Даатгал гэдэг ойлголт хэдийнээс тогтсон байж болох тухай бодож сууна. Хэдийгээр нийгмийн даатгал гэдэг утгаараа биш байж болох ч хүн төрөлхтөн сүрэглэн амьдарч ирсэн үеэсээ л нийгмийн даатгалын анхны ойлголтуудыг бий болгосон байх гэдэг дүгнэлтэд хүрээд зогсов. Тосгон суурингууд бий болсноор нийгмийн хэлбэрүүд төлөвшиж эхлэв. Нийгмийг бүрэлдүүлэгч гишүүн бүрийнхээ эрсдэлийг харилцан хариуцдаг байжээ.
Нийгмийн гишүүний байшин галд өртөхөд тосгоноороо нийлэн барьж өгөх, мал, амьтан нь үхэж хорогдоход дундаасаа хөрөнгөжүүлэх гэх мэт хэлбэр нь даатгалын анхны хувилбар байсан бололтой. Техник, технологи хөгжөөгүй эрт цагт хүн төрөлхтөн эрсдэлд өртөмхий байсан учраас хохирол өндөр байсан нь лавтай. Мэдээж энэ эрсдэлийг хэрхэн хохирол багатай давах вэ хэмээн бодож болгоосны эцэст эрсдэлийг шилжүүлэх, хуваарилах аргыг гаргаж иржээ. Ийм эрсдэлийг шилжүүлэн хуваарилах аргыг Хятад, Энэтхэгийн худалдаачид МЭӨ III, II зуунд хэрэглэж байв.
Гол мөрний урсгалаар тээвэр хийж буй хятад худалдаачид нэг хөлөг онгоц хөмөрсөн тохиолдолд үүсэн гарах алдагдлыг хязгаарлахын тулд бараагаа олон онгоцод хуваадаг байв. Энэ нь хөрөнгийн даатгал хэлбэржих хөгжлийн процесс бололтой. Эртний Персийн хаад хяналтад байдаг угсаатнуудаас жил бүр алба авдаг байв. Энэ нь мөнөөхөн угсаатны бүлгийг гаднын халдлагаас хамгаалах Персийн хаадын үүргийг баталгаажуулдаг тул улс төрийн даатгалын анхны хэлбэр болж байжээ.
Монголын эзэнт гүрний үед дайн дажинд олзлогдсон эмэгтэйчүүдийг халамжлан асардаг байсан тухай олон баримт ном сударт тааралддаг. Түүгээр ч үл барам “Өнчин ядуусыг тэтгэх улсын сан” гэдэг бие даасан тусгай байгууллага байгуулж дайн дажны явцад тахир дутуу бологсод, тэдний гэргий, эр нөхрөө алдаж бэлэвсэрсэн эмэгтэйчүүдэд тусламж, тэтгэмж олгодог байсан түүхтэй. Монгол Улсын даатгалын хамгийн анхны хэлбэр энэ болов уу. Нөгөө талаар амь насны даатгал гэж ч хэлж болмоор. Хүн төрөлхтний ямар ч нийгэм гишүүнийхээ сайн сайхан амьдралыг батлан даах шинж чанартай байдаг. Үүгээрээ ширэнгийн хуулиар амьдардаг амьтны ертөнцөөс тэс өөр.
Орчин үеийн даатгалын хэлбэр үүссэн цагаасаа хойш байгалийн гамшиг, осол аюул, гал түймэр, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлээс ард иргэдийг хамгаалж, дээрэм тонуулд алдсан эд хөрөнгөнийх нь хохирлыг багасгах, нөхөх үр өгөөж бүхий арга хэрэгсэл болж эхэлсэн юм. Хүний амьдралын хэвийн үйл явцыг алдуулдаг дээрх тохиолдлууд урьдчилан тооцоолох боломжгүй гэнэтийн шинжтэй байдаг. Энэ гэнэтийн тохиолдлоос гарах үр дагавар, алдагдсан эд хөрөнгөө хамгаалах, нөхөн сэргээхэд зориулсан эх үүсвэртэй байх сонирхол хүн бүрд бий. Ерөөсөө энэ сонирхол дээр л даатгалын янз бүрийн хэлбэрүүд үүсэж хөгжсөөр өнөөг хүрчээ.
Даатгал гэдэг нийгмийн гишүүдийн эрсдэлийг нөхөх, эрсдэлээс хамгаалах гэдэг агуулга, итгэлцэл дээр тогтдог. Нэрийн утгыг хөөвөл эрсдэлийг хаах гэдэг грек үгнээс гаралтай ажээ. Гэрээний үндсэн дээр нэг талаас даатгуулагч өөрийн эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй аюул, эрсдэлээс учирч болох хохирлоо нөхөх баталгаатай байх сонирхлоо илэрхийлэн тохиролцсон болзлоор нөхөн авах зорилгоор даатгуулдаг. Үүнийхээ төлөө ч даатгуулагч зохих хураамж төлнө.
Харин даатгагч тал даатгуулагчид учирч болох хохирлыг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөр үүрэг хүлээж, эрх эдлэх харилцаа юм. Ерөөсөө л харилцан итгэлцэл буюу хүний нийгмийн харилцааны хамгийн төгс илэрхийлэл болсон тогтолцоо гэж бодогдоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, аливаа эрсдэлээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллага буюу таны өмнөөс эд хөрөнгө, ашиг сонирхлыг бүрэн бүтэн байлгах, хамгаалах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулаад байгаа хэрэг л дээ. Энэрэнгүй, хүмүүнлэг байгаа биз. Дэлхийд эв санааны нэгдлийн буюу орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоо. Хуримтлалын тогтолцоо гэдэг хоёр хэлбэрийг баримталдаг. Хуримтлалын тогтолцоо нь дотроо бүрэн ба хагас гэсэн хоёр янз байдаг юм билээ.
Монгол Улсын санхүүгийн зах зээлийн салшгүй хэсэг болсон даатгалын салбарын үйл ажиллагаа 1934 оноос эхэлж өдгөө түүхт 90 жилийнхээ ойтойгоо золгож байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад даатгалын олон компани иргэдэд төрөл бүрийн даатгалын үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр компанийн анхдагч нь 90 жилийн түүхтэй “Монгол даатгал” компани юм.
Тус компанийн бүтээсэн арвин баялаг мэдээллийн бааз суурьд түшиглэн мэдээлэл, технологийн дэвшлүүдийг ашиглан харилцагчдынхаа эрсдэлд бодитой үнэлэлт өгөх, санхүүгийн голлох үзүүлэлтээр ямагт тэргүүлэгч нь байсаар ирсэн гэдгийг бид бүхэн мэднэ. "Монгол даатгал" 21 аймаг, есөн дүүргийг хамарсан 33 салбар нэгж, 700 гаруй мэргэшсэн даатгалын төлөөлөгчөөр үйлчилдэг хамгийн өргөн сүлжээтэй болоод байгаа юм.
Дэлхийн уур амьсгал дулаарч байгалийн болзошгүй аюул, эрсдэлийн тоо ихэссэн тухай мэдээг бид өдөр бүр мэдээллийн сувгуудаар хүлээж авсаар л байдаг. Үүнийг бид өнгөрсөн жилийн зуны үер, өвлийн зуднаар хангалттай үзэж мэдэрлээ. Амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ хотондоо алдаж, үс ч үгүй үлдсэн малчдын зовлон, шаналлыг нимгэлэхийг хичээж нийгмээрээ л хөдөллөө. Байгалийн гамшгийн давтамж улам л ойртох болсон нь даатгалын үйлчилгээ авах зайлшгүй шаардлагыг өндөрсгөж байгаа юм. Зарим улс оронд даатгал гэдэг нийгмийн нэг соёл болтлоо хөгжин хэвшсэн байдаг.
Улс үндэстнүүдийн амьдрах онцлогт таарсан даатгалын үйлчилгээнүүд ч улам боловсронгуй болсоор байгаа юм. Үүнийг хаа хаанаа ойлгож хариуцлага болгон ухамсарлах ёстой. Бид даатгалын салбараа 90 жил хөгжүүлээд байгаа хэдий ч хүмүүсийн ухамсар гүйцэд төлөвшөөгүй юм уу даа. Өнгөрсөн жил гэхэд л 35 мянган малчин өрх буюу нийт малчин өрхийн 18-хан хувь даатгалд хамрагдсан. Долоон сая мал даатгуулсан нь нийт малын наймхан хувь байжээ. Өөр нэг жишээ гэвэл Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчим үерт автсан. Улмаар дөрвөн хүний алтан амь эрстэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирч, нийт 35 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан юм. Тэгвэл энэ хохирлыг иргэдийн хандив, тусламж мөн нөөц сангаас хөрөнгө гаргаж иргэдэд гэр, орон сууц, бэлэн мөнгө зэргийг тарааж барагдуулсан. Тухайлбал, 119 машины эзэнд тус бүр гурван сая төгрөг, 255 айлд таван сая төгрөг мөн амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гурван орон сууц цаашлаад 20 айлд иж бүрэн тавилгатай гэрийг өгсөн юм. Дэлхийн жишигт энэ бүгдийг тооцоолж гаргасан даатгалын маш олон төрөл байдаг.
Тэр бүх төрлийг даатгалын компаниуд оруулж ирээд хэлбэршүүлээд л явж байна. Гол нь иргэд үүнийг үүрэг гэж хүлээж авах хэмжээнд биш сайн дурын үндсэн дээр гэдэг агуулгаар хандаж эрсдэлд орсоор байгаа юм. Даатгал нь жишээ татсан дээрх хохирлыг нөхөхөд чухал үүрэгтэй оролцдог. Иргэдийн хөрөнгө нэмэгдэж, улс орны эдийн засаг хөгжих тусам түүний хэрэгцээ ихэсдэг. Даатгалын зарчмын дагуу тодорхой эрсдэлүүдийн санхүүгийн үр дагаврууд нь даатгалын компанийн хариуцлага болно. Мэдээж даатгалын тохиолдол учирсан үед даатгуулагч нь хохирлыг нөхөхөд шаардлагатай хөрөнгөө байгуулсан гэрээнийхээ нөхцөлөөр олж авдаг. Аж ахуйн нэгж байгууллага ч бай , жирийн иргэд аль нь ч даатгагдсан нөхцөлд нөхөн төлбөр авч, хугацаа алдалгүйгээр үйл ажиллагаагаа сэргээх бололцоотой болно. Өндөр хөгжил бүхий даатгалын систем нь дээрх тохиолдолд хохирлыг арилгаж улсын үүрч буй нэлээд ачааллыг хөнгөлдөг.
"Монгол даатгал" компани зээл дэх хамгийн том нөөц сангийн хамгаалалт болон 12.5 сая ам.доллар хүртэлх үнэлгээтэй даатгалын гэрээнүүдийг олон улсад нэр хүндтэй зах зээлд тэргүүлэгч давхар даатгалын компаниудаар гэрээний дагуу харилцагч бүрийг автоматаар хамгаалалтад авдаг юм байна. Харилцагчдынхаа эрсдэлийг бодитой үнэлэхийн тулд ажилтнуудын мэргэшил, ур чадварыг чухалчлан тогтмол сургалтад хамруулж мэргэжлийн, мэргэшсэн баг бүрдүүлэхэд онцгойлон анхаардаг.
Энэ бүгдийг өгүүлэхийн учир хүний амьдралд учирч болзошгүй тааламжгүй үйл явдлын эрсдэлийг бууруулах, учирч болох хохирлыг хамгийн богино хугацаанд арилгах үр дүнтэй санхүүгийн арга хэрэгсэл болдог даатгалын ач холбогдол, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нийтээрээ ухан ойлгож амьдралын соёл болгон хэвшүүлээсэй гэснийх билээ.
Хүн төрөлхтөн өмч хөрөнгө, хамгийн үнэ цэнтэй амь насаа тааламжгүй үр дагаварт хүргэх эрсдэлээс хамгаалах зүйлийг даатгал гэж аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Учир нь даатгал хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн бодит амьдралаас урган гарсан юм л даа. Амьдралаас урган гарсан бүхэн хэрэгжих боломж нь бараг 100 хувь байдаг. Нэг зүйл сонирхуулахад, дэлхийн амьдралын даатгалын нийт хураамжийн орлогын 32 хувийг Япон улс бүрдүүлдэг гэсэн статистик байна.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна