Залуус ногоон хөгжил, бүтээлч үйлдвэрлэлийг нэвтрүүлнэ

unen
12 цагийн өмнө

Түрүүч нь №018 /24645/ дугаарт


Тяньжин хоттой  манайхан, тэр дундаа аж ахуйн нэгжүүд худалдаа үйлчилгээ, бизнесийн түншлэлээрээ түлхүү холбогддог. Олон ч залуус энэ хотод их, дээд сургуульд сурал­цан, мэргэжил боловсрол эзэмшсэн бай­даг. Басхүү аялал, бизнесийг хос­луулан  зорих,  газрын нэг юм.   

2024 оны байдлаар 13 сая хүн амтай Тянь­жин хот Хятадын да­лайн боомтыг түшиглэсэн хамгийн том эдийн зас­гийн нээлттэй бүсээр тодорсон.  Тиймээс ч  “Бо­хайн тэнгисийн сувд” гэж нэрлэ­дэг. 

Хоёр мянга гаруй жилийн түүх өгүүлсэн  Тяньжин хот өнөөдөр Хята­дын санхүү, эдийн засаг, худалдаа бизнесийн хамгийн том төв нь болоод байна.  Үндэсний өвөрмөц дүр төрх бүхий байшин барилга, гудамж талбайтайгаас гадна Англи, Герман, Франц, Орос, Грекийн сонгодог загварын байшин барилга олонтойгоос гадна европууд ч энэ хотоор дайран зөрөн өнгөрөх нь түгээмэл. 

ШХАБ-ын уул­залт энэ оны есдүгээр сард Тяньжинд товлогдсон нь хотын хөг­жил ямар түвшинд байгааг илтгэх ажээ.

Үндэсний онцлогтоо тохирсон  гарааны бизнес эрхлэн, өв соёлоо түгээн дэлгэрүүлнэ


СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэв­дагва тэргүүтэй 100 залуусын тө­лөөлөл тус хотын Залуучуудын ордноор зочиллоо. Энд залуусын оролцоог нэмэгдүүлж,  брэндийг бий болгож,  хамтдаа хөгжих боломж бүрдүүлэхийг зорьжээ. Ингэхдээ үндэсний өв соёлоо хадгалж, хөг­жүүлж ирсэн байна. 

Тухайлбал,  Хятадын үндэсний соёлд цэцэг ихээхэн нөлөөлдөг. Нил ягаан цэцгийг үндэсний цэцэг гэх  нь бий. Баян тансаг, аз жаргалыг бэлгэдсэн нил ягаан цэцгийг хятадууд уран зурагтаа түлхүү дүрсэлдэг. Бидний очсон залуучуудын ордонд цэцгэн урлал, цайны соёлын хичээл заадаг байна. Хан гүрнээс эхлэлтэй цайны урлаг өнөөдөр Хятадад соёл болтлоо түгжээ. Цайг хэрхэн  хандлах, цайны хачир дагалдсан амттаны сургалтаар үндэсний соёлоо дэлгэрүүлж байна.  2020 онд гэхэд л залууст чиглэсэн 100 төсөл хэрэгжүүлжээ. Өдөр бүр 13:00 цаг болон  ажил  тарсны дараагаар сургалтаа явуулснаар  залууст сургуу­лиас гадуурх хөтөлбөрүүдийг хэрэг­жүүлж чаджээ.  СДМЗХ-ны төлөөлөгч залуус энд  дэвүүр дээр цэцэг зурж, цайны амттан бэлдэж, монгол бичгээр дэвүүр дээр дурсгалын үг үлдээж, харилцан суралцлаа.


СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэв­дагва ч залуучуудыг орон нутагтаа очоод сурч, мэдсэн зүйлээ ажил хэрэг болгоно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа онцолж байв. Учир нь, энэ удаагийн СДМЗХ-ны 100 залуусын бүрэлдэхүүнд 21 аймаг, есөн дүүргийн салбар байгууллагуудын төлөөлөл багтсан юм.


Далай дээрх эко хот

Тяньжин дахь Хятад-Сингапурын эко дагуул хотын  хөгжлийн бод­лого, төлөвлөлт олныг гайхши­руулж байв. Энэ хотыг төлөвлөхдөө хүн, байгаль хоёрын  уялдаа холбоог онцгой анхаарчээ. Өмнө нь энэ газрын хөрс  далайн хаягдал давс, бохир ус ихтэй байж. Давс ихтэй газар ургамал ногоо тарих боломжгүй. Тиймээс хөрсийг цэвэрлэж, усыг цэвэршүүлэхээс бүтээн байгуулалтын ажлаа эхэлжээ.  

Далайн давсыг хөрс рүү нэвчиж гаргахгүйн тулд  долоон давхарга хөрсийг бий болгосон байна. Эко хотыг байгуулахад хамгийн их өртөг зардал гарсан хэсэг нь хөрс болохыг тайлбарлаж байв. Басхүү 40 жил хадгалсан үйлдвэрийн бохирдсон усыг цэвэршүүлэхийн тулд гурван жилийн хугацааг зарцуулжээ. Ингээд усыг нь цэвэршүүлж, хөрс­ний бохирдлыг арилгаснаар хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, ахмад настнууд агаарт загасчлах ая тухтай орчныг бүрдүүлсэн байна. Тухайн үед зөвхөн усны асуудлыг шийдвэрлэхэд 1.1 тэрбум юанийг зарцуулсан бол өнөөдөр энэ өртгөө 13 дахин нугалсан орлого олж байгаа нь  Хятадуудын хот төлөвлөлтийн бодлого зөв байсныг харуулж байлаа.

Эко хот хэд хэдэн аралтай, усандаа эргэлдэх системийг суурилуулсан. Энэ нь усны тунгалаг, цэвэр байдлыг хангах зориулалттай. Байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалснаар тус хотод нүүдлийн шувууд ирдэг болжээ. Хотын иргэд  хороо, багаараа нийлж, орчиндоо цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Эко хотод  36 км үргэлжлэх далайн таван эрэг, 40 парктай. Хотын гудамж, талбай нэлэнхүйдээ төрөл бүрийн цэцэг, мод, ургамлаас бүрдэнэ. Тус хотын 50 хувийг ногоон байгууламж эзэлдэг болохоор арга ч үгүй биз.   Цэцэгсийн анхилам үнэр хамар цоргиж, хаа нэгтээгээс, эсвэл хажууд шувууд жиргэнэ.  Ер нь хотод бус байгальд байгаа мэдрэмжийг бүрэн төрүүлнэ.  Эко хотод шинжлэх ухаан, мэдээлэл технологийн парк, эрүүл мэнд, эмийн ургамлын үйлдвэр, соёл, аялал жуулчлалын салбараас  бүрджээ. Энэ хотод далай доорх сүлжээ дамжуулагчийг үйлдвэрлэж байна.  Тиймээс ч Хятадын ухаалаг бүтээн байгуулалттай хотоор шалгарчээ.


СДМЗХ-ны төлөөлөл 66 га талбайг хамрах хүлэмжийн талбайг үзэж танилцлаа. Хүлэмжид цэцэг, эмийн өвс, хүнсний ногоо гэсэн гурван  төрлийн ногоо тариалжээ. Энд том савлагаатай Эрдэ­нийн унжуурган цэцэг гэхэд 1000-2000 юань буюу 500 мянгаас нэг сая төгрөгийн ханштай, гурван сар орчим амьдрах чадвартай гэнэ. Хүлэмжид навчнаас цэцэг ургуулах технологийг ч нэвтрүүлсэн байна.  Хүнсний бүх төрлийн ногоо, үүн дотроо улаан лоолийг долоон төрлөөр тариалжээ. Усжуулалтдаа бо­рооны усыг голчлон ашигладаг аж. Мөн усаа 95 хувь цэвэршүүлж дахин ашигладаг гэнэ. Ингэхдээ  мөнөөх л ухаалаг технологи ашигласан байх юм.

Аян замын тэмдэглэлийн өмнөх Гангийн үйлдвэртэй танилцсан хэсэгт ган бөмбөлгүүдийг хүний хүчин зүйл, оролцоогүйгээр компью­­терын цаанаас хянаж, удирдаж, ажилчид нь халуун галын дунд бус агааржуулагчтай тохитой орчинд ажилладагийг дурдсан. Тэгвэл хүлэмжийн талбайд ажилчид нь цэцэг услаад, ногоогоо арчлаад, цэцгийн мандлаа цэвэрлээд явж байна гэж төсөөлбөл бас эндүүрэл. Технологийн дэвшил, инновац шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ явагдаж, ажилчид нь  гар утсаараа ажлаа  хийж байна.

Эко хот ямар ч хоггүй, цэвэр, цэмцгэр. Учир нь, хүний  хаясан хогийг газар унагахгүйгээр агааржуулагчаар сорж аван, хоолойгоор дамжуулан ялгаж, дахин боловсруулж түүхий эд болгон  ашиглах системийг нэвтрүүлжээ. Тиймээс ч хог хаягдалгүй, ухаалаг, эко хотоор шалгарсан байна.

Мэдээж, хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийг иргэндээ ээлтэйгээр бүрдүүлсэн. Энд ухаалаг номын санг онцлон дурдъя. Нийт гурван сая ном бүтээлийн сан хөмрөгтэй энэхүү номын санд найман төрлийн 40 гаруй робот ажилладаг. Хүмүүс ном зээлж авч яваад, буцааж өгч болно. Номыг сэдвийн дагуу ялгаж, ангилна.  Нэг цагийн дотор 1500 номыг ялган хуваарилах чадвартай. Энэ нь хүний чадамжаас 10 дахин хурдтай.

Мөн номыг уншигчийн  уншсан хэсгээс үргэлжлүүлэн унших хэсгийг нь гарган өгдөг. Басхүү тухайн номын аль хэсэг нь сонирхолтойг ч зааж өгдөг.  Ухаалаг, ажилсаг роботууд чөлөөт цагаараа уншигчдыг хөгжөөж, алжаалыг нь тайлж, дуулж, бүжиглэдэг байна.  Ухаалаг үйлдвэрлэл, ухаалаг тариалалт, ухаалаг номын сан, ухаалаг эко орчин, ухаалаг хот гээд энэ улсад технологийн дэвшлийг бүрэн ашиглаж, хүний хөдөлмөрийн ачааллыг бууруулж, хүн-байгалийн уялдааг хангасан бүтээн байгуулалт өрнүүлэн хөгжиж байна.

Хятадууд хүний хөгжил, техник технологийг хурдтай хөгжүүлэхийн зэрэгцээ эко орчныг эн тэргүүнд тавьж, бүрдүүлж байна. Өнөөдөр Хятадын аль ч мужаас эхлээд албан байгууллага, айл өрх орчиндоо төрөл бүрийн мод, цэцэг тарьж, өдөр бүр арчилж байна. Дахин төлөвлөлтөөр баригдсан шинэ хороололд ч түүх өгүүлсэн хуучин байшинг сэргээн засварлаж, дурсгалт газар болгон тохижуулж, жуулчдын нүдийг хужирлаж, аялал жуулчлал татах жишээтэй.

Ийн урд хөршийн хөгжлийг бишрэн явахдаа утаатай, тоостой  Улаанбаатараа өрөөлийн нийслэл­тэй, тэрбум хүн амтай урд  хөршийг 3.5 саяхан өөрсөдтэйгөө, зүйрлээд яанам гэж дотроо өмөөрч  л явав.


Б.Пүрэвдагва: Монгол, Хятадын залуучуудын харилцаанд шинэ хуудас нээж байна

 

МАН-ын  дэргэдэх СДМЗХ-ны 100 залуусын төлөөлөл хам­рагдсан БНХАУ-д туршлага судлах, хам­тын ажиллагаагаа хөгжүүлэх, за­луучуудын солил­цооны хөтөлбөрийн албан ёсны арга хэмжээ энэ сарын 13-нд  Бээжин хотноо боллоо. Энэ өдөр МАН-ын дэргэдэх СДМЗХ, БНХАУ-ын Бүх Хятадын Залуучуудын холбооны хооронд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг мөн зурсан юм. 


СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол, Хятад хоёр улс олон зуун жилийн түүхтэй, соёл, иргэншлийн гүн гүнзгий холбоотой, өнөөдөр иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд 75 жил хамтран ажиллаж буй найрамдалт хөршүүд билээ. Манай хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарт тогтвортой өргөжиж, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа улам гүнзгийрсээр байна. Энэ хөгжил, дэвшлийн ирээдүйг улам баталгаажуулж, цааш чиглүүлэх нь залуус бидний үүрэг. Өнөөдрийн байгуулж байгаа Хамтын ажиллагааны санамж бичиг нь Монгол, Хятадын залуучуудын харилцаанд шинэ хуудас нээж, бидний цаашдын хамтын ажиллагааг илүү   системтэй, бодлогын түвшинд хөгжүүлэх эхлэл юм” гэв.


СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, БНХАУ-ын талаас Хятадын коммунист залуучуудын эвлэлийн  төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын газрын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Сюй Сяо нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд  Монгол, Хятад залуучуудын харилцан хөгжих боломжийг нээх, залуучуудын өмнө тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх, хамтарсан олон нийтийн, олон улсын арга хэмжээ зохион байгуулах, шинжлэх ухаан, технологи, инновац, ногоон хөгжил, боловсрол, соёл, спортын салбарт хоёр холбоо хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, сал­бар байгууллагынхаа хамтын ажиллагааг эхлүүлэх хамтын ажил­лагааны өргөн боломж нээгдэж байгаагаараа ач хол­богдолтой юм.


Ирэх жилүүдэд БНХАУ-д суралцаж, мэргэжил эзэмшиж бизнесийн хүрээгээ тэлэх боломжийг энэхүү айлчлал залууст нээж өглөө. Тиймээс ч урд хөршийн нэвтрүүлсэн ногоон хөгжил, үндэсний өв соёлыг тээсэн бүтээлч үйлдвэрлэл, инновацыг залуус эзэмшин, эх орондоо ч нэвтрүүлэн хөгжүүлэх биз ээ.

МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны 14 жилийн дараах энэхүү  айлч­лалаар  “Хятадын залуусын бү­тээлч байдал, техонологи, шинэ инновацыг бий болгох ур чадвар, төрийн бодлогын тогтвортой дэмжлэг нь бидэнд үлгэр дуурайл боллоо. Хятад улс ногоон хөгжил, хурдтай шилжилт, шинжлэх ухаанд суурилсан бү­тээлч шинэчлэлээр манлайлж буйг бид хар­лаа. Энэ удаагийн айлчлал бо­дитой үр дүнгээ өгнө гэдэгт эр­гэлзэхгүй байна ” гэсэн СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын үгээр тэмдэглэлээ өндөрлөе.

Н.Энхбат

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Залуус ногоон хөгжил, бүтээлч үйлдвэрлэлийг нэвтрүүлнэ 12 цагийн өмнө
Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах… 14 цагийн өмнө
Хятадын Дүрслэх урлагийн төв академийн магистрант, докторантуудын үзэс… 16 цагийн өмнө
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа Өчигдөр
Я.Содбаатар: Намын Бага хурлаас “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллага… Өчигдөр
МАН-ын Бага хурал хуралдаж байна 2025/05/21
Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна 2025/05/21
2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2025/05/21
Хаврын анхны шан татагдлаа 2025/05/20
“Хөдөлмөрийн хүн” 2025/05/20
“Менторшип-2025” хөтөлбөрийн шилдгүүд тодорлоо 2025/05/20
Доктор Л.Түдэвийн долоон үг....... 2025/05/20
Азийн дрифтийн аваргын цомыг БНХАУ-ын тамирчин гардлаа 2025/05/20
Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчиллаа 2025/05/20
Зуслангийн ЯРГУЙ 2025/05/19
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 2025/05/19
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 2025/05/19
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 2025/05/19
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 2025/05/19