Дорно дахины улс орнуудын уламжлалт баяр-Наурыз


Дорно дахины улс орнуудын ихэнх нь Наурызын баярыг үндэснийхээ шинэ жил, хаврын баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.Наурыз гэдэг нь шинэ өдөр гэсэн утгатайгаас гадна гуравдугаар сарыг ийн нэрлэдэг. Энэ жилийн Наурызын баярын гол онцлог нь Чингис хааны ууган хүү Зүчи хааны 800 жилийн ой тохиож байгаа явдал юм.  Казахын хаант улс нь Зүчи хааны их улсаас эхтэй бөгөөд энэхүү хаант улсыг (1460 он) үндэслэн байгуулсан Жанибек, Керей нараас эхлээд сүүлчийн хаан Кенег (1847 он) хүртэлх хаад Зүчийн үр удмынхан байлаа. Тэдгээр хаадыг казахууд төре (төр баригч алтан ургийнхан) хэмээн нэрлэж, “Төрегүй улс, толгодгүй газар байдаггүй” гэж эрхэмлэн, султаан, ноёдоо заавал тэдний удмынхнаас тавьж зарлигийг нь үг дуугүй биелүүлдэг. Харин төречүүд казах түмнийг харийн булаан эзлэгчдээс баатарлагаар хамгаалан, хил хязгаарыг нь тогтоон батжуулж, үндэсний үнэт зүйлсийг хамгаалан, хэл соёлыг нь хадгалан хөгжүүлэхэд үнэлж баршгүй их үүрэг гүйцэтгэжээ. Тэр бүү хэл казахын дунд ислам шашныг арабчуудаас дутуугүй түгээн дэлгэрүүлж, “Их засаг”-аас үүдэлтэй, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хуулиудыг нь (Хасым, Есим, Тауке хаад бүтээсэн) бий болгож хэрэгжүүлсэн нь эл үндэстнийг биеэ даасан улс болгох, хүмүүнлэг ёсыг сахин биелүүлдэг, төр, ард түмэндээ үнэнч шударга, нутаг усандаа хайртай, хөдөлмөрч, зочломтгой чанарыг хэвшүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрхүү уламжлалын дагуу дэлхийн олон оронд тархан суурьшсан казахуудын дундаас Монголын казахууд язгуур зан заншил, эх хэлээ илүү сайн хадгалсан тухай өнөө цагийн үнэлэлт бол та бидний нэгэн бахархал мөн.

Билгийн тооллоор хаврын хугас дунд, аргын тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнө тэгширч тэнцдэг байгалийн цаглабарын дагуу, шашинтай ямар ч холбоогүй энэ баярыг казахууд эрт үеэс тэмдэглэдэг байснаа арабчуудын довтолгооны үед зуун жил, Манж, Оросын колоничлолын үед гурван зуун жил завсарласны эцэст Казахстанд 1980-аад оны сүүлчээс, Монголд 1990 оны эхнээс сэргээн тэмдэглэж, энэ баяраар Баян-Өлгий аймагт төр засгийн маань удирдлагууд хүндэт зочноор хүрэлцэн ирж, хамтдаа баярлан Наурыз көже зооглодог болсон нь бас нэг онцлог болов.

Эрт цагт энэ өдрийг “Өдөр шөнө болон хаан, харц тэгширдэг өдөр” гэдэг байсны учир нь хүмүүс нар мандахаас урьтан эртлэн босож, цэвэр хувцаслан, гэр орон, орчноо цэвэрлэж, бие биетэйгээ золгож, ургах нартай мэндэлдэг. Олуулаа явж булаг шандны ундаргыг арчлан, нялх мод суулгаад, ахмад буурлуудындаа очиж цагаан хадаг (актык) барьж золгон сайхан ерөөл, сургаалыг нь сонссоны дараа баярын гол наадам болох харваачдын тэмцээн явуулж, алтан ембүүг онож харвасан мэргэнийг хаан нь бүтэн тэр өдөр ширээндээ суулган зарлиг буулгуулдаг горимтой байсан юм.  Энэ нь нэг ёсны өнөө цагт төрийн тэргүүнээ бүх нийтийн саналаар олон түмний дундаас аль мэргэн цэцнийг нь шилж сонгодог ардчиллын зарчимтай адил нэг утга агуулдаг.

Өмнө нь бие биедээ гомдсон, хоорондоо эв түнжин тасарсан хүмүүс харилцан өршөөн эвлэрч, уурлаж уцаарлах, хараах, хов жив, худал зэрэг ерөөлгүй үг хэлэх, хуурч мэхлэх, хэрэлдэх, зодолдох, хулгай хийхийг хатуу цээрлэдэг.  Ядуу, өнчин өрөөсөн хүмүүст өглөг хайрлан буян үйлдвэл тухайн жил зол хийморьтой явахын бэлгэдэл болно. Энэ өдөр долоон бэрийнхээ духнаас үнссэн буурлууд хоёр хорвоод ч жаргал эдэлнэ гэж үздэг.

Наурызын уламжлалт зоог бол айл өрх бүр заавал бэлддэг Наурыз көже (шүүс шөл)-г будаа, аарц, мах, тос, бяслаг, давс, ус, сонгино зэрэг хүнсний 7-9 төрлийн жороор том тогоонд чанаж тавиад ахан дүүс, айл саахалтууд цөмөөрөө өрх бүрээр явж зооглодог бөгөөд урьсан, уригдаагүй, таньдаг, үл таньдаг хэн ирсэн ч цадталаа идэж уух эрхтэй. Тэдгээр таньдаг, таниагүй хүмүүсийн аль нэг нь Тэнгэрийн азын элч, домогт хувраг Кыдыр байж болзошгүй учир тэрбээр баярлаваас буян хишиг хайрлана, гомдвоос аз дутна хэмээн бишрээд байдгаараа дайлан хүндэтгэдэг. Нүүдэлчдийн зочломтгой чанар чухам үүнээс болон “Их засаг” зэрэг их хуулиудаас үүдэлтэй гэж хэлж болно. Тэдгээр хуульд зочноо эс хүндэтгэдэг айлыг хатуу шийтгэдэг журамтай байсан.

Сэтгүүлч О.Галаа “Нэгэн цагт Төв Азиар аялж явсан барууны аялагч эрхэм” “Казах үндэстнийг экваторын бүслүүрийн дагуу суулгасан байхад энэ хорвоог үнэгүй тойрч болох юм байна” хэмээн дуу алдуулсан өглөгч ард түмэн мөн” гэж магтан бичсэн (“Зууны мэдээ”. 2006.6.9) билээ. “Гэрт орж ирсэн могойнд ч идээ амсуулаад үдэж гаргаад өгөгтүн” гэж сургамжилдаг нь ч үнэн. Гэхдээ  ний нуугүй хэлэхэд манайхан зочноо  ганц хоёр хоног дээд зэргээр хүндэтгэдэг нь “Холын хүнд хоол хий, хоногийн хүнд ор зас” гэж холоос яваа ядарсан хэнийг боловч хэд хоног, хэдэн сараар ч хонуулж хооллуулдаг монголчуудын энрэлт чанарыг хараахан гүйцэхгүй бөгөөд зөвхөн уригдсанаас бусад зочдыг гэртээ оруулдаггүй, оруулсан бол идээ, цай байтугай ус амсуулдаггүй өндөр соёлтой орнуудынхаас газар тэнгэр шиг ялгаатай шүү. Харин даяарчлалд умбах тусам казах, монгол нь ялгаагүй зочноо хүндэтгэх ёсонд нүүдэлчдийн цайлган сэтгэлийн үүднээс бус зоосны нүхээр хардаг болсон нь харамсалтай. Тухайлбал, Таван Богдын оргил руу дөхөж очсон жуулчид айраг тараг, хоол унд, хоноглох байрны үнэ ханш томоохон хотын өндөр зэрэглэлийн зочид буудал, зоогийн газрынхаас ч өндөр боллоо гэдэг болсон нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бус бууруулах сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг санууштай. Зах зээлийн жам ёс ч гэсэн зан заншил, уламжлалаас хэт тасрах нь хөгжлийн садаа.


Наурызын баярын ширээний гол дээж болох Наурыз көжед багтдаг хонины толгой, сүүж, казы. Малын толгой шийрийг сайн хуйхлан, гэдэс дотрыг арчиж цэвэрлээд янзалж идэхгүй бол хожим ирээдүй дээдсийнхээ ёсыг алдсандаа харамсах ч нэг үе ирэх л болно гэж үздэг. Харин эдүгээ цагт зарим хүн “ядуурлаа, ядарлаа, амьдрал дорйтлоо” хэмээн царайчилдаг атлаа малын толгой шийр, гэдэс дотор, ясыг тэр чигээр нь хаяж хээр, хот суурин газрын гудамж, зам талбайг бохирдуулдаг болсон нь бас нэг гэм. Манай улсад нэг үе “Малын амьсгалаас бусад бүх зүйл ашигтай, ноос бол цагаан алт” гэдэг байсан. Ямааны ноолуур, адууны хөөвөр хялгасыг 1940 оноос улсын бэлтгэлд авч гадагшаа экспортолдог болсон. Одоо бол малын үнэтэй түүхий эд бол мах, сүү, тэмээний ноос, ямааны ноолуур. Хаа хааяагүй нэрэмжит гудамж талбай, уул толгод бий болгож олон самбар, цамхаг, хөшөө баримал босгон, албан өрөө тасалгаануудыг гоёж тансаглахын оронд тосыг нь авч тээрэмдээд ясыг малын тэжээл болгох, бод, богийн толгойн махаар хоол хийх, арьс ширээр нэхий, савхи боловсруулан гаргадаг жижиг дунд үйлдвэрүүд байгуулбаас ажлын байр нэмэгднэ, хог хаягдлын хэмжээ буурна.

Наурызын баярын ёс жаягууд нь зөвхөн тэр баярын өдрүүдэд үзмэр мэтээр ёс төдий харуулдаг зүйл бус аж төрөх ёсны жишиг байвал таарна. Аливаа хэрүүл маргааныг хатуу цээрлэсэн Наурызын ширээн дээр юм уу аливаа олон хүн цугларсан газарт зөв буруугаар цуурч, улс төрийн маргаан дэгдээж, улмаар хэрэлдэн муудалцах явдал цөөнгүй тааралдана. Өнөө үед нийтийн анхаарлыг ихээхэн татаад байгаа зарим нь өөрөө сонгочихсон хүнийгээ “худал амлаж хууран мэхэлдэг чалчаа, авлигач, хулгайч, хуурамч дипломтой үл мэдэгч, улс үндэстнийхээ нэр төрийг гутаадаг өөдгүй амьтан юм байна” хэмээн муулж, “тэднийг дээхнэ үеийнхний адил нарийн нягтлан шалгаруулж байж яагаад гаргадаггүй юм бэ” гэж дээд байгууллагыг шүүмжлэн, бас зарим нь нэр дэвшигчдээ тэнгэр тултал магтан дээвэргэж талцдаг явдал нийгэмд ашигтай шинэ зүйлийг бүтээхээс ч илүү давамгайлдаг болов.

Он цаг улирах тусам хүмүүс ариусна, эдгээр буруу ташаа зүйл бүхэн арилна гэдэгт итгэнэм

“Хөмсгөн сарны аялах

                  алсын алс тойрогт

Хөх манхан тэнгэрийг

                эзэгнэнхэн төрсөн”, “Хадандаа бичигтэй,

              хадгандаа ерөөлтэй” нийт эх орон нэгтнүүд минь эсэн мэнд, амар сайхан цэнгэн жаргатугай! 

Рахметын Шынай

/Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22