Бидний орон зай сансарт байх учиртай


Тусгаар тогтнолын ордны нэг давхарт Дэвшилтэт социал демократ клубийн зо­хион байгуулж буй “Сансар огторгуй” үзэсгэлэн гуравдугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг нийслэлийн Хан-Уул дүүргийн “Шинэ санаа иннова” ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч Э.Ихэрбилэг дэлгэн толилуулав. Зургадугаар ан­гиасаа одон орон сонирхон судалж эхэлсэн Э.Ихэрбилэгийн хувьд сансар огторгуйн гайхамш­гийг тольдон харж од, гараг эрхсийн нууцлаг ертөнцийг бишрэгч нэгэн. Тэрбээр анх 700 мянган төгрөгөөр Celestron130 EQ дурангаар ажиглалт хийдэг байжээ. Хэдэн арван гэрлийн жилийн цаадах гараг эрхсийн зургийг авч үзэх хүсэл нь түүнд илүү нарийвчлалтай дуран авай хэрэгтэйг ойлгуулсан гэдэг. Түүний авсан Celestron 90 EQ дуранг гар утастай холбож болдгоос гадна сар, гараг, эрхэс болоод сүүн зам, галактакийн зургийг хальснаа буулгах боломжийг түүнд өгчээ. Түүний шимтэн сонирхож, сонирхлынхоо анхны үр дүнг үзээд буй одон орон буюу астроном нь од гаргийг судлах шинжлэх ухаан бөгөөд байгалийн тусламжтайгаар  тэнгэрийн биетүүд болох гараг, сар, астероид, од эрxэс, оддын бөөгнөрөл, нар, галактик болон оддын бөөгнөрөл, одод хоорондын матери болон сансарт үүсэж бий болсон цацрагийн шинж чанарыг шинжлэн судалдаг ба орчлон ертөнцийн үүсэл болон түүний бүтцийг бүхэлд нь ойлгохыг гол зорилгоо болгосон байна.

Сонирхогчдын астроном нь нэлээд өргөн тархжээ. Хэдийгээр энэ чиглэлийн хичээлийг дунд сургуульд цөөхөн цагаар заадаг ч түүний сурч буй “Шинэ санаа иннова” ерөнхий боловсролын дунд сургууль Кембриджийн олон улсын хөтөлбөрийн хүрээнд байгалийн шинжлэх ухааныг робот сонирхолтой хослуулан төсөлт хичээл ордог гэнэ. Энэ хичээлээр хүүхдийн сонирхлыг хэрхэн хөгжүүлж хэрхэн судлагдахуун руу шилжүүлэх, сонирхлоо яаж мэдлэг болгох, мэдлэг чадвараа хэрхэн бусдын хүртээл болгох вэ гэдэг талаас нь дэмжиж ажилладаг байна.

Э.Ихэрбилэгийн ийм сонирхлыг сургуулиас нь дэмжин ажил­лахаас гадна хүүхдийнхээ сонирхлыг ойлгон дэмждэг ээжийнх нь үүрэг оролцоог ч дурдахгүй өнгөрч боломгүй. Тэд хамтдаа гараг, эрхсийн хөдөлгөөнийг ажиглах, зургийг нь хальснаа буулгах гэж 2023 онд Өвөрхангай, Архангай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгаар аялж судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар гараг эрхсийн хувирал, хөдөлгөөнийг өөрийн­хөө хувьд нээн мэдлэгээ тэлж тэдгээрийн дүрсийг хальснаа буулгах туршлага хуримтлуулсаар байгаа юм.

Сансар огторгуйн хязгааргүй хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн хүн төрөлхтнийг хэдэн зуу, мянган жилээр урин дуудсаар ирсэн. Од гаргийг тольдон харах хүн төрөлхтний орь хүсэл Николай Коперник, Жордано Бруногийн мэдэх тэмүүллээр жигүүрлэж Иоханес Кеплер, Галилео Галилейн телескопоор биелж хүн төрөлхтнийг сансрын хязгааргүй орон зайд хөтөлж чадсан юм. Хэдийгээр дундад зууны үетэй харьцуулахад хүн төрөлхтний мэдлэгийн хүрээ харьцуулшгүй түвшинд хүрсэн ч бидний сансар огторгуйтай танилцах, од эрхсийг судлах хүсэл өчүүхэн ч дундарсангүй. Түүгээр ч үл барам орчин цагт дэлхийн улс орнууд сансрын уудам орон зайг ашиглан бизнес, эдийн засгийн шинэ салбарыг эхлүүлээд байна. Сансрын уудам орон зайд аялах хүн төрөлхтний хүсэл үүгээр биелэх боломжтой болж сансрын анхны жуулчид аялалдаа яваад ирлээ. Тийм ч учраас сансар огторгуйг шохоорхон ширтэгч эрдэмтэн мэргэн, судлаачдаас гадна сонирхогчид байсаар л байдаг.

Монгол Улс, Монголын за­луучууд ч үүнээс хоцролгүй саяхан өөрийн хиймэл дагуулыг бүтээн  сансарт хөөргөлөө. Анх 2017 онд “Мазаалай” нэртэй хиймэл дагуул бүтээн хөөргөсөн бол энэ удаа Монголын залуучууд анхны хувийн, арилжааны хиймэл дагуулыг бүтээснээ гуравдугаар сарын 5-ны өглөөний 05.04 цагт  АНУ-ын Калифорни мужаас "Space X" компанийн сансрын хөлгийн тусламжтайгаар дэлхийн тойрог замд орууллаа. Бидний хүрсэн өнөөдрийн амжилтууд Э.Ихэрбилэг шиг тэмүүлэл, тууштай зорилготой хүүхэд залуусын хүсэл мөрөөдлөөр биелдэг юм.

“Сансар огторгуй” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн Монгол Улсын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа хүндэт зочны нэг байлаа. Тэрбээр үзэсгэлэнг дүгнэн хэлэхдээ “Орчин цагийн хүүхэд залуус сансар огторгуйг шимтэн сонирхож байгаа нь сайшаалтай хэрэг. Хүн төрөлхтний ирээдүй сансарт өөрийн орон зайг бий болгох, түүнийг зөвхөн шохоорхон ширтээд зогсохгүй аялах жуулчлах сонирхол нь бодит болсон. Мэргэжилтэн судлаачдын хувьд бараг гарын доор гэж хэлж болохоор аппарат хэрэгслээр сар, сүүн зам, нарны аймгийн гаргийн зургийг үнэхээр сайн буулгажээ. Эдний маань хүсэл тэмүүлэл биднийхээс өөр, төсөөлшгүй хол очсон ажээ” хэмээн бахархан өгүүлсэн юм. Түүнээс “Та монголчуудаас саранд хамгийн ойрхон очсон хүн, таны хувьд эдгээр сарны зургууд бодит байдалтайгаа хэр адилхан харагдаж байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Сансраас сар яг ингэж ха­рагддаггүй. Мэдээж газраас дурандах, сансраас харах хоёр өөр байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ сарны зургуудаас түүний тогоонууд ийм тод харагдаж байгаа нь нэлээд хөдөлмөр орсон нь ажиглагдаж байна. Маш олон удаагийн уйгагүй оролдлого хичээл зүтгэлээр нэг кадр сонгогддог. Сонирхуулахад, энэ бүх тогоо хэн нэгэн эрдэмтэн, сансрын нисгэгчийн нэрээр нэрлэгдсэн байдаг” хэмээн хэлээд “Бидний орон зай сансарт байх учиртай. Би энэ хүүг одон орны судлаачидтай уулзуулж сонирхлыг нь дэмжинэ” гэж нэмж хэлсэн юм.


Э.Ихэрбилэг: Бархасбадь гаргийн зургийг авахыг хүсдэг

Э.Ихэрбилэг хүү Ерөнхий боловсролын сургуулийн  сурагч­дын дунд зохион байгуулдаг шинжлэх ухаанч хүүхдүүдийн “Sciences fair 2023”-т амжилттай оролцож шүүгчдийн зүгээс “Нэн шинэлэг хоббитой хүүхэд” гэсэн үнэлгээг авсан байдаг. Түүний хувьд үүрийн харанхуйгаар дурангаа үүрээд гарах нь ердийн л үзэгдэл гэнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр түүний ээж Н.Энхцэцэг “Хэдийгээр би хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмждэг ч энэ үзэсгэлэнг зохион байгуулаагүй бол сонирхол хоббиг нь бүрэн гүйцэт ойлгохгүй байсан юм билээ. Компьютер шагайж олон цагаар суудаг нь зургаа боловсруулах ийм нарийн төвөгтэй ажиллагаатай байжээ” гэж байв. Сонирхлоо хичээл зүтгэлээр өнгөлж, ирээдүйгээ тодоос тод харж яваа хүү Э.Ихэрбилэгийн сэтгэгдлийг сонссон юм.

-Би багадаа"Адаг чуулганы мананцар" гэдэг роман уншиж байлаа. Галлактикууд дээр байдаг амьдрал оюун ухаант хүн төрхтнүүдийн талаар ун­шаад өөрийн мэдэлгүй л мөрөөдөлд автаж билээ. Чи­ний хувьд сансар огторгуйг сонирхох хүслийг төрүүлсэн эсвэл ийм сонирхолд хөтөлсөн хүн эсвэл ямар нэг үйл явдал байж таарна даа?

-Анх сансар огторгуй гэж юу юм бэ гэдэг асуулт намайг энэ талаар олж мэдэх, сонирхон судлах хүсэлд хөтөлсөн. Интер­нэтээс энэ талын мэдээлэл бол­гоныг хайж, сонирхон үзэж, “Youtube” сувгаар видео, сургалтууд олж үзэж сонсож, сонирхлоо хөгжүүлсэн.

-Сар, гараг эрхсийн гоо үзэс­гэлэн, нууцлаг байдал гэх мэт юу нь тэгтлээ сонирхлыг чинь татсан юм бэ?

-Алсын галлактик, хүн тө­рөлхтний очиж үзээгүй гараг эрхэс, бидний судалж таниагүй нууцлаг ертөнц, сонин хачин зүйлсийн талаар олж мэдэх хүсэл өөрийн эрхгүй сонирхлыг минь татсан.

-Голдуу сарны зураг их авсан байсан. Сарны юунд нь тэгтлээ татагддаг юм бэ?

-Сар дэлхийтэй хамгийн ойрхон тод үзэгддэг тэнгэрийн эрхэс. Нэг сард 14 хоногийн турш тэнгэрт үзэгдэхдээ өдөр бүр өөр өнгө төрх үзүүлдэг. Зургийг авахад өөр өөр өнгө төрх үзүүлдэгт нь татагддаг.

-Ямар гаргийн зургийг авбал гоё вэ. Мэдээж дурангийн хүчин чадлыг нэмэх хэрэгтэй байх. Авахыг хүсэж байгаа юм уу, харж үзмээр санагдаж байгаа дуран байгаа л байх?

-Бархасбадь гараг миний зургийг нь авахыг хүсдэг, зорьдог гаргуудын нэг. Түүний дээгүүр дагуул сарнуудынх нь сүүдэр татаж байгааг, гаргийн улаан шуургыг харах үнэхээр гоё. Би өнгөрдөг өвөл с11 дурангаар Бархасбадь гаргийн ийм үзэгдлүүдийг харсан. Үнэхээр сэтгэл хөдлөм үзэгдэл.

-Ирээдүйд гараг эрхсийн судлаач болох уу, сансрын нисгэгч болъё гэж бодож байна уу?

-Сансрын нисгэгч аюул, эрсдэл ихтэй. Гэлээ ч сансар огторгуйг сонирхох миний хүсэл унтрахгүй болохоор би астрофизикч болно гэсэн мөрөөдөл, зорилготой.

-Ж.Гүррагчаа гуай үзэсгэ­лэнгийн нээлтэд ирсэн. Юу захиж сургаж байна вэ?

-Намайг холын галлактик, гараг эрхсийн зургийг аваарай гэсэн.

-Од гарагсыг судлах сонирх­лоо яаж хөгжүүлж байна. Өөр­тэйгөө ижил сонирхолтой хүүх­дүүдтэй нөхөрлөөд хамт­даа хөгжье гэсэн бодол байгаа юу?

-Мэдээж надтай адилхан хүсэл сонирхолтой хүүхдүүд байвал хамтраад сонирхлоо нэгтгээд явах хүсэлтэй байна. Гараг эрхсийн талаарх мэдлэгээ ахиулахын тулд судалгааны номууд уншиж, баримтат кино үзэх, өөртэйгөө ижил хүсэл зорилготой хүмүүстэй танилцъя гэж бодож байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/


0
angry
2
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22