МАН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтнууд “Бүсчилсэн хөгжлийн реформ” зөвлөгөөнөөр хэд хэдэн сэдвийн хүрээнд зөвлөлдөж, санал бодлоо солилцон нэгдсэн ойлголтод хүрлээ. Бүх аймаг, сум, дүүрэг, хорооны МАН-ын анхан болон дунд шатны байгууллагын 3200 гаруй төлөөлөл оролцож, хоёр өдөр үргэлжилсэн тус зөвлөгөөнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар нар илтгэл тавив.
Зөвлөгөөнөөр бүсчилсэн хөгжлийн бодлогын тухайд нэгдсэн ойлголтод хүрэх, Үндэсний аудитын газраас 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт өгсөн дүгнэлтийг хэлэлцэн шаардлагад нь нийцүүлэн эцсийн байдлаар дахин хүргүүлэх, улсын төдийгүй намын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр, авч буй арга хэмжээний талаар зөвлөлдөж, санал бодлоо нэгтгэсэн юм.
УИХ-ын 2024 оны сонгуульд 24 нам, хоёр эвсэл оролцохоор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Тус газраас нам, эвслүүдийг мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд болон бусад хуульд нийцүүлэх дүгнэлт гаргасан. Тэгвэл холбогдох хуульд заасны дагуу нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газрын шаардлагад нийцүүлэн өөрчилж, дахин хүргүүлэх үүрэгтэй. Тиймээс ийм хариуцлагатай цаг үед МАН удирдах ажилтны улсын зөвлөгөөнөө зохион байгуулж эл болон бусад асуудлаар санал бодлоо солилцож буйгаараа онцлог гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм. Тэрбээр “МАН 2016 оноос хойш бодлогын нам болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Бодлогын нам гэдэг бол улс орон, ард түмний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, салбар бүрд тохирсон бодлогыг боловсруулан гаргаж чаддаг институц байх ёстой. Энэ үндсэн агуулга, зарчимд тулгуурлан төвлөрч ажлаа зохион байгуулж байна. Тэр ч утгаараа олон улсын улс төрийн томоохон нам, институцтай хамтран ажиллаж, бодлогын намын институц хэрхэн хөгжиж, төлөвших ёстой вэ гэдэгт анхаарч ажиллаж чадсан. Энэ үүднээсээ бид хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө бодлогын судалгаанд суурилан боловсруулж, хэрэгжүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, түр зуурын шинжтэй улс төрийн үйл ажиллагаа явуулах бус урт удаан хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх Монгол Улсын хөгжил дэвшил, монгол хүний амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлэх бодлого хөтөлбөр дэвшүүлж чаддаг болсноороо онцлогтой” хэмээсэн бол МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар “МАН төлөвшсөн, системчлэгдсэн, институцлагдсан улс төрийн хүчин гэдгийг дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрдөг. Энэ утгаараа МАН-аас нэр дэвшүүлж буй бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа улс орон, ард түмний өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байдаг. Өнгөрсөн хугацаанд дэвшүүлсэн хөтөлбөр, арга хэмжээгээ амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч байгаа. Тухайлбал, 2023 онд Монгол Улсын эдийн засаг долоон хувийн өсөлттэй гарсан. Эдийн засаг ийм өсөлттэй яваа энэ цаг үед болох УИХ-ын сонгуульд эрх барьж буй улс төрийн намууд ялангуяа улс төрийн ууган хүчин МАН хариуцлагатай оролцох ёстой. Тиймээс удирдах ажилтны зөвлөгөөнөө зохион байгуулж, санал бодлоо хуваалцаж буйгаараа онцлогтой” хэмээн тодотгосон юм.
Бүсчилсэн бодлого орон нутагт олон боломж бий болгоно
Зөвлөгөөнд оролцогчид бүсчилсэн хөгжлийн тухай ойлголтоо нэгтгэж, цаашид хэрхэн дэмжиж ажиллах талаар санал бодлоо солилцсон юм. Монгол Улсын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буйгаас үүдэн түгжрэл, утаа, агаар, хөрсний бохирдол бий болсон бол нөгөө талд орон нутгийн хөгжил хоцрогдох, ажиллах хүчний дутагдалд орох, эдийн засгийн төрөлжилт алдагдсан гэх мэт олон асуудлыг Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн бодлогоор шийдвэрлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Тэгвэл удирдах ажилтны зөвлөгөөнд оролцогчид ялангуяа орон нутагт ажиллаж амьдарч буй төлөөллүүд энэхүү бодлого орон нутагт олон боломж бий болгох, өндөр ач холбогдолтой тул дэмжин ажиллаж буйгаа илэрхийлж байлаа. Тухайлбал, Ховд аймгийн МАН-ын хорооны дарга, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Олон жил ярьж ирсэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг төсөвтэй холбож бодитоор хэрэгжүүлэх боломж нөхцөлийг Засгийн газар, УИХ бүрдүүлсэн. Энэ оны төсөв хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил рүү чиглэсэн, дэмжсэн. Бид өнөөдөр зөвхөн нэг аймгийг бус, бүс нутгийн хэмжээний асуудлыг хөндөж, шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлдэг болсон.
Жишээлбэл, манай аймагт баруун бүсийн хэмжээний хөнгөн үйлдвэрийг хангах үйлдвэрлэл технологийн паркийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа. Тэгвэл бусад аймагт өөр төрлийн үйлдвэр барих зэргээр бодлогоо уялдуулж, хөгжлөө бүсчилсэн байдлаар харах боломж бүрдсэн. Тиймээс энэ удаагийн зөвлөгөөнөөр бүсийн удирдлага, удирдах ажилтнууд бодлого, хөтөлбөрөө нэгтгэж нэгдсэн ойлголтод хүрэх боломж олдож байна. Өнгөрсөн жилүүдийг бодвол Монгол Улсын эдийн засаг сайжирч, өсөж байна. Тиймээс цаашид энэхүү өсөлтийг иргэдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд анхаарч бодлого хөтөлбөрөө боловсруулах нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сонгуульд нэр дэвшигч гурван шаардлага хангах ёстой
УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуулийг бүсчилсэн тойрогт холимог тогтолцоогоор зохион байгуулах, 126 гишүүнтэй болох хэд хэдэн онцлогтой байх юм. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 78 гишүүнийг мажоритар буюу олныг төлөөлөх, 48 гишүүнийг пропорционал буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох юм. Ингэхдээ 78 гишүүнийг 13 тойргоос тухайн тойрог тус бүрийн мандатын тоотой тэнцүү хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Харин 48 гишүүн нь нам, эвслийн жагсаалтаар сонгох бөгөөд тодорхой шалгуур хангасан нам, эвсэлд хуульд заасан аргачлалын дагуу суудал хуваарилна. Суудал хуваарилахад тухайн нам, эвсэл нь тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлсэн байх шаардлагатай, мөн санал хураалтаар нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх зарчмыг баримтална. Тэгвэл улс төрийн намууд энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдэдээ өндөр шаардлага шалгуур тавьж байгаа билээ. Улс төрийн ууган хүчин МАН-ын тухайд гурван шаардлага хангасан горилогчийг сонгуульд нэр дэвшүүлэхээ мэдэгдээд буй. Энэ тухайд МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар
“Бид анх удаа Нэр дэвшүүлэгчийг тодруулах хүртэл баримтлах зарчим гэдгийг баталсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид гурван шалгуур хангах ёстой. Нэгдүгээрт, хяналтын байгууллагаас ёс зүйн дүгнэлт гаргана. Хоёрдугаарт, иргэд, олон нийтийн дунд явуулсан шат шатны судалгааны үр дүнг харгалзан үзнэ. Гуравдугаарт, намын гишүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлсэн хэлэлцүүлгийн саналд үндэслэнэ. Нийгмийн бүлгийн төлөөллийг бүрдүүлэх замаар тэнцвэрт байдлыг хангасан тохиолдолд зөвшилцлийн парламент үүсдэг гэж үздэг. Хууль бус, мөнгөний болон бусад төрлийн ашиг сонирхолд нэгдсэн бүлэглэл парламентад орсон тохиолдолд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учирдаг. Тиймээс хэн нэгэн тойрон хүрээлэгч, бизнесийн төлөөллөөс дэнчин хандив авч нэр дэвшүүлэх эрх олгодог зүй зохисгүй үйлдлийг таслан зогсоох ёстой” гэв.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна