П.Оюунаа: Багшлах эрх олгох сургалт бол багшийн хомсдолыг шийдвэрлэх цогц бодлогын зөвхөн нэг хэсэг


Иргэд, олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй багшлах эрхийн сургалтын талаар Боловсролын яамны Газрын дарга П.Оюунаатай ярилцлаа. 

-Ерөнхий боловсролын сур­гуулийн багш нарын хомсдолыг шийдвэрлэх зорилгоор Боловсролын сайд багшаар ажиллах хүсэлтэй хүмүүсийг 45 хоногийн сургалтад хамруулж, багшлах эрх олгох шийдвэр гаргасан нь олон нийтийн дунд зөв, буруу гэсэн шүүмжлэл дагуулж байна. Энэхүү шийдвэрийг ямар тооцоо, судалгаа, шинжилгээнд үндэслэж гаргасан бэ? 
-2023 онд шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хуульд багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох бусад үйл ажиллагааны  зохицуулалтыг тусгасан байдаг. Үүний дагуу Боловсролын сайд Багшлах эрх олгох болон түүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг баталж, хэрэгжүүлэх бэлтгэл хангаж байна. Мөн Засгийн газраас энэ оны тавдугаар сард цэцэрлэг, сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын багшийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн “Багшийн гурван тулгуурт бодлого” цогц арга хэмжээг батлан хэрэгжүүлж байгаа юм.  
Судалгаагаар сүүлийн жилүүдэд хүүхдийн тооны өсөлттэй уялдаад цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллах шаардлагатай багшийн тоо, хэрэгцээ нэмэгдэж байна. Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн жилд өмнөх жилтэй харьцуулснаар шаардлагатай багшийн өсөлт сургуулийн өмнөх боловсролд 2.99, ерөнхий боловсролд 2.5 хувь байсан бол 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 5.20, ерөнхий боловсролд 11.3 хувь болоод байна.


-Багшлах эрхийн сургалт гэдгийг тодруулна уу. Энэ сургалтаар ямар мэдлэг, арга барил олгох юм бэ? 
-Ерөнхий боловсролын тухайд багшаас бусад мэргэжилтэй хүнд багшлах эрх олгох сургалт юм. Энэхүү сургалт нь багшийг бэлтгэх бус багшлах эрх олгох сургалт гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Жишээ нь, МУИС-ийг физикч мэргэжлээр бакалаврын дипломтой төгссөн хүн ерөнхий боловсролын сургуульд физикийн хичээл заах боломж олгох хувилбарт сургалт гэсэн үг. Журамд ерөнхий боловсролоос гадна мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах эрхийг чадамжид суурилсан сургалтаар олгохоор туссан.
Ерөнхий боловсролын сургуульд багшлах эрх олгох сургалтыг зохион байгуулах их, дээд сургуулийн хөтөлбөрт хүүхдийн эрх, хамгаалал, суралцахуйн онол, арга зүй, тухайн түвшний боловсролын сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх технологи, үнэлгээ зэрэг агуулгыг багтаасан.


-Багшлах эрх олгох сургалтад яг ямар шалгуур шаардлага хангасан хүн хамрагдаж, багшаар ажиллана гэсэн үг вэ? 
-Энэ сургалтад багшаас бусад мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн мөн магадлан итгэмж­лэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад багшаас өөр мэргэжлээр  суралцаж буй оюутан хамрагдах боломжтой. Сургалтад хамрагдах хүмүүст тавих шаардлагыг журамд тодорхой тусгасан. Жишээ нь, математикч мэргэжилтэй хүн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид математикийн хичээл заах хүсэлтэй гэж үзвэл түүний бакалаврын диплом 2.7-гоос дээш голч дүнтэй байх ёстой. Мөн тухайн хүн монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай, Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, сэтгэцийн ямар нэгэн өвчин, эмгэггүй байх ёстой.  

 
-Ерөнхий боловсролын сургуульд заадаг хичээлүүдээс өөр мэргэжлээр суралцаж төгссөн хүн сургалтад хамрагдаж, багшлах эрх авч болох уу? 
-Боловсролын салбарт тэр дундаа багшлах хүний нөөцийн тооны болон чанарын дутагдлыг нөхөхөд шинжлэх ухааны салбарт мэргэшсэн, мэргэшиж буй чадварлаг хүний нөөцийг оруулж ирэх хэрэгцээ байна. Иймд ерөнхий боловсролын сургуулийн VI-XII ангийн хувьд хамгийн их багшийн дутагдалтай байгаа математик, физик, англи хэл, хими зэрэг хичээлийг заах хүсэлтэй багшаас бусад мэргэжилтэй хүн сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхтэй болно.

 
-Холбогдох журамд зааснаар багшлах хүсэлтэй хүмүүс гадаад, дотоодын их, дээд сургуулийг 2.7-гоос доошгүй голч оноотой төгссөн байх ёстой юм билээ. Үүнийг тийм ч өндөр үзүүлэлт биш гэж шүүмжилж байна.  Голч онооны доод хязгаарыг яагаад 2.7-гоор тогтоосон бэ? 
-Дээд боловсролын суралцагчийн үнэлгээний журмын дагуу 2.7-гоос доошгүй голч оноо гэдэг бол 80-аас дээш хувь. Үсгээр бол В-гээс дээш гэсэн үг. Хэдийгээр багш дутагдалтай байгаа ч бид багшийн чанарыг чухалчилна. Энэ утгаараа шинжлэх ухааны салбарт мэргэшсэн, мэргэшиж байгаа чадварлаг хүний нөөцийг оруулж ирэх боломжтой болно.


-Журамд багшийн мэргэжлээр суралцаж буй III, IV дамжааны оюутнууд сургалтад хамрагдах боломжтой гэж заасан байсан. Бакалаврын голч дүн заасан хэрнээ яагаад энэ дамжааны оюутнуудыг багшлах эрхийн сургалтад хамруулахаар заасан бэ. Төгсөөд багшлах эрх өгч байна гэсэн үү. Аль эсвэл сургалтад хамрагдаад шууд багшлах боломжтой юу?  
-Багшийн хомсдолыг шийдвэрлэх арга хэмжээ боловсролын салбарт өмнө ч авч хэрэгжүүлж байсан. Тухайлбал, 2023 оноос Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар багш мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж буй төгсөх ангийн оюутнуудыг ерөнхий боловсролын сургуульд тухайн мэргэжлийн багшийн сул орон тоонд дагалдан багшаар ажиллуулж эхэлсэн. Багш бэлтгэдэг их, дээд сургуульд суралцаж буй оюутан  төгсөөд шууд багшлах боломжтой. Харин журамд зааснаар бол сурлага сайтай,  математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, урлаг, англи хэл зэрэг чиглэлээр суралцаж байгаа оюутнууд суралцангаа багшлах эрх олгох сургалтад хамрагдаж, багшлах эрхийн гэрчилгээ авах боломжтой болж байгаа юм.


-Сайдын шийдвэр гарч, журам батлагдсанаар нэг жил суралцаж байж багшлах эрх  авдаг сургалтын арга хэмжээ зогсож байгаа гэж ойлгож болох уу?   
-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их, дээд сургуульд бэлтгэнэ” гэж тодорхой заасан. Засгийн газраас багшийг магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багш бэлтгэдэг их, дээд сургуулиар бэлтгэхэд анхаарч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор багш биш мэргэжилтэй иргэн 1-1.5 жил суралцаад багшийн дипломтой  мэргэжлийн багш болох сургалтууд үргэлжилнэ гэж ойлгож болно.


-Багшлах эрх бүхий гэрчилгээнд ямар нэгэн хугацаа зааж байгаа юу. Багшлах эрхийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хэрнээ багшаар ажиллаагүй, аль эсвэл ажиллах явцдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргавал ямар арга хэмжээ авахаар журамд тусгасан бэ? 
-Багшлах эрх олгох сургалтад хамрагдаж, багшлах эрхийн гэрчилгээ авсан хүн багшаар таваас дээш жил ажиллаагүй тохиолдолд багшлах эрхийн гэрчилгээг нь хүчингүйд тооцохоор журамд тусгасан. Мөн багшлах эрхийн гэрчилгээтэй багш удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж, хүүхдийн эрхэд халдсан нь зохих журмын дагуу хийсэн үзлэг, шалгалтаар тогтоогдож, Ёс зүйн дэд хорооны шийдвэр гарсан тохиолдолд ёс зүйн сургалтад хамрагдаж, түүнийгээ баталгаажуулах хүртэлх хугацаанд багшлах эрхийн гэрчилгээг нь түдгэлзүүлэх зохицуулалт мөн бий. 


-Багшлах эрх олгох сургалт явуулах байгууллагын талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Ямар шаардлага хангасан, хэчнээн байгууллага энэ төрлийн үйл ажиллагаа явуулах вэ?  
-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тухайд магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага зохион байгуулна. Ингэхдээ мэргэжлийн болон боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах боломжтой. Харин мэргэжлийн болон техникийн боловсролын хувьд багшлах эрх олгох сургалтыг Боловсролын ерөнхий газар холбогдох талуудтай хамтран зохион байгуулна. 
Улсын хэмжээнд дээд боловсролын сургалтын 38, бакалаврын 709, магистрын 18 нийт 727 төрлийн хөтөлбөрөөр багш мэргэжилтнийг бэлтгэж байна.


-Тэгвэл багшлах эрх олгох сургалт явуулах байгууллагад ажиллах багш нар ямар шалгуур, шаардлага хангасан байх ёстой вэ? 
-Боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байх ёстой. 


-Багшлах эрхийн сургалт төлбөртэй байх уу?  
-Төлбөртэй байна. Төлбөрийг сургалтын кредитээс шалтгаалан тооцох ба тухайн хүн өөрөө хариуцна.
-Багшлах эрхийн сургалтыг ямар хэлбэрээр зохион байгуулах вэ. Орон нутгийн иргэдийн хувьд цахимаар хамрагдах боломж бий юү? 
-Сургалт танхим, цахим, зайн, ажлын байранд суурилсан, хосолсон хэлбэртэй байхаар журамд заасан. Гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллага төгссөн, багшаас бусад мэргэжлийн хүмүүсийн өмнө эзэмшсэн мэдлэг, ур чадварыг үнэлж, дүйцүүлж, үр дүнд үндэслэн ганцаарчилсан, эсвэл бүлгийн сургалтын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх боломж бий.


-Сургалтад хамрагдаж, багш болсон хүмүүсийн тухайд цалин урамшуулал нь ямар байх вэ. Тухайн сургуульд ажиллаж буй үндсэн багш нартай адилхан байх уу, аль эсвэл арай өөр хувилбараар тооцох уу? 
-Жишээлбэл, ерөнхий боловсролын сургуульд багшлах хүний хувьд  сургуулийн захиралтай Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан буюу ажлын бүтэн бус цагаар ажиллах гэрээ байгуулж ажиллана. 


-Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд одоогоор нийт хэчнээн багшийн сул орон тоо байна вэ. Ер нь ихэвчлэн ямар хичээлийн багш дутагдалтай байна вэ? 
-Өнгөрсөн наймдугаар сард явуулсан судалгаагаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын бүх сургуульд 4292 багш дутагдалтай байгаагаас бага ангийн 752, хими, физик, биологи зэрэг байгалийн ухааны 605, англи хэлний 550, математикийн 411 багш хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Үүнээс аймаг, орон нутагт бага ангийн  622,  байгалийн ухааны 509, англи хэлний 465, математикийн 352 багш дутагдалтай байна. Харин улсын хэмжээн дэх нийт цэцэрлэгт бүлгийн 508, туслах 443, хөгжмийн 317, биеийн тамирын 109 багш дутагдалтай гэсэн судалгаа гарсан. Үүнээс нийслэлд бүлгийн 304, туслах 346, хөгжмийн 162, биеийн тамирын 97 багш дутагдалтай байна. 
Хичээлийн жил эхэлснээс хойш багшлах хүний нөөцийг бүрдүүлэх ажил зохион байгуулж, нэгдсэн судалгаа хийж байна.


-Багш нарын цалин урамшууллыг нэмснээр үүсээд буй хомсдолын асуудал шийдэгдэхгүй гэж үү? 
-Багшийн хомсдолыг шийдвэрлэх, чанарыг сайжруулах асуудлыг зөвхөн нэг асуудал, нэг арга хэмжээгээр бус цогцоор нь харах ёстой. Багшийн нийгмийн баталгааг хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Одоогоор багшийн үндсэн цалин 1.4 сая орчим байгаа. Цаашид үүнийг нэмэгдүүлж байж бид илүү чадварлаг хүмүүсийг багшийн ажилд оруулах, дутагдлаа нөхөх боломжтой болно. 
Засгийн газрын 326 дугаар тогтоолын дагуу магадлан итгэмжлэгдсэн багш мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагчдын сургалтын төлбөрийг төрөөс, Боловсролын зээлийн сангаас хариуцахаар болсон. Ингэснээр 2025 оны төсвийн төсөлд багш мэргэжлээр суралцаж буй оюутан, магистрантуудад олгох сургалтын төлбөрт 17 тэрбум гаруй төгрөг тусгаад байгаа юм. Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад илүү эрчимжүүлж өгснөөр нэг талаас хомсдол, нөгөө талаас ур чадварын дутагдлыг нөхөх, ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байна.


-Шаардлага хангаж буй хүмүүсийг сургалтад хамруулж, багшлах эрх олгосноор үүсээд буй багш нарын хомсдолын асуудлыг бүрэн шийдвэрлэж чадах уу. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрнэ гэж тооцоолж байна вэ? 
-Багшлах эрх олгох сургалт бол багшийн хомсдолыг шийдвэрлэх цогц бодлогын нэг л хэсэг. Цаашид багшийн дутагдлыг нөхөх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж, заримыг нь эхлүүлээд байна. Тухайлбал, багшаар төгссөн боловч мэргэжлээрээ ажил эрхлээгүй байгаа хүний нөөцийг ашиглах, тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулах, сургалтын цагийн норм 19 цагт хүрдэггүй зарим багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгах, багш бэлтгэх их, дээд сургуулийн IV дамжааны оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах, цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад илүү эрчимтэй хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ багтаж байна. Эдгээрээс тэтгэвэрт гарсан багш нар болон багш бэлтгэх их, дээд сургуулийн IV дамжааны оюутныг дадлагажуулагч багшаар ажиллуулах арга хэмжээг 2023 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлсэн. 
2023-2024 оны хичээлийн жилийн байдлаар сургуулийн өмнөх боловсролд 55-аас дээш насны 374 эмэгтэй, 60-аас дээш насны 20 эрэгтэй багш, ерөнхий боловсролын сургуульд 56-аас дээш насны 4245 эмэгтэй, 60-аас дээш насны 201 багш ажиллаж байна.

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 15 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 15 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 15 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 16 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө