардаг байв. Энэ бүхэнд эхэндээ залхаж шантармаар, няцаж халширмаар ачаалал дарамттай байсан боловч олон нөхдийн хамт адилхан амсаж зовж байгаа тул бусдаасаа хоцрохгүйг чармайж байлаа. Хотоос татагдаж ирсэн хотын байрны хүүхдүүд алив юманд адын сэргэлэн ч илүү халирхай няцамхай ч амиа хоохойлох, юмны араар орох, аль хөнгөн хялбарыг харна. Харин хөдөөнөөс болон хотын гэр хорооллоос татагдаж ирсэн хүүхдүүд хар бор, хүнд хүчир ажилд хар багаасаа нухлагдаж өлсөж цангах, даарч хөрөх, халууцах, зодуулж нүдүүлэх зэрэг бэрхшээлд торохгүй нь сайхан.
Манай хоёрдугаар ротын жагсаалын дарга Сүхбаатар аймгаас татагдаж ирсан Мөнхбат гэж 1980 оны хал цэрэг байлаа. Ёстой жинхэнэ цэрэг эрийн хатуужил тэсвэрийн үлгэр жишээ, хал үзэж хашир суусан цог заль төгс, жавхаатай сэргэлэн эр байв. Тэрбээр биеэр жижгэвтэрч ноцолдож ноололдож байхыг нь харахад хэнд ч бярдуулж хүчрэгдэхгүй, гүйнэ гэж талын зээр шиг цахилаад алга болдог, жагсаалч, модон морь сувлуур турникт маш чадамгай эзэмшсэн, сонс 96 удаа эргэхийг нь бид дэргэдээс нь тоолсон юм.
Гадаа идэр есийн хүйтэн ид тачигнаж байхад цэргүүд бид өглөө 06.00 цагт босоод хоёр км газар кител өмдтэй гүйж байхад тэрбээр бүхэл өвлийн турш цээж нүцгэн гарч гүйлт гимнастикт рот цэргээ командлан оролцдог байсан нь бахархмаар.
Ротын жагсаалын дарга ахлагч Мөнхбат цэргүүдээ өдрийн хоолонд орохоор хоолны газарлуу нэгийн цуваанд оруулан модон морин дээгүүр гишгүүр тавцангийн дуу тасалдуулалгүй харайлган хоолны заал руу оруулж харайж гарч чадаагүй хэн нэг нь дахин давах оролдлого хийлгэн давж чадтал нь харайлгаж байж хоолонд нь оруулдаг байв.
Манай 282 дугаар ангийн захирагч, хошууч цолтой Дагдангийн Сүхбаатар гэж Увс нутгийн харъяат аргил өтгөн дуу хоолойтой, өндөр нуруутай сүрлэг сайхан эр байлаа.
Ангийн штабын дарга, хошууч Нямжав гэж цэрэг бидэндээ эцэг шиг халамжтай сайн дарга байсан. Цэргүүд түүнийг “Шаавка” гэж хүндлэн нэрлэдэг байв. Шаавкаг гадагшаа явсан хойгуур цэрэг зутарчих шахдаг байлаа.
Ангийн улстөрийн орлогч ахмад Г.Мягмаржав гэж мөн Увс нутгийн гаралтай, их шударга, маш шаргуу ажилтай хурц дайчин хүн байлаа. Түүнийг манай ангийн хуучин цэргүүд “Мөртөн” гэж нэрлэдэг байв. Тэрээр энэ ангид анх томилогдон ирээд цэрэг дайчдад яриа хийхдээ “Та нар бол морьтон баатрууд” гэж хэлэхдээ “мөртөн” гэж баруун аймгийн аялгатай хэлээд ийм нэр анх авчээ.
Ангийн удирдлагын зүгээс цэрэг дайчдын дунд соёл хүмүүжлийн ажил маш их зохиож янз бүрийн соёлын арга хэмжээ санаачилж зохион байгуулдаг байв.
Цэргийн хуарангийн хатуу дэг журам, цагийн нарийн хуваарьтай шахуу ажлууд ар араасаа дараалан үргэлжилж өдөр хоног харин ч хурдан өнгөрөх боллоо. Цэрэг амьдралдаа дасан зохицож эр бие хатуужин чангарч, бяр тэнхээ суугаад ирэхийн цагт энэ биед багтахгүй ааг омог хуримтлагдаж байгаа нь мэдрэгдээд байдаг болов. Ямар л уралдаан тэмцээн болно хамаг хүч аагаа шавхан гаргаж галзуурсан мэт хатуу ширүүн өрсөлддөг байлаа.
Манай дарга нар бол жинхэнэ цэргийн дарга нар байсан юм шүү. Бид цэргийн алба хааж байж л жинхэнэ эр хүн болцгоосон. Арми шиг армийн цэрэг шиг цэргүүд болсон доо бахархдаг юм.
Одоо бид хэр баргийн хүнд сорилт бэрхшээлийг даван туулах тэсвар хатуужил сууж өлсөх даарах, хир баргийн дэглэлтийг ч юман чинээ тоохооргүй хатуулжиж эр бие бялдарч илт чангарч булчин шөрмөс нь томорч бяр тэнхээ орсон нь мэдрэгддэг боллоо. Үргэлж инээдэм наргиан хөгжөөнтэй, бие биенээрээ тоглож наадсан ноцолдож хүчээ шалгасан, тэв тав хийсэн алхаа гишгээ тэгширсэн, жагсаалы дуу дуулсаар аргил бүдүүн хоолойтой болж, арьс хөрсч зузаарч хүүхдийн нялх шар арьс гуужиж дороос нь тос дааварласан жинхэнэ цэрэг эрийн хүрэн бор хөрс суун эршүүд эрэмгий араншин сууж байв.
Бушуухан хаврыг барж зун болж уралдаант шалгалтаа өгөөд гадаадад сургууль, сургуульдаа явах юмсан гэж бодохоор цаг хугацаа явж өгөхгүй сунжирч сэтгэлийн тэвчээр алдруулна. Аравдугаар ангиа төгсөөд шууд сургуульд явсан ангийн зарим нөхдөөс гадаад улсын тухай атаархам сайхан захиа ирнэ.
Хавар тавдугаар сар↨ гарахад сургуулий хоёр ротын цэргүүд бүгд труникэнд 100 хувь сонс эргэдэг болсон бөгөөд дөрөвдүгээр сард ирсэн БХЯ-ны сайдын нэрэмжит шалгалтанд ангийн бие бүрэлдэхүүн 100 хувь “онц” дүнтэй шалгагдаж манай ангийн дарга захирагч, олон офицеруудын цол нэмэгдэв.
Зургадугаар сарын дундуур бид конкурсын шалгалт өгөх болж Батлан хамгаалах яамнаас албаны хүмүүс ирлээ. Шалгалтыг математик, физик, геометр, орос хэлний хичээлээр авч дүнгээ гаргалаа. Бүх хүн шалгалтдаа тэнцэж ямар нэгэн сургуулийн хуваарьт хүрэх нь тодорхой болов. Уралдаант шалгалтаа өгсөн бид нэг хэсэгтээ хийх ажилгүй амарлаа.
Цэргийн хуаранд нэг жилийн турш хамт амьдарч нэг тогооноос хоол идэж эхэндээ ахархан хал цэргийн дарамт үзүүлэхийг завдаж байсан ч бид цэрэг амьдралд түргэн дасаж эр бие чангарч хэр баргийн хүнд дарлуулахааргүй болон өсч зарам талаар хамаагүй илүү ч гарсан сүүлдээ бидэнд юм хэлэхээ болж эвтэйхан харьцдаг болсон “хал цэрэг” ах нар маань албаа хааж дуусгаад халагдлаа. Анги байгууллага маань ч хал цэргүүдээ үдэх ёслолыг үзэл суртлын хэмжээнд сайхан зохион байгуулж бид ч үлгэр дууриал авлаа.
Баянчандманьд бүтэн жил болоод манай анги Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах “Тавантолгой” дахь Зэвсэгт Хүчний полигоны сургалтын төв рүү нүүх боллоо. Шинэ баригдсэн цэргийн полгионыг харж хандах зориулалттай Ардын армийн 106 анги гэж нэг ротын хэмжээний цөөн тооны офицер, цэрэгтэй ангийн захирагч нь Оросоо гэж хэзээ мөдгүй тэтгэвэртэй суух болсон буурал дэд хурандаа байх. Энэ анги өмнөх жилүүдэд гадаадад цэргийн сургуульд явах оюутан сурагч дайчдын бэлтгэлийг 45 хоног хангуулдаг байгаад манай 282 дугаар анги нүүж ирснээр мөд манайхтай нийлж татан буугдах болоод байв. Би, армид олон жил болсон ахмаг насны хөгшин офицер, дарга нарыг хараад бахархдаг байлаа. Арми бол хүнд хатуу алба. Яаж ийм олон жил цаг наргүй өндөр ачаалалтай ажиллаж цэргийн харчуултай хамаг амьдралаа холбож чаддаг байна даа. Эр бие жагссан, эрч хүчтэй, элдэв ааш раншин, санаа бодолтой, эрдэм авьяас, арга зальтай энэ олон харчуулын учрыг олж, нэг хүн шиг барьж ажиллана гэдэг бэрх.
Нэг их удалгүй долдугаар сарын сүүлчээр Батлан хамгаалах яамны орлогч сайд Ш.Жадамбаагийн ахалсан элсэлтийн комисс манай анги дээр ирж сургуулийн хуваарь сонсголоо. Онжавууд маань шалгалтад үзүүлсэн онооны дарааллаар жагсан мэргэжил сургуулиа шилж авцгаалаа. Бүгд л конкурс өгсөн онооны эрэмбээр цэргийн дээд болон тусгай дунд сургуулийн хуваарь авч хөөрч дэрвэн, баясаж догдлон тогтож ядан байлаа.
Бүтэн нэг жилийн турш нэг хуаранд ижилдэн дасаж, нөхөрлөн, хал үзэж ёстой л цэрэг шинелийн элчийг мэдэрч, цэнэгтэй бууны цэцийг сорьж, цэрэг гутлын бөхийг эдэлж, цэрэг талхны амтыг амталж өлсөхдөө өлсөж, даарахдаа даарч, дэглүүлэхдээ дэглүүлж, баярлахдаа баярлаж цэргийн жагсаалд мөр зэрэгцэн алхаж, жагсаалын дууг хоолой нийлүүлэн хангинатал дуулж, цэргийн жагсаал дунд мөр зэрэгцэн алхаж явсан нөхөд минь:
“Аавын хүү үүргээ гүйцэтгээд
Ахуй нутгаа зорилоо доо
Алсаас ирсэн цэргийн хуаран минь
Ард минь өнөөдөр хоцорлоо
Ай хө хороо цэргийн хуаран минь баяртай ... хэмээн хал цэргийн дуугаа хангинатал дуулсаар холын аяныг зорин одоцгоосон юм.
Цэргийн болон иргэний нийгмийн олон салбар, хувийн хэвшлүүдэд онжавууд маань аль хэдийнэ байраа эзэлжээ.
Одоо тэд завгүй эрчүүд, сайн эцгүүд болжээ.
Т.БАТЖАРГАЛ(Ph.D)
/Нисгэгч, зохиолч/
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/
Сэтгэгдэл (1)