Хувцас бол нүд баясгаж, сэтгэл сэргээх урлагийн бүтээл. Бас эзнээ илэрхийлдэг нэгэн үнэлэмж билээ. Урласан хувцсандаа сэтгэлээ шингээж, үе дамжин эдлэх үнэт өв үлдээдэг үйлчин бүсгүйтэй ярилцлаа. “Байгаль” салоныг үүсгэн байгуулсан Б.Байгалмааг үйлчлүүлэгч нар нь “Уран гарт” хэмээн хүндэтгэдэг юм.
-Таван тансаг эдийн нэг торгоор үйл урлахыг нэгэн насны буян гэдэг. Хувцас загварын орон зайгаа эзэлсэн үйлчин болсон түүхээсээ хуваалцана уу?
-Дунд сургуулийн фартукаа үйлдвэрийн мэт оёод өмсчихдөг охин байлаа. Бидний үеийнхэн орос, завод фартукаар л гангарна. Завод гэдэг нь одоогийнхоор брэнд юм даа. Орос өлгийний цуглуулгын цагаан даавуугаар завод фартукаас ялгарахгүй оёно. Би оёсон гэж харж болохгүй. Тэр үндсэн зарчим намайг насан туршийн ажлаа хийхэд нөлөөлсөн. Дунд сургуулиа төгсөөд Эрхүүд автын инженер мэргэжлээр сурсан. Монголд ардчилал гарахтай зэрэгцэн охиноо төрүүлж, гэртээ ээжийн албыг хашиж байлаа. Оёдлын үйлдвэрт хэсэг хугацаанд ажилласан. Үйлдвэрийн машин дээр сууж үзээгүй хамгийн хэцүү дамжлагуудыг хийж сурсан. Нэг өдөр манай мастер жигтэйхэн гоё хослолтой ороод ирлээ. Асуутал “Засгийн газрын гишүүдийг хувцсыг эсгэдэг, Урт цагааны оёдолчин Алтай эгч оёсон” гэж яриад өнгөрсөн. Энэ зуур эсгүүрийн анхан шатны мэдлэггүй ч гэрээр юм оёдог байв. “Бурда” сэтгүүлийн голоос эсгүүр хайчилж аваад л оёно. Нөхөр маань “Чи мэдэхгүй байж айхгүй оёх юм аа. Хүний үнэтэй материалыг эвдчих вий” гэж санаа зовнино. Оёдлын газар нээе гэсэн санаа байвч өмд, цамц эсгэж чадахгүй учраас бизнес бүтэхгүй. Тэгээд нөгөө Урт цагааны оёдолчин эгчийг саналаа. Германд оёдлын технологийн мэргэжлээр төгссөн тэр хүнээр эсгүүр заалгуулсан. Тэр үед нөхөр маань БНСУ-д ажилд зуучлуулна гээд орон сууцаа барьцаалж авсан 3000 ам.доллар хүнд өгөөд алдчихсан хэцүү цаг байв. Хадам дүүгийнхээ хашаанд, Толгойтод амьдарч байсан. Оёдлын техник заах багшийн гэр хороололд. Багшийнхаа зав чөлөөнд нь тааруулж өглөө 06:00 цагт анхны автобусаар гэрт нь очно. Тэгээд өглөөний цайгаа бэлтгэхдээ хэлсэн үгийг нь нэг бүрчлэн бичиж авсан. Тэр дэвтэр надад одоо ч бий. Хүн харахад сургалтын танхимд, самбар дээрээс хуулсан мэт дэс дараатай. Машин техникийн загвар зурж байсан, инженер мэргэжилтэй учраас асуудалгүй зурчихна. Би эсгүүрийг тэгж л заалгасан. Дурлаж, хоббирч байсан учраас сурч чадсан.
-Салоноо хэдэн онд нээв. Хувцасны салон гэхээр хүмүүс ямар үйлчилгээ үзүүлдгийг тэр бүр мэдэхгүй. Оёдлоор л баримжаална. Та үйл ажиллагаагаа танилцуулна уу?
-Салоноо 2001 оны тавдугаар сард нээсэн. Багштайгаа ажилладаг байхдаа заалгасан томьёо бүрийг өөрийн болгосон. Ингэхдээ монгол хүний анатомид тааруулж заримыг нь бага зэрэг өөрчилсөн учраас миний оёсон хувцаснууд өөгүй таардаг. Бүхнийг хийж чадаж байвал салон. Оёдол, эсгүүр, хувцас, захиалга, засвар гээд цогц үйлчилгээ үзүүлдэг газар. Тансаг брэндийн хувцсанд ремонт буюу засвар хийдэг. Брэнд хувцсыг зоргоороо хайчлаад засчихдаггүй харьцаа нь алдагддаг. Тансаг зэрэглэлийн брэндийн ямар ч хувцсанд ремонт хийх хүн Монголд ховорхон. 22 жил өнгөрөхөд нэг ч удаа буурь сэлгээгүй. Харин ойрын хугацаанд томруулах бодолтой байгаа. Гадаадын салонууд шиг орчныг мөрөөддөг. Гоё, ганганд дуртай байнгын үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангах хэрэгтэй. Хувцсаа сольдог, кофе уугаад амардаг, бүтээлүүдээ тавьсан салоноо удахгүй нээнэ.
-Тансаг зэрэглэлийн брэндийн хувцсыг та хэрхэн үнэлдэг вэ?
-Хувцас эзнээ илэрхийлдэг. Тансаг брэндийн бүтээгдэхүүн үнэтэй. Олон жил үе дамжсан загварын ордныхны сэтгэл, оюун ухаан шингэсэн учраас үнэтэй, хүнд яв цав таарна. Биед суусан хувцсыг брэнд гэдэг. Өөрөөр хэлбэл, эсгүүр, материал, техник дээд зэргийн байж хувцас цэцэг шиг дэлбээлдэг. Тийм брэнд өмссөн хүн хаана ч сэтгэл хангалуун явж, олны харцыг булаана. Үүнийг л манай нийгэм ойлгох хэрэгтэй.
-Таны оёсон дээл, хувцсаар гангараад цахим хуудастаа талархлын пост оруулсан хүн олон. Амрах завгүй ажилладаг байх даа гэсэн бодол төрсөн шүү?
-Салоноо нээснээс хойш амарч үзээгүй. Харин сүүлийн үед өөртөө цаг гаргахыг хичээж, өөртэйгөө тэмцэлддэг болсон. Тархинаасаа ургуулаад, хүслээрээ урладаг учраас ажлаасаа сэтгэл ханамж авдаг. Хийсэн ажлынхаа үр дүнг харах сайхан. Бас захиалагчийнхаа хүсэлд нийцтэл оёсон ажлынхаа үр шимээр амьдралаа босгож, зөв зарцуулж чаддагтаа хангалуун явдаг. Хүний цаг зав, итгэл, мөнгийг нь аваад санаанд хүрэхгүй оёх эрх надад байхгүй. Би копейка бол копейка гэсэн зарчимтай. Ямар материал яаж орсныг яв цав тооцдог. “Байгал байна уу” гээд сурагласаар, огшоод орж ирсэн хүний хувцас яв цав гардаг. Харин өнгө харсан хүний захиалга ерөөсөө бүтдэггүй. Цаанаасаа л үйл хазгай болдог. Тэгэхээр миний төдийгүй захиалагчийн сэтгэл шингэж байж сайхан хувцас бүтдэг.
-Үйл бүтэх болтугай гэсэн ардын үг цаанаа гүн утгатай байх нь ээ?
-Би “захиалга гүйцэтгэж байгаа” гээд хөндий ханддаггүй. Миний оёсон дээлийг үр хүүхдэдээ өвлүүлээсэй, үе дамжин эдлээсэй гэж сэтгэлээ шингээдэг. Би өөртөө дөрвөн дээл оёсон. Охиндоо өвлүүлэх бодолтой уртдуулж оёдог. Миний охин өндөр, нуруулаг. Чимэглэсэн ч жинхэнэ чулуу, чанартай торго, хоргойгоор оёно. Нэгэнт цаг хугацаа, хөдөлмөрөө шингээж байгаа бол сайн бүхнийг сонгох хэрэгтэй. Сэтгэл шингээж оёсон хувцас “сүнстэй” байдаг. “Сүнсгүй” хувцас эд болохгүй. Хувцас урлана гэдэг чинь томьёо. Шинжлэх ухааны томьёог мэдэхгүй цаасан эсгүүр тавиад оёвол “сүнс” сүүдэргүй хувцас болно.
-Массаар биш ганцхан хувь гэдэг утгаараа урласан хувцас бүр онцгой байдаг уу?
-Оёсон хувцаснуудаа дараа нь санадаггүй. Тэр үед эд эсээрээ төвлөрөөд дуусгадаг. Дуурайж оёх гэдэг надад хамгийн хэцүү даалгавар. Захиалагчийнхаа санааг сонсоод дотроосоо ургуулж оёх дуртай. Миний оёдол бүр дахин давтагддаггүй. Заримдаа “Таны оёсон дээлийг үгүй хийчихлээ. Дахиад оёод өгөөч” гэхээр нь чадахгүй л гэнэ. Сэтгэлээ шингээгээд оёсон дээлийг минь хаясан гэж бодохоор гонсойгоод тархи ажиллахгүй. Дээл оёод өгөхдөө “Ингэж эвхвэл хуниас үүсэхгүй, зах нь эвдэгдэхгүй” гэж захидаг. Өнөөдөр оёж байгаа даашинз дахиад надаас гарахгүй гэдгээрээ онцлог.
-Монголчууд баяр ёслолоор үндэсний хувцсаараа гангардаг болсон. Чиг хандлагыг дагаад олон ч брэнд гарч ирлээ. Өрсөлдөөн ч байгаа. Загварын ертөнцийн хөгжлийг дүгнэвэл?
-Энэ нийгэмд сайхан ярьдаг хүн л мөнгө олж байна. Гар, оюун ухаанаа зарцуулдаг хүмүүс тэдний ард үлддэг болжээ. “Хүрээний бузрыг уудалбал далай далай” гэдэгчлэн хөгжлийн тухай яривал их юм бий. Хүнээ зөв төлөвшүүлэх гараа ерөнхий боловсролын сургуулиас л эхэлнэ. Дунд сургуулийн багш нар мундаг байж сайн шавь бэлтгэнэ. Манай салбарт гэхэд гэр ахуйн багш сайн байх ёстой. Амьдралд хөл тавих, дөнгөж суралцаж буй хүүхдэд хэрэгтэй хичээл заавал үлдэцтэй. Эхнэр мөртэй, хатан дээл биш насанд нь тохирсон юбка оёх арга технологийг эзэмшүүлбэл сонирхолтой шүү дээ. Эсгүүр хэцүү учраас зааж сурагчдыг зовоох хэрэггүй. Оёод сурчихсон хүүхэд дараагийн шат эсгүүрийг аяндаа сонирхоно. Тиймээс манай салбар хоцрогдож, өнөөдөр бид ажиллах хүчний хомстолд орлоо. Ковидын өмнөхөн Хятадаас куртканы материал оруулж ирсэн. Даанч ажиллах хүчгүй учраас агуулахад хураалттай байна. Оёдолчин ажилд авсан ч удалгүй гарчихна. Техник, мэргэжлийн сургуулийн стипендэнд нь болж элссэн хүүхдүүд ямар ч хүсэл мөрөөдөлгүй төгсөөд ажлын байранд гардаг. Манай салбарт хүсэл, зорилгогүй, мэргэжлээ хобби болгоогүй хүн урагшилдаггүй. Ажилчдадаа шаардлага тавихаар “Ядраад байна” гээд гардаг. Гэтэл би залуудаа эморч, шинийг хийх гэж шатаж явсан.
-Та одоо ч эмордог уу?
-Шар хор буцалж, шатахыг эморол гээд байгаа юм. Залуу үе шигээ олон юм хүсэхээ больсон. Нэг өдөр эмороо л дуусна. Тэрнийхээ эсрэг сэтгэж чадахгүй байна. Дуусна гэдэг чинь мөхөж байгаагийн шинж болов уу. Ингэж бодохоор гуниг ч юм шиг утгагүй санагддаг. Би ханиа алдаад ямар ч мөрөөдөлгүй хоосон амьдарч үзсэн. Зорилгогүй учраас сэтгэхгүй, тэмүүлэхгүй. Өдрийнхөө хоолны мөнгийг олж л байвал болоо гэсэн бодолтой гурван жилийг үдсэн. Тэгээд зав л гарвал гуниж, уйлна. Гэхдээ өөрийгөө ялж, сэргэсэн. Амьдралыг даван туулж, сөрж зогсох амаргүй юм билээ.
-Монголын үзэгчдийг ковидоос өөр сайхан зүйлд анхааруулж, бүжигт дурлуулсан “Ододтой бүжиглэе” шоуны бүх хувцсыг та урлажээ. Манай бүжиг, гимнастикийн тамирчид таныг зорин ирж өмсгөлөө урлуулдаг гэсэн. Монголын бүжгийн спортын арын фронтод хэдэн жил ажиллаж байна вэ?
-Бүжгийн ертөнцтэй зам мөрөө холбоод 20 гаруй жилийг үджээ. Энэ хугацаанд бүжгийн бүх хамтлагтай хамтран ажилласан. Чимэглэлийн шигтгээгээ хүртэл гадаадаас өөрөө сонгож авдаг. “Ододтой бүжиглэе” шоуны үеэр долоо хоногт 30, 40 хувцсыг найзтайгаа хамт оёж байсан. Б.Баттөр буюу Ангууч шоунд ялаад тайзнаас буухдаа хамгийн түрүүнд надад талархсан. Би шоуны оролцогчдод дурсгал болгон нэг хувцас авч үлдэхийг зөвшөөрсөн. Бяцхан бүжигчдийнхээ захиалгыг өгөхдөө “Миний оёсон хувцсыг өмссөн хүүхэд тэмцээнд заавал байр эзэлдэг. Чи хөдөлгөөнөө л сайн хий” гэхээр баярлаад, хувцсаа өмсөх гэж яардаг. Анх манайхан гадаадын алдартай бүжигчдийн зургийг үзүүлдэг байв. Би дурайх биш Монголын бүжгийн хувцсыг арай өөр түвшинд хүргэхийг зорьсон. Хичээл зүтгэл талаар болоогүй.
Х.ЗАЯА