Нийслэлийн иргэдийг төлөөлөн дөрвөн жилийн хугацаанд төр, иргэний хоорондын гүүр болон хотынхоо хөгжлийн төлөө идэвх зүтгэл гарган ажилласан төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн чуулган энэ сарын 24-нд боллоо. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын 2020-2024 оны бүрэлдэхүүн бүрэн эрхээ амжилттай хэрэгжүүлснээр ийнхүү хаалтын хуралдаанаа зохион байгууллаа. Хуралдаанд сонгуульт жилийн хугацаанд ажилласан төлөөлөгчид болон энэхүү бүрэлдэхүүнд ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон найман төлөөлөгч ирж оролцсон юм. Түүнчлэн Засгийн газрын төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүхий хүндэт зочид оролцов.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн ИТХ-ын дөрвөн жилийн үйл ажиллагааг дүгнэж хэлэхдээ энэ удаагийн хотын хурал, 76 гишүүнтэй сүүлчийн парламент, Засгийн газар, засаг дарга нарын хамтдаа бичсэн нэн шинэ түүх бол Улаанбаатар хотын эрх зүйн эрүүл шинэ орчныг бүтээсэн үйл явдал гэдгийг онцолсон. Тэрбээр хүндэтгэлийн чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд Улаанбатар хотын хурал нь 1989 оноос гүйцэтгэх засаглалаас тусгаарлан бие дааж, дарга болон орлогч дарга, тэргүүлэгчидтэй болсон түүхэн замналтай. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үүднээс нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ гэж хуульчилсан тэр үеэс нийслэлийн ИТХ-ын шинэ түүх эхэлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2020 онд байгуулагдсан нийслэлийн ИТХ ийнхүү хүндэтгэлийн чуулганаа хийн, хааж байгааг тодотгосон. Тэрбээр “Улаанбаатар хотын эрх зүйн эрүүл шинэ орчин бүрдсэнээр хотын иргэд өнгөтэй өөдтэй өмч хөрөнгө, алдагдсан газруудаа эргүүлэн олж авлаа. Туул, Сэлбэ голын эхээ, Хүүхдийн паркаа, Төв цэнгэлдэх хүрээлэнгээ Нийслэл хот, нийслэлийн иргэддээ буцаан авлаа. Эргүүлэн олж авсан орон зай дээр ногоон орчин, явган зам, тоглоомын талбай, авто зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнөх болно. Газар өмчлөх, ашиглах эрх зүйн орчныг эрүүл зөв болгох багц дүрэм журмыг хэлэлцэн баталсан. Хараа хяналтгүй, эмх замбараагүй, дур дураараа газар олгож ирсэн журамгүй байдлыг журамлав. Газар олгох үйл явцад иргэний шууд хараа хяналт тогтлоо. Бид мөн нийслэлийн хэмжээнд мөрдөх 15 бүлгийн 52 стандартыг баталлаа. Нийслэлд 74 чиглэлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрлийг ийш тийш явахгүйгээр гар утаснаасаа ганц хоёр товшиж хүсэлтээ илгээгээд, шууд ажлаа эхлэх боломжг, хэв ердийн хэм хэмжээ боллоо. Зөрчигдсөн стандартуудыг сэргээж, тусгай зөвшөөрөл нэртэй ч тусгай хориг болдог шат дамжлагыг эрс цөөлж, цаас биш цахим хэлбэрт шилжүүлж, авлигын хөрс, хорт тэжээл болсон хүнд суртлын зохиомол саадуудыг буулгалаа. Энэ бүхэн бол хотын иргэн өөрийнхөө хөлс хүчээр амьдрал ахуйгаа өөд татах хүсэл мөрөөдлийг дэмжсэн хөшүүрэг юм.
Аливаа шийдвэрийг албан тасалгааны цонхоор харсан өрөөсгөл төсөөлөл, үзэгний үзүүрээр биш ард иргэдээсээ асуудаг, санаа бодолд нь үндэслэн ургах шинэ соёл, шинэ цагийн эх суурийг цутгалаа. Нийслэл хот дотооддоо болон гадаад зах зээлд түүхэндээ анх удаа үнэт цаас арилжин хөрөнгө мөнгө босгож, хөгжлийн төслүүдийг хөдөлгөлөө. Жилд 300 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлж ашиглалтад ороход бэлэн болсон нь та бидний хамтран хийсэн эрх зүйн шинэчлэлийн бодит үр дүн юм. Туурга тусгаар улсын нийслэл хот өвлийн хүйтэнд “харь хүнээс гал гуйдаг” хараат байдал, хөлдөх вий гэдэг айдас хүйдэс ард хоцорлоо. Нийслэл хот нэг биш олон төвтэй хот шиг хот болон хөгжих нь холын мөрөөдөл биш бодит ажил болон өрнөж эхэллээ. Хотынхоо хаана амьдран сууж байна, тэнд нь хүний хэрэгцээ цөм бүрэн байх “20 минутын хот” бүтээн байгуулалт хотын бие даан гаргасан үнэт цаасны үр шимээр амилж байна. Эрчим хүч, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто замын байгууламж, орон сууцжуулах том төслүүдийн хөрөнгө мөнгөө босгон базаасан хөгжлийн галт тэрэг хөдөллөө” хэмээн тодотгосон юм. Мөн нийслэл хот хөгжлийн шинэ загвар, улс орны хөгжилд хүлээх үүргээ шинээр тодорхойлохдоо Монгол Улсын Их хурал, Засгийн газартайгаа нягт хамтран ажилласнаар өнгөрсөн 30 жил Улаанбаатарт улсын төсвөөс зарцуулснаас хоёр дахин их хөрөнгө оруулалтыг ирэх дөрвөн жилд хийх гэж байна. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан Хот хөдөөгийн сэргэлт, “Шинэ Улаанбаатар” зорилтын хүрээнд метро, дагуул хотууд, дэд төвүүд, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтууд өрнөх болно хэмээн хэлсэн юм. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 1992 оны шинэ Үндсэн хуулийн дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага шинээр бүрэлдэн тогтсоноос хойших хугацаанд нийслэлийн ИТХ-ын найман удаагийн чуулган хуралдаж, бүрэн эрхээ хэрэгжүүлснийг дурдаад 2020-2024 онд ажилласан төлөөлөгчид цаашид нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад жишиг болохуйц олон ажлыг санаачлан хэрэгжүүлж, ажил хэрэг болгосонд нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлсэн юм. Энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд буюу 33 жилийн дараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж, батлуусан нь нийслэл хотын хөгжлийг шинэ шатанд гаргах, хотын цаашдын хөгжлийн зорилго чиглэлийг тодорхойлохын зэрэгцээ нийслэлийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатар нь хүртээмжтэй хот болох, иргэд нь аз жаргалтай хот болох хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс суурь бүхэлдээ тавигдсаныг онцлон тэмдэглэв. Ингэснээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон МАН, АН, ХҮН нам мөн Үндэсний эвслийн төлөөлөл болон сонгуульт жилийн хугацаагаа бүрэн дуусгасан төлөөлөгчид ангийнхандаа хандан үг хэлж, дөрвөн жилийн ажлынхаа үр дүнг товчлон дүгнэсэн юм. Ийнхүү нийслэлийн иргэдээс сонгогдон дөрвөн жилийн хугацаанд ажилласан нийслэлийн ИТХ-ын хүндэтгэлийн чуулган өндөрлөлөө.
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна