Засгийн газар мөрийн хөтөлбөрөө базаж, төсвөө тодотгохыг УИХ хүлээж байна


Найр наадам, амралт зугаалгаа хумьж, намрын ажилдаа орж, өвлийн бэлтгэлээ базаах цаг болсныг өдөр хоногууд сануулж байна. 
Өнгөрөгч долоо хоногт "Парис 2024" зуны олимпын жүдо бөхийн 48 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртсэнээр Монголын шигшээ багийн анхны медалийг авчирч хотол даяараа баярлав. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд Монголын баг есөн спортын төрөлд 32 тамирчинтай өрсөлдөж байна. Гэвч Монголын боксын холбооны удирдлагуудын буруугаас эрэгтэй боксчид олимпын эрхийн тэмцээнээ өнжиж, Буудлагын холбооны хариуцлагагүй албан тушаалтнуудаас шалтгаалан хоёр тамирчин сэтгэл зүйн хувьд хүнд дарамтад орж, амжилтгүй буудсан гэх мэт олимп тойрсон хэл ам сошиал орчинд үргэлжилж байна. Зуны олимпын  XXXIII наадамд уригдсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой энэ сарын 27-ны өдөр Парис хотноо тусгайлсан уулзалт хийжээ. Газрын ховор элемент, уран дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаа францчууд энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьж хоёр орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, харилцаа, хамтын ажиллагааны төсөл, арга хэмжээнүүд, олон улсын харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд  мөрийн хөтөлбөрөө батлуулахаар тун ч завгүй байгаа сурагтай. УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан ч ялагдсан  хоёр намыг нэгтгэж, хамтарсан Засгийн газар байгуулсан Л.Оюун-Эрдэнийн хувьд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй гэрээг байгуулах болсноо мэдэгдсэн. “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, 2024 оны сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтуудыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэх, тогтвортой хамтран ажиллах зорилгоор энэхүү гэрээний төслийг боловсруулж байгаа юм.  Хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулахдаа МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн бодлогын шинэчлэл, реформ, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаашид урагшлуулах, АН-ын мөрийн хөтөлбөрт туссан хувийн өмчийн эрхийн хамгаалалт, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний салбарын либералчлал, боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэх зорилтуудыг удирд­лага болгосон байна. Улс төрийн гурван намын хооронд байгуулах гэрээг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулж,  УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд мэргэжлийн холбоод, ТББ, хувийн хэвшил, төсөл хэрэгжүүлж буй олон улсын байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын санал авах ажлыг эхлүүллээ. Гурван намаас бүрдсэн хамтарсан Засгийн газрын хамгийн эхний шалгуур нь гэрээ, мөрийн хөтөлбөр байх нь дамжиггүй. Хэр санал нийлэхээс эхэлж дараагийн ажлууд урагшилна. Тиймээс Ерөнхий сайд мөрийн хөтөлбөртөө онцгой анхаарал хандуулж, 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулжээ. Харин УИХ хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотголыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр хүлээж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 11-нд болно. Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлж, зарим албан тушаалтан хуулийн дагуу ажлаа хүлээлгэн өглөө. Тодруулбал, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирлаар томилогдоод удаагүй байсан Ж.Энхжаргалан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Ү.Оюунзул тэргүүтэй цөөнгүй хүн сайн дураараа ажлаа өгөх хүсэлтээ гаргасан байна. 
УИХ-ын сонгуулийг бүсчлэн явуулж, бүсчилсэн хөгжлийн томоохон бодлого хэрэгжүүлэхээ эрх баригчид зарласан. Үүний дагуу бүсүүдийн хөгжлийн төвийг байгуулаад байгаа юм. Хамгийн  түрүүнд  “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийг байгуулан  Удирдах зөвлөлийн даргаар Ү.Амарбатыг сонгосон байна.  Ийнхүү  Хөвсгөл, Орхон, Булган аймаг хойд бүсэд багтаж, хөгжлийн төвтэй боллоо.
Монгол Улс 1454 цэцэрлэг, ерөнхий боловсролын 839 сургуультай ч жил бүрийн намар хичээл сургуулийн бэлтгэл, засварын ажил, элсэлт дагасан хэрүүл ам дэгддэг. Энэ жил сургууль, цэцэрлэгт шинээр элсэгчдийг цахимаар бүртгэхээ мэдэгдэж, эцэг эхчүүдийг хаягийн бүртгэлээ шинэчлэхийг сануулж байна. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зуур зогсооно. Тиймээс сургууль, цэцэрлэгийн бүртгэл дагасан хэл ам сошиал орчинд хүчээ авч эхэллээ. 
Энэ сар гадаадын зочин, төлөөлөгч олонтой, арга хэмжээ ихтэй байх бололтой. Гаднын зочдын салхийг хагалж, Америкийн Нэгдсэн улсын Төрийн нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Энтони Ж.Блинкен албан ёсны айлчлал хийхээр Монгол Улсад ирээд байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад найман жилийн дараа хийж байгаа энэ айлчлал нь хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх бөгөөд саяхан зохион байгуулсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр ярьж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлыг үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой гэдгийг ажиглагчид онцолж байна. Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкэний дараагаар Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгч Виола Амерди, Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида зэрэг зочид ирэх юм байна.
Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн Б.О нь долдугаар сарын 22-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн ирж, нас барсан хэрэг олны анхаарлыг татаж, эрүүдэн шүүж, бусдын амь насыг хороосон эл хэргийг УИХ-ын хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын даргад хариуцлага тооцжээ. Хохирогч залуу цагдаагийн алба хаагчид дарамтлуулж, зодуулсан талаараа АТГ-т мэдэгдсэн. Харамсалтай нь хохирогчийг хамгаалах талаар ямар ч арга хэмжээ аваагүй, дөрвөн сар хорьж, эцэст нь амь насаа алдахад хүргэсэн нь тодорхой болов. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгээс хүний эрхийн талаар нээлттэй сонсгол явуулахыг шаардаж, гишүүдийн гарын үсэг цуглуулж байгаагаа мэдэгдлээ.
Сүүлийн үед үер усанд амь насаа алдсан хүний тоо нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин ихэссэн, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн гэсэн харамсалтай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгөөд байна. Наймдугаар сар дуу цахилгаантай усархаг бороо ихтэй гэдгийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдэгдэв. Тиймээс иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24607/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 20 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 23 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр