-“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” баримт бичгүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн тулгуур хөтөлбөр болон хэрэгжиж байна-
2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож байв. Энэ сарын 27-нд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дөрвөн жилийн ой тохиосон юм. Засгийн газрын насжилт харьцангуй богиносож, 1.8 жилээс хэтрэхгүй огцордог байсан 2021 оноос өмнөх цаг үетэй харьцуулахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн тогтвортой ажиллаж байна. Дэлхий нийтийг сөхрүүлсэн Ковид-19 цар тахлын давлагааг бууруулах, эдийн засгаа сэргээх алхмаас ажлаа эхлүүлсэн Засгийн газрын дөрвөн жилд хийж бүтээсэн ажлаас энэ удаа онцлон хүргэж байна.
УЛС ОРОН ХӨГЖЛИЙН БОДЛОГОО ТӨЛӨВЛӨВ
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, баримт бичгийн тухай өнөөдөр нийгэмд танил болсон. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай явсан он жилүүдээс хойш мартагдаж үлдсэн хөгжлийн төлөвлөгөө, тооцооллыг боловсруулах ажлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа хийж гүйцэтгэсэн юм.
Салбар бүрийн 1500 гаруй эрдэмтэн оролцож, 567 салангид баримт бичгийг нэгтгэсэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд Монгол Улсыг 2050 онд бүс нутгийн тэргүүлэгч орон болгох зорилт бүхий энэхүү төлөвлөгөөг УИХ 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд Монгол Улсыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн тулгуур хөтөлбөр болж байна.
КОВИДЫН ЭСРЭГ АМЖИЛТТАЙ ТЭМЦЭВ
Дэлхийн 211 улс болон алслагдсан нутаг дэвсгэрт жигд тархаж, эрүүл мэнд, эдийн засгийн том гарз дагуулсан Ковид-19 цар тахлын өдрүүд үргэлжилж, хил гааль хаагдаж, худалдааны эргэлт бараг зогсож байсан ийм хүнд үед Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож байв.
Цар тахлын тохиолдлын тоо Монгол Улсад өдрөөс өдөрт нэмэгдэж, хаалттай хилтэй, хатуу хөл хориотой, хаагдсан бизнес орчинтой, эдийн засаг -4.6 хувь болж буурсан ч Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх төлөвлөгөө гаргаж, тасралтгүй хэрэгжүүлж, хүн амын зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулж, 40 мянган хүний амь насыг эрсдлээс хамгаалж, цар тахлыг хамгийн хохирол багатай буюу бусад орноос 1.3 жилийн өмнө амжилттай даван туулсан юм. Үр дүнтэй хэрэгжсэн ковидын эсрэг төлөвлөлтийн үр дүнд бусад улс орнуудаас хамгийн эрт хатуу хөл хориог цуцалж байлаа.
Түүнчлэн цар тахлын үед хэрэгжүүлсэн “Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр”-ийн хүрээнд ажлын байрыг дэмжих, pепо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээл олгож, нийт 71.339 зээлдэгчид 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосноор цар тахлын үед 100.0 мянга гаруй ажлын байрыг хамгаалсан.
Ард иргэдийн эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2020 онд 4.6 хувиар агшаад байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 5.0 хувиар, 2023 онд 7.4 хувиар тус тус тэлж, бодит ДНБ-ий хэмжээ 2023 онд цар тахлын өмнөх түвшинд хүрч, уул уурхай, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа тэлж, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн юм.
ХӨГЖЛИЙН ДӨНГИЙГ ТАЙЛСАН ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг зарлаж, 2021 оны арванхоёрдугаар сард УИХ-аар батлуулав. "Шинэ сэргэлтийн бодлого" нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх зорилт бүхий бодлого юм.
Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр 2021 онд ДНБ 43.6 их наяд төгрөг байсан нь 2024 онд 82.4 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4657 ам.доллароос 2024 онд 7000 ам.доллар болсон. Экспортын орлого 9.2 тэрбум ам.доллар байсан нь 2024 онд 15.9 тэрбум ам.доллар, төсвийн орлого 2021 онд 14.3 их наяд төгрөг байснаа 2024 онд 31.3 их наяд төгрөг болж нэмэгдсэн.
ХИЛИЙН БООМТУУД СЭРГЭВ
Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Боомтын сэргэлтэд нийт зургаан багц (43 төсөл) хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2021-2024 онд боомтын сэргэлтийн хүрээнд экспортын төмөр замын таван шинэ гарцтай боллоо.
Боомтын сэргэлтийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтууд:
• Тавантолгой-Зүүнбаян 416 км төмөр зам
• Тавантолгой-Гашуунсухайт 233.6 км төмөр зам
• Шивээхүрэн-Сэхэ долоон км төмөр зам
• Зүүнбаян-Ханги 226 км төмөр зам
• БНХАУ болон ОХУ-ыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто зам баригдсан.
• Шивээхүрэн, Бичигт боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ачаа тээвэр, чингэлэг тээвэр, шилжүүлэн ачих терминал зэрэг төслүүд хэрэгжиж байна.
Ингэснээр Монгол Улс 2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд түвшнийг тогтоогоод байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ БА РЕФОРМ
Эрчим хүчний салбарт ДЦС-4, Дархан, Эрдэнэтийн ДЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэн бөгөөд Амгалан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар, Чойбалсан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус өргөтгөжээ. 2023 онд 80 МВт суурилагдсан хүчин чадалтай том оврын батарей хуримтлуурын байгууламж суурилуулж, 220/110/35кВ-ын Сонгино дэд станцад холбов.
2024 онд Бөөрөлжүүтийн ЦС-ын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг ашиглалтад оруулж, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон. Ирэх дөрвөн жилд эрчим хүчний салбарын боомийг тайлах цогц реформыг хийж, Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүт, Тавантолгой ЦС зэрэг олон жил яригдсан төслүүдийг хэрэгжүүлнэ.
ХӨДӨӨГ СЭРГЭЭСЭН ОРОН СУУЦНЫ 3 ХУВИЙН ЗЭЭЛ
"Шинэ сэргэлтийн бодлого" дунд хугацааны хөтөлбөрт "Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгон хөнгөлж, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулж батлан дааж байна.
Орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум, тосгонд ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус бодож, сар бүр олгож эхэллээ.
БУСДААС ТҮРҮҮЛЖ ЦАХИМЖЛАА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах "E-Mongolia" системийг санаачлан эхлүүлэв. E-Mongolia систем нь 2024 оны жилийн эцсийн байдлаар:
• 1.95 сая хэрэглэгчтэй болж
• 87 Байгууллага,1263 үйлчилгээтэй болж
• 65 сая удаагийн амжилттай үйлчилгээ үзүүлж
• Лавлагаа, тодорхойлолт авах дундаж хугацаа таван секундын үзүүлэлттэй байна.
"E-Mongolia" системийг ашигласнаар 2020-2024 онд Монгол Улсын иргэдийн хэмнэсэн зардал:
• Нийт төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах тээврийн хэрэгсэлд гаргах зардал 81 тэрбум төгрөг,
• Иргэн төрийн үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацаанаас үүдэлтэй зардал 1.22 тэрбум төгрөг,
• Цаасан бичиг баримтын зардал 5.8 тэрбум төгрөг буюу нийт 1.3 их наяд төгрөг болжээ.
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВИЙН ЛУЙВРЫГ ЗОГСООВ
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын нэг гол ажил нь авлигатай тэмцэх, шударга ёсны төлөөх тэмцэл байж ирсэн. Өнгөрсөн хугацаанд авлига, шударга ёсны төлөө 5Ш ажиллагаа хэрэгжүүлж, цахим ил тод байдлыг ханган, Эрдэнэтийн 49 хувь, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөг, Дубайн гэрээ, Хөгжлийн банк, Тавантолгойн нүүрсний ордыг тойрсон хулгай луйврын схемийг илчилж, Төрийн хэмнэлтийн хууль, Авлигын ялын бодлогыг чангатгах зэрэг олон ажлыг хийж, зохих үр дүн гаргалаа.
2016 оны зургаадугаар сард буюу сонгуулийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувьчлахдаа УИХ-аар хэлэлцэлгүйгээр төрийн өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн хуудуудтай луйврын схемийг илрүүлсэн. Луйврын “эзэд” зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрээр тогтохгүй “Монголросцветмет”, Багануур, Шивээ-Овоогийн уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохойн үйлдвэр” зэрэг төрийн өмчит томоохон компаниудыг хүртэл концессын гэрээ нэрийн дор хууль бусаар луйвардаж авсныг хууль, хяналтынхан олж тогтоосон юм.
“Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авах Засгийн газрын шийдвэр гарснаар тус үйлдвэр 2016 онд 145 тэрбум төгрөг татварт төлж байсан бол 2023 онд хоёр их наяд төгрөг татварт төлж 11 дахин нэмэгдэв.
ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ, НҮҮРСНИЙ ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭВ
Авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Таван толгойн бүлэг ордыг үнэгүйдүүлсэн нүүрсний хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлэн "Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоож, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа Ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн байсан үзүүлэлтээ ахиулж, 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортлов. 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгийн орлого олж, улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төлж, 4.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.
ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ДАМПУУРЛААС ГАРГАЛАА
Засгийн газраас дефолтын эрсдэлд орсон "Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэг"-ийг олон нийтэд ил тод болгосноор 1.8 их наяд төгрөгийн зээл нь эргэн төлөгдөж, "Евро" бондын 500 сая ам ам.доллар, "Самурай" бондын 200 сая ам.долларын өрийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс салав.
Засгийн газар “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Хуралдай” бонд болон гадаад зээлийн төлбөрийг төлөхөд нийт 13.3 их наяд төгрөг зарцуулав.
ТУСГАЙ САНГУУД НЭЭЛТТЭЙ БОЛОВ
Засгийн газраас УИХ-тай хамтран Хөгжлийн банк, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор нүүрсний асуудлаар нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж иргэдийн мэдэх эрхийг хангав.
Засгийн газрын дэргэдэх 24 тусгай сангийн өр, зээл, үйл ажиллагааг ил тод болгосноор Боловсролын зээлийн сан, Нийгмийн халамжийн сан, ЖДҮ-ийг дэмжих сан зэрэг олон санг улс төрд нөлөө бүхий этгээдүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүс ашигладаг байсан нь ил болов. Нийслэлийн хэмжээнд сүүлийн 20 жилд олгосон газрын мэдээллийг анх удаа ил болгосон. Тусгай сангуудын мэдээллийг ил болгосноор 11 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөв.
ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦАЛЖ, ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ
Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай холбогдох Дубайн гэрээг цуцлах хэлэлцээрийг Засгийн газраас амжилттай хийж, Монголын талд хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн юм. Ингэснээр ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн дарамтаас Монгол Улс чөлөөлөгдөж, Монголын талын эзэмших 34 хувьд ногдох өр төлбөргүй болж чадлаа. Ингэснээр хөрөнгө оруулалтын гэрээнд орсон нэмэлт, өөрчлөлтөөс үүдэж зогсонги байдалд байсан далд уурхайн бүтээн байгуулалт урагшилж, 2022 оны эхээр бүрэн ашиглалтад орсон юм. Монгол Улсын Засгийн газрын түүхэнд бичигдэн үлдсэн энэхүү үйл явдлыг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байв. Энэхүү уурхай нээгдсэнээр энэ тоо жилд 300-400 сая доллараар нэмэгдсэн бөгөөд олборлолт 2028-2030 онд оргил үедээ хүрэх юм.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 5Ш АЖИЛЛАГАА
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, энэ хүрээнд авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг зарлан хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор өргөн хүрээнд ажилласан.Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэг, “Нүүрсний хулгай”, төрийн тусгай сангуудын асуудлаар Засгийн газар өөрөө анх удаа шүгэл үлээж, хууль хяналтын байгууллага, олон нийтийн хяналтад орууллаа.
5Ш ажиллагаанд:
• Шүгэл ажиллагаа:
• Шүүр ажиллагаа
• Шилжүүлэн авах ажиллагаа
• Шувуу ажиллагаа
• Шилэн ажиллагаа багтаж байгаа бөгөөд 2023 оны байдлаар
- Өргөдөл, гомдол 1.015, шийдвэрлэсэн хувь 64 хувь
- Төрийн байгууллага дахь зөрчил 6.278, ажлаас чөлөөлсөн 481
- Сэжигтэн, оргодол 34, Монголд буцаан авчирсан 25
- Авилга, гэмт хэргийн хохирлыг барагдуулах хүрээнд төвлөрүүлсэн 2.7 их наяд төгрөг, гадаадаас Монгол Улсад буцаан авчирсан 12 сая ам.доллар ил болсон нэгж мэдээлэл 970.300.6 төрлийн тусгай сангийн өрийн эргэн төлөлт 91.6 тэрбум төгрөг болоод байна.
ЭДИЙН ЗАСАГТ ГАРСАН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогууд амжилттай хэрэгжиж байгаагийн үр дүнд цар тахлын үед -4.6 хувь хүрч буураад байсан манай улсын эдийн засаг 2023 онд 7.4 хувь болж өссөн.2024 онд эдийн засгийн өсөлт урьдчилсан байдлаар 5 хувьд хадгалагдаж байна.
Сүүлийн 4 жилийн хугацаанд манай улсын ДНБ 24 хувиар өссөн бол нэг хүнд ногдох ДНБ гурван жил дараалан 1.000 ам.доллараар нэмэгдлээ.Төсвийн орлого 2021 онд 4.2 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 6.8 тэрбум ам.доллар болж өссөн. 2028 он гэхэд 12.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Монгол Улсын зээлжих зэрэглэл ахив
Эдийн засгийн макро үзүүлэлт сайжирсантай холбоотойгоор Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Fitch Ratings” агентлаг 2024 оны 9 дүгээр сард "B+, тогтвортой", “S&P Global” агентлаг 2024 оны 10 дугаар сард “B+, эерэг”, “Moody’s” агентлаг 2024 оны 11 дүгээр сард "B2, тогтвортой” болгож тус тус сайжруулаад байна.Мөн 2024 онд Дэлхийн банкны эдийн засгийн ангилалд Монгол Улс дундаас дээш орлоготой орнуудын тоонд багтав.
Экспорт өслөө
Хилийн боомтуудын тээвэр зохион байгуулалт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулсны үр дүнд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд буюу 2023 онд 69.6 сая тоннд, 2024 онд 83.8 сая тоннд хүрч, 2019 оноос даруй 2.5 дахин нэмэгдэв. Мөн Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспорт 2024 онд 1.695 мянган тоннд хүрээд байна.
Гадаад валютын улсын нөөц арвижив
Гадаад валютын улсын нөөц ковидын үед буюу 2022 оны есдүгээр сард 2.7 тэрбум ам.долларт хүрч буураад байсан бол Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гадаад валютын нөөц 2024 оны эцэст 5.5 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдлээ.
Монгол Улс дефолтын эрсдлийг амжилттай хаав
Засгийн газар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, 2021 онд "Мазаалай" бонд, 2022 онд "Чингис" бонд, 2023 онд "Гэрэгэ" бонд, 2024 онд "Хуралдай" бондын өр төлбөрийг амжилттай төлснөөр Монгол Улс дефолтын эрсдэлээс амжилттай гарлаа.
Түүнчлэн, гадаад валютын нөөц нэмэгдсэнээр Монгол Улсын Хөгжлийн банк 2023 онд "Евро" болон "Самурай" бондуудын төлбөрийг амжилттай төлж, Монголбанк БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын үлдэгдлийг зургаан тэрбум юань болгож, 2016 оны эцсийн түвшнээс хоёр дахин бууруулах боломж бүрдүүлэв.
БАЯЛГИЙН ТЭГШ ХУВААРИЛАЛТЫГ УДИРДАХ ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН
Баялагтаа эзэн байх тогтолцооны реформыг хийж, олон жил яригдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулав. Ингэснээр стратегийн ордуудын үр өгөөжийг иргэд бодитоор хүртэх боломж бий болж, иргэдийн хуримтлалын данс анх удаа мөнгөжиж, 2024 оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаад байна. Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжүүлснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ 2025 оноос эхэлж байна.
ЦАЛИН, ТЭТГЭВЭР 40-80 ХУВИАР НЭМЭГДЭВ
Засгийн газраас иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хөдөлмөрийн хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан цогцоор нь үе шаттай нэмэгдүүлж, төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүллээ.2025 онд цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан тус бүр 6.0 хувиар нэмэгдүүллээ.
1.4 САЯ ИРГЭН ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДЛАА
Засгийн газраас хүн амыг эрүүл мэндийн эрсдэл, эмнэлгийн ачааллыг бууруулах, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх зорилгоор иргэн бүрийг эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд одоогийн байдлаар 1.482.402 хүн буюу нийт хүн амын 42.7 хувь нь хамрагдаад байна.Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 77.1 хувьд нь өвчлөлийн сэжиг, анх оношлогдсон хорт хавдрын 371 тохиолдол бүртгэгджээ.
ЦЭЦЭРЛЭГИЙН СУГАЛААГ ХАЛАВ
Улсын хэмжээнд 2020-2024 онд нийт 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад орууллаа.Ингэснээр 2019 онд Улаанбаатарт 47, хөдөөгийн 20 ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэж байсныг хоёр ээлжид шилжүүлэв.Нийслэлийн 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулснаар цэцэрлэгийн сугалааг халж, хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж бүрдээд байна.
АНГЛИ ХЭЛ АЛБАН ЁСНЫ ХОЁРДОГЧ ХЭЛ БОЛОВ
Боловсролын багц хуулийг батлуулж, англи хэлийг Монгол Улсын албан ёсны хоёрдогч хэл болгохоор тусгав.Ийнхүү англи хэлийг үндсэн гадаад хэл болгож тодорхойлсноор бүх шатны сургалтын байгууллагын суралцагч англи хэл эзэмших тэгш боломж бүрдээд байна.
ЖУУЛЧДЫН ТОО БА ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ
Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, "Welcome to Mongolia" хөтөлбөрийн эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
“Монголд зочлох жил” аяныг зарлаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлснээр Монгол Улс 2023 онд анх удаа 600 мянга орчим жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларыг оллоо. Энэ хүрээнд хүрээнд 2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, Facebook, TikTok, YouTube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим хүнд хүрч, CNN, Netflix, HBO, National Geography зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарснаар Монголын талаарх эерэг ойлголт 38 хувиар өсөв.
2024 онд Засгийн газар “Монголд зочлох жил” аяныг үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүрэн илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндээр өргөжүүлж, 810 мянган жуулчин хүлээн авсан нь дээд амжилт болж, салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрлээ.
ҮНДСЭН ХУУЛИЙН РЕФОРМ
Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ манлайлж, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, шинэ 30 жилийн хөгжлийг эхлүүлэхээр улс төрийн намуудтэй зөвшилцөн 2022, 2023 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав.
2022 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар тогтвортой ажиллах суурийг баталгаажуулсан бол, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нийгмийн төлөөллийг нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн.Үндсэн хуультай уялдуулж шинэчилсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн нэр дэвшүүлэлтэд жендерийн 1:1 бодлогыг нэвтрүүлж Ази тивийн анхдагч улс боллоо.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу холимог тогтолцоогоор, бүсчилж томсгосон 13 тойргоор зохион байгуулж, 126 гишүүнтэй анхны парламент бүрдсэний 78 нь тойрог төлөөлж, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдлоо. Засгийн газраас санаачлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сонгуулийн реформ хийсэн нь сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлж, цаашид намууд хамтарч тогтвортой засаглах эрх зүйн орчныг бүрдүүлснээр Засгийн газар тогтвортой, үр бүтээлтэй ажиллах эхлэл тавигдлаа.
АГААРЫН ХАРИЛЦАА ӨРГӨЖИН ТЭЛЭВ
Засгийн газраас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг амжилттай байгуулж, өнөөдрийн байдлаар нийт 46 улсын Засгийн газартай Агаарын харилцааны тухай хэлэлцээртэй, шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдүүлээд байна.
Мөн өмнө байгуулсан хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах яриа хэлэлцээг хийж, нислэгийн шинэ цэг, багтаамж, давтамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, 2024 онд түүхэндээ анх удаа агаарын тээврээр 2.18 сая зорчигч, 10.4 мянган тонн ачаа тээвэрлэжээ.
“МЯНГАНЫ ЗАМ”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА
2001-2024 онд “Мянганы зам” төслийн хүрээнд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баруун чиглэлийн 1811 км замаас 1270.7 км, зүүн чиглэлд 1050.2 км замаас 694.8 км авто замын барилгын ажил хийгдэж ашиглалтад орсон байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 100 гаруй сумыг хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбожээ.
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 14 МЕГА ТӨСЛИЙГ ГАРААНААС ГАРГАЛАА
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгаж эхний 100 хоногт гурван мега төсөл гараанаас гарлаа.
Нийгэм, эдийн засгийн 14 реформ
1. Бүсчилсэн хөгжлийн реформ
2. Эрчим хүчний реформ
3. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, худалдан авах ажиллагааны реформ
4. Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформ
5. Төсвийн зарлага, татварын реформ
6. Их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан цахим шилжилтийн реформ
7. Төрийн албаны реформ
8. Авлига, хүний эрх, хувийн эрх зүйн шинэтгэлийн реформ
9. Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын болон хотын засаглалын реформ
10.Орон сууцжуулалт, Хуримтлалын сангийн реформ
11.Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформ
12.Эрүүл, идэвхтэй амьдралын зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх бодлогын реформ
13.Уул уурхайн лицензийн олголт, ашиглалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх цогц реформ
14.Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар, эрсдэлийн удирдлагын реформ
Хөгжлийн 14 мега төсөл
1. “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхэ" хилийн боомтын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж дуусгана.
2. Зүүн босоо тэнхлэгийн Бичигт-Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Арцсуурийн төмөр замын их бүтээн байгуулалт
3. Тавантолгойн 450 МегаВаттын дулааны цахилгаан станц
4. Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц
5. Эгийн голын 310 МегаВаттын усан цахилгаан станц
6. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд бодлогын дэвшил гаргана. Судалгаагаар Монгол Улс 2600 ГигаВатт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон.
7. Говийн бүсэд зайлшгүй шаардлагатай Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Хэрлэн-Тооно усан цогцолборыг барьж байгуулна.
8. Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгааны станцын төслийг эхлүүлнэ.
9. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор байгуулна.
10.Зэс боловсруулах цогцолбор байгуулна.
11.Гангийн үйлдвэр байгуулж, дотоодын ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангана.
12.Газрын тос боловсруулах цогцолбор бүрэн ашиглалтад орно.
13.Оюу толгойд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлнэ.
14.Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулна.
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС
Засгийн газраас зарласан хөгжлийн 14 мега төслөөс Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц, Монгол, Францын хамтарсан ураны төсөл, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл эхний ээлжинд хэрэгжиж эхлээд байна.
1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт БНХАУ-ын талтай 2024 онд гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо. Тус станц нь жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь найдвартай, тасралтгүй хангаж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм.
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын талтай харилцан ойлголцолд хүрч, УИХ-аас хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг баталснаар 2003 оноос эхэлсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын төсөл 22 жилийн дараа хэрэгжихэд бэлэн болоод байна. 2025 онд төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2027 онд ашиглалтад орох бөгөөд ингэснээрээ боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн боломж бүрдэнэ.
Энэ төсөл хэрэгжсэнээр дараагийн хил холболтын төмөр замууд болох Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн Хатавч, Ханги-Мандал боомтууд үе шаттайгаар холбогдож, улмаар Зүүн босоо тэнхлэгийн Бичигт-Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Арцсуурийн төмөр замын их бүтээн байгуулалт эхлэх суурь нөхцөл бүрдэнэ.
МОНГОЛ, ФРАНЦЫН ХАМТАРСАН УРАНЫ ТӨСӨЛ
Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано Майнинг С.А.С” компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа. Дорноговь аймгийн нутаг дахь “Зөөвч Овоо” ураны төслийг хэрэгжүүлэх энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болж байгаа бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлэх юм.
Түүнчлэн Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож, үлдсэн 24 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-өөр орлуулан тооцож байгаа нь Монголын ард түмэн энэ төслөөс 51 хувийн өгөөж хүртэнэ. Мөн ногдол ашиг хүлээхгүй, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэх юм.
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулсан.
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн цөмд Бүсчилсэн хөгжлийн бодлогыг оруулж, нийгэм, эдийн засгийн 14 реформын хүрээнд Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд Засгийн газраас:
- 4.440 км авто зам
- 3.633 төмөр зам
- 1.650 МВт эрчим хүчний шинэ эх үүсвэр
- 7 боомтын шинэчлэл
- 14 мега төсөл хэрэгжүүлнэ.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д дараах байдлаар бүсийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Үүнд:
- Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”,
- Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,
- Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
- Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”,
- Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
- Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс”,
- Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” болгон хөгжүүлэхээр төлөвлөлөө.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд:
- Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой холбосон бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто зам,
- Зүүн бүсэд Буйр нуурын усан хил, 4С онгоцны буудал,
- Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц,
- Хойд бүсэд Эгийн голын усан цахилгаан станц,
- Төвийн бүсэд Шинэ Зуунмод хот,
- Хангайн бүсэд Шинэ Хархорум хот,
- Говийн бүсэд Таван толгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал,
- Зүүн, баруун босоо эдийн засгийн коридорыг хөгжүүлэх төслүүд зэрэг бүсүүдийн нийгэм, эдийн засгийг дэмжсэн бүтээн байгуулалтуудыг ойрын жилүүдэд хэрэгжүүлж дуусгах юм.
“20 МИНУТЫН ХОТ”
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлж, Улаанбаатарыг 20 минутын төлөвлөлттэй орчин үеийн стандарт бүхий “амьд” хот болгохоор ажиллаж байна.
Энэ хүрээнд “20 минутын хот” үзэл баримтлал, түүнтэй уялдсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсрууллаа.
Ингэснээр Их, Бага тойруу дахь 700 га-д төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрөл задарч, нийслэлийн утаа, түгжрэл болон бусад тулгамдсан асуудлын суурь зангилаа тайлагдаж, Улаанбаатар хотыг цаашид нийгэм, эдийн засгийн бие даасан тогтолцоотой 14 дагуул хотод хувааж хөгжүүлэх үндэс суурь тавигдав.
Улаанбаатарыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ.
- Хан-Уул хот
- Яармаг хот
- Буянт-Ухаа хот
- Сонгинохайрхан хот
- Толгойт хот
- Баянхошуу хот
- Өнөр хот
- Баянгол хот
- Чингэлтэй хот
- Сэлбэ хот
- Сүхбаатар хот
- Дарь-Эх хот
- Баянзүрх хот
- Амгалан хот
Бүсчилсэн хөгжлийн реформын хүрээнд Улаанбаатар хотод 1992-2021 оны хооронд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан бол 2028 он хүртэл үүнээс гурав дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсэж байгаа. Үүний эхлэл болгож Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарлаж, улсын төсөвт нийслэлд 4.5 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр тусгаад байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ АМЖИЛТТАЙ БОДЛОГО
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын хүнд үе, геополитикийн эгзэгтэй цагт буюу 2021, 2022 онд “Токио-2020” зуны олимп, “Бээжин-2022” өвлийн олимпод оролцож, Япон, БНХАУ-тай эв санааны нэгдлээ бататгаж, БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нүүрсний экспортыг хэвийн үргэлжлүүлэх, Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын цэгийг тохиров.
Мөн Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ, ИБУИНХУ-ын хатан хаан II Элизабетын оршуулах ёслолд оролцож, Монгол Улсын өргөн талт гадаад харилцааны бодлогыг дэлхий дахинд харуулав. ОХУ-ын Владивосток хотноо Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж, түлш шатахууны нийлүүлэлтийг одоогийн үнээр 2027 он хүртэл Монгол Улсад тогтвортой нийлүүлэх шийдвэрийг гаргуулав.
Мөн Монгол Улсаар дамжин өнгөрүүлэх хийн хоолойн төслийг эхлүүлэх гурван улсын төр, засгийн нэгдсэн байр суурийг бэхжүүлж, Эгийн голын УЦС зэрэг бүтээн байгуулалтын бусад төслүүдийн хамтын ажиллагааны талаар тохиролцов.Үүний зэрэгцээ ХБНГУ-д айлчилж гуравдагч хөршийн бодлогыг олон улсын хямралт буюу дайны цаг үед улам бэхжүүлж, Герман улсад Монголоос 1000 инженер оюутан бэлтгэх тохиролцоог тус улсын төр, засгийн түвшинд хийлээ.
2023 онд Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд БНСУ-д албан ёсны айлчлал хийж Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэв.
БНХАУ дахь албан ёсны айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцсон.
АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улс-АНУ хооронд шууд нислэг үйлддэг болох, 1000 багш, 10 мянган инженерийг бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэв.
Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, тус улсад ажлын айлчлал хийхдээ Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, Киргиз улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
2024 онд Давосын дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож, БНХАУ, Пакистан Улс, Саудын Арабын Хаант Улс, Бахрейны Хаант улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад тус тус ажлын айлчлал хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүд, AI хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон шилжилтийн хүрээнд хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах чиглэлээр холбогдох яриа, хэлэлцээг амжилттай хийлээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна