Хүний эрх гэдэг ойлголтыг англиар “Human rights”, Оросоор “Права человека”гэж нэрлэнэ. Орчин үед хувь хүн тус бүрийн эрх чөлөө, нэр төрийг хамгаалах тухай суурь ойлголт эрх зүйт төртэй улс орнуудын Үндсэн хуулийн агуулгад байдаг. Хүний эрхийн тодорхой илэрхийлэл, эрхийн хэмжээ улс орнууд болон олон улсын эрхзүйн баримт бичгүүдэд өөр байж болдог. Олон улсын эрхзүйн баримт бичгүүд дотроос хамгийн түгээмэл нь НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” юм.
Хүний эрхийн тухай ойлголт анчин, түүвэрлэгчдийн дунд байгаагүй нь ойлгомжтой. Манай баруун талын агуйд хүний эрхийн зөрчил үүсээд агуйн шүүх хуралдаж шийдвэрлэсэн байна гэж хоорондоо ярилцсан эсвэл агуйн шүүхийн протокол одоохондоо олдоогүй учраас би бардам нотлоод байгаа юм. Харин Персийн II Кир хааны үед шавар бортого дээр ялалт, нигүүлсэнгүй үйлсийн жагсаалт, өвөг дээдсийн жагсаалт болон боолчлолыг устгах, шашин шүтлэгийн эрх чөлөөний тухай бичиж үлдээсэн нь хүний эрхийн тухай ойлголтыг тэмдэглэсэн хамгийн анхны бичээс болжээ. Өнөөдөр “Хүний эрх” гэдэг ойлголтыг ургамлаар зүйрлэвэл үндэс ёзоороо хөрсөнд бат зоосон саглагар бүдүүн мод болсон. Харин II Кирийн үед дөнгөж соёолж эхлээд байсан модыг Дари хааны үеэс үгүй дээ л арчилж чадаагүйн улмаас ургаж чадалгүй хөрсөндөө гүн нойрссон гэвэл зохилтой.
Хүний эрхийн тухай ойлголт дундад зууны турш ноёрхож ирсэн феодалын дарангуйлал болон шашны консерватизм аажмаар үгүй болон арилж сүүлд “Сэргэн мандалт”, “ Европын шинэчлэл”-ийн үеэс баттай эхэлсэн гэж үздэг. Энэ үед Европын эрдэмтэд шашны ёс зүйг иргэний хувилбарт оруулах оролдлого хийж эхэлж л дээ. Гэхдээ Их Монголын эзэнт гүрний үед хэрэгжиж байсан бодлого II Кирийн шавар бортого дээр бичиж үлдээсэн хүний эрхийн ойлголтуудтай адилхан байгааг анзаарсан байх. Хүн төрөлхтний хөгжил, өөрчлөлт, их үсрэлтийн үйл явдал хэдэн зуу мянган жил дамжин улбаалах нь бий. Тийм ч учраас “Сэргэн мандалт”-ын түүхийг ярихын тулд эртний Грекийн философитой холбогддог шиг “ Европын шинэчлэл”-ийг ярихын тулд 1215 оны Английн “Эрх чөлөөний Харти”-г ярих шаардлагатай. “Эрх чөлөөний Харти” нь дэлхийд хувь хүний эрхийн баталгааг хангаж өгсөн анхны баримт бичиг гэж түүхийн эх сурвалжуудад тэмдэглэдэг. Түүгээр дамжуулан хаан болон эзний засгийн эрх хэмжээг хязгаарласанд Магна Хартийн ач холбогдол оршино. Хүний эрхийн анхны энэ бичиг баримт нь “Хаан нь харьяатуудтайгаа феодалын ёс заншлаар харилцах, хант улсын зөвлөлийн шийдвэрээр татвар хураамж авах, хууль бусаар нэг ч чөлөөт иргэнийг шоронд хийх, эх орноос нь хөөж болохгүй. Гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлан баривчлах ёстой” зэрэг чухал агуулга, үзэл баримтлал бүхий хууль юм. Хэдийгээр хүний эрхийн үзэл номлол хөгжсөн өнөөгийн өндөрлөгөөс харахад эрх барих дээд байгууллагын эрхийг хассан мэт харагдах ч учир дутагдалтай, хэт явцуу заалтуудыг нь яаж ч ашиглаж болохоор харагдаж байгаа ч дээрх чухал заалтууд тухайн үеийнхээ Английн нийгмийн харилцааг амжилттай зохицуулж ирсэн бөгөөд 1787 оны АНУ-ын Үндсэн хуулийн суурь болсон юм.
Үүгээрээ Эрх чөлөөний Харти бол зөвхөн Английн ард түмний өмч биш, харин хуулийн дор эрх чөлөөнийхөө төлөө аль ч цаг үед, аль ч газар тэмцэж ирсэн, тэмцэж байгаа бүх хүн төрөлхтний оюун санааны хөтөч, дэлхий ертөнцийг өөрчлөгч болж таараад байгаа юм. Мянган бээрийн аялал хийхийн тулд эхний алхмаа хийх л ёстой.
Хувь хүний эрх, өөр нэг хэлбэрээр буюу эрх чөлөөний санаа нь хүн төрөлхтний түүхийн нэгэн чухал хэсэг болон оршиж байсан ч, орчин үеийн хүний эрхийн үзэл баримтлалалаас ялгаатай тодорхойлогддог байсан нь ойлгомжтой. Энгийнээр хэлбэл он цаг бүрд дэлхий ертөнцийн өөр бүсүүдэд хүний эрхийн санаа агуулга өөр хэлбэрээр оршдог, хэрэгждэг байлаа. Тухайлбал, хүн хоол идэх эрхтэй гэж нэг хэсэг нь үздэг бол нөгөө хэсэг нь амьд явах, нийгмийн зарим бүлэг хүн мэдэх эрхтэй гэж үздэг байв.
Жишээлбэл, Европын анхны хүний эрхийн тухай баримт бичиг болох "Арванхоёр зүйл" хэмээх 1525 оны Ромын тариачдын дайны үеийн Тунхаг нь тухайн тариачдын эрхийнхээ төлөө тэмцлийн шаардлагуудын нэг хэсэг байжээ. Зарим судлаач 1265 оны “Калишийн статуст” зарим холбогдох эрхийг заасан байдаг гэж үздэг. Харин орчин үеийн хүний эрхийн ойлголт биднийг маш олон цутгалтай өргөн мөрний эх бэлчирт хүргэх нь дамжиггүй. Эдгээр гол голдирлын зарим нь мянган жилийн тэртээгээс урсан ирж байгаа бол зарим нь хэдхэн арван жилийн тэртээгээс ирж нийлж буй. Өөрийн оюун ухаанаар сэтгэн бодох эрх чөлөө гэхэд л XVII зууны үед Английн шашин судлаач Жон Смит (John Smyth, 1554-1612), Томас Хэлвис (Thomas Helwys, 1575–1616), Рожер Вилльямс (Roger Williams, 1603-1683) түүний дотор баптизм түгээгч шашин судлаачид судартаа тусгаж байжээ. Үүнээс өмнө мэдэх эрх зөвхөн бурхны үзэл санаанд захирагддаг байсан бөгөөд мэдлэг лам нарын институцийн эрх мэдлийн хүрээнд байв. Тэдний үзэмжээр нийгмийн оюун санаа бүрэлдэн тогтож байсан гэсэн үг. Бурхны эрх мэдэл, түүгээр дамжуулан лам нар болон феодалууд хүний эрх чөлөөг боомилсон харилцаа хүн төрөлхтөнтэй үхширтэл зууралдсаар XIX зуунтай золгоход л сая "Бурхан үхсэн" юм. Нийгэмд нэгэнт тогтсон догмаг эвдэхийн тулд Ницще бурхны үхлийг тунхаглан зарлав. Тэрбээр христийн номлолд шүүмжлэлтэй хандаж, үүнийг "боолчлох ёс суртахуун" гэж нэрлэж байсан, учир нь хүмүүсийг ёс суртахууны нэгэн хэм хэмжээнд хязгаарлан барьж байх зорилготой бөгөөд чухам сул дорой, номхон, гэнэн хүмүүст энэхүү номлол нь үйлчилж, өөртөө татаж байдаг гэж үздэг байв.
Харин Ницше хүнийг "Өөртөө эзэн байх” ёс суртахууныг санал болгож байсан бөгөөд нийгмийн тогтсон хэм хэмжээг эвдэж чадах хүчирхэг, төгс төгөлдөр, бие даан сэтгэж буй эрх чөлөөт хүнийг өндрөөр үнэлсэн байна. Түүний үзэж байснаар "Бүлэг буюу сүрэг хүмүүс" ямагт аливаа нэгэн уламжлал, ёс заншлаас хамааран шалтгаалдаг бол эрх чөлөөт хүн нь бусдаас ялгагдах онцлог шинж чанартай, өөрийн сонирхол хүслээ хянаж чаддаг, шашны номлодог диваажинд бус бодит ертөнцийг шүтэж итгэснээр хүний амьдралд тохиолддог зовлон гасланг бүрэн мэдэрдэг, үргэлж шинэ зүйл, шинэ харилцааг тууштай бүтээж явдаг аж. Энэ үзлийг тухайн үеийн нийгмийн тэргүүлэх хэсэг ухан сэхээрсэн нь “Хүний эрх”-ийн тухай ойлголт шинэ түвшинд гарсан байх гэдэг логик дүгнэлт гарч байгаа юм.
Тусгаар тогтнолын тунхаглал, АНУ-ын Үндсэн хууль, Америкийн эрхийн тухай Билл зэрэг нь олон зууны турш тэмцлээс урган гарсан дээрх хүний эрхийн эрх зүйн уламжлалуудыг хуульчлан баталгаажуулснаараа онцлог. Эдгээр баримт бичиг нь Америкийн хувьсгалыг өдөөсөн бөгөөд улмаар сүүлд НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” бий болоход нөлөөлсөн байдаг. Хүний эрхийн талаарх санаа нь Английн Эрх чөлөөний Их харти (1215), Английн эрхийн тухай бичиг (1689), Америкийн эрхийн тухай бичиг (1791) болон 1789 онд батлагдсан Францын "Хүний ба иргэний эрхийн тухай тунхаглал"-д зэрэг их урт удаан тэмцлийн замыг туулсан байдаг. 1922 онд Герман, Францын Лигийн санаачилгаар, 20-оод оронд Хүний эрхийн олон улсын холбоо байгуулагдаж (FIDH), хүний эрхийг хамгаалах, дэлхийн хамгийн анхны олон улсын байгууллага бий болжээ. Түүхийн үйл явц улс үндэстнүүдийн эв санааны холбоо, олон улсын хүний эрхийн байгууллагын статусыг үгүй болгов. Улс үндэстнүүд хил хязгаараа сахин хамгаалах, хүний амь насны аюулгүй байдлын төлөө эвсэл болон нэгдэж байлаа.
Дэлхийн II дайн болон тоталитар дэглэмүүдээс олж авсан эмгэнэлт туршлагаас улбаалж хүний ба иргэний эрх зүй олон улсын эрх зүйн хөгжилд чанарын шинэ алхам авчирсан байдаг. 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 217 дугаар тогтоолоор "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ыг батлан зарлав. Ийнхүү тухайн баталсан огноогоор 1950 оноос эхлэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг Олон улсын “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж байна. Өнөө цагийн төрийн үүрэг нь хүний эрх, эрх чөлөөтэй салшгүй холбоотой. Нэгэнт хүнээс салгаж болшгүй ойлголт тул хүний эрхийг огт үгүйсгэлгүй, зөвхөн тусгайлан заасан нөхцөлд хязгаарлах боломжийг орчин үеийн төрд олгосон юм. Иймээс төр нь эн тэргүүнд улсынхаа нутаг дэвсгэр дээрх хүмүүсийн эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах гэсэн үүргийг хүлээдэг.
Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш өнөөдрийг хүртэл нийт 294 олон талт олон улсын гэрээг соёрхон баталсан. Тэдгээрээс хүний эрхийн суурь найман конвенц, тэдгээрийг дагалдах 40 гэрээнд нэгдээд байна. Эдгээр гэрээ, пакт болон НҮБ, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлэхийн төлөө байнгын хүч чармайлт тавьж, тайлан илтгэлүүдээ хүргүүлж, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж буй. Монгол Улсад 2000 онд Хүний эрхийн тухай хууль баталж, Хүний эрхийн Үндэсний комисс байгуулагдан ажиллаж эхэлсэн юм. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 онд батлагдсанаар Монгол Улс Ази тивдээ Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоог бий болгосон анхны улс болсон. Хүний эрх хамгаалагчийг хамгаалах бие даасан, хараат бус, иргэний нийгэм, ялгаварлан гадуурхалтад өртсөн бүлгүүдтэй нягт уялдаатай ажиллах чиг үүрэг бүхий Хүний эрх хамгаалагчийн хороо нь Хүний эрхийн Үндэсний комиссын дэргэд ажиллаж байна. Хүний эрх хамгаалагчийн хороо нь долоон гишүүнтэй. Хорооны даргаар Хүний эрхийн Үндэсний комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь ашгийн бус хуулийн этгээдээс нэр дэвшин, нээлттэй сонсголоор сонгогдсон дөрвөн гишүүн, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчид, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчдөөс нэр дэвшигч сонгогдон ажиллаж байна.
Хүн төрөлхтний нийгмийн янз бүрийн бүлгийн тэмцлийн үр дүн “Хүний эрх”-ийн олон салаа голдирлыг нэгтгэн нэгэн асар том хүчит мөрөн болгожээ. Хүний эрхийн тэмцэл зогсолтгүй хөдөлгөөн. Гэхдээ, төгсөшгүй юу, аливаа зүйл хэм хэмжээтэй, тогтсон хил хязгаартай байдгийн адил хүрэх цэгтэй юү.
Хүн төрөлхтний нийгмийн янз бүрийн бүлгийн тэмцлийн үр дүн “Хүний эрх”-ийн олон салаа голдирлыг нэгтгэн нэгэн асар том хүчит мөрөн болгожээ. Хүний эрхийн тэмцэл зогсолтгүй хөдөлгөөн. Гэхдээ, төгсөшгүй юу, аливаа зүйл хэм хэмжээтэй, тогтсон хил хязгаартай байдгийн адил хүрэх цэгтэй юу гэдэг асуулт хүн төрөлхтний өмнө тавигдаж байгаа юм. “Хүний эрх” гэдэг ойлголт өнөөгийн ертөнцөд өөр түвшинд очсон байна. Био инженерчлэл, нано технологийн хөгжил “ХҮН” гэдэг ойлголтыг эргэн харах, хүний амьдрах нөхцөл, хөдөлмөрлөх эрхийг дахин сөхөх шаардлагатай тулгарсан гэхээр итгэмгүй юм шүү. Одоо бид “Хүний эрх” гэж ярих уу, хүнтэй адил бүгдийн эрх гэж ярих уу гэсэн эргэлзээт бичвэрээ дуусгая.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна