Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер Э.Пүрэвжав усан доор нэг багц буюу 52 ширхэг хөзрийг дарааллаар нь 49 секундэд тогтоож алдаагүй санаснаар Гиннессийн дээд амжилт тогтоосон билээ. Түүнээс өмнө уг төрлийн дээд амжилт 2:22 минут байв. Гиннессийн шинэ амжилтын эзэн Эрдэнэсайханы Пүрэвжавыг “Монгол бахархал”-аар онцолж байна.
Усан дотор хөзөр цээжлэх төрлийг онцлон сонгосон тухайгаа “Энэ бол оюуны спортын сонирхолтой бас шаггүй төрөл. Усан дотор амьсгаа авахад бэрх, анхаарлаа төвлөрүүлэх хэцүү байдаг. Тийм нөхцөлд цээжилнэ гэдэг амаргүй. Энгийн орчинд буюу өрөөнд хөзөр цээжлэхэд 20 секунд хангалттай. Өөрийгөө сорихоос гадна дээд амжилтыг нь эвдэхийг зорьсон. Америкийн тамирчин өмнөх амжилтыг нь 2:22 минутаар 2021 онд Гиннессийн амжилт тогтоож байв. Би энэ хугацааг гурав дахин багасгалаа. Сар гаруй хугацаанд бэлтгэл хийсэн. Гиннессийн хороонд энэ төрлөөр дээд амжилтыг шинэчлэх хүсэлт илгээхэд шүүгчдийн хяналтад гүйцэтгэх санал тавьсан юм. Тэр тохиолдолд арай илүү төлбөртэй учир Гиннессийн хорооноос өгсөн зааварчилгааг дагасан.
Ингэхдээ тодорхой заасан тооны үзэгчдийг байлцуулан бичлэг хийж албан ёсны цахим шуудан руу нь илгээсэн. Гэрчүүдээс гадна бичлэгээр давхар нотолж байгаа юм. Усан дотор гэдэг нь олон нийтийн усан санд ямар нэгэн амьсгалын төхөөрөмж, технологи ашиглахгүй гүйцэтгэх ёстой. Намайг даалгавраа гүйцэтгэх явцад хажууд хүмүүс сэлж, чимээтэй байсан нь цээжлэх хурдад нөлөөлсөн” хэмээв. Тэрбээр ой тогтоолтын спортоор 2014 оноос идэвхтэй хичээллэсэн.
Тухайн жилдээ Хятадын Хайнаньд болсон ДАШТ-ий хөзөр цээжлэх төрөлд түрүүлсэн бол 2016 онд улсын аварга болж байв. Өдгөө улс, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаануудаас 140 медаль, 15 цом хүртжээ. Дэлхийн аваргын тэмцээнд 2019 онд түрүүлж, хамгийн залуу буюу 16 насандаа олон улсын их мастер цолыг хүртэж байлаа. Энэ мэт олон улсын тэмцээнд тогтмол дээгүүр байр эзэлж ирсний дотор 2018 онд Макаод болсон “World Memory Tour” тэмцээнд түрүүлжээ. Хамгийн сүүлд 2024 оны арванхоёрдугаар сард Истанбул хотод Дэлхийн оюуны спортын холбооноос зохион байгуулсан ой тогтоолтын ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн юм. Э.Пүрэвжав МУИС-ийн Хуулийн сургуулийг дүүргэсэн бөгөөд өдгөө Австралийн Сидней хотод ажиллаж, амьдардаг.
Монголчуудын ой тогтоолтын онцгой арга барил
Аавтайгаа оюун ухааны академид ирсэн өдрөө хэзээ ч мартдаггүй гэнэ. Баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлж, бүтээлчээр сурах боломжийг бүрдүүлж, юмыг олон талаас нь харах чадварт өдрөөс өдөрт суралцсаар. Зөвхөн тоо бодох, хөзөр тогтоох, цээжилж байгаа нь мөсөн уулын орой буюу ил харагдах хэсэг. Үүний цаана оюуны олон суурь чадваруудаа хөгжүүлжээ.
Ялангуяа анхаарлаа төвлөрүүлэх, сууж сурах, бүтээлчээр сэтгэж сурав. Хичээллэх бүр энэ спортоор дэлхийд амжилт гаргасан тамирчин болох хэтийн зорилго тавьжээ. Энэ хугацаанд улсын аварга, Ази, дэлхийн аварга, оюуны олимпын тэмцээнд оролцон чансаагаа ахиулсаар л байлаа. Ой тогтоолтын арван үндсэн төрөл байдгаас үг цээжлэх төрөлд эхэн үедээ амжилттай оролцсон. Дээд амжилтыг эзэмшсэн ч удалгүй эх орон нэгт тамирчиндаа алджээ. Ингэлээ гээд шантарч халширсангүй оюуны олимпт ухаан сорилоо. Дөрвөн жилдээ нэг удаа болдог уг тэмцээнээс 2016 онд мөнгө, хүрэл медаль хүртэн хувийн үзүүлэлтээ ахиулжээ. Ой тогтоолтын спортыг 1991 онд оюуны зураглалын зохиогч, тархи судлаач Тони Бюзан болон шатрын их мастер Рэймонд Кийн нар үндэслэсэн. Тэдний зохиосон тэмцээний 10 төрлөөр одоог хүртэл улс, олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулж байна. Өдгөө 40 гаруй улсын тамирчид өрсөлддөг.
Манай улсад эрчимтэй хөгжиж байна. Монголын оюун ухааны академийн тамирчид 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг дархалжээ. Хоёртын тоолол төрлийн тэмцээн бүрд эхний байруудыг монгол хүүхдүүд эзэлдэг. Гадаадын тамирчид хоёртын тооллоор монголчууд түрүүлдэгтэй хэдийнэ эвлэрчээ. Манай тамирчдын медалийн буухиа, монгол хүний оюуны чадамж, багш нарын заах арга зүйтэй холбоотой эсэхийг лавлавал “Аль аль нь бий. Гэхдээ аливааг хурдан сурдаг монгол хүний давуу чанар байна.
Мөн бусад улсын тамирчдаас ялгарах ой тогтоолтын арга барилтай. Гаднын тамирчид, дасгалжуулагч багш нар манайхнаас энэ талаар их сонирхож асууна. Бас биднээс суралцахыг хүсдэг. Ой тогтоолтын арван төрлийг монгол тамирчид арай өөрөөр цээжилдэг” гэсэн юм. Монголд хөгжөөд тун бага хугацааг туулсан ч бид Азийн хамгийн чанга, хүчтэй өрсөлдөгч болжээ. Ой тогтоолт, оюуны спорт гадаадын тамирчдын амьдралын нэг хэсэг. Гэтэл манай тамирчид ой тогтоолт, оюуны спортыг чөлөөт заваараа, ажил хөдөлмөр, хичээл сургуулийнхаа хажуугаар суралцдаг ч дэлхийд үнэлэгдэж чадахуйц хэмжээнд чанга өрсөлдөгчид байна гэдэг чамлахааргүй амжилт.
Шавийн эрдэм багшаас
Оюуны экспорт хийх урилга саналыг 20 гаруй улсаас Монголын оюун ухааны академид ирүүлсэн. Энэ бол Монголоос боловсролын экспорт хийх бололцоо бүрдсэний илэрхийлэл. Э.Пүрэвжав Монголын Оюун ухааны академийн Сиднейн салбарын багш. Дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэн хүүхэд, залуусыг дотоод, гадаадын тэмцээнд оролцон өөрийгөө сорьж байна. Оюуны хөгжлийн олон талт сургалтыг чадвартай, мэдлэгээ бусдад хуваалцан, шинжлэх ухааны үндэслэлтэй, онол практикийг хослуулан зохион байгуулж оюуны онцгой чадваруудыг эзэмшүүлдэг.
Нэг жилийн хугацаанд бэлтгэсэн шавь нар нь “French Open Memory Championship 2025” тэмцээний өсвөрийн ангиллын бүх медалийг авсныг дурдах нь зүйтэй. Оюун ухааны спортын төрөлд дээгүүр бичигддэг Европын тамирчидтай өрсөлдөж, илүүрхэж чадсан шавь нараараа эрхгүй бахархжээ. Монгол хүүхдүүд авах боломжит 30 медалийг хүртсэн нь дасгалжуулагчийн ур чадварыг харуулна. Сурсан эрдмээрээ дэлхийн рекордыг шинэчилж бахархалтай амьдрах сайхан. Магадгүй баргийн хүний мэдэхгүй ой тогтоолтын аргыг алхам тутам, өдөр бүрийн амьдралдаа ашигладаг эсэх нь сонирхол татдаг. Эргэлзээг тайлсан асуултын хариуд “Өөрийгөө хөгжүүлэх сайхан. Одоо үед залуус тархиа бага ажиллуулж, технологид хэт автаж байгаад шүүмжлэлтэй ханддаг.
Багш болохоор хувийн амжилтаас илүү шавь нартаа анхаардаг юм байна. Шавь нартаа өөрийнхөө жишээг ярих дуртай. Анх есдүгээр ангиасаа ой тогтоолтоор хичээллэж, 12 дугаар анги хүртлээ сурснаа амьдралд бодитоор хэрэгжүүлж байгаагүй. Зөвхөн тэмцээн уралдаанд л ашиглаж явсан. Ахлах ангиа төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалтаа нийгэм судлалаар өгсөн юм. Шалгалтад гурван сар хэртэй л бэлдээд 780 оноо авсан. Энэ бол ой тогтоолын аргыг амьдралдаа ашиглаж болох нэг жишээ. Цаашлаад утас, дансны дугаар цээжилж болно. Хэрвээ хүн хүсвэл технологиос илүүг хийж чадна. Хүүхдүүд хичээлээ давтахдаа ой тогтоолтын аргаа ашигладаг.
Сурагчид үелэх систем, томьёо, гадаад үг цээжлэхдээ үр дүнтэй ашиглаж байна. Ой тогтоолтын арга сурсан тамирчин ч гэсэн мах цусанд төрсөн хүн учраас бусад зүйлд сатаарна, цээжилснээ дараа нь мартдаг. Хэрвээ шинэчлэх гэж байсан, хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй бол урт хугацааны санах ойдоо хадгалдаг. Жил өнгөрсөн ч би санана. Хүн бүрд урт болон богино хугацааны санах ой байдаг. Хэрэггүй гэж үзсэн мэдээллээ богино хугацааны санах ойдоо хадгалдаг. Уг нь бол тархи хөгширдөггүй эрхтэн. Харамсалтай нь бид насанд хүрээд тархиа хөгжүүлэлгүй зөнд нь хаядаг. Тавин нас хүртлээ тархиа хөгжүүлж, дасгалжуулбал зөнөгрөх зэрэг өвчнөөс хол байна” хэмээлээ. Хүний тархи ийм ухаалаг санах ойтой байдаг аж. Зөвхөн энэ спорт гэлтгүй оюунаа хөгжүүлэх, өөрийгөө нээх спортоор хичээллэвэл амжилт гаргах боломж байгааг үеийнхээ залууст уриалах дуртай аж. Сэтгэхүйн хурдыг шавь нартаа эзэмшүүлж, оюуны хүрдийг дэлхийд таниулах их үйлсэд нь амжилт ерөөе.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна