Амжилтын дэвтэр дүүрэн аз жаргалын хуанли


-“Хан Билгүүдэй”-гээс нахиалсан хүүхдий цэцэрлэгийн гэгээн түүх-

Зайрмагтай дурсамж

Улиг болсон уламжлалт асуулт боловч ихэнх тохиолдолд бизнесмэн хүнээс яах аргагүй л “Ажил хөдөлмөрийн гараагаа хэрхэн эхэлж байсан бэ. Бизнесээ яаж эхлэв. Бэрхшээл, саад тул­гарч байв уу” гэж асуухаас өөр аргагүй байдаг. Ж.Эрдэнэжаргал захиралд тавьсан “уламжлалт асуулт”-ын хариулт намайг уншигчидтай маань хамт 1990-ээд оны Эрдэнэт хотоор аялуулж орхив.

Дөрөвдүгээр ангийн жаахан охин Эрдэнэтийн алдарт Дугуй дэлгүүрээс зургаан төгрөгөөр зайрмаг бөөндөн авч, наадмын талбай дээр 12 төгрөгөөр зарсан тэр дурсамжийг нь хамтдаа “амталъя”. Манайхны поднос гэж нэрлэдэг аяга тавагны хавтгай тавиур дээр овоолон авч очсон зайрмагаа хэдхэн хормын дотор нугарсан үнээр зарчихсан охин ёстой л подхийгээд явчихсан гэдэг. Аав, ээж нь отгон охиноо элдвээр дутаагаагүй элбэг хангалуун өсгөсөн ч өсвөр насны эмэгтэй хүүхдэд авах сан, хэрэглэх сэн гэж шохоорхож явдаг зүйл зөндөө л  байж таарна. Тэр бүрийг аав, ээжээсээ нэхээд байх хэцүү. Тиймээс зайрмаг зарж олсон мөнгөө атгаад тухайн үед булан тохой бүрд шахуу байсан “тохиролцооны” дэлгүүр рүү дэгджээ.  Маш их мөнгө олчихсон, баян болчихсон мэт санагдсан гэдэг. Ингээд өөртөө хэрэгтэй олон юмыг баяр хөөртэйгөөр худалдан авчээ. Хүн өөрийнхөө гараар хийж бүтээсэн зүйл, шударга, зөв аргаар олсон мөнгө гэдэг ямар үнэ цэнтэй болохыг 12-хон настай охин тэгэхэд мэдэрч, ойлгожээ. Түүнийг ийнхүү дөрөвдүгээр ангидаа бизнес хийж байсан гэхээр хүмүүс гайхдаг аж. Зайрмагны наймаа хийж үзсэн нь ирээдүйд сайн бизнесмэн болох эхлэл нь байсан гэхээсээ илүү үнэнч шударгаар хөдөлмөрлөх, зорилгодоо хүрэхийн тулд тууштай байх, мөнгөний үнэ цэнийг ойлгох мэдрэмжийг түүнд суулгасан байна.

“...Миний аав насаараа “БелАЗ”-ын жолоочоор ажилласан тээ­вэрчин хүн. Эрдэнэтэд урилгаар очиж олон жил “БелАЗ” барьсан. Тухайн үед “БелАЗ”-ын жолооч өндөр цалинтай байлаа. Ээж маань ХЭАА ажиллуулаад мөнгөөр тасрахгүй. Тиймээс манай гэр бүлийн санхүү хэзээ ч доголдож байгаагүй. Би аавынхаа 37-ны жил дээр нь гарсан, амины хүүхэд, айлын эрх танхил охин. Юугаар ч дутагдаж, гачигдаж байгаагүй мөртлөө хэзээний л бизнес сэтгэлгээтэй байсан. Дөрөвдүгээр ангидаа яагаад ч юм наймаа хийж үзмээр санагдаад зайрмаг зарж байсан. Өөрөө мөнгө олж үзэх сонирхол төрсөн хэрэг...” 

Ж.Эрдэнэжаргал захирал ийн өгүүлэв. Түүнээс хөдөлмөр ямар амт, үнэртэй вэ гэж асуувал эргэлзэлгүй “Ээжийн минь барь­даг байсан талх, булочканы үнэртэй” л гэх байх. Хар багаасаа л ээжийнхээ нарийн боовны цехэд өнждөг, талх, булочка хийгээд сурсан хэрсүү, ажилсаг хүүхэд байсан болохоор хөдөлмөрийн амтыг тэндээс л мэдэрчээ. Эрдэнэт хот оросууд олонтой учир тэдэнд гоньдтой талх хийж зардаг байсан гэдэг. Аав, ээж хоёрыгоо алба, амины ажлаар Улаанбаатар руу явах үед тэрбээр жаахан хүүхэд гэлгүй цехээ хариуцаж үлдэнэ. Шөнө нь талх, булочка хийгээд өдөр нь зах дээр бөөндөж зарчихаад л хичээлдээ явдаг байв. Үүрээр 04:00  цагт босож талх, булочкаа хийнэ. Заримдаа цехдээ оройжин ажиллах үе ч гарна. Бараг нойргүй хонодог байсан ч цехээ өлхөөн аваад явчихдаг. Ер нь багаасаа л “Би мөнгө олох ёстой, би сэтгэх ёстой, би хөдлөхгүй юм бол хэн хөдлөх юм” гэдэг бодлыг өөртөө суулгасан охин байжээ. Аав, ээж нь ч түүний энэ зан чанарыг гайхна. Бас бахархана.

...Жанширын Эрдэнэжаргал Улаанбаатарын уугуул. Эрдэнэтэд хүүхэд насаа өнгөрүүлсэн. Оюутан ахуй цагаа ч Эрдэнэтэд үджээ. МУИС-ийн Орхон аймаг дахь салбарт суралцаж, англи хэлний багш мэргэжил эзэмшжээ. Мэр­гэж­лээрээ ажиллахаас илүү бизнесийн салбарт хүч сори­хыг зорьсон нь өнөөдрийн Эр­дэнэжаргалыг бүтээхийн эхлэл байжээ. Энэ тухайгаа тэрбээр ийн хүүрнэв.

Эрдэнэтэд цэцэглүүлсэн бизнес

Надад хийж үзээгүй бизнес гэж байхгүй. Бүх л бизнесийг хийж үзсэн. Яагаад ч юм цаанаасаа л бүтээлч, хөдөлмөрч, уйгагүй, нэг юм руу орохоор тууштай байж чаддаг. Би өөрийнхөө энэ занд дуртай. Ер нь 1998 оноос наймаа хийж эхэлсэн. 1990-2000 онд улс орны хэмжээнд хүнд үе байсан. Талх ширхэглэж, элсэн чихрийг нэг айлд 500 граммаар өгдөг үе. Ээж маань худалдааны байгууллагад ажиллаж байсан болохоор манайх юмаар дутагдаагүй. Гэхдээ бусад хүмүүс, айлын хүүхдүүдийн амьдрал ахуйг хараад надад маш их юм бодогддог байсан. Энэ нь надад их нөлөөлсөн. Хүндээр тусаж байсан гэх юм уу даа.

-Нийгмийн энэ байдал мэр­гэжил сонголтод тань нөлөөлсөн үү?

-Үгүй. Харин ч эсрэгээрээ. Би олон улсын сэтгүүлч, орчуу­лагчийн ангийн хуваарь авч, Улаанбаатарт суралцахаар бо­лов. Тэгсэн ээж, аав хоёр намайг Эрдэнэтээс явуулахгүй, өөрсдөөсөө холдуулахгүй гээд МУИС-ийн Эрдэнэт дэх салбар сургуульд оруулсан. Өөрийнхөө сонирхлоор яваагүй болоод ч тэр юм уу, би эзэмшсэн мэргэжлээрээ ажиллая гэж бодож байгаагүй. Багш болно гэж бодоогүй. Миний сонирхол бол олон хүн удирдаж, тэдэнд нөлөөлөх, зааж сургах, ажил, амьдралтай нь залгуулах, тусалж дэмжих юмсан гэсэн мөрөөдөл байсан юм уу даа, одоо бодоод байхад.

-Багаасаа ээжийнхээ цехэд ажиллаад сурчихсан, наймаа хийгээд үзчихсэн оюутан мэдээж зүгээр суугаагүй байлгүй?

-Хүүхэд байхад хийж байсан наймаагаа оюутан болоод үр­гэлжлүүлсэн. Оюутан байхдаа би хүүхэд төрүүлж, жилийн чөлөө авсан. Ингэж завсардаж байгаад эргэж хичээлдээ орсон. Тухайн үед би зүгээр суугаагүй. “Заан бууз” гэдэг цайны газар ажиллуулаад л. Өглөө эрт босож ангийнхандаа хуушуур хайраад, цүнхлээд очно. Ангиар нэг хуушуур үнэртээд л, их хөгжилтэй. Өдөр тийшээ оюутнууд өлсөнө. Ангийнхантайгаа цайны газар орж байгаад нөгөө хуушуураа хуваагаад идэх жишээтэй. Чадлаараа л хичээсэн. Оюутан байхад над шиг хоёр гурван машин ээлжилж унаад, нааш цаашаа явдаг оюутан ховор байсан. Цайны газар ажиллуулна гэдэг яггүй хүнд. Ажиллагаа ихтэй. Ээж маань бүгдийг нь хариуцдаг тул их ядардаг байсан. Тиймээс хоолны бизнесээ больсон. Ингээд барааны зах дээр эмэгтэй бэлэн хувцасны дэлгүүр нээлээ. Дан ганц эмэгтэйчүүдийн хувцсаар дагнаад явцгүй юм байна гээд эрэгтэй бэлэн хувцас нэмээд л, сүүлдээ  манай нэг эгч хамтраад, хажуудаа эгчдээ нэг лангуу авч өгсөн. Намайг байх байхгүйд бараагаа ээлжлээд зардаг байсан.

Тэгж байтал “Болор талст” гэж худалдааны төв баригдаж ашиглалтад ороход тэнд дотуур хувцасны дэлгүүрээ нээсэн. Хүний нэг хэрэгцээ дотуур хувцас байдаг юм чинь нярайн хувцас, өмд, оймс, турсикнээс өгсүүлээд бүгдийг нь борлуулахаар зорьсон. Эрдэнэтдээ хамгийн анх би дотуур хувцасны дэлгүүр оруулж ирсэн дээ. Надаас оросууд дотуур хувцас бөөндөж авна. Манай дэлгүүрт бүх төрлийн дотуур хувцас байдаг байсан. Дараа нь гутал зардаг болсон. Ер нь хийж үзээгүй юм байхгүй. Хоолны салбарт, худалдааны салбарт ажиллалаа.

Хамгийн сүүлд “Эрдэнэт коско мебель” гээд тавилгын их дэлгүүр ажиллуулсан. Тавилгын дэлгүүр гэдэг өглөөнөөс орой хүртэл ямар ч завгүй. Хүргэгч олдохгүй бол хүргэнэ, өөрөө тавилгаа угсарна, бооно. Худалдагчаа хийнэ. Урагшаа явж тавилгаа захиална, авчирна. Тэр үед их эрсдэлтэй. Вагон олдохгүй, контейнер олдохгүй. Вагон шөнө тавигдана гэвэл бид хүлээгээд л хононо. Замын-Үүдийн зочид буудалд хэд л бол хэд хоногоор байна. Шөнийн хоёр цагт вагон тавигдлаа, контейнер буулаа гэхэд өвлийн хүйтэнд гадаа зогсож зөөгч, ачигчдаа харж байгаад л тавилгаа аль болох гэмтэлгүй ачуулна. Өглөө ороод ирэхэд хамаг бие мэдээ алдталаа даарчихсан байна. Тийм тохиолдол олон байсан. Ийм л амьдрал дунд хатуужил суусан даа.

Ажлаа аз жаргал болгосон нь

Бэлэн хувцаснаас мебель тавилга хүртэл бүх төрлийн наймаа хийж, бизнесийн гараагаа амжилттай тавьж, мөнгө гэхээсээ илүү туршлага хуримтлуулсан нь Ж.Эрдэнэжаргалын хувьд хэзээ ч дуусаж, дундрахгүй баялаг нь. Түүнээс биш бизнес хийж буй хүн мөнгө олохдоо олно, алдахдаа ч алдана. Мөнгө туйлын зорилго нь огт биш. Үүнийг батлах мэт хэдэн арван саяар нь олж, бас тэр хэрээр алдаж, бусдад итгэснээсээ болж өрөнд хүртэл орж явсан түүх түүнд бий. Тэр бүхэн түүнийг улам баяжуулж, хүчирхэгжүүлснээс биш үгүйрүүлж, хоосруулсангүй. Баян хүн гэдэг угаасаа мөнгөөр биш сэтгэлээр баян, сэтгэлгээгээр баян хүнийг хэлдэг хойно. Эрдэнэтэд гялалзсан амжилттай бизнес эрхэлж байсан бүсгүй 12 жилийн өмнө унасан газар, угаасан ус Улаанбаатартаа нүүж иржээ. Бүр төрж, өссөн дов Баянзүрх дүүрэгтээ төвхнөж.

“Би Баянзүрх дүүрэгтээ хайртай. Энэ дүүргийнхээ унаган иргэн. Яг энэ нутаг дэвсгэрт төрсөн, яг энэ газарт өссөн. Нэгдүгээр ангид байхад ээж, аав хоёр маань Эрдэнэтэд томилолтоор очоод тэнд сургуулиа төгсөж, их сургуулиа дүүргэсэн. Миний хүүхэд ахуй нас тэнд өнгөрсөн ч гэсэн төрсөн газар гэдэг шал ондоо шүү дээ. Би Баянзүрхдээ л үйл ажиллагаа явуулах дуртай. Миний бүх цэцэрлэг Баянзүрх дүүрэгт байдаг” хэмээн тэрбээр өгүүлэв. Төрсөн нутагт нь түүнийг бизнесийнх нь дараагийн шинэ мөчлөг, шинэлэг сонирхолтой салбар хүлээж байлаа. 

-Эрдэнэтэд тавилгын дэлгүүр ажиллуулж байгаад 2011 онд Улаанбаатарт нүүж ирсэн. Хүүхэд төрүүлээд хэсэг хугацаанд гэртээ суулаа. Гэхдээ бас зүгээр суухгүй ээ. Ямар юм хийх вэ, яах вэ гээд л бодно. Яг тэгж байтал манай нэг найз Японоос канген усны төхөөрөмж оруулж ирээд, надад ажлын санал тавьсан. Ингээд канген усны төхөөрөмж борлуулах ажилтай болсон. Би хамгийн өндөр борлуулалт хийж байсан. Над шиг 20 хэдэн төхөөрөмж борлуулж байсан хүн ховор. “Таван Богд”-ынхон надаас супер төхөөрөмж авч байсан. Албан газрууд бүгд надаас том том супер төхөөрөмж авч байлаа. Зарим хүнд итгээд долоо найман сая, бүр арван хэдэн сая төгрөгийн өртөгтэй төхөөрөмж өгч хулхидуулаад, өрөнд орж, өмнөөс нь мөнгийг нь төлж байсан. Өчнөөн зовлон, бэрхшээл тулгарсан. Гэхдээ тууштай зүтгэсан. Эхний зундаа би урамшуулалт цалин гээд 13  сая төгрөг авсан. Канген ус борлуулаад өдөрт 500-600 мянган төгрөг олдог байв. Тэр зундаа олсон 50 гаруй сая төгрөгөөрөө анхныхаа цэцэрлэгийг нээж байсан. Ерөөсөө л би энэ олсон мөнгөөрөө бизнесийнхээ гарааг тавья гэж бодсон.

-Цэцэрлэг байгуулъя гэдэг санаа хэрхэн төрсөн бэ. Судалгаа хийсэн үү?

-Хүүхдийн байгууллагад яагаад ч юм нэг л мэдэхэд яваад орчихсон байсан. Би өөрөө олон хүүхэдтэй хүн. Хүүхдийн байгууллага гэдэг хамгийн гэгээлэг, хамгийн сайхан. Би өмнө нь дандаа л наймаа хийж байлаа. Харин хүүхдийн байгууллага бол өөр. Мэдээж судалгаа хийсэн. Үүнийхээ үндсэн дээр хүүхдийн байгууллага ажиллуулъя гэдэг шийдвэрт хүрээд анхныхаа цэцэрлэгийг “Нарантуул” захын хойд талд “Мангасын ам” гэж нэрлэдэг гол хаалганы тэнд дөнгөж баригдаж ашиглалтад орж эхэлж байсан орон сууцнуудын нэгэнд байгуулсан.

“Нарантуул” захыг яагаад сонгосон юм гэхээр захын наймаачид өглөөнөөс орой хүртэл цаг наргүй ажилладаг. Гэр бүлдээ, үр хүүхдэдээ зориулах цаг байдаггүй. Тэгэхээр тэдэнд дөхөм болгож хүүхдийн цэцэрлэг нээе, тэд наймаа арилжаагаа хийхдээ хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд өглөө авчирч өгөөд орой тарахдаа аваад явж байдаг жишиг цэцэрлэг нээе гэж бодсон. Ийм төлөвлөгөөтэй анхныхаа цэцэрлэгийг 2014 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор нээж байсан. Түүнээс хойш манайх өнөөдрийн байдлаар 12 дахь цэцэрлэгээ үүсгэн байгуулаад байна. Энэ хугацаанд бидэнд саад бэрхшээл, янз бүрийн асуудал зөндөө гарсан. Ихэвчлэн бид түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ хэзээ ч хүүхдийн байгууллагыг мөнгө, ашиг гэж харж болохгүй. Цэцэрлэгээ нээсэн цагаас эхлээд  өчнөөн бэрхшээл, сорилт тулгарсан. Шантарч няцалгүй тууштай зүтгэсээр яваад өнөөдөр энэ түвшинд хүрч, 12 салбар байгуулсан гэж бодож байна. Яг одоо өөрийн ажиллуулж байгаа дөрвөн салбар байгаа. Ирэх 2024 онд анхны цэцэрлэгээ нээсний 10 жилийн ой болно. Та бид хоёрын ярилцаж суугаа энэ “Алтан манцуй” цэцэрлэгийг 2015 онд байгуулсан. Анхны цэцэрлэг маань “Хан Билгүүдэй” гэх цэцэрлэг байгаа. Тэр цэцэрлэгээс нахиалсан мөчрүүд нь одоо ингээд явж байна.

-Төлбөрийн хувьд танайхыг харьцангуй хямд гэж сонссон?

-Анхны цэцэрлэгээ нээхдээ 250 мянгаар хүүхдээ авч байсан. Одоо ч хэвээрээ. Хэзээ ч би мөнгөний хойноос шунаж байгаагүй. Одоо хүнсний үнэ л гэхэд 10 жилийн өмнөхөөс хэд дахин нугарсан. Гэхдээ манай цэцэрлэгийн төлбөр яг л хэвээрээ байгаа. Яах вэ, боломжтой, бололцоотой айлууд мөнгө төгрөгийг нь төлөөд хүүхдээ өндөр төлбөртэй цэцэрлэгт өгдөг л байлгүй. Боломжтой улс хэд билээ. Баянзүрх дүүрэг бол ялангуяа хэцүү. Би Хан-Уул дүүргийн жаахан зиндаа өндөр газар гэх юм уу, боломжийн орлоготой иргэд амьдардаг газарт сувиллын цэцэрлэг нээж ажиллуулж байсан. Бас л түрээсэлж байсан байр маань зарагдах гээд цэцэрлэгээ хаасан. Зайсан орчимд хүн амын амьжиргааны түвшин дээгүүр. Хэдэн ч төгрөгийн төлбөртэй байсан хамаагүй хүүхдээ өгчихдөг. Гэтэл Баянзүрх бол амьжиргааны түвшин доогуур. Тэгэхэд би яагаад төлбөрөө нэмэхгүй ингээд байгаад байна гэвэл мэдээж би орчныхоо судалгааг хийж байна. Энэ хавийн маань улсууд хэдэн төгрөг төлөх боломжтой вэ гэж судлаад тэр хэмжээнд л байлгаж байгаа юм.

-Улсын цэцэрлэгүүдээс хүүхэд авч байгаа гэл үү?

-Улсын цэцэрлэгээс 130 хүүхэд энэ салбар дээрээ авчихсан байгаа. Тэгэхэд манайх хоолны зөрүү мөнгө гэж эцэг, эхчүүдээс 100 мянган төгрөг л авдаг. Манай Баянзүрх дүүрэгт ажиллаж байгаа цэцэрлэгүүд бол 100-150 мянган төгрөгийн зөрүү авдаг байх аа. Бусад том цэцэрлэгүүд 300-500 мянган төгрөгийн зөрүү авч байна гэж дуулдсан. Хүүхдээс зөрүү мөнгө авч болно л доо. Гэхдээ хэтэрхий шуналын сэтгэлээр бүү хандаасай, хүүхдүүд дээр битгий тоглолт хийгээсэй гэж боддог юм. Надад бол 100 мянган төгрөг хангалттай. Би энэ мөнгөөрөө хүүхдүүдийнхээ хоол хүнсийг нь татаад авчихаж байна. Ажилчдынхаа цалин хөлсийг тавиад, нийгмийн даатгалыг нь төлчихнө. Байрныхаа түрээсийг төлчихнө. Улсаас орж ирж байгаа хувьсах зардлыг яг тааруулаад л зарцуулчихдаг. Овойж оцойтол ашиг олох гэж би салбар нээдэггүй. Өөрийнхөө сонирхлоор л явдаг. Миний ажлын амжилт, үр шим, хийж байгаа зүйл маань ерөнхийдөө л ийм зүй тогтолтой л явж байна. 

Г.Сонинбаяр

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22