“Тайм” сэтгүүлийн 2024 оны онцлох хүмүүсийн жагсаалтад багтсан Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч, эрдэмтэн Клаудиа Шейнбаумыг “Дэлхийн хүн”-ээр онцоллоо. Мексикчүүд түүнийг зүгээр л Клаудиа гэж дууддаг. Биоинженерийн профессор, есөн сая гаруй оршин суугчтай Мехико хотын захирагчаар ажилласан улс төрийн туршлагатай. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 1-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөжээ. Клаудиа Шейнбаумыг зүүний гурван намыг багтаасан “Сигамос Хасиендо” (Түүхээ үргэлжлүүлье) эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн юм.
Тэрслүү охин
Мексикийн Үндэсний их сургуулийн (UNAM) оюутнууд 1987 оны нэгдүгээр сард сургалтын төлбөр нэмэх шийдвэрийг эсэргүүцэн жагссан. Бусдыгаа оройлон туг барин ректорын өрөөнд орсон физикийн ангийн оюутан Клаудиа тэрхүү тэмцлийн бэлгэ тэмдэг болжээ. Энэ тухайгаа “Би галзуу зүйл хийхийг мөрөөддөг тэрс охин байсан. Залуу насны тэрслүү зангаа хаясан ч ард түмнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй гэсэн итгэл үнэмшил минь хэвээрээ байгаа” хэмээн дурссан. Тэрбээр дотоод, гадаад улс төрийн ээдрээтэй цаг үед улс орноо удирдаж байна. Хүн амын 36 хувь нь ядуурлын шугамаас доогуур амьдарч, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн хүчирхийлэл нэмэгдсэн, АНУ-тай хиллэдэг бүс нутагт хурцадмал байдал үүссэн нь Ерөнхийлөгчийн карьерын гол сорилт юм. Гэхдээ Шейнбаумыг нөхцөл байдлыг даван туулна гэж ард түмэн нь итгэл хүлээлгэсэн. Аливаа санааг судалж, бодит байдлыг шалгахгүйгээр хэзээ ч яаран дүгнэлт хийдэггүйгээрээ алдартай. Овог, нэрнээсээ л тэр уугуул мексик хүн биш болох нь илэрхий. Баруун Европын цагаачдын охин Клаудиа 1962 онд Мехико хотод эрдэмтдийн гэр бүлд төржээ. Аав Карлос нь химич, бизнесмэн, ээж Анни Пардо биологич мэргэжилтэй аж. Шейнбаумынх Мехико хотын өмнөд хэсэгт, чинээлэг дундаж давхаргынхан төвлөрсөн дүүрэгт төвхнөжээ. Энэ бол “нохой нь хүртэл улс төр ярьдаг” нийгмийн идэвхтэй орчин байв. Клаудиа шашнаас хараат бус шинжлэх ухааны лицейд суралцдаг байсан нь католик улсад ер бусын зүйл. Клаудиа еврей угсаа гарал, хувийн амьдралаа нуугаагүй, гэр бүлийн уламжлалаа хүндэтгэн, еврейчүүдийн бүх баярыг тэмдэглэдэг аж. Тэрбээр кино зохиол шиг хайрын түүхтэй. Клаудиа өнгөрсөн жил Хесус Мария Таррибатай гэрлэсэн. Тэд оюутан ахуйдаа хайр сэтгэлийн холбоотой байжээ.
Мафитай тэмцсэн хотын дарга
Авлигын дуулиан Мексикийн хуучин элитүүдэд сүүдэр тусгаж, Засгийн газрын хөтөлбөрүүдийн дэмжлэгийг бууруулж, неолиберал эдийн засгийн загварыг хэрэгжүүлсэн 1980-аад он түүний амьдралын чухал арван болсон. Клаудиагийн анхны нөхөр нь зүүний үзэлтэй улс төрч Карлос Имаз байв. Их сургуулиа төгсөөд эрдэм шинжилгээний ажилд ихэнх цагаа зарцуулжээ. Мексикт 2000 онд өрнөсөн нийгмийн тэмцэл түүний улс төрийн карьерын эхлэл болжээ. Мехико хотын даргын албыг зүүний үзэлт Амло хариуцав. Хотын даргын Байгаль орчны асуудал хариуцсан зөвлөхөөр Шейнбаумыг томиллоо. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, хурдны зам барих ажлыг хариуцан ажиллажээ. Амло 2006 оны сонгуульд ялагдахад шинжлэх ухааны ажлаа үргэлжлүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаагаар Нобелийн шагнал хүртсэн. Тэрбээр 2015 онд Мехико хотын хамгийн том Тлалпан дүүргийн сонгуульд ялжээ. Гурван жилийн дараа Амло Мексикийн Ерөнхийлөгч болоход Шейнбаум Мехико хотын захирагчаар томилогджээ. Энэ цагаас түүнийг Амлогийн залгамжлагч хэмээн бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн. Түүний гол гавьяа бол гэмт хэргийн бүлэглэлтэй дайн зарлаж, иргэдийн амар тайван байдлыг баталгаажуулсан явдал. Өрсөлдөгчид алхам бүрийг нь анхааралтай ажиглаж, шүүмжлэлээр булж эхлэв. 2017 оны газар хөдлөлтөөр сургууль нурж 17 хүүхэд амиа алджээ. Сөрөг хүчин болон хохирогчдын ар гэрийнхэн гамшгийн мэдээг сонссон ч сургуулиудыг хаагаагүй гэж хотын даргаа буруутгасан. Мөн 2021 онд метроны ослоор нас барсан 27 хүний үхэлд буруутгав. Дэлхийг хамарсан цар тахлын жилүүдэд Мехикод коронавирусийн тархалтыг зогсоох үр дүнтэй бодлого хэрэгжүүлсэн.
Бууж өгөөгүй “Амлогийн хүүхэлдэй”
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эдгээр дуулианыг дахин сөхсөн юм. Өрсөлдөгчид нь “Амлогийн хүүхэлдэй” хэмээн хэвлэл мэдээллээр цоллосон ч Клаудио бууж өгөөгүй. Амлогийн санааг албан ёсоор гүйцэтгэгч, дамжуулагч болох уу, цэргийн дээд командлал, муж улсын захирагчдыг хяналтдаа байлгаж чадах уу, АНУ-ын талаарх прагматик бодлогыг үргэлжлүүлэх үү зэргээр Клаудиад сонгогчид эргэлзэж байлаа. “Профессорын зан” нь засаглалын асуудал болж магадгүй. Мексикийн улс төр судлаач Карлос Хередиа “Тэр харизмгүй, өөрийн гэсэн улс төрийн тэсвэр хатуужилгүй” хэмээсэн. Харин дэмжигчид нь “Хүсэл тэмүүлэлгүй эмэгтэй иргэний тэмцэл өрнүүлж, эрчүүдийн эрхшээлийг сөрж чадахгүй байсан” гэж өмөөрчээ. Дуулиан шуугиантай он жилүүдийг үл тоон Мехико хотын оршин суугчдын 60 гаруй хувь нь дэмжсэн нь ялалтад нөлөөлсөн. Улс төрийн тоймч Хорхе Сепеда “Цаг хугацаа өнгөрөхөд Амло түүнийг хүндэлсэн. Тэр хүчтэй улстөрч биш байж болох ч чадварлаг менежер” гэж дүгнэсэн. Хэдийгээр Шейнбаум улс төрийн бодлогын хувьд өмнөх Ерөнхийлөгч Амлогийн бодлогоос хазайхгүй ч удирдлагын арга барилаараа ялгардаг. Шийдвэрлэх асуудалд илүү уян хатан ухаалаг хандаж, Амлогийн алдааг давтахгүй болов уу гэж зарим шинжээч таамаглаж байна. Юун түрүүнд анхны эмэгтэй Ерөнхийлөгчийг гаарч байгаа мафийн бүлэглэлүүдтэй тэмцэж, охид бүсгүйчүүдийн эсрэг гэмт хэргийг бууруулах үүрэг даалгавар хүлээж байна. Мексик улсад өдөр бүр 10 эмэгтэй бусдын гарт амиа алддаг. Клаудиа гэмт хэрэгтнүүдтэй буу барьж биш харилцан тохиролцох зарчмаар ажиллахаа мэдэгдсэн. Түүнчлэн ирэх зургаан жилд Мексик улсын эдийн засгийг сэргээх, инфляцыг тогтворжуулах, шатахуун, хоол хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтоон барих, бизнесийн салбарт хөрөнгө оруулалтыг татах, барилга байшин метроны барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх амлалтаа биелүүлэх л үлдлээ.
“Тайм”-ын онцлох хүмүүс
“Тайм” сэтгүүл 1927 оноос хойш жил бүрийн арванхоёрдугаар сард олон улсад хамгийн их нөлөө үзүүлсэн эрхмүүдийг нэрлэдэг. Супер од Тэйлор Свифтийг өнгөрсөн оны онцлох хүнээр тодруулсан. Харин энэ оны хамгийн маргаантай удирдагчаар Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг нэрлэв.
Шүүмжлэлийг үл харгалзан тэрбээр Газын зурвас дахь цэргийн довтолгоогоо үргэлжлүүлсэн. Олон улсын эрүүгийн шүүх Нетаньяху, “Хамас” бүлэглэлийн цэргийн тэргүүн нарыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах шийдвэр гаргасан юм. Улс төрийн ертөнцөд хөл тавьсан Элон Маск Ерөнхийлөгчийн сонгуулиар Трампыг дэмжиж, Цагаан ордон шинээр байгуулах үр ашгийн хэлтсийг удирдах нь тодорхой болсон. Жагсаалтад багтсан Марк Цукербергийн одоогийн хөрөнгө 210 тэрбум ам.долларт хүрчээ. Хорт хавдартайгаа тэмцсэн Уэльсийн гүнж Кейт Миддлтон оны хүмүүсийн нэг байлаа. Тэрбээр химийн эмчилгээгээ өнгөрсөн есдүгээр сард дуусгажээ. Үүнээс гадна Алексей Навальныйн бэлэвсэн эхнэр Юлияг жагсаалтад оруулж, Оросын сөрөг хүчний тэргүүн хатагтайгаар өргөмжилжээ. Энэ жилийн онцлох арван хүний жагсаалтад
-АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис,
-Уэльсийн гүнж Кейт Миддлтон,
-“Тесла”-гийн эзэн, тэрбумтан Элон Маск,
-Оросын хүчний тэмцэгч Юлия Навальная,
-Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху,
-АНУ-ын Холбооны нөөцийн газрын дарга Жероми Пауэлл,
-Подкастын хөтлөгч Жо Роган,
-Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум,
-АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп,
-“Мета” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг нар бичигджээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна