АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп “Америкийн алтан үе” эхэлснийг тунхаглалаа. Түүний илтгэл бүрэн эрхийнхээ хугацаанд тулгарах сорилтуудыг багтаасан амлалт, зөрчилдөөний нийлбэр байв. Улс төрийн элитүүд эрх мэдлийг атгаж, татвар төлөгчдийн мөнгийг бусдын хилийг хамгаалахад зарцуулсныг шүүмжилж “Тэд миний эрх чөлөөг хасахыг хүссэн ч чадаагүй. Би Америкийг дахин агуу болгож чадна” хэмээлээ. Мөн бүрэн эрхийн хугацаандаа Ангараг гарагт АНУ-ын далбааг мандуулахаа амлав. Цаашлаад жендэрийн асуудалд онцгой анхаарал хандуулсан. АНУ-д эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр л хүйстэн байна, арьсны өнгө ялгадаггүй нийгэм байгуулахаа амлалаа. Цагаан ордны шинэ эзэн энхийг сахиулагч байж, одоо өрнөж буй бүх дайныг зогсоохоо мэдэгдсэн. Тангараг өргөх ёслолд улстөрчдөөс гадна “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк, “Амазон”, “Blue Origin”-ийг үүсгэн байгуулсан Жефф Безос, “Мета”-г үүсгэн байгуулагч Марк Цукерберг, Трампын идэвхтэй дэмжигч технологийн магнат Элон Маск, “Майкрософт” компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай, “TikTok”-ийн гүйцэтгэх захирал Шоу Цзу Чиу нар оролцлоо. Бизнесийн хүрээнийхэн Засгийн газрын түншлэл нь Америкийн улс төрд шинэ үзэгдэл биш. Камала Харрисын кампанит ажилд бизнесмэнүүд мөнгө хандивласан бөгөөд Жо Байден либерал ардчиллыг олон жилийн турш ивээн тэтгэсэн тэрбумтан Жорж Сорост төрийн дээд одон гардуулсан билээ. АНУ-ын томоохон корпорацууд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулж их хэмжээний ам.доллар хандивладаг. Трампын тангараг өргөх хорооны мэдээлснээр 150 гаруй сая ам.доллар цуглуулжээ. Сенатор Катрин Кортец Масто “Ард түмэн хандивын дүн, зарцуулалтыг мэдэх эрхтэй. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нь ямар нэг намын, хувийн ашиг сонирхол эсвэл хамаатан садны хэрэгцээг хангах ёсгүй” гэжээ.
Шинэ зарлиг, хуучин амбиц
Трамп Цагаан ордонд ирсэн анхны өдрөө олны анхаарлыг татсан 100 гаруй зарлигт гарын үсэг зуржээ. Түүнчлэн Жо Байдены гаргасан 78 шийдвэрийг хүчингүй болгосон. Нэн тэргүүний зарлиг нь цагаачлалын хямралаас үүдэн Мексиктэй залгаа хилийн бүсэд онц байдал тогтоох. Цагаачлал, эдийн засгийн хямрал Америкийн сонгогчдын толгойны өвчин болохыг өнгөрсөн жилийн санал асуулга харуулсан. Иймд цагаачдыг хууль ёсоор нэвтрүүлэх зорилготой “CPB One” програмыг хаасан байна. Латин Америкийн хар тамхины наймаачдыг гадаадын террорист байгууллагад тооцож, гэмт хэрэгтнүүд, хууль бус оршин суугчдыг хоморголон хөөхөө мэдэгдэв. Энэхүү шийдвэрүүд нь дүрвэгчдийн эрхийг хамгаалах бүлгүүдийн дургүйцлийг төрүүллээ. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн үзэж буйгаар Трампын захиргаа ардчилсан улсын нэр хүндийг гутааж байна. Ялангуяа АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгохоос татгалзсан нь Үндсэн хууль зөрчөөд зогсохгүй Америкийн үнэт зүйлсийг умартсан явдал юм. Ийнхүү хүний эрхийг хязгаарлах нь “Америкийг дахин агуу болгох” үзэл баримтлалтай нь нийцэхгүй байгааг АНУ-ын Иргэний эрх чөлөөний холбооны тэргүүн Энтони Д.Ромеро шүүмжилжээ. Харин Дональд Трампын хэлснээр, америкчууд энэ шийдвэрт талархаж, эх орныхоо сайн сайхны төлөөх өөрчлөлт гэж үзэж байна. Хууль зүйн яаманд шинэчлэл хийж, улстөрчдийн хувийн ашиг сонирхлоос ангид ажиллахыг анхаарууллаа. Трампыг дэмжигчид 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Жо Байденыг Ерөнхийлөгчөөр батлахыг эсэргүүцсэн. Тэгвэл Капитол дайрсан олон зуун иргэдэд Трамп өршөөл үзүүлэх тухай зарлиг гаргажээ. Эх сурвалжуудад бичсэнээр 1600 орчим хүнд өршөөл үзүүлсэн байна. Дотоодын эдийн засгийг хүчирхэгжүүлэхийн тулд аж үйлдвэрийн шинэчлэлийг эхлүүлж, газрын тос олборлогч орон болж, эрчим хүчний нөөцөө боломжийн үнээр экспортлох гэнэ. Түүнчлэн БРИКС-ийн орнуудын импортод хязгаарлалт тавихаар төлөвлөж байна. Тэрбээр нэр заасан зарим улсаас нийлүүлэх бүх бараанд 25 хувийн татвар ногдуулах захирамжид гарын үсэг зурахаа амласан. Тариф бол барааг тухайн улсад оруулахад импортын үнэтэй пропорционал ногдуулдаг дотоод татвар юм. Хэрвээ АНУ-д 25 хувийн тариф тогтоовол 50 мянган ам.долларын үнэтэй машинаас 12500 ам.долларын татвар авна. Тариф бол Трампын эдийн засгийн алсын харааны үндэс бөгөөд эдийн засгаа өсгөх, ажлын байрыг хамгаалах, татварын орлогыг нэмэгдүүлэх арга зам гэж үздэг. Сангийн сайдад нэр дэвшүүлсэн Скотт Бессент их хэмжээний татвар ногдуулах бодлогыг Трампын хэлэлцээрийн стратеги гэж тодорхойлсон. Трамп эртнээс БНХАУ, Европ, тэр байтугай Америкийн компаниудыг импортын татвараар сүрдүүлсээр ирсэн. Харин энэ удаад хөрш Канад, Мексик улсыг онилжээ. Эдийн засагчдын харж буйгаар Трампын зорилго бол Америкаас "ашиг олдог" хүмүүсийг шийтгэж, ажлын байраа эргүүлэн авчирч, хүн амынхаа амьжиргааны түвшнийг дээшлүүлэх юм. Түүнд саналаа өгсөн сонгогчид эдийн засгийг нэн тэргүүнд тавьсан. Одоогийн байдлаар АНУ-д импортын дундаж тариф гурван хувьтай байна. Амьжиргааны өртөгтэй холбоотой хямралыг шийдвэрлэхийг холбооны бүх агентлагт тушааж, агентлагуудад шинэ журам гаргахыг түр хугацаагаар хориглов. Холбооны агентлагуудын хэмжээ, эрх мэдлийг багасгах нь Бүгд найрамдахчуудын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн. Цагаан ордны шинэ тэргүүн 1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннедийн амийг хөнөөсөнтэй холбоотой нууц баримт бичгүүдийг нууцын зэрэглэлээс гаргахаа амласан нь хуйвалдааны онолчдын олз болжээ. Мөн 1968 онд сенатор Роберт Кеннеди, иргэний эрхийн тэмцэгч Мартин Лютер Кинг нарын аллагатай холбоотой баримт бичгүүдийг нийтэд дэлгэх юм.
“Америк нэгдүгээрт”
Ерөнхийлөгчийн хувиар АНУ-ын гадаад бодлогын шинэ чиглэлийг тодорхойлжээ. Төрийн департаментад улс орныхоо гадаад бодлогыг үндэсний эрх ашигт чиглүүлэх, өөрийн томьёолсон “Америк нэгдүгээрт” зарчим баримтлахыг үүрэг болгожээ. Трамп АНУ-ын бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, Вашингтоны ашиг сонирхлыг гадаадад сурталчлахаа сонгогчдод амласан. Мексикийн буланг Америкийн булан гэж нэрлэх, Панамын сувгийг Вашингтоны нөлөөнд авах санаачилга нь олон улсын анхаарлыг татсан. Парисын уур амьсгалын гэрээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ыг гаргах тухай зарлигт гарын үсэг зурсан. Учир нь, Дональд Трамп ДЭМБ-ыг улс төрөөс хараат, АНУ хамгийн их татвар төлдөг гэж шүүмжилдэг. Тэрбээр Цагаан ордонд ирсэн анхны өдрөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах хүсэлтэйгээ нуугаагүй. Кремлийн тэргүүнтэй Украины мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх уулзалт зохион байгуулах төлөвтэй байна.
Жо Байден: Ерөнхийлөгчийн эрх мэдэл үнэмлэхүй биш
Жо Байден Америкийн улс төрийн уламжлалын дагуу Капитолд Трамптай хамт хүрэлцэн ирсэн. Хэдийгээр шинэ Ерөнхийлөгчийг тангараг өргөх ёслолд хүндэтгэлтэй хандсан ч гомдсон сэтгэлээ нуугаагүйг CNN-ий тоймч дурджээ. Эргэн сануулахад Д.Трамп 2021 онд Ж.Байдены тангараг өргөх ёслолд оролцоогүй. Цагаан ордны үүдэнд Трамптай уулзаж, Зуувин танхимд захидал үлдээсэн байна. Шинэ Ерөнхийлөгчийн ажлын алба захидлыг олон нийтэд дэлгэхээс татгалзсан. АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден ард түмэндээ хандсан сүүлчийн илтгэлдээ “Иргэд эрх мэдлээ урвуулан ашиглахад хувь нэмэр оруулдаг буруу ойлголт, ташаа мэдээллийн нурангид амьдарч байна” хэмээн цахим сүлжээнүүдийг шүүмжиллээ. Тэрбээр төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ нийгмийн тогтвортой байдлыг бүрдүүлснээ онцолжээ. Мөн “Ерөнхийлөгчийн эрх мэдэл үнэмлэхүй биш” хэмээсэн нь Дональд Трампад хандсан үг байлаа. Нэгэн цагт авьяаслаг илтгэгч гэгдэж байсан Байден эрүүл мэндийн шалтгаанаар дахин нэр дэвшихээс татгалзсан. Түүний засаглалын өвийг сайн, муу олон талаас нь дүгнэж байна. Ямартаа ч хөрөнгө оруулалт, дэд бүтцийн цогц хууль тогтоомжийг чадварлаг удирдаж, НАТО-г бэхжүүлж, өргөжүүлж чадсан юм. Байдены гэр бүл Цагаан ордныг орхисныхоо дараа Делавер мужийг зорьжээ. Тэрбээр энэ мужаас АНУ-ын Сенат, дэд Ерөнхийлөгч, эцэст нь төрийн тэргүүний албан тушаалд хүрсэн. Тиймээс ажиглагчид Жо Байденыг хагас зуун жил амжилттай үргэлжилсэн улс төрийн карьераа эхэлсэн цэгтээ дуусгахаар шийдсэн гэж дүгнэж байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24630/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна