Эртээ урьдын цагт энэ цагийн эхэнд, элээсэн нийгмийн сүүлээр Сэгс цагаан богд уулын ар хормойгоос сэтгэл гарган бичсэн захидал 40-өөд жилийн дараа “Монголын үнэн” сонины редакцад дахин яригдав. Захидлын тухай өгүүлэхээс өмнө газар орны талаарх мэдээлэлтэй товчхон танилцах нь зүйтэй болов уу.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын “Эхийн гол” баг. Алдарт Сэгс цагаан богд уулын ар хормойд байгалийн төгс үзэсгэлэн бүрдсэн Эхийн голын баянбүрдийг түшиглэн байгуулагджээ. Энэ багийн ард иргэд нийслэл хотоос 1100 гаруй километр, аймгийн төвөөс 430, сумаасаа 180 километрийн алсад их Алтайн нурууны өвөр говьд ажин түжин сууна. Нэгэн цагт энэ баг нам, төрийн онцгой халамжид орж, халуун хайрыг нь хүртэж байсан гэдгийг одоо санах хүн хэд үлдээ бол.
Алтайн цаадах Зүүнгарын говийн үргэлжлэл болох Цэнхэрийн хоолойн зүүн захад байх их говийн хамгийн том баянбүрд бол Эхийн гол. Жилийн цаг агаарын хэм дунджаар нэмэх тав, хур тунадас 30 орчим миллметр цас, бороо бараг ордоггүй өвөрмөц уур амьсгалтай. Энэ нутагт зуны цагт хөрсөн дээрээ 50 хэм давж халах нь ч бий гэнэ. Өвөрмөц тогтоцтой говийн байгальд тоорой, заг, хармаг зэрэг модлог ургамлаас гадна зэл зангуу, хулан зээрийн ундаа, маш ховордсон алтан утас, үнэгэн сүүлтэй лидэр, марзны хоржигнуур, говийн хиаг, дэрс, потанины хотир зэрэг эмийн болон эмийн бус ургамал ургана. Монгол оронд ургадаг лидрийн бараг 90 хувь нь энд байдаг гэнэ. Говийн их дархан цаазат газрын бүсэд орших энэ нутагт дэлхийд ховордсон ан амьтан, хорхой шавж хүртэл харагдах нь бий. Устах аюулд ороод байгаа мазаалай баавгайн үржих нөхцөл бүрдэж тоо толгой нь олшроод байгаа аж.
Эхийн голын баянбүрдийн талаарх албан мэдээ, баримтууд 1950-аад оноос хойш хэвлэлд гарч эхэлсэн байх юм. “Монголын үнэн” сонины архив дахь түүхийн шарласан хуудаснаа 1940-өөд оноос хойш 1950-аад он хүртэл энэ нутагт айл нутаглахаа больсон тухай өгүүлсэн байх аж. Мэдээж энэ байдлыг анзаарсан тухайн үеийн БНМАУ-ын Засгийн газар бүс нутгийг эзэнтэй болгох улс төр болоод эдийн засгийн үр ашигтай шийдвэр гаргах шаардлагатай тулгарсан байж таарна. Өмнөд хилээс 100-аадхан километрийн зайд орших энэ бүс нутагт гадаадын иргэд зөвшөөрөлгүйгээр хулан, зээр агнах, эрдсийн шинжилгээ судалгаа хийх зэргээр эзгүйчлэх явдал нэмэгдсэн тухай нутгийн иргэд сэрэмжлэн өгүүлсэн нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн болов уу гэж бодогдоно. Тун удалгүй МАХН-ын Төв хорооны 1959 оны III бүгд хурлаас атар газар эзэмших тухай түүхэн шийдвэр гарчээ.
Бүгд хурлын шийдвэрийн дагуу Эхийн голын баянбүрдийг эдийн засгийн эргэлтэд оруулж үлэмж баялаг шавранцар хөрсөнд хүнсний өргөн хэрэглээний ногоо тариалахаас гадна халуун орны бүс нутагт ургадаг зарим хүнсний ногоог ч нутагшуулах ажил хийж эхлэв. Уг төслийг Баянхонгор аймгийн агротехникч Ц.Дашдондог удирдан ажиллаж монгол хүн монгол нутгийн хөрснөөс анхны эрдэнэшишийг хурааж авсан байдаг. Энэ үеэс хойш тус баянбүрд эзэнтэй болж нэгдэл дундын үйлдвэрийн газар, нэгдлүүд ээлжлэн эзэмшиж хүнсний ногоо тариалах, хадлан тэжээл бэлдэх зэргээр ашиглаж байв.
Монгол Улс хөгжил дэвшлийн зүг зогсолтгүй урагшлан, хүн ардыг гэгээрүүлэх ажлыг эрчимтэй хийж байсны дотор монгол хүний хоолны орцыг баяжуулж, төрөл зүйлийг нэмэгдүүлэх ажил багтаж байлаа. Энэ ажил үр дүнгээ өгсөн нь 1970-аад он гэхэд хүнсний ногооны эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн талаарх мэдээнээс харж болно. Эрэлт хэрэгцээ нийлүүлэлтийг шаарддаг зах зээлийн жам ёсоор хүнсний ногооны төрөл зүйлийг тариалах ажлыг эрчимжүүлэх, уг асуудалд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй болов. Ийнхүү төр засгаас Эхийн голын баянбүрдийг сонгон авч эрдэм шинжилгээний салбар хүрээлэн байгуулав. Эрдэм шинжилгээний салбар хүрээлэнгийн үндсэн зорилгыг “Байгаль цаг уурын өвөрмөц нөхцөлийг ашиглан эдийн засгийн өндөр үр ашигтай ургамлуудыг тарьж нутагшуулах, үржүүлэх, шинжлэх ухааны үндэслэлийг судалж, боловсруулах үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж улс орны хэмжээнд өндөр чанартай үр нийлүүлэх явдал” хэмээн тодорхойлжээ.
Судалгаа шинжилгээний ажил 1973 оноос улам эрчимжиж гадаадаас импортлон авч байсан улаан лооль, өргөст хэмх, амтат чинжүү, тарвас, амтат гуа зэрэг таримлуудын үрийг үржүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэснээр эдгээр ургамлын үрээр улс орныг бүхэлд нь хангадаг болов. Тэр ч бүү хэл Бүгд Найрамдах Унгар Ард Улсын мэргэжилтнүүдтэй хамтран усан үзэм, персик зэрэг жимсний төрлийг ч нутагшуулах ажлыг хийж үзсэн байдаг. Эрдэм шинжилгээний үр дүнг түшиглэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах бригад байгуулан жил бүр 18-20 га газар өргөст хэмх, улаан лооль, амтат гуа, тарвас зэргийг тариалж таваарын болон үрийн ургац авч байлаа.
Эхийн голын баянбүрдийг түшиглэн байгуулсан эрдэм шинжилгээний салбар хүрээлэн 1985 он гэхэд тухайн үеийн ханшаар дөрвөн сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл гэсэн хоёр хэсгээс бүрдсэн 100 гаруй ажилтан, албан хаагчтай болж өнөөгийн бидний ойлголтоор томоохон компанийн хэмжээнд хүрсэн байж. Ажилтан, албан хаагчдын 90 хувь илгээлтийн эзэд байсан юм.
Захидлаас төрсөн бодол
Миний өмнө Сэгс цагаан богдын ар хормойгоос ирсэн захидал байна. Мэдээж тэмээчин бүсгүйгээс биш. Харин ногоочин, жимсчин залуусаас ирсэн захидал. Цаг хугацааны эргүүлэгт гацаж байгаад ирсэн мэт захидлын огноо 1988 он гэжээ. Тухайн үед “Үнэн” сонины 1988 оны дугаарт хэвлэгдсэн захидал үүргээ гүйцэтгэсэн. Хэдийгээр нийгмийг тэр чигээр нь атгасан нэг намын хатуу гарын барьц суларч, өрнө зүгээс өөрчлөлтийн салхи сэвэлзэн бүхий он цаг ч гэлээ намын аппаратыг хурцаар шүүмжлэх зориг иргэдэд төдийлөн төрөөгүй л байсан үе.
З.Олонбаяр тэргүүтэй илгээлтийн эзэн залуус “Эхийн голоос илгээсэн захидал”-даа Эрдэм шинжилгээний салбар хүрээлэнгийн удирдлагын баг бүрэлдэхүүн болон Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үүрийн ажил урагшгүй байгаа тухай хурцаар шүүмжилж, залуусын нийгмийн асуудлыг шийдэх гарц гаргалгааг өөрсдөө санаачлан хэрэгжүүлмээр байгаагаа бичиж ирүүлжээ. Хүн байгаа газар асуудал байдаг. Хүний нийгмийн асуудалд шинэ хуучин гэж байдаггүй тул уг захидлын агуулга одоо ч хүчинтэй гэмээр. Мөн уг захидалд МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Б.Дэжид ирж Эхийн голын эрдэм шинжилгээний станцын үйл ажиллагаатай танилцаад явсан тухай өгүүлээд “Түүнд манай удирдлагын танилцуулсан зүйлс худал бөгөөд ажил дээрдсэн нь үгүй” гэж шүүмжилжээ. Шүүмжлээд зогсохгүй дарга нь огцорсноор энэ хэрэг намжив.
Тухайн үед намын үзэл суртлын гол зэвсэг болж байсан “Үнэн” сонины хуудсанд Улс төрийн товчооны гишүүнийг далд агуулгаар шүүмжилсэн захидал нийтэлнэ гэдэг олон залуусын зүрхэнд өөрчлөх итгэлийн галыг асаасан байх хэмээн бодно. Ямартай ч үүний дараахан “Дарханы хагарал” гэж нэрлэгдсэн асуудал үүсэж Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн дарга нараа шүүмжлэн огцруулж байсан түүх бий. Нэгэнтээ Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Догмид “Монголд ардчилсан хувьсгалыг “Үнэн” сонин эхлүүлсэн юм шүү. “Ардчилал”-ын анхны салхи “Үнэн” сониноос, тэр тусмаа Л.Түдэв даргын өрөөнөөс сэвэлзэж эхэлсэн” хэмээн өгүүлж байсан нь үүгээр нотлогдох мэт.
Захидлын талаар өгүүлсэн нь өөр учиртай. Тэртээ 40-өөд жилийн өмнө залуу илгээлтийн эздийн нэг байсан З.Олонбаяр мөн л төрж өссөн нутаг орныхоо төлөө сэтгэлээ чилээн манай редакцын хаалгыг татсан юм. Эхийн голын баянбүрд дэх эрдэм шинжилгээний салбар өнөөдөр байхгүй ч гэлээ эх болсон байгальдаа хайртай нутгийн ард олон байж л таарна.
Нийгмийн шилжилтээс хойш нутгийн тариаланчид тухайн бүсэд хүнсний ногоо, өргөст хэмх, улаан лооль, чинжүү, тарвас, амтат гуа, бөөрөнхий сонгино зэрэг хүнсний ногооны тариалалт эрхэлсээр байгаа бөгөөд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн хүртэл гаргаад амжжээ. Хэдийгээр баянбүрд ч гэлээ говь нутгийнхны адил усаа хайрлах нь “Эхийн гол” багийнхны сэтгэл. Анх 1973 онд эрдэм шинжилгээний салбарыг усжуулалтын системийн хамт байгуулсныг тариаланчид ашиглаж байв.
Гэвч 2013 оноос хойш уг системийн нэгдүгээр усан сан усны сэлгэлт байхгүйгээс замагжиж, бохирдол хуримтлагдсанаар сүүлийн арваад жилийн турш ашиглаагүй байж. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн голын баянбүрдийг сэргээх, жимс ногоо тариалалтыг дэмжих урт хугацааны төслийг орон нутгийн уул уурхайн компанитай хамтран хэрэгжүүлэхээр болж нутгийн тариаланчдын санал, хүсэлтээр Эхийн голын услалтын системийг засварлаж дуусжээ.
Шинэжинст сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Баянхөндий” төслийн багаас нэгдүгээр усан сангийн гаргалгааны шугам хоолойд хаалт суурилуулж, усан санг хэвийн ажиллагаанд шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэснээр уг усан санг 11 жилийн дараа дахин ашиглаж эхэлсэн байгаа юм. Одоо нутгийнхны хувьд усан сангаа нарийн ногоо, жимс жимсгэний тариалалтдаа зориулан ашиглах хүсэлтэй.
Социалист нийгмийн үед байгуулсан эрдэм шинжилгээний салбарыг сэргээн байгуулдаггүй юм гэхэд энэ талын судалгаа шинжилгээ хийх эрдэмтэдтэй хамтран ажиллаж, импортоор авдаг нарийн ногоог тарьж ургуулах боломж байгааг дуулгалаа. Хамгийн гол нь тэдэнд туршлагатай ногоочид, нөөц, бааз суурь нь байгаа тул бүрэн хүчин чадлаар нь ашиглахад төр, засгаас ямар гарц гаргалгаа байгааг асууж байна билээ. Эхийн голын баянбүрд экологийн өвөрмөц тогтоц, эко системийн сонирхолтой судалгаа, ховор амьтан ургамалтайгаа эрдэмтэн судлаачдаа хүлээж байгаа гэнэ.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна