МАН-аас санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “AGENDA-2.0” хөгжлийн стратеги хөтөлбөрийг олон нийтэд танилцуулж эхэллээ. Хүний нөөц, ногоон хөгжил, хиймэл оюун ухаанд суурилсан “AGENDA-2.0” хөгжлийн хөтөлбөрийг нийслэлийн есөн дүүрэг болон аймгийн намын хороодоос эхлэн танилцуулах бөгөөд цаашид нийгмийн сигмент бүрд хүрч, үе шаттайгаар мэдээлэл түгээснээр улс орон даяар танилцуулахаар төлөвлөжээ. Үндэсний хэмжээнд өрнүүлэх уг ажлыг Баянзүрх дүүргийн МАН-ын хорооноос эхлүүллээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчид болон Хяналтын хорооныхон, дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөлөл болон тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Алтай танилцуулга, мэдээлэл өгсөн юм. Харин Стратеги академийн захирал Д.Дэмбэрэлдорж уулзалт, хэлэлцүүлгийг хөтлөн явуулсан бөгөөд МАН-ын үнэт зүйлсийн талаар илтгэл хэлэлцүүлж, сургалтад оролцогчидтой чөлөөт байдлаар санал солилцлоо. Харин УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан Ё.Отгонбаяр анхны долоогийн үйл хэрэг, түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар сонирхолтой түүхэн баримтат мэдээллийг хуваалцаж, зарим асуултад хариулт өгсөн юм.
Баянзүрх дүүргийн ИТХ-аас ЗА сургалтын арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр төв намын удирдлагууд хүрэлцэн ирж, мэдээлэл өгч, сонирхолтой илтгэл хэлэлцүүлгийг өрнүүлсэн нь энэ байлаа. Тус уулзалтад УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ч.Мэндсайхан болон эрдэмтэн, судлаачид, эдийн засагчид, салбар бүрийн мэргэжилтнүүд өргөнөөр оролцов.
МАН-ын ирээдүйн хөгжлийн хөтөлбөр, зорилго, зорилт болон намын үзэл баримтлал, үнэт зүйлс, дүрмийн шинэчлэл, намын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлогын шинэчлэл, намын гишүүд дэмжигчдийн оролцоо, хүрээг өргөтгөх зэрэг олон шинэчлэлд зорьж буй “AGENDA-2.0 хөгжлийн хөтөлбөрийн талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Алтай “Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт, семинарын үйл ажиллагаанд оролцох үеэр танилцуулга, мэдээлэл өглөө. МАН ирэх намар 31 дүгээр Их хурлаа хийнэ. Энэ хурлаар бид манай намаас дэвшүүлж буй “AGENDA-2.0” хөтөлбөрийн талаар журмын нөхдийн хамт танилцуулга хийлээ. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь МАН-ын зүгээс гурван томоохон шинэчлэлд анхаарч, Их хурлаараа хэлэлцэхээр зорилго тавиад бэлтгэл ажлыг хангаж байна. Нэгдүгээрт, хүний нөөцийн шилжилт, хоёрдугаарт, ногоон шилжилт, гуравдугаарт, хиймэл оюун ухааны шилжилтийн талаар хөтөлбөр дэвшүүлээд Их хурлаараа хэлэлцэхээр бэлтгэж байгаа юм” хэмээн тодотгосон.
Х.Алтай: “Анхны долоо” сан хүүхэд залуучуудын боловсролд чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөсөн
Түүнчлэн МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Алтай МАН-ын дэргэд байгуулсан “Анхны долоо” сангийн үйл ажиллагааны талаар гүйцэтгэх захирлын хувиар танилцуулга, мэдээлэл хийсэн юм. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн суут жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг тохиолдуулан “Анхны долоо” санг байгуулснаа зарласан билээ. Их жанжны мэндэлсэн өдөр болох хоёрдугаар сарын 2-нд МАН-ын дэргэд байгуулж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлсэн тус сангийн талаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид түүхэндээ үргэлж хүндэтгэлтэй хандах ёстой. Түүхэндээ хүндэтгэлтэй хандсан улс бүхэн илүү удаан хугацаанд оршин тогтнодог. Тийм учраас Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан тогтолцоо үеийн үед оршин тогтнох үзэл санааг МАН маш томоор харж байна” хэмээн онцлон тодотгосон байдаг.
Түүхэнд 1921 оны Ардын хувьсгалын анхны долоо буюу Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Догсом, Х.Чойбалсан, Д.Лосол нарын намтар, замнал, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан зориулсан анхны долоогийн түүхэн гавьяаг хүндэтгэн МАН-ын санаачилгаар “Анхны долоо” санг байгуулсан билээ. “Анхны долоо” сан нь үндсэн долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэдгийг МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Алтай товч танилцуулсан. Тэрбээр энэ тухайд “Сангийн үйл ажиллагаа үндсэндээ нийгэмд чиглэсэн байх юм. Миний бие энэ сангийн гүйцэтгэх захирлаар хавсран ажиллана. Сангийн тухайд эхний ээлжид хүүхэд залуучуудын боловсролд чиглэсэн олон талт ажлыг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, бид энэ сангаар дамжуулан тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, тэтгэлэг олгож ажиллана. Ингэхдээ зөвхөн дотоодын гэлтгүй гадаадын их, дээд сургуулийн боловсрол олгох ажлыг хийхээр төлөвлөөд байна. Бид бүхний төлөвлөж буйгаар 2028 он хүртэл жилдээ 100 буюу дөрвөн жилийн хугацаанд 400 хүүхдийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан сургах зорилго тавиад ажиллаж байна” гэлээ.
Уулзалт, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “2024 оны шат шатны сонгуульд Баянзүрх дүүргийн МАН амжилттай оролцсон. УИХ-ын таван суудлаас дөрөв, Нийслэлийн ИТХ-ын 10 суудлаас ес, дүүргийн ИТХ-ын 43 суудлаас 38 суудал авч, үнэмлэхүй олонх болон ажиллаж байна. Баянзүрх дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчдөд МАН-аас дэвшүүлж буй “AGENDA 2.0” хөгжлийн хөтөлбөрийн талаар танилцуулж, мэдээлэл өгсөнд талархсанаа илэрхийлье. Дөрөвдүгээр сар бол МАН-ынхны хувьд их онцлогтой сар. Энэ өдөр буюу 1997 оны дөрөвдүгээр сарын 4-нд манай намын бүх шатны сонгуульд голлох үүрэг, өндөр үүрэг хариуцлагатайгаар оролцдог МАН-ын дэргэдэх Залуучуудын холбоо байгуулагдсаны 28 жилийн ой боллоо. Мөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хуучнаар Найрамдлын район, өнөөдрийн Баянзүрх дүүргийн маань 60 жилийн ой тохионо.
Мөн 1925 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн МАН-ын хороо анх үүсгэн байгуулагдсан түүхтэй. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 27-нд Нийслэлийн МАН-ын хороо үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой мөн тохионо. Эдгээр ойн баярын мэндийг та бүхэндээ хамтатган хүргэе” гэлээ. Цаашид МАН-ын хөгжлийн стратеги “AGENDA-2.0” хөтөлбөрийг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 суманд хүргэж намын нийт гишүүн, дэмжигчдийн хүрээнд томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/-ын үргэлжлэлийг ЭНД-ээс уншаарай
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна