Малчдадаа тусалсан шиг тусалъя


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр орсон цас өдөртөө хайлмагтаж, шөнөдөө хөлдөөд, дээрээс нь хэд хэдэн удаа их хэмжээний цас орж шуурч хатууран мал бэлчээрт гарах аргагүй болж, манай орны ихэнх нутаг зудын байдалтай болсон. Бидний өвөг дээдэс 1944 оны мичин жилийн зуданд хамаг малаа алдаж, хотоо харлуулан, амин зуулга, түлээ түлшгүй болж, гэрийнхээ унинаас эхлээд, бүх модон эдлэл, бас бус түлж болох зүйлийг галдаа хийж, хавартай золгож байсан тухай ярьдаг байлаа. 

Миний мэдэх 1956 ны мичин жилийн зуднаар аав маань     хамаг малаа туугаад оторт явсан, ээж минь бие давхар, эмээ маань дүү бид хоёртой хамт отор нүүдлийн явдал даахгүй хэдэн төлөг борлон, 4-5 тугал бяруутай үлдсэн. Би тэр үед найман настай сургуульд ороогүй, оторт яваагүй үлдсэн хэдэн муусайн малдаа өглөө оройд нь хар цай цутгаж, ногоон өвс хаяж өгөх, уулын сонгиныг таллан хэрчээд аманд нь хийх, өдөрт нь малынхаа хөлийг тэнийлгэн хотноос гаргаж цас малтаж өвс гаргаж өгөх зэргээр арчилдаг байв. 

Тэр үед тэжээл энэ тэр гэж байсангүй. Эмээ бид хоёрын гар дээр үлдсэн хэдэн төлөг борлонгоос нэлээд нь нүд аньж, тугал бярууны зарим нь эмээгийн гэрт, зарим нь дулаан пүнзэнд өвөлжиж бүрэн онд орсон юм даг. Энэ жилийн зуд бол зарим нутагт отор нүүдэл хийх бололцоогүй, цас малтаад ч дороос нь өвс гарахгүй, өвс нь мөстэй барьцалдаад хөлдчихсөн үнэхээр байгалийн давагдашгүй хүчин зүйл (гамшиг) тохиолдож байна. Монгол Улсын Засгийн газар, УОК-оос улсын нөөцөд байсан бүх өвс тэжээлийг аймаг, сумдад тээвэрлүүлж малчдад үнэгүй хүргүүлж байгаа боловч мал их хэмжээгээр хорогдсоор байна. 

Одоогоор малын хорогдол хэдэн саяар тоологдох боллоо гэх мэдээтэй байгаа боловч цаг дулаарч, цас хайлж мал өвстэй золгох болоогүй байна. Энэ айхавтар цас зуданд үхэж хорогдсон малынхаа тоог бүрэн тоолж чадахгүй байгаа бололтой. Би мал аж ахуйн мэргэжлийн хүн биш боловч малчин айлын хүүхэд, малтай ойр дотно өссөний хувьд (Бүр муугаар бодоход мах, сүү байнга хэрэглэдэг монгол хүний хувьд) залуу малчдадаа мал ахуйгаа арчилж маллан онд оруулахад анхаарч ажиллахад илүүдэхгүй болов уу гэж доорх хэдэн зүйлийг сийрүүллээ. Үүнд:

-Малд өвс, тэжээлээс гадна дулаан хэвтэр их чухал бөгөөд ядарч доройтсон малыг аль болох дааруулахгүй байх нь чухал юм. Ямар ч малыг болж өгвөл өглөө эрт хашаанаас нь гаргаж, хэвтэр дээр нь шээлгэхгүй байх, өглөө эрт түр зуур хотноос гаргаад буцааж хашаад өвс тэжээлээ өгсөн ч болно. Хуурай өтөг бууц дэвсэж, хэвтрийг аль болох хуурай дулаан байлгах. Түүнчлэн утаа, май тавьж уур цанг арилгаж байх нь хашаа хороог дулаан байлгах ач холбогдолтой.

-Ядарч доройтсон малд оройд нь сонгино, сармис байдаг бол бага зэргийг өгч, хар перцийг халуун усанд дэвтээж найруулаад, амны халбагаар цутгаж өгвөл мал дотроосоо бүлээцэх ач холбогдолтой гэдэг юм билээ.

-Түүнчлэн өвс тэжээл байхгүй тохиолдолд картонон хайрцгийг жижиглэж хайчлаад малд идүүлсэн ч өл залгадаг гэлцдэг. Хангай газарт зам харгуй гаргаад явж чадвал мод унагаад ч болов малд өл залгуулж болдог гэж ярилцдаг.

Түүнчлэн телевизээр харж байхад манай малчдын хашаа саравчны дулаалга маш хангалтгүй, хана туургыг нь шавж дулаалаагүй, онгорхой цоорхой. Дээвэр нь дулаалгагүй, зуны төмөр хашаанд малаа хашаад орхисон зэрэг нь “Даанч дээ, малаа ийм байранд байлгах ч гэж дээ” гэж бодогдож байсныг нуух юун. 

Мөн цас орж хэвтэр бууцыг норохоос хамгаалж, малынхаа хашаанд нүүрэвч дулаалгыг бөс даавуу, гурилын уут шуудайг зүйгээд хийсэн ч болно шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" гэж маш тодорхой зааж өгсөн. Байгаль цаг уурын энэ их гамшиг нүүрлэсэн өнөө үед улсынхаа үндэсний баялаг болсон мал сүргээ хамгаалах талаар засаг, төрөөс багагүй ажил зохион байгуулж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 28-нд болсон Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэр гаргасан нь зудын эрсдэлтэй байгаа аймаг, сум, малчдад дэмжлэг туслалцаа болох нь дамжиггүй. Тухайлбал, малчдын 220 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг Засгийн газраас хариуцах, эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг банкны удирдлагуудтай зөвшилцөж гаргалаа. 

Мөн улсын нөөцөөс 15 тэрбум төгрөг гаргаж, Монгол Улсад худалдаалж байгаа Ford Ranger, Suzuki Jimmy, УАЗ, Фургон зэрэг туулах чадвар сайтай 105 автомашиныг сумдад өгч, зудтай байгаа сумдын 117 мянган малчин өрх тус бүрд 10 кг гурил, таван кг будаа олгохоор болсон байна. УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, цэрэг дайчид, цэргийн техник хэрэгслийг малчдад туслалцуулахаар илгээж, зохих арга хэмжээ авч, манай соёл урлагийн байгууллагуудын ажилтнууд, ялангуяа “Харанга” хамтлагийн ахлагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чулуунбатын уриалгаар “Халуун сэтгэл” хандивын аян өрнүүлэх, ШУТИС-ийн удирдлагууд санаачлан малчин аав, ээжийн оюутнуудыг орон нутагт нь илгээж байгаа зэрэг сайхан санаачилгууд гаргаж байгаа нь манай орны төрийн болон төрийн бус байгууллагууд цас зудын энэхүү хүндрэлтэй байгаа нөхцөлд малчдадаа зохих дэмжлэг туслалцаа болох нь гарцаагүй юм. Гэвч зудын эрсдэлд ороод байгаа малчдадаа тусалсан шиг тусалмаар санагдаж байна. Тухайлбал, “Ган хийц” ХХК зэрэг байгууллагад захиалга өгөөд томхон шиг төмөр чарга олноор хийлгээд Төв, Сэлэнгэ аймгийн тариалан эрхэлдэг компаниудаас тракторууд гаргуулж, малчдад өвс, тэжээл хүргүүлэх, цас зуд багатай газруудад нүүлгэн шилжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж хийлгэсэн бол илүү өгөөжтэй зардал бага орох, малчдадаа наалдацтай байх байсан болов уу гэж бодогдож байна.

 Асуудлыг ийнхүү шийдвэрлэснээр бензин шатахуун бага зарцуулж, очих гэсэн газартаа саадгүй хүрэх боломжтой. Бас “Жи мобайль” зэрэг үүрэн холбооны байгууллагуудтай зөвшилцөж, харилцаа тасарсан малчидтай холбоо тогтоож, эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай малчинд нисдэг тэрэг илгээж болмоор юм. Түүнээс биш сумын Засаг дарга нарт үнэтэй машин авч өгснөөр асуудлыг шийдвэрлэж, цас зудад нэрвэгдэж ядарсан малчдад төдийлөн өгөөжтэй шийдвэр болж чадахгүй л болов уу гэж харагдаж байна. 

Энэ нь манай төр, засгийн удирдлагад ажиллаж байгаа одоогийн хүмүүс зудын эрсдэл, гамшиг гэгчийг өөрсдийн биеэр туулж үзээгүй залуу хүмүүс, нөгөө талаар юмыг өөрийн биеэр үзэж харж байж шийдвэр гаргадаг монгол хүний зан чанартай ч холбоотой юм болов уу гэж бодогдохоор байна. Манай төр, засгийн удирдлагад ажиллаж байгаа залуучууд аливаа томоохон шийдвэр гаргахдаа ахмадуудаасаа асууж зөвлөх нь чухал. Тухайлбал, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Д.Содном, Ж.Гунгаадорж гуай, ХАА-н сайд асан Д.Тэрбишдагва зэрэг хүмүүс бүгд амьд сэрүүн байна. Эдгээр хүмүүс зудын эрсдэлийг хэрхэн давж туулах, ямар шийдвэр гаргах талаар оновчтой зөвлөгөө өгнө байх гэж бодогдох юм. Их, дээд сургуулийн захирлууд хөдөөний оюутнуудаа буцаад ирэхэд нь, ядаж ирэх, буцахын унааны зардлыг ч болов олгохыг хичээх хэрэгтэй.

Төр, засгийн удирдлагын түвшинд зудын энэхүү хүндрэл бэрхшээлийг даван туулахад (гадаадын зээл, тусламжийг авсан ч болно шүү дээ) малчдадаа нэг удаагийн мөнгөн тусламжийг олгосон ч болохгүй гэх газаргүй. Түүнчлэн говийн аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа уул, уурхайн компаниуд малчдадаа туслах хөдөлгөөн өрнүүлж, тусалсан шиг тусалмаар байна.

Цаашдаа байгаль цаг уурын энэхүү огцом өөрчлөлтийг тооцож, бэлчээрийн мал аж ахуй эрхлэх арга барилаа өөрчлөх шаардлага тулгарч байгааг анхаарч, эрчимжсэн МАА эрхлэх бодлого боловсруулж, эрчимжсэн МАА эрхлэх аргад аажмаар шилжих шаардлага тулгарлаа. 

Мөн энэ хавраас эхлэн жил бүр зохих хөрөнгийн эх үүсвэр гаргаж, сумын өвс тэжээлийн зохих нөөцтэй болж, сум бүр хоёроос доошгүй дугуйт трактор, 2-3 тоннын даацтай төмөр чаргатай болж, өвс тэжээлийн нөөц, эдгээр техник хэрэгслийн ашиглалтад улс, аймгийн онцгой байдлын байгууллага жил бүр үзлэг шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулан, гэм буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллах шаардлагатай байна.

В.Түмэндэмбэрэл

/МАН-ын ахмад гишүүн/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22