Их зудын дараа малчид, мал сүргээ анхаарцгаая


2023-2024 оны өвөл, хавар монголчуудын хувьд томоохон сорилт боллоо. 100 гаруй хоног үргэл­жилж буй их зуд турхан одоо ч хүчээ татаагүй үргэлжилсээр байна. Монгол түмэн эв хүчээ нэгтгэн, малчин мал хоёроо аврахын тулд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын уриалга, анхаарал, халамжид тулгуурлан, эх оронч хөдөлгөөнд нэгдэн, их зудтай тэмцэж байна. Энэ хөдөлгөөнд би вээр нэгдэж, өөрийн мэдэх, чадахыг энэхүү нийтлэлээр малчин түмэндээ хүргэхээр шийдэв.

Миний бие гурван настайгаасаа ээж, аавдаа мал маллахад нь туслахыг хичээж, “Дуулгавартай жаал” хэмээн айлынхандаа дуудагдаж явснаа санаж байна. Тэр жил 1940-өөд оны дундуур, мичин жилийн зуд болсон нь одоо хэр тодхон санагддаг. Манайх гэж 4-5 өрх айл байсан шиг бодогдоно. Хот айлын бүх аав ээж, том ах эгч нар морио унаад, монгол дулаан гутал, нэхий дээл, нэхий өмд, үнэгэн, хурган лоовууз-малгайгаа өмсөөд, ямаан дах, дэгтийгээ аваад, богцонд хоол хүнсээ дүүргээд уруудсан адуу, үхэр, тэмээнийхээ хойноос гарцгаасан юмдаг. Бид хэдэн жаалууд (хөвгүүд, охид), өндөр настан өвөө, эмээ нарынхаа хамт хоттой хоньтойгоо, өлгийтэй дүү нараа хараад үлдэж билээ.

Малынхаа араас явсан малчид эхлээд 3-4 хоноод, малгүй ирж байснаа дахин бэлтгэлээ базаагаад бараг хориод хоног ирэхгүй явж байсан. Тэр үед биднийг өглөө босоход гэрийн модон хаалгаа онгойлгож чадахгүй, түлхсээр байгаад, жаахан зай, завсар гарахад нь модон хүрз, савраар цасыг нь арилгаж, нүдсээр байгаад гарна. Гараад харахад хоттой хонь байхгүй болчихсон байдаг байв. Бид жаахан хүүхдүүд байсан болохоор нүднийхээ нуухыг арчаад, гайхан харахад хонь хотолсон газраас уур савсаж, жижигхэн хар нүхнүүдээс утаа шиг юм гараад байдаг байсан. Одоо ч гэсэн нүдэнд харагдаж байна. Тэгэхээр нь цас арай ядан туулсаар тэр жижиг нүхнүүдэд ойртоход хөл дор том юм дайралдан таварцаглаад цасанд нүүрээрээ уначихдаг байгаа даа. Түүнээс л би “Энэ чинь хонь, ямаа байна” гэж ухаарсан юм. Доороосоо шар бууцтай, дээрээсээ цасан дарлагатай болохоор, хонь, ямаа, тугалсан үнээ, бяруу нэг хэсэгтээ л амьд байгаад байсан даа. Тэгэхээр нь адууны халтар хомоол, тэмээний хатсан хоргол, үхрийн хуурай аргал, хөлдүүс өгдөг байлаа. Тэр үед одоогийнх шиг хивэг, боосон өвс, хорголжин, нунтаг багсармал байгаагүй. Харин маршал Х.Чойбалсангийн Мал, тариалангийн яамнаас өвсний морин станцуудыг ЗХУ-ын тусламжаар байгуулж, овьёос тариалуулж овьёосны хуурай үрийг шуудай, шуудайгаар нь малчдад өгч, улсын сайн малчин цолоор шагнаж, мөнгөн сүлдтэй Засгийн газрын жуух бичгээр шилдэг малчдаа урамшуулж байсныг сайн санадаг. Овьёосны хуурай үр (будаа) малд их сайн тэжээл байсан юм. Зуд болоод өнгөрсөн. Гурван жилийн дараа би сургуульд явахаар боллоо. Тэр үед манай хот айлын хонь хотондоо багтахаа болиод, манай хотныхон хотоо 3-4 хэсэг болгож, хонь, хургаа ялган хашдаг болов. Монгол мал чинь зудад үхэх нь үхсэн ч, үлдсэн нь хотондоо багтахгүй болтлоо үржиж, өсдөг “буянтай” мал шүү дээ.

Миний үзсэн энэ зуд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Бага эрээн хэмээх уулын зүүн суга, Ар өвөр хадатын Цагаан толгойн дөрвөлжин гэдэг газар болсон билээ.

Намар нь манай багийн дарга ирээд намайг сургуульд яв гэж хэлэхэд нь тэргэн дор уясан банхрынхаа ард нь орж нуугдаад сургуульд явахгүй гээд уйлж байснаа тодхон санадаг. Одоо бодоход миний энэ хэрэг ном сурах дургүйдээ биш, харин малаа орхиод явна гэхээр дотор эвгүйцсэнийх байж дээ гэж боддог юм даа.

Зуд турхан болоод л өнгөрдөг. Монголын нүүдэлчин малчид бэлчээрийн малаа хариулж, нутаг сэлгэн нүүдэллэсээр мянга, мянган жилийг туулж, үр хүүхдүүд нь өв соёлоо тээсээр яваа нь монголчуудын бахархал, эр зориг юм. Ингэж бодоход би, малчин-мал-бэлчээр-хөхөө шувуу донгодож, хөхрөн униартсан хөдөө нутагтаа тус дэм болох юм хийхсэн гэж мөрөөдсөөр 84 настай золгож байна. Би юу ч хийж бүтээж чадахгүй болж, “Эрийг нас дарж, уулыг цас дарна” гээчийн үлгэр болж байна.

Одоо яах вэ гэхээр зунжин, намаржин 100 жил тэмдэглээд, морь уралдуулж, найрлаад, бөх барилдуулж, дуулж хуурдаад, хадлан тэжээл дорвитой бэлтгэж, нөөцөлж чадаагүй малчид залхуу, хариуцлагагүй, мал нь олон болоод, бэлчээр тахлаад, доройтуулаад байна ч гэдэг юм уу, малчин, мал хоёр луугаа бүх буруугаа чихчихээд бүх мууг ярьж, цэцэрхэх цаг биш байна. Үүнийгээ орхиод нүүдлийн малчид, бэлчээрийн малаа үлдсэнийг нь хүнтэйгээ малтайгаа хамтад нь аврах арга чаргаа ярилцан, нэг санаа, нэгдсэн бодлоготой хөдлөх нь зөв байхаа гэж бодож, “Малчдадаа тусалцгаая” гэх  21NEWS-ийн хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. “Хушуу нэмэхээр хуруу нэм” гэдэг шиг өөрийн санал, бодлоо энэ нийтлэлээр дамжуулан илэрхийлж байна. Үүнд:

1.Монголын архи, пивоны үйлдвэ­рүүд энэ хоёр бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ, иргэд хэрэглээ­гээрээ дэлхийд дээгүүр байр эзэлдэг болоод удаж байна. Иймд одоо архи, пивоны үйлдвэрүүд архи, пивоо гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэн гурван сарын хугацаа дуустал, үйлдвэрлэхээ больж, түүний оронд хатаасан барда (шаар) үйлдвэрлэж, малчдад үнэ төлбөргүй өгөх санаачилга гаргаж, мал-малчин хоёроо аврах олон нийтийн хөдөлгөөнд манлайлан оролцмоор байна. Бардааг төмс, үр тариагаар спирт үйлдвэрлэхэд завсрын бүтээгдэхүүн болгон гаргаж авдаг. 100 гр шинэхэн бардаанд, хэрэв төмснийх байвал, 94.3 хувь ус, 4.3 тэжээлийн нэгж, 0.5 кг шингэх уураг (протейн), харин үр тарианы барданд 92.3 хувь ус, найман тэжээлийн нэгж, 0.9 кг протейн байдаг.

Шинэхэн бардаагаар мал тэжээх хоногийн норм, литр: Бух-20-30, Үнээ-50-60, бяруу-30-40, бордооны том үхэр-80-90, тугал-45-50 байдаг.

Барда, эслэг ихтэй байх тул ихэвчлэн үхэр, гахай тэжээдэг. Дагнаж өгөхгүй, нэмэлт тэжээл болгон өгнө. Үхэр тэжээхэд бардааг хэрчсэн сүрэлтэй хольж өгөхөд сайн байдаг. Удаан хугацаагаар тэжээхэд мал өвчилдөг аюултай. Их тунгаар өгвөл мал чацга алдана. Нойтон яр, сахуу үүснэ.

Бардааг дандаа хатааж, хуурай нунтаг хэлбэрээр малд өгөх нь сайн. Мал амтархан иддэг. Үхэр, гахайн багсармал тэжээл үйлдвэрлэхэд хэрэглэнэ. Багсармал тэжээлд 10-15 хувь барда хийнэ. Тэгэхээр бардаг хатаах боломж Монголд, тэгэх тусмаа малчдад байхгүй. Учир нь, хатаалгын төхөөрөмж байхгүйтэй холбоотой. Иймд нойтон чийгтэй, өтгөн бардааг хивэг, сүрэл, өвсний хог, сүрэлтэй хольж өгөхөөс өөр аргагүй. Будааг нүдэж, сүрэл, өвсийг хэрчиж бардаатай  хольж болно. Эсвэл шингэн бардаанд сүрэл, өвс, будааг хийгээд 1-2 хоног дулаан газар байлгаад, тэдгээрийг дэвтээж, зөөлрүүлээд өгч болох юм. Нэг килограмм барданд 10-150 гр будаа, сүрэл, өвс хийх, эсвэл 820 гр бардаанд 100-150 гр будаа, сүрэл, хивэг, өвс хольж болно.

Пивоны бардаг хатааж шинжлэхэд, 100 кг хуурай бардаанд 80 тэжээлийн нэгж, 12 кг шингээгдэх протейн, 113 гр кальци, 160 гр фосфор, 870 гр лизина, 460 гр метионина байжээ. (М.А.Смуригин. 1977 он) Хатаасан бардааны  чийг 12 хувь байв. Шингэн бардааг буталсан будаа, хэрчсэн сүрэл, өвсөөр өтгөрүүлж, нэмэлт тэжээл болгон өдөрт 1-2 удаа өгөөд, чацга, нойтон яр шарх гарахаас сэргийлж, үзлэг ажиглалт байнга хийнэ.

Бог малд хоногт өгөх тунг, үхрийн тунгаас 5-10 дахин бага байхаар бодож, тэжээх хэрэгтэй. Ер нь бардаанд элдэв хортой тосны нэгдэл, муу спирт, хортой нянгууд байж болно. Архи пивоны үйлдвэрээс барда авахдаа шинжилгээг нь гаргуулж байвал зохино. Бардаанаас гадна архи, пивоны үйлдвэрээс барда, соёолж, солодыг хатаалгаж авч байвал зохилтой. Одоогийн хүнд нөхцөлд архи пивоны үйлдвэр архи, пиво, спирт үйлдвэрлэлээ түр зогсоогоод ч гэсэн хатаасан барда, соёолж, солод үйлдвэрлэж, малчид, мал хоёртоо үнэгүй олгоход болохгүй гэх газар байхгүй. Гагцхүү хүний чанар, мөс, эх оронч үзэл л хэрэгтэй болоод байна.

Бардаанаас гадна, адууны халтар хомоол, тэмээний хоргол, үхрийн бор аргал хэрэгтэй. Эдгээрт норм байхгүй, олдож л байвал мэрүүлээд бай. Хөлдүү байсан ч өг. Хивээд идчихнэ. Давс (жамц), хужир, шүү өгөх хэрэгтэй. Их өгвөл мал цангах, чацга алдаж магадгүй. Иймд өгч буй тэжээлийн хоёр хувиас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.

Одоо малын хорогдол ирэх зургадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Зудын дараа шар ус, шавар шалбаагт туйлдсан мал унаж үхнэ. Хавар ногоо идэхээрэээ бас үхнэ. Ноосолж хяргасны дараа хүйтэн бороонд цохиулж хорогдоно. Иймд тэжээж нарлуулах, нэмэлт тэжээл өгөх, дулаан байр, орцонд байлгах нь чухал.

Мал малчин хоёроо их зудын дараа, аврах тухай л бодох хэрэгтэй. Ахмад малчид, малын ахмад эрдэмтдийнхээ үг, зөвлөгөөг сайн сонсож явбал монголчууд малчидтайгаа, малтайгаа үлдэнэ. Зуд ганцхан 2023-2024 оны өвөл тохиолдоогүй. Олон мянган жилийн тэртээгээс бэлчээрийн мал, нүүдэлчин малчин хоёр байгалийн бүх гамшиг, эрсдэлийг даван туулсаар, нүүдэлчдийн өв соёлоо тээсээр ирсэн. Цаашид ч ийм л байх болно. Ийм малчин, мал хоёртой байгаа нь монголчууд бидний аз билээ.

2.Мичин жилийн зуд болоход мал, хүн нь мэнд үлдсэн айл өрхүүд байсан. Малдаа яваад хөлдөж үхсэн, малчид гэж ерөөсөө дуулдаж байгаагүй. Үүний учрыг бодоод байхад малчид уруудсан, бэлчээсэн малынхаа хойноос явахдаа монгол дээл, гутал, хувьцас, юүдэн малгайгаа өмсөөд, өвөл болох ахул нэхий өмд, монгол гутал, үстэй дээл, үнэгэн малгай, хурган лоовуузаа өмсөөд, хүнсээ хийсэн богц, аягаа хийсэн даалин, хэт хутгаа аваад, цохилуураа ч марталгүй, монгол морио унаад гардаг  байсанд оршино. 

Манай нутагт Өвөрхангай аймгийн Бүрд суманд сайн малчин Нямаа, Шанх суманд малчин Балган гэдэг хоёр хүн байсан. Тэднийхэн цаг зудыг дандаа эсэн мэнд, малтай, хүнтэйгээ давж гардаг байв. Яагаад вэ? гэж бодоход тэдэнд бусад малчдад байгаагүй нэг л сайн давуу чанар, зүтгэл, хариуцлага байжээ.

Нямаа гуайнх олон малтай, авгай нь бурхан болчихсон, нэг том охинтой байв. Бүрд, Шанх сумын зааг дээр Бага эрээн уулын зүүн бэл дор, Өвөр хадат хэмээх газраар нутагладаг байсан. Нямаа гуайнх өвөлжөө хаваржаандаа шургааган битүү байшин бог, бод малдаа барьчихсан байдагсан. Хүйтэн бороо, нойтон цас, шуурга буухад Нямаа гуайнх бүх малаа (тэмээнээс бусад) битүү шургааган байшиндаа оруулаад, түгжчихнэ. Тэднийх Оросын морин хадуур, тармууртай, зуны сүүлчээр наадмын дараа, намар эрт Бага эрээн ууланд өвсөө хадаад, өвөлжөө, хаваржаандаа нуруулдаад орхино. Ийм учраас галын бэрхшээл, зуд турхныг эсэн мэнд давдаг байсныг нутгийнхан ярьдаг байв.

Балган аавынх Шанхын Сарын гол, Дулааны ар, Цохионы бүрд, Таван цохиотын нуруугаар нутагладаг, мал сайтай, олон хүүхэдтэй, хүүхдүүдээ сургуульд явуулдаггүй, харин цэрэгт заавал явуулдаг айл байв. Тэр үед цэргийн албыг таван жил хаадаг байв.

Балган аавынх бас өвөлжөө, хаваржаандаа малын битүү шургааган байшинтай, өөрсдөө ч мөн л тийм байшин, гэрт амьдарна. Шургааган өндөр хашаатай, хашаан дотор нь банхрууд нь уяатай байна. Хашааны том, жижиг модон хаалгандаа том хонхтой байдаг байсан. Цаг агаар муудахад Нямаа гуайнх шиг малаа бүгдийг нь битүү байшиндаа оруулчихна. Овьёос, өвс хадлан ихтэй, цас, голын мөс хайлуулаад, малын арьсаар хийсэн борви, хөхүүрт хийгээд амыг нь боогоод хониныхоо шар бууцанд булчихна. Задлаад авахад халуун бүлээн болчихсон уур савсаад байж байдагсан. Хотонд нь том, том чулуун давс хаячихсан байдаг байв. Түүнийг нь мал долооно. Ингэж хэдэн хүүхэд, охидтойгоо зуд турхныг амархан бөгөөд эсэн мэнд давдаг байсан нь одоо хүртэл нүдэнд харагддаг юм. Өнөөдөр Нямаа гуай, Балган аав нар шиг малчид хаана, аль суманд хэчнээн байдаг бол доо гэж бодогдном. Байж л таарна. 

3.Одоо удахгүй хаврын урин дулаан ирж, уул толгод, хээр тал цасан дээлээ тайлж, шар ус, шавар шалбааг газар сайгүй гарна. Малын сэг зэмийг устгах, ариутгах их ажил гарна. Цасны дороос адууны хомоол, тэмээний хоргол гарч ирнэ. Үүнийг салхинд эвэрч, хатангуут цуглуулж, малаа тэжээхэд илүүдэхгүй.

Цаашдаа малын дулаан байр, тэгэхдээ нарны илч, малын биеийн дулаанаар халдаг байр, байшин, хашаа саравч барьж, байгуулах хэрэгтэй. Ийм хийцийн саалийн үнээний байрны доторх дулааны хэм, өвлийн тэсгэм хүйтэнд, үүр шөний зааг дээр гаднаа -35 хүйтэн байхад, байран дотор +8-10 хэмийн дулаан байгаа нь туршилтаар батлагдсан. Байрны дотор талыг монгол гэрийн загвараар хагас тойрог хэлбэртэй хийхэд цан хүүрэг, мөсдөлт байхгүй болж, үнээ, тугал, бярууны хэвтэр хуурай болж шүвтрийн үнэр байхгүй болж байсан. Малчдадаа зориулсан, нарны илчээр халдаг байшин, өвөлжөө, хаваржаандаа барьж хэрэглэхэд, малчид байнгын халуун устай, хотынхон шиг тохилог, тухтай орчинд амьдрах нөхцөлтэй болно.

Зохиогчийн зохион бүтээсэн, бага оврын тракторт зориулсан өвсний хадуур, тармуур, мөн морин хадуур, тармуурыг дотооддоо үйлдвэрлэж, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг сум бүрд өвс хадлангийн механикжсан бригад байгуулж, өвсийг ногооноор нь нийлэг  уутанд хийж бооход 2-3 жил чанараа алдахгүй, ногооноороо байдаг технологи гараад Орос улсад өргөн хэрэглэгдэж, энэ техникийг Казахстан, Узбекистан улс худалдан аваад, уутыг нь үйлдвэрлэдэг болсон мэдээ бий.

Нэг суманд токарь, өрөм, гагнуур, дархны хэрэгсэлтэй жижиг механик цех, ногоон хорголжин тэжээл үйлдвэрлэдэг жижиг цехтэй байхад л асуудлыг сумын хэмжээнд бүрэн шийдвэрлэнэ. Ийм цех, малын тоноглол, багаж хэрэгслийн үйлдвэрийг байгуулах төсөл, саналыг үндэслэж, ХХААХҮЯ, БШУЯ, мөн Н.Алтанхуягийн Засгийн газар, ЖДҮ-ийг хөгжүүлэх санд удаа дараа тендерт оруулаад байнга хасагдаж байв. Өвс хадлангийн машин хийх жижиг үйлдвэр байгуулах төсөл боловсруулаад, дээрх газруудад тавиад, мөн л бүтээгүй. Н.Багабанди, Ц.Элбэгдорж зэрэг Ерөнхийлөгчид 2000-аад оны эхний зуднаар МААЭШХ дээр, мөн Баянчандмань суманд ирэхэд нь санал тавьж, төсөл гардуулахад тэд цөм ямар ч хариу өгөөгүй өнгөрсөн байдаг. Эдгээр төсөл, ТЭЗҮ, санал өвгөн миний архивт цөм хадгалагдаж буй. ХХААЯ, БШУЯ, ШУТС-уудын архивт ч байх л ёстой.

Их зудаас үлдэх малчин, малаа аварч, цаашид нүүдэлчин малчид, бэлчээрийн малаа арчлан хамгаалж, тогтвортой хөгжлийн замд нь найдвартай оруулахад  “Мал малчин, бэлчээр орчин”-ыг хамгаалах техник, технологийн хангамжийг бүрдүүлэх үүрэг бүхий эрдэм шинжилгээний байгууллага эрдэмтдийн баг, туршилт үйлдвэрлэлийн бааз нэн их дутагдаж байна.

Ж.ТҮМЭН

/МАН-ын 1970 оны ахмад гишүүн, Монголын ХАА-н Гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор, профессор/

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22