Дохад барилдах “НУУЦ ХӨЗӨР”


Монголын жүдочид олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Талын Монголын  Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг, О.Ууганбаатар, Д.Нямхүү, Х.Болдбаатар, Д.Нармандах, Д.Амартүвшин, Г.Болдбаатар, Ч.Болдбаатар, Г.Одбаяр гээд дурдаад байвал дэлхийд данстай жүдочид нэгээр тогтохгүй. Тэд барилдааны арга барил, тэсрэлт, ур чадвараар танигдсан. Тэгвэл тэдний залгамж халаа болсон жүдочид үе үеэрээ бэлтгэгдэж, яг өнөөдрийн байдлаар 1995 оноос хойш төрсөн тамирчид цойлж явна. Ялангуяа хөнгөн гурван жинд. Ер нь 60, 66 73 кг-д монголчууд хэзээнээс сайн барилддаг уламжлалтай. 73 кг-д өнөөдөр Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр, Л.Анхзаяа, О.Уранбаяр, Н.Хадбаатар тэргүүтэн таслаагүй. Эдгээрээс олон улсын хэмжээний мастер 2023 оны Тбилисийн “Их дуулга”-ын аварга Батзаяагийн Эрдэнэбаярыг “Шинэ танил” буландаа онцлохоор шийдсэн юм. Түүний олон улсад үзүүлсэн амжилт гавихгүй ч гаднын шилдгүүдийн хараанд өртөж, сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Ирээдүйтэй нэгэн бөгөөд 2028 оны олимпод эх орноо төлөөлөх жүдочдын тоонд зүй ёсоор багтах боломжтой. Магадгүй 23-хан хоногийн дараа Катарын Доха хотод эхлэх жүдогийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын 73 кг-д өрсөлдөх тамирчдаас гол фаворитуудын нэг байх биз.

Батзаяагийн Эрдэнэбаяр 2000 оны тавдугаар сарын 5-нд Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотод төрсөн юм. Нутгийнхаа “Хангарьд” клубээс тамирчны замналаа эхлүүлсэн тэрбээр 2008 онд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг олимпоос алтан медаль хүртэхэд дөнгөж найман настай байлаа. Яг энэхэн үед хүн бүр жүдогоор амьсгалж, Монгол орон даяар жүдогийн элсэгчээр дүүрч байв. Аав, ээжүүд хүүхдээ секцэд хамруулан олимп, дэлхийн аварга болгохын хүслэн байлаа. Б.Эрдэнэбаяр ч ерөнхийдөө яг л энэ үеэс жүдо бөхийн спортыг сонирхож эхэлсэн ажээ. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүү 2009 онд “Хангарьд” клубийн жүдо бөхийн дасгалжуулагч Д.Наранбаатарын шавь болсон түүхтэй. 100 гаруй шилдэг жүдоч бэлтгэсэн түүний шавь нарын нэг Б.Эрдэнэбаярыг өнөөдөр дэлхийн мэргэжилтнүүд ажиглаж байна.  Насанд хүрэгчдийн ангилалд анх 73 кг-ын жинд барилдаж эхэлсэн ч удалгүй 81 кг-руу өгссөн. Ингэхдээ 2020 оны аравдугаар сард Будапештын “Их дуулга”-д өрсөлдөхдөө Бразилын Эдуардо Барбосаг хожсон нь түүний Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнээс авсан анхны ялалт байсан юм. Энэ тэмцээний дараа  жин өгссөн бөгөөд 81 кг-д дэлхийн аваргад эх орноо төлөөлөн барилдсан удаатай. Ташкентад 2022 онд болсон ДАШТ-д барилдахдаа эхний тойрогт Италийн Антонио Эспоситог ялж, Бразилын Шмидтэд ялагдсан. Ингэхдээ вазаригаар илүүрхэж яваад үндсэн цаг дуусахаас 20 секундийн өмнө иппоноор дийлдсэн юм. Түүний жин 81 кг-д хүрдэггүй. Дээд тал нь 79 кг болдог байж. Ингээд шигшээ багийн багш нартай ярилцсаны үндсэн дээр буцаад 73 кг-даа барилдах болжээ. Энэ нь зөв шийдэл болсныг Б.Эрдэнэбаярын 2023 онд үзүүлсэн амжилтаас харж болно. Тэрбээр 2023 он гарснаас хойш “Их дуулга” ангиллын тэмцээнд 10 барилдаан хийснээс ердөө хоёрхон ялагдаж, найм ялсан. 80 хувийн үзүүлэлттэй шинэ цагийн жүдоч. Дэлхийн чансаагаа 120-оос 33 дугаар байр хүртэл урагшлуулж чадсан нь гайхалтай амжилт юм. Эрдэнэтийн унаган хүү Б.Эрдэнэбаяр жүдогоор өсвөрийн улсын аварга, залуучууд, насанд хүрэгчдийн аварга, МБАТ-ын спартакиадын аварга болж байлаа. Хэдийгээр олон улсын тэмцээнээс анхны медалиа авсан ч ОУЖБХ түүнийг онцолсон. Медалийн буухиагаа алтаар эхлүүлсэн түүнээс ОУЖБХ-ны сурвалжлагч Тбилисийн “Их дуулга”-ын дараа ярилцлага авахад “Үнэхээр сайхан мэдрэмж юм байна. Олимп, дэлхийн аваргыг ялсандаа, анхны медалиа алтаар эхлүүлсэндээ туйлын их баярлалаа. Цаашид улам их хичээнэ” хэмээсэн. 2022 онд насанд хүрэгчдийн Азийн аваргад шагналт VII байр эзэлж байсан нь өнөөдрийг хүртэлх хамгийн том амжилт байлаа. Тэгвэл өнгөрсөн сард “Их дуулга”-аас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэн, олон улсын мэргэжилтнүүдийн анхааралд өртсөнийхөө хүчинд магадгүй ДАШТ-д өрсөлдөх тийзээ шигшээ багаасаа олж авсан байх. Түүнийг бяртай, бас хийсэн мэхэндээ тэсрэлттэй гэж үнэлдэг. Ялсан ч, ялагдсан ч жүдо сонирхогчдыг тэр баясгаж чаддаг. Энэ нь л үзэгчдийн хайр, хүндлэлийг хүргэж байгаа. Хоёр дахь удаагаа ДАШТ-д өрсөлдөх Б.Эрдэнэбаяраас шууд амжилт нэхэх нь ёс суртахуунд нийцэхгүй. Гэхдээ тэр удахгүй цойлно, монголчуудыг баярлуулна. Яг Гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар шиг. Түүний Олон улсын жүдо бөхийн холбооны сайтад өгсөн товч ярилцлагыг хүргэе.

-Баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Анх удаа олон улсын тэмцээнээс медаль хүртсэн нь “Их дуулга”-ын алтан медаль байлаа. Сэтгэгдэл маш өндөр байна.

-Таны өнөөдрийн барилдааны хэв маяг үнэхээр гайхалтай байлаа?

-Надад ч гэсэн үнэхээр сайхан байна. Мэхний хурд, тэсрэлт, гүйцэтгэл төгс байсан. Бүх өрсөлдөгчөөсөө оноо авлаа. Маш их баяртай байна.

-Олимпын аварга Лаша Шавдатуашвилиг ялах мэдрэмж ямар байсан бэ?

-Олимп, дэлхийн аваргыг ялна гэдэг ховор тохиолдол. Ялсандаа сэтгэл хангалуун байна.

-Та өмнө нь 81 кг-д барилдаж байсан юм билээ. Яагаад 73 кг-д барилдах болов?

-Миний үндсэн жин 81 кг хүрдэггүй байлаа. 77, 78 кг-аас дээш гарахгүй. Үүнд дүгнэлт хийж, багш нар шийдвэр гаргасны үндсэнд 73 кг-д барилдсан. Ингээд улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцохдоо 73 кг-д зодоглож түрүүллээ. Цаашдаа энэ жингийн тамирчин болж байна.

-Алтан медалийн баяраа хэрхэн тэмдэглэх вэ?

-Монголдоо очоод гэр бүлээрээ тэмдэглэнэ.

Б.Эрдэнэбаяр 14 хоногийн өмнө ийм ярилцлага өгч байжээ. Түүнийг анхны багш Д.Наранбаатар тодорхойлохдоо “Маш дайчин, ухардаггүй, идэвхтэй, эрч хүчтэй, бэлтгэлийг тултал хийдэг” хэмээсэн. Тэгвэл хэдхэн хоногийн дараа Катарын Дохад сонирхогчид болон мэргэжилтнүүд түүнийг хэрхэн барилдахыг харна. Би Б.Эрдэнэбаяр, Б.Эрхэмбаяр нар ДАШТ-ий дэвжээнд хэрхэн барилдахыг харахыг туйлаас хүсэж байна. Тэд Монголын шигшээ багийн “нууц хөзөр” билээ. Хэдийгээр олон улсад танигдсан ч бүрэн судлагдаагүй болов уу. Дохагаас медаль авахгүй байсан ч Б.Эрдэнэбаяр, Б.Эрхэмбаяр гэх хоёр залуу ойрын хэдэн жилдээ монголчуудыг баясгах нь лавтай. 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24545/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 14 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 17 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 17 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 17 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 17 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 18 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 18 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 18 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 18 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 19 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 19 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 19 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 19 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 19 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 19 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 19 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 19 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 20 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 20 цагийн өмнө