УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ. Ингэснээр Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлж, С.Магнайсүрэнг Ерөнхий аудитороор томилохыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 80.6 хувийн саналаар дэмжиж, тогтоолыг баталлаа. Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Монгол Улсын Ерөнхий аудиторыг УИХ-ын даргын санал болгосноор нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасны дагуу Төсвийн байнгын хорооноос нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 7-ны өдөр зохион байгуулсан юм. Нэр дэвшигч Сандагийн Магнайсүрэн нь Эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил таван сар ажилласан байна. Төрд 27 жил ажилласан, түүнээс сүүлийн 10 жилд гурван яаманд Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж буй, Төрийн тэргүүн зэргийн түшмэл юм. Тухайлбал, тэрбээр 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль зүйн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан юм. Ийнхүү төрийн албанд анхан шатнаас нь эхлэн ажилласан туршлагатай түүнийг Ерөнхий аудитороор ажиллахыг олонх гишүүн дэмжсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Мерит зарчмаар явсан хүн очих их зүгээр байдаг. Аудитын хууль сайн шинэчлэгдсэн. Аудитын дүгнэлт углуургатай байдаг болсон. Меритээр явж байгаа хүн орж ирсэнд талархаж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Төрийн ажлын туршлагатай, мэргэшсэн хүн учраас талархалтай хандаж, дэмжинэ. Төрийн аудитын хууль шинэчлэгдээд удаагүй байгаа” гэсэн бол гишүүн Б.Бат-Эрдэнэ “Гурван яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай хүн Ерөнхий аудиторт томилогдох гэж байгаад баяртай байна. Цаашид энэ гурван яамтай холбоотой асуудал орж ирнэ. Үүн дээр ноён нуруу гаргаж, хараат бус ажиллаарай. Аудитын зөвлөмжийг хэрэгждэг байх тал дээр анхаараарай гэдгийг л аминчлан захимаар байна” гэлээ.
С.Магнайсүрэн гишүүдийн асуултад хариулахдаа “Аудитын газар 21 аймаг, нийслэл гээд 23 байгууллагын бүрэлдэхүүнтэй. Орон нутагт 400 орчим, төвдөө 200-гаад орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Бүтэц, зохион байгуулалтын хувьд одоо ярих боломжгүй байна. Аудитын дүгнэлт, хэрэгжилтэд онцгой анхаарах ёстой гэдгийг гишүүд хэлж байгаа. Тиймээс энэ чиглэлийн бүтэц, орон тоо чиглэж магадгүй. Гишүүдийн ярьсан бүх санал дээр эргэж нэг бүрчлэн танилцаж, хувь гишүүдэд танилцуулна гэж бодож байна. Аудитын цар хүрээ төсөв нэмэгдэх тусам нэмэгдэж байгаа. Тиймээс тэр болгонд хүрч ажиллах зохион байгуулалтыг сонгох ёстой. Төрийн аудитын байгууллагын нэг үүрэг бол төсвийн төлөвлөлтийг зөв болгох, орлогодоо уялдсан зарлагыг тооцож дүгнэлт гаргах, зарлагыг нэмэгдүүлэхгүй байх. Төрийн аудитын байгууллага төсвийн орлогыг сайжруулах, зарлагыг үр ашигтай батлуулах саналыг гаргаж хуулийн хугацаанд хүргүүлдэг. Аудитын байгууллага бодлогын баримт бичгүүдийг нийцүүлж, уялдаа холбоог нь хангаад дүгнэлтээ өгдөг. Гол нь асуудлыг шийдэх шийдэл нь УИХ, ИТХ-ууд дээр гарч байгаа. Орон нутгийн сангуудад болон төлөвлөгөөт аудит хийдэг. Сэдвийг Төсвийн байнгын хороон дээр баталдаг. 2025 онд 41 сэдэвт төлөвлөгөөт аудит хийхээр баталсан” гэдгийг хэлж байв.
Цэцийн дүгнэлтийг нягтлахаар хойшлуулав
Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Б.Болдбаатар танилцууллаа. Үндсэн хуулийн Цэц 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцсэн юм. УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн "... дутуу ..." гэснийг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр уг дүгнэлтэд дурдсан байна.
Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гишүүн Г.Уянгахишиг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн талаарх товч танилцуулгыг танилцуулаад, хэлэлцсэн гэв. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санап тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санап тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасны “… дутуу ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно" гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн хэмээн санал, дүгнэлтэд дурджээ. Байнгын хороодын дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, А.Ганбаатар, С.Зулпхар, О.Номинчимэг, Д.Энхтүвшин, Л.Мөнхбаатар, С.Даваасүрэн, Х.Баасанжаргал, Б.Найдалаа, Б.Батбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Монгол Улсын парламент нь улс төрийн намуудын төдийгүй газар нутгийн, жендэрийн тэгш байдлын, нийгмийн сонирхлын бүлгүүдийн, үндэстэн ястны төлөөллийг хангах шаардлагын хүрээнд, нэгдмэл улсын хувиар парламентыг Үндсэн хуульд заасны дагуу байгуулах шаардлагын хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд дээрх зохицуулалтыг тусгасан тул Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй Байнгын хорооны шийдвэрийг зүйтэй гэдэг байр суурийг зарим гишүүн илэрхийлж байв.
Харин Монгол Улсын Үндсэн хуулийг сахин биелүүлэх, хүний үндсэн эрхийг хангах үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдэг байр суурийг ч зарим гишүүн илэрхийлж байв. 1993 онд энэ төрлийн маргааныг Цэц хэлэлцэж байсан талаар гишүүд дурдаж байлаа. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналын дагуу Үндсэн хуулийн Цэцийн холбогдох дүгнэлтийн талаар нухацтай судлах, нягтлах шаардлагатай байгаа учир санал хураалтыг хойшлуулж буйгаа мэдэгдэв.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна