Хөгжлийн банкны хэрэг шүүхийн шатанд очлоо


Хөгжлийн банкны хэрэг шүүх дээр ирлээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20-нд Хөгжлийн банкны гэх энэ хэрэг олон нийтийн анхааралд орсон юм. Тус банкнаас зээл авсан ч эргүүлж төлөөгүй, зориулалт бусаар ашигласан зэрэг шалтгаантай найдваргүй зээлдэгч 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийг нэхэмжилснээр энэ хэргийн сэжүүр хөвөрсөн. Хөгжлийн банкны хэрэгт нотлох баримтыг нягтлах нээлттэй сонсголыг УИХ дээр гурван үе шаттайгаар зохион байгуулсан. Ийнхүү Засгийн газар анхлан шүгэл үлээж эхлүүлсэн Хөгжлийн банкны хэрэг шүүхийн шатанд очиж, урьдчилсан хэлэлцүүлэг нь боллоо. 

 

Өмгөөлөгчдийн хүсэлтээр дэгээ өөрчлөв 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн лхагва гараг буюу хоёрдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Уг хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу хэргийн оролцогчид багтахуйц танхим болох “Улаан­баатар” театрын байранд зохион байгуулсан юм. 

Шүүхийн урьдчилсан хэлэл­цүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны тө­лөөлөгчид 15, нийт 257 хэр­гийн оролцогч оролцохоор болж бүгдэд нь мэдээллийг урьд­чилан хүргүүлжээ. Ингээд лхагва гаргийн өглөө 10:00 цагт Хөгжлийн банкны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалан эхлүүлсэн ч дөрвөн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Мөн хурлын танхимд ирсэн өмгөөлөгчдийн 14 нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4-т “Өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол шүүгчээс татгалзаж болно” гэсэн заалтын дагуу татгалзах хүсэлт гаргав. Тиймээс шүүх хурлыг 13.30 цаг хүртэл хойшлуулж, өмгөөлөгч нарын энэхүү хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэ­лэл­цэн шийдвэрлэсэн юм. Зөвлөгөөнөөс шүүгчээс тат­галзсаныг үндэслэлгүй хэмээн үзэж урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр болсон боловч Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой мэдээллүүд дурдагдах тул хаалттай явуулах санал гаргасан. Прокурорын зүгээс ч эл саналд ижил байр суурьтай байгаагаа илэрхийлснийг шүүгчид хэлэлцэж, саналыг хүлээн авсан. Ингэснээр Хөгжлийн банкны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай горимд шилжсэн юм. 

 

Хавтаст хэргээ танилцуулахад хугацаа богино байна гэв 

Урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох ёстой нийт 80 яллагдагч, дөрвөн хуулийн этгээдээс дөрөв нь хэлэлцүүлэгт оролцох боломжгүй тул хойшлуулах хүсэлт гаргасан байна. Зарим оролцогч хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр хүсэлт ирүүлжээ. Мэдээж хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш байдлыг хангах ёстой. Үүний дагуу оролцогчдын хүсэлтийг харгалзаж, хуралдааныг хойшлуулах эсэхийг мөн шүүгчид зөвлөлдсөн юм. Хуульд яллагдагч болон оролцогч урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцох эсэх нь өөрийн эрх гэж заасан байдаг. Тиймээс нийт яллагдагч болон оролцогчдын эрх тэгш байдлыг хангах үүднээс хэлэлцүүлгийг ирсэн оролцогчдын дунд явуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингээд хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр болсон. Ингээд урьдчилсан хэлэлцүүлэг талуудын илтгэл хэлэлцүүлэх явцаар үргэлжилсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийн эхний өдөр зургаан прокурор, 58 яллагдагч, дөрвөн иргэний хариуцагч, 15 өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 буюу нийт 98 оролцогч оролцсон юм. Хуульд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нийтлэг болон тусгай журмаар явагддаг. Хэлэлцүүлгийн эхний шатанд оролцогч 10 минутын хугацаанд тус хэрэгтэй холбоотой мэдээллийг танилцуулна. Үүний дараагаар асуулт асуух, хариулах, мэтгэлцэх зарчмаар хэлэлцүүлэг өрнөнө гэсэн дэг баримталжээ. Харин хоёр дахь үед талуудын илтгэл танилцуулах хугацаа таван минутын хугацаатай байхаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг оролцогчдын санал, тайлбар, няцаалт гэсэн хэсгүүдээс бүрддэг. Мөн прокурор, өмгөөлөгч, яллагдагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт саналаа хэлэх эрхтэй. Өмгөөлөгчид “Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдогчдын хавтаст хэрэг маш их. Нэг өмгөөлөгч, яллагдагч багадаа 11 дээд тал нь 80 хүртэлх хуудаст багтаасан мэдээллийг танилцуулах боломжгүй. Тиймээс хэлэлцүүлэгт оролцогчдын эрх тэгш байдал хангагдахгүй байна” гэсэн гомдол гаргаж байв. Энэ удаагийн хэрэг олон оролцогч талуудтай. Тиймээс хуралдаан даргалагч шүүгч олонхын саналыг харгалзах бус нийтлэг журмын дагуу шийдвэрээ гаргаж явах нь зүйтэй гэдгийг анхааруулсан.


Урьдчилсан хэлэлцүүлгээр эцсийн шийдвэр гарахгүй 

Энэ ташрамд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гэж юу вэ гэдгийг тодруулах ёстой. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан ёсны тодруулга бэлтгэн олон нийтэд түгээжээ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор Т.Золбоо тайлбартаа “Урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг нь тухайн хэргийг шийдвэрлэх хэмжээнд очсон байна уу, үгүй юү гэдгийг л шийдэж байгаа үйл явц. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1.11 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн талаар огт ярихгүй гэсэн зохицуулалт бий. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн эцсийн шийдвэр гарахгүй” гэжээ. Тэгвэл урьдчилсан хэлэлцүүлгийн зорилго нь юу вэ. Үүнд хариулахад нэгдүгээрт, тухайн хэрэг шүүх хуралд орох шаардлагыг хангасан байна уу гэдгийг нягтлах, хоёрт өмгөөлөгчид үгээ хэлж, дахиж нэмэлт мөрдөн байцаах үйл ажиллагаа хийлгэх эсэх санал хүсэлтээ хэлдэг үе шат. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийг шүүхээр шийдэх боломжтой байна уу, үгүй юү гэдгийг нэг мөр шийдэж байгаа үйл явц юм байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр өдрийн турш үргэлжилсний эцэст өчигдөр гэм буруугийн шүүх хуралдааны товыг тогтлоо. Хөгжлийн банкийг хохироосон эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг гуравдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагт товлов.

Г.Санчир

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24538/


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр