Х.Номин-Эрдэнэ: Хичээсэн хүнийг хувь заяа шагнадаг


Академийн шагнал хүртсэн анхны сонсголгүй эмэгтэй жүжигчин Марли Мэтлин хичээвэл хэн ч зорилгодоо хүрдгийг 20 гаруйхан насандаа харуулсан нэгэн. Сонсголгүйн хөгжлийн ялгаа нь чихэнд бус хүний оюун санаанд байдгийг бүх дэлхийд илэрхийлж чадсан нь өдгөө олон хүний амжилтын эхлэл болсныг өгүүлэх нь олонтаа. Үүний нэгэн адил урмаар тэтгэгдэн бусдадаа биеэр үлгэрлэн яваа Х.Номин-Эрдэнийг сониныхоо энэ дугаарт урьж ярилцлаа.

 

-Одоогоос хоёр жилийн өмнө таныг монгол үндэсний хувцастай загварын тайзан дээр гарахыг харж байлаа. Олон хүний өмнө, тэр тусмаа загвар зохион бүтээгчийн ур ухаанаа шингээн урласан хувцасны онцлогийг сурамгай үзүүлэхийг хараад “нүүр хагарсан” модель юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн шүү?

-Баярлалаа. Эсрэгээрээ тухайн үед би анх удаа загварын тайзан дээр гарсан. Айдас, сандрал давхцаж дотроо “шатаж” байсан гэвэл илүү дөхөх байх. Гэхдээ олон хүний өмнө гоё сайхныг үзүүлэхээр гарсан хүн муухай харагдаж болохгүй. Аль болох төлөв төвшин байхыг хичээсэн нь үр дүнгээ өгсөн. Гэр бүл, найз нөхдийн өгсөн зөвлөгөөг санаж тухайн үед өмссөн хувцасныхаа онцлог байдлыг аль болох олон хүнд харуулж, мэдрүүлэхийг хүссэн юм. Би хүүхэд байхаасаа загварын шоу үзсэн. Моделиудын алхаа, нүдний харц, биеийн хэлэмж гээд бүх зүйл нь надад сонирхолтой санагддаг. Дэлхийн загварын орднуудын улирлын чанартай шоунуудыг аль болох алгасахгүй үзэхийг хичээдэг. Нэг зүйлийг олон удаа давтахаар багахан хэсэг нь ч атугай хүний ой тойнд суудаг. Загварын шоу үзсээр байгаад зарим зүйл нь нүдэнд хоногшсон юм болов уу. Загвар үзүүлэхээр тайзан дээр гарахдаа өөрийгөө байх ёстой газраа байна гэдгийг ойлгосон. Энэ ташрамд, намайг дэмжсэн Монголын сонсголын бэрхшээлтэй мистер, миссүүдийн холбоо, ивээн тэтгэгчээр ажилласан “Сэтгэлийн дэм сан” ТББ-ын тэргүүн Т.Гунгаамаа болон “Icon Model&talent management” агентлагийнханд  баярлаж талархсанаа илэрхийлье.

-Төгс төгөлдрийн тэмүүлэл, өнгө будаг, ур хийцийн урлан болсон Итали улсад болсон тэмцээнд оролцохдоо та өөрийгөө илүү “задалж” өгсөн шиг санагдсан. Миний энэ дүгнэлт зөв байсныг одоо танаас харж байна?

-Хилийн дээс алхаж үзээгүй охин мөрөөдлөө биелүүлэхээр зориг гаргахдаа анхны алхмаа Итали улсад хийсэн. Миний бодсоноос тэс өөр ертөнц намайг угтсаныг санаж байна. Хүмүүс соёлын шок гэж ярьдгийг тэр үед би мэдэрсэн юм. Тухайн үед “Miss & Mister Deaf Universe 2023” тэмцээн Итали улсын Галлиполи хотод болж Монгол Улсаа төлөөлөх болсон нь миний хувьд ховор тохиох боломж байсан. Их ч урам зориг орсон байх. Олдож байгаа боломжийг алдахыг хүсээгүй. Өөрт байгаа бүхнээ дайчилж олон улсын мисс, мистерүүдтэй нэг тайзан дээр гарсан. Хичээсэн хүнийг хувь заяа шагнадаг гэдэг. Би тэр үед тэмцээний усны хувцастай гэрэл зургийн төрөлд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн. Тэмцээний нийлбэр дүнгээр шилдэг гурван оролцогчийн нэг болж төрийн далбаагаа хэдэнтээ мандуулж байв. Олон улсын энэхүү тэмцээний зорилго сонсголын ялгаатай хүмүүсийг ялгаварлан гадуурхах үйлдлийг багасгах, дохионы хэлний соёлыг олон нийтэд сурталчлахын зэрэгцээ сонсголгүй иргэдийн оролцоог ижил тэгш хангах байсан. Дэлхийн 17 улс орны төлөөлөл болсон 80 гаруй оролцогч дээр дурдсан зорилгыг хамтдаа биелүүлэхийн төлөө хичээсэн гайхалтай үйл явдлын гэрч болсон нь одоогоос хоёр жилийн өмнөх үйл явдал.


-Монгол бол хөх тэнгэрийн орон гэдгийг таны өмссөн үндэсний хувцсыг хараад хэн ч ойлгохоор байсан. Олон зүйлийн талаар бодолцож хийсэн сонголт болох нь харагдаж байлаа?

-Италид тайзан дээр гарахдаа монгол үндэсний хувцас зүүсгэлийг аль болох иж бүрнээр нь үзэгчдэд харуулахыг зорьсон. Таны хэлсэнчлэн монгол бол хөх тэнгэрийн орон. Үндэсний хувцас нь уран шаглаа ихтэй. Эмэгтэй хүний ихэмсэг төрхийг гүн гүнзгий тодотгодгоороо үзэмж төгс харагдуулдаг гээд олон зүйлийн талаар бодолцож сонгосон. Намайг үндэсний хувцастайгаа тайзан дээр гарахад үзэгчид алга ташилтаар хүлээн авсан. Тайзны энэ тэндээс гэрэл зурагчид зураг авч намайг багагүй хугацаанд сандаргаад амжсан шүү. Тийм үед хүн түүх соёл, өв уламжлалаараа өөрийн эрхгүй омогшдог юм билээ.

-Тэгвэл усны хувцастай үзүүлбэр ямар санагдсан бол?

-Эргэлзээ, “Чадах болов уу” гэсэн бодлоор эхэлсэн. Тайзан дээр гарахаасаа өмнө алчуураар биеэ хаагаад хэсэг хугацаанд тээнэгэлзсэний эцэст алхахаар шийдсэн. Тэр үед хамт байсан хүмүүс “Ичих хэрэггүй, бүгд адилхан усны хувцастай байгаа учраас зоригтой бай” гэсэн учраас ухрахыг хүсээгүй байх. Тайзан дээрх эхний хэдэн секундэд эргэлзээ арилаагүй. Харин хүмүүсийн үзүүлж байгаа үйл хөдлөл, хариу үйлдлийг хараад айж сандрах ямар ч шаардлагагүйг ойлгосон. Зориг орж дараа нь зураг авахад позоо оновчтой авсан учраас шүүгчид намайг магтаж байлаа.

-Тэмцээнд оролцсоноор олон найзтай болсон байх. Бас тэднээс олон зүйл сурсан болов уу?

-Итали явахаас өмнө миний олон улсын дохионы хэл тийм ч сайн байгаагүй. Бусадтай ойлголцоход амаргүй байлаа. Тэмцээнд оролцож олон найзтай болсноор олон улсын дохионы хэлээ сайжруулсан. Одоо ч бусдаас суралцсаар байна. Италид танилцсан найзуудтайгаа интернэтээр холбогдож тэдэнтэй олон улсын дохионы хэлээр ярилцдаг.

-Галлиполи үзэсгэлэнтэй хот. Эртний соёл, барилга байгууламжийн уран хийц гээд үзэх зүйл олонтой газар оронтой танилцаад төрсөн сэтгэгдэл юу байв?

-Юуны түрүүнд өөрт ирсэн боломжийг бусдадаа хэлэх, танилцуулахыг хүссэн. Галлиполи хотоор аялахад яг л музей үзэж байгаа юм шиг санагдаж байлаа. Өмнө нь далай харж байгаагүй учраас сэтгэл их хөдөлсөн. Ер нь олон гэрэл зурагтай буцаж ирсэн шүү.

-“Miss & Mister Deaf Universe” тэмцээнд оролцсоноор танд өөр ямар боломж нээгдсэн бэ?

-Ямар нэг боломж гэхээсээ илүү би өөрийгөө олж нээсэн. Хичээвэл зорилгоо биелүүлэх боломжтойг ойлгосон нь миний хувьд том олз гэж боддог. Би ирэх зургадугаар сард Вьетнам улсад болох Азийн шилдэг мисс шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Анхны тэмцээнээс багагүй туршлага хуримтлуулсан болохоор одоо шилдгүүдийн нэг болно гэсэн зорилготой яваа. Олон улсын тэмцээний даашинзтай гараа, үндэсний хувцасны үзүүлбэр, чөлөөт хувцастай алхаа зэрэг хэсэгт  тайзан дээр гарна. Өөр нэгэн зүйл нь өөрөө хувцас бүтээж оролцоно. Хаягдал зүйл, цаас зэрэг гар доорх материал ашиглан хувцас бүтээж энэ удаагийн тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. 

-Зоригловол болдог юм байна гэдгийг та бусдадаа үлгэрлэн харуулж байна?

-Эхний алхмаа хийх л хамгийн чухал юм билээ. Мэдээж би одоо ч гэсэн суралцсаар явна. Бага сага зүйл мэддэг болсон учраас анх гаргаж байсан алдаагаа давтахгүй. Олон улсын тэмцээнд амжилттай оролцохын төлөө хичээх болно. Сонсголгүй хүмүүст зориулсан загварын агентлаг нээж багшлахын төлөө илүү ихийг сурч мэдэх зорилго тавиад урагш алхаж байна.


Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины т… 16 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан … 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчим… 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн ба… 17 цагийн өмнө
Монголын циркчид тоглолтоо хийнэ 18 цагийн өмнө
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэли… 18 цагийн өмнө
Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уу… 22 цагийн өмнө
Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж,… 22 цагийн өмнө
Потомакийн их сургуультай боловсрол, судалгаа, чадавх, засаглал, техно… 22 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хамгийн сайн ажиллаж байгаа бүсийн зөвлөл… Өчигдөр
Дуучин Э.Минжинсор, Э.Номин-Эрдэнэ нар "Ганцхан" тоглолтоо хийнэ Өчигдөр
“AGENDA-2.0” хөгжлийн хөтөлбөрийг улс орон даяар танилцуулна Өчигдөр
Дахин төлөвлөх “20 минутын хот”-д оршин суугч төвтэй орчныг бүрдүүлнэ Өчигдөр
Х.Номин-Эрдэнэ: Хичээсэн хүнийг хувь заяа шагнадаг Өчигдөр
Эрдэмтдээ хүлээсэн Эхийн голын баянбүрд Өчигдөр
“Хөх Зэв”-ийг Японд хүргэсэн брэнд бүтээгч Өчигдөр
Дээд амжилт шинэчлэгч Өчигдөр
Гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур, хийн түлшээр ажилладаг төхөөр… Өчигдөр
Экспортын хэмжээ нэмэгдэж, валютын нөөц таван тэрбум долларт хүрлээ Өчигдөр
Трампын тариф дэлхийн зах зээлийг савлууллаа Өчигдөр