Сүхбаатар дүүргийн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга Ё.Нямжавыг ярилцлагын зочноор урилаа. Тэрбээр нийслэлийн гал голомт, зүрх нь болсон дүүргийн эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлэх хүндтэй ажлаа аваад удаагүй байгаа юм.
-Ярилцлагын эхэнд таны ажилласан туршлагыг тодруулъя гэж бодлоо. Хаана, ямар ажил эрхэлж байсан хүнээр нийслэлийн ууган дүүргийн эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлүүлэхээр болсон нь уншигчдын маань сонирхлыг татаж байгаа болов уу?
-Юуны түрүүнд намайг ярилцлагын зочноор урьсанд баярлалаа. Монгол ардын нам дэргэдээ тулгуур болсон төрийн бус байгууллагуудтай. Тэдгээрээс би анх залуучуудын байгууллагатай холбогдон үзэл баримтлал, үйл ажиллагааных нь талаар мэдэж авч байсан. Үүний дараа МАН-ын шат шатны байгууллагад ажилласан. Харин сүүлийн жилүүдэд гадаад харилцааны чиглэлээр ажиллаж ирлээ. Нам бол хүмүүсийн сайн дурын сонголтын нэгдэл юм. Тэнд харилцаа хандлага, итгэл зүтгэл түлхүү үйлчилж дүрэм журмаас илүү зохицуулдаг гэж ойлгодог. Тиймээс энэ олон нийтийн харилцааны их сургуулиас сурах зүйлээ сурч, алдаа оноотой нь хамт авч яваа жирийн гишүүн нь гэж өөрийгөө тодорхойлмоор байна.
-МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага нэр, бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилснөөс гадна шинэ ерөнхийлөгчтэйгөөр ажлаа эхлүүлээд байна. Энэхүү шинэчлэлийн үргэлжлэл нийслэлийн ууган дүүрэгт үргэлжилж та эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлэхээр боллоо?
-МАН шинэ зуун, шинэ эринтэй мөр зэрэгцүүлэн үзэл баримтлалаа шинээр томьёолж, бодлого, зохион байгуулалтын багагүй шинэчлэлийг эхлүүлээд байгааг олон нийтэд ойлгуулах, улмаар Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хүмүүст хүргэхээр шат дараатай ажлуудыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд намын дэргэдэх төрийн бус байгууллагууд ч шинэ алхмууд хийж байна. Үе үеийн төлөөллийг багтаан үйл ажиллагаа явуулсаар ирсэн манай эмэгтэйчүүдийн байгууллага Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон Их хурлаараа УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг ерөнхийлөгчөөрөө сонгон цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа тодорхойлоод явж байна. Энэхүү шинэчлэлийн үргэлжлэл болж Сүхбаатар дүүргийн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо ээлжит бус VI чуулганаа саяхан зохион байгууллаа. Уг чуулганд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар миний бие нийслэлийн ууган дүүргийн СДМЭХ-ны даргаар сонгогдон ажилдаа ороод байна.
Дүүргийн эмэгтэйчүүдийн байгууллагыг хариуцан ажиллах нь миний хувьд шинэлэг. Гэхдээ би чадна гэдэгтээ итгэлтэй байна. Яагаад гэвэл, намын дотоод, дэргэдэх төрийн бус байгууллагуудад болоод эмэгтэйчүүдийн байгууллагад ажилласан туршлага надад бий. Хамгийн гол нь салбар салбарыг төлөөлсөн сэтгэлтэй эмэгтэйчүүдээр багаа бүрдүүлэх гэж хичээсэн.
Би дээр дурдсан даа. Намын ажил хатуу дүрэм журам гэхээс илүү сэтгэл зүтгэл, харилцаанд тулгуурладаг. Тиймээс гоё ярьж биш, сайхан зүйл хийж ажиллах юмсан л гэж бодож байна даа.
-Хамтран ажиллах тэргүүлэгчдээ та санал болгодог. Тэгэхээр цаашид ямар чиглэлд анхаарч ажиллах нь таны эхний сонголтоос харагдана?
-Миний хувьд олон салбарын залуу эмэгтэйчүүдээр тэргүүлэгчдийнхээ багийг бүрдүүлсэн. Би олон ургалч үзлийг дэмждэг. Аливаа байгууллага, тэр тусмаа эмэгтэйчүүдийн байгууллага олон өнгө бүхий бүсгүйчүүдээс бүрдэж, хэдий чинээ хоорондоо ойлголцож, бие биенээ хүлээн зөвшөөрч ажиллаж чадна төдий чинээ хол явж, хүчтэй харагддаг. Тиймээс манай Сүхбаатар дүүргийн СДМЭХ-ноос олон сайхан ажлыг багийн хүчээр санаачлан хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Бид хэдхэн хоногийн өмнө энэ онд хийж, хэрэгжүүлэх ажлуудынхаа төлөвлөгөөг баталлаа.
-Сүхбаатар дүүргийн СДМЭХ хэдэн гишүүнтэй вэ?
-Ажил авсны дараах мэдээллээр авсан тоог бид нягтлан шалгахаар ажиллаж байна. Учир нь, зөрүүтэй статистикүүд бас бий. Судалгааны дүн бодит байж гараа үнэн зөв байх ёстой гэж үздэг.
-Яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр та бүхний ажил энэ судалгаанд суурилж, хэнд ч зориулж ямар ажил хийх нь тодорхой болно?
-Хэнд хүрч ажиллах, ямар ажил хийвэл оновчтой байх талаар судалгаа байх ёстой гэдэгтэй санал нийлнэ. Энэ бол гарааны цэг юм. Тиймээс тоо судалгааг дахин шалгах, тулгах, нийлүүлэх ажлаас гадна ямар асуудал шийдлээ хүлээж буйг гаргаж ирэх нь нэн тэргүүний ажил. Ингээд шат дараатай явах ёстой. Үүний хажуугаар бас нэг чухал зүйл нь хэрхэн ажиллах вэ гэдэг асуудал. Баримталж ажиллах арга барил, мөрдөх зарчмаа анхнаасаа хамт ажиллах хүмүүстээ ойлгуулж явбал явцын дунд эрсдэл гарах нь бага. Улс төрийн намд ажиллах онцлогтой, тэр тусмаа эрх барьж байгаа үед. Юуны түрүүнд, бид хүн шиг хүн байх ёстой. Хүнлэг бус хандлагатай байвал олон нийтийн ажил явдаггүйг би мэднэ. Тийм учраас хүнлэг байж хүнээр хүрээлүүлэх гэдэг зарчмыг нэгд баримталдаг. Хоёрдугаарт, оролц, үүгээрээ орон зайгаа тодорхойлно гэдэгт итгэдэг. Ялангуяа улс төрд орно гээд яваад байгаа эмэгтэйчүүд өөрсдөө оролцоод, хийж бүтээгээд харуул. Энэ нь аяндаа таны орон зайг тодорхойлно гэдгийг ойлгох хэрэгтэй мэт санагддаг. Түүнээс биш хэн нэгэн улстөрчөөр байр сууриа тодорхойлуулаад явмааргүй байна. Гуравдугаарт, тууштай, хариуцлагатай байж үр дүнгээ хамтдаа бүтээх. Өөрт нь хүлээсэн ашиг тус нь мэдэгдэхгүй бол замын дундаас хаяад явчихдаг зан байдаг.
Тууштай, хариуцлагатай байж сайн сайхан, үр дүнгээ хамтдаа хүртдэгийг багийнхаа зарчим болгож, хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Сүүлийнх нь эгогоо хойш тавьж, эх орноо бодож ажиллая гэсэн зарчмыг өөртөө болон хамт олондоо тавьж ажиллана даа.
-МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага хатуу гишүүнчлэлгүй, сонирхсон хүн бүхэнд нээлттэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Шинээр байгуулагдсан танай хамт олон ч энэ зарчмыг баримтлан ажиллана гэдэгт итгэлтэй байна?
-Манай эмэгтэйчүүдийн байгууллага сонирхсон хүн бүрд нээлттэй. Дэмжье, оролцъё, хамтаръя гээд ирж байгаа хүмүүст насны хязгаар заадаггүй, заах ч ёсгүй. Ажлууддаа олон хүнийг хамруулах нь бидний хүсэл. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн намын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учрал сонгогдон ажиллаж байгаа ба дэвшүүлэн хэрэгжүүлэхээр зорьж буй нэг томоохон ажил нь цахим дүүрэг болгох. Үүнийг бид дэмжиж, хамтарч ажиллах нь ажил амьдралын завгүй хэмнэл дунд айл өрх, ажил албан байгууллага цаашлаад нийгмийн бүх түвшинд ачааны хүндийг үүрдэг ээжүүд, эмэгтэйчүүдэд ямар их тустайг ойлгуулахаас л ажил эхлэх болно. Түүнчлэн жендэрийн талаарх ойлголтыг нийтийн дунд зөв зүйтэйгээр тайлбарлаж ойлгуулах нь бас л бидний хийх чухал ажил. Учир нь, жендэр гэж ярихаар шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн амны уншлага болсон, улс төрийн сонгууль дөхөхөөр нухацтай ярьдаг сэдэв гэж ойлгох нь элбэг. Гэтэл энэ сэдэв Монгол Улсын эгэл жирийн нэг өрхийн хүү охин, аав ээжийн аль алиных нь асуудал, яг энэ амьдралаас эхлэн хэвших ёстой ойлголт гэдгийг ойлгохгүй байх шиг. Тиймээс энэ сэдвийг хоёрдугаарт эрэмбэлж, олон нийтийн дунд зөвөөр ойлгуулж хэвшүүлэхийн төлөө манай баг ажиллах ёстой гэж боддог.
-Цахим дүүрэг болно гэлээ. Гэтэл цахим гэдэг ойлголт яг одоо бол төв талбайгаар хязгаарлагдаж байна шүү дээ. Харин цахим хэрэглээ, цахим ойлголтын талаар Ар согоотод байгаа Должин гуайд хүргэж чадвал тэр жинхэнэ утгаараа ажил хэрэг болно гэж бодож байна?
-Сүхбаатарыг төвийн дүүрэг гэж хэлж болох ч гэр хороолол, зуслангийн бүстэй. Ажиллаж, амьдарч байгаа орчин нөхцөлийн хувьд аваад үзсэн ч ялгаатай хэсгүүд бий. Тиймээс суурь мэдээллүүдийг нэг түвшинд өгөх нь чухал. Тэгэхээр таны хэлсэнтэй санал нэг байна. Цахим хэрэглээний талаар ерөнхий мэдээлэл өгөхөөс илүү хүнд нь хүрсэн ажил хийх хэрэгтэй. Ийм санал ч гарч байна. Шаардлагатай бол гар утсаараа цахим үйлчилгээг хэрхэн авах талаар энгийнээс эхлээд зааж өгөх ч зүйл гарна. Монгол Улсын нэг ч атугай иргэн эдийн засгаас гадна цаг хугацаагаа хэмнэж зардал чирэгдэл багатай үйлчилгээг авна гэсэн чин сэтгэлээр хандах ёстой болов уу.
-Таныг МАН-ын гишүүн болохоосоо өмнө жендэрийн тухай ярьж байсныг санаж байна. Одоо танд жендэр бол дарга болох сонирхолтой эмэгтэйчүүдийн ярианы сэдэв биш гэдгийг ойлгуулах боломж олдлоо?
-Би жендэр гэдэг ойлголтыг жаахан сууринаас нь харах юмсан гэж хичээдэг. Учир нь, Монголд онцлог байна. Нийгэмд байгаа хөгжих, дэвших, сайн сайхан боломжоос эрэгтэй, эмэгтэй адилхан хүртээд, нийтээрээ сайхан явъя гэдэг л асуудал жендэр шүү дээ, хамгийн энгийнээр. Гэтэл гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь, хүү охиндоо хэлэх үг, хандах хандлага, ажил, эд хөрөнгө хуваах, боловсролд хамруулах ялгаанаас авахуулаад уламжлалт хандлагаа өөрчлөхгүй бол дээгүүрээ жендэр гэж мянга яриад аажимдаа зөрчил үүснэ. Хамгийн энгийн жишээ, бага насны 3-4 хүүхэдтэй ээжид өөрийгөө хөгжүүлэх, хувийн бизнесээ эхлүүлэх, сурч боловсрох, хүчирхэгжих, манлайлах, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх битгий хэл таван минут тайван суух, оройдоо ганц мэдээ үзчих, утсаар тухтай ярьчих, ном сонин харчих завгүй үр хүүхэд, гэр орны ажилд бүтэн дарагддаг нийтлэг төрх манайд бий. За тэгээд малчин ээжүүд бол мал ахуй, гэр гадаагийн ажил гээд бүр завгүй. Гэтэл эрчүүд арай өөр шүү дээ. Гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь гэхэд л жендэрийн байр сууринаас харахад ийм байх нь түгээмэл. Тиймээс ч эмэгтэй хүн хараат бус, хүчирхэг байх нь түүнд цаг олгохоос л эхэлдэг тухай энгийн зүйлсийг гаднынхан ярьдаг.
Яг үнэндээ эмэгтэй хүн өөрийн гэсэн “цаг”-тай байна гэдэг хамаг хөгжлийнх нь амин сүнс нь байгаа юм. Тэгэхээр уламжлалт ойлголт, хэв маягийг аваад тогтчихсон бидэнд ойлголтын, үйл хэргийн томоохон шилжилт хийхгүй бол мөн л хэдхэн хүний асуудал хэвээр үлдэнэ гэж хардаг.
-Тантай уулзсаных эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар ямар байр суурьтай явдгийг тодруулмаар байна?
-Дэлхий нийтийн чиг хандлагыг харахад эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд хүртлээ дэмжлэг авч байна. Энэ нь цаг үеийн байдалтай холбоотой. Байгаль цаг уур, улс төр, геополитикийн тогтворгүй үед хүнд ээлтэй бодлого үгүйлэгдэж байна. Монгол Улсад ч улс төрийн хулгай илэрч, хатуу хүтүү зүйлс сонсогдох боллоо. Аливаа зүйлд тууштай, тогтвортой, хариуцлагатай, зөв хандлагатай байдаг улстөрч эмэгтэйчүүдийн эрэлт хэрэгцээ их байгааг үүгээр тодотгох гээд байгаа юм. Гэхдээ алдаа, оноотой тал бий. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо гэхээр дандаа дарга болох тухай ярьдаг. Гэтэл дарга болох гэдэг тэс ондоо асуудал. Олон даргатай байснаас олон манлайлагчтай байх нь нийгэмд хэрэгтэй.
Манлайлагч гэж өргөн цар хүрээнд, олон хүнд хүрч болох, илүү олон хүнийг зөв зүйлд уриалан дуудаж болох нийгмийн сайн сайхны төлөө илүү далайцтай хэрэгжүүлж чадах хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг хэлнэ. Улс төрийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд манлайлагч эмэгтэйчүүдээ жинхэнэ утгаар нь бэлтгэх, гаргаж ирэх, дэмжих шаардлагатай гэж боддог.
-Саяхан өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд намын жагсаалтаар нэр дэвшигчдийн тал нь эмэгтэйчүүд байна гэж заасан. Улстөрч эмэгтэйн хувьд та үзэл бодлоосоо хуваалцаач?
-Сонгуулийн тухай хуулийн квот, жагсаалттай холбоотой заалтыг дэмжих эсэх нь Монгол ардын нам болон эрэгтэй улстөрчдийн өөрсдийгөө ямар хэмжээний дэвшилтэт буюу прогрессив гэдгээ харуулах боломж гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24545/
Сэтгэгдэл (2)