Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, СУИС-ийн тэргүүлэгч профессор, АИХ-ын депутат Нацагийн ЖАНЦАННОРОВТОЙ ярилцлаа.
-Засгийн газраас баримталж буй бодлого шийдвэр, нийгэмд өрнөж байгаа үйл явдлуудыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Засгийн газрын баримталж байгаа бодлого ерөнхийдөө зөв чигтэй байх шиг. Харин тууштай л байвал сайн сан. Хамгийн гол нь аливаа асуудлыг улс төрийн аргаар мугуйдлахгүй шийдэх л чухал байх. Нам харгалзаж улс төрийн нөлөөг нь тооцоолсон өнцгөөс хандвал хийж буй ажил нь үнэ цэнгүй болж, улс төрийн жүжиг байна гэж бужигнаад л хүчгүйднэ дээ. Шалгах ёстой салбарууд байна. Шүүх, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл санааг баримтлаад хууль тогтоох засаглалынхаа ажилд хутгалдаж орохгүй шиг байвал...
-Шударга гэдэг үгэнд ч ард түмэн итгэхээ больсон юм шиг санагдаж байна?
-Шударга байх ёстой гэж хүмүүс ярьдаг. Шударга, шударга бус хоёрыг ялгахад их хэцүү. Жишээлбэл, Р.Чойномыг нам төрийн эсрэг юм ярьсан гээд баривчлаад хорьчихсон.
Тухайн үед коммунист үзэл сурталтай нэг нам төрийн эрх барьж байсан. Энэ утгаараа шударга уу, шударга юм шиг. Гэтэл өнөөдрийн он цагаас харахад үнэхээр шударга бус. Би шударга гэдгийг их энгийнээр юу гэж ойлгодог вэ гэвэл нэгэнт нийгмийн олонхын эрх ашигт чиглэсэн хууль дүрэм гаргасан юм бол түүний дагуу шийдэх нь тухайн цагтаа шударга. Өөр хайх юм байхгүй. Тиймээс Ерөнхий сайдад үнэнч хүн шударга уу, нэг бүлэглэлийн талын шүүгч шударга уу, шударга бус уу гэсэн яриа байж болохгүй. Баталсан хууль шударга эсэхийг хууль тогтоох байгууллага тогтооно.
Гаргасан хуулиа мөрдөж байх явцад иргэдээс “Энэ хууль шударга бус байна” гэж Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж болно. Иргэдийн гомдлыг хүлээж аваад “Үгүй ээ, энэ шударга хууль байна. Үндсэн хуулийн зарчимд нийцэж байна” гэж дүгнэвэл тэр шударга хууль.
Өнөөдөртөө энэ шударга гэж дүгнэсэн хуулиар шийтгэсэн бол шударга шийтгэл. Тэр шийтгэл нь таван жил, арван жил, бүр тэнсэн харгалзах байж ч болно. Ард иргэд “Та нартай гаргасан хууль дүрмээ хэрхэн шударга биелүүлж байна вэ гэдэгтэй чинь л хариуцлага тооцно. Түүнээс хэнийг яаж шийтгэх нь тухайн хуулийн л асуудал” гэдэг шаардлага тавина. Ингээд л явах юм бол тэр ардчилсан Үндсэн хуулиндаа тохирно. Тэгээд үүнийг цаг хугацаа шүүнэ.
-1992 онд батлагдсан Үндсэн хуулийг 30 жилийн дараах өнөөдрийн нийгмийг зохицуулж чадахаа больсон гэж зарим судлаач үзээд байна?
-Миний бодоход хоёр талтай. Нэг тал нь 1992 онд баталсан Үндсэн хуулийнхаа чадавхыг бид дүүрэн ашиглаж чадахгүй байх шиг. Ингэж Үндсэн хуулиа хүчгүйдүүлсэн байж болох.
Миний хувьд “Бид шал ондоо нийгмийн байгууллаас, шал ондоо тогтолцоо руу орж ирсэн.Хуучин нийгмийн үед амьдарч байсан хүмүүс шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлэх сэтгэл зүйн бэлтгэл маш дутмаг.Сонгууль болгонд их мөнгө зарахын оронд иргэний боловсролд анхаараач ээ. Тэгэхгүй бол хуучин тогтолцооны сэтгэхүйтэй иргэд шинэ тогтолцооны парламентыг жинхэнэ ёсоор хэлбэршүүлнэ гэхэд маш хүндрэлтэй. Тийм болохоор “Иргэдийн боловсролд асар их мөнгө хэрэгтэй” гэж хэлж, ярьсаар өдий хүрлээ. Түүгээр ч үл барам “Монгол Улс сонгуулийн насны иргэддээ Үндсэн хуулийн талаарх мэдлэгийг зохих шатанд нь тохируулан олгоод шалгалт авч байж яагаад болдоггүй гэж” гэсэн саналыг хүртэл тавьж ирсэн.
-Шинэ тогтолцоо руу шилжиж л байгаа юм бол тогтолцооныхоо суурь зарчмуудыг ухуулан сэнхрүүлэх, нийгмийн гэрээгээ танилцуулж түгээн дэлгэрүүлэх механизм байх л хэрэгтэй биз дээ?
-Дээр үед коммунист үзэл суртлын хүрээндээ пионер, эвлэлийн ажил, үйлдвэрчний дугуйлан, намын ажил, сонин уншлага гээд бүх л бололцоотой механизмаар үзэл суртлаа түгээн дэлгэрүүлж хүмүүсийг коммунизмд итгүүлэх ажлыг маш хүчтэй хийж байсныг бид мартаагүй. Ийм ажлын агуулгыг биш хэлбэрийг уламжлаад ардчилсан тогтолцооны зүй тогтол, үнэт зүйлийг иргэддээ суулгахгүйгээр шинэ Үндсэн хуулийн үзэл санаа хэрэгжихэд төвөгтэй. Манай төр, засаг энэ чиглэлээр дорвитой юм хийж чадаагүй. Бэлдээгүй хөрснөөс төрийн эрх барих сул парламент, сул парламентаас сул Засгийн газар, хууль шүүхийн байгууллага урган төлжиж өдий хүрсэн. Иргэн, иргэний нийгмийн ухамсартай оролцоогүйгээр ардчилсан тогтолцоог бэхжүүлэх боломж байхгүй.
Би хуульч, эрхзүйч мэргэжилтэй хүн биш. Нийгэм соёлынхоо төлөө санаа зовниж явдаг нэг л иргэн нь. Миний бодсон санасан заавал зөв байх ч албагүй. Заримдаа 1992 оны Үндсэн хууль тухайн үедээ ахадсан хууль байсан юм биш байгаа гэж бодох өдөр ч гардаг л юм. 1930-аад оны хөрөнгө хураалтаас хойш хүний хоёроос, гурван үеийнхэн хувийн өмчийг мартсан. Хувийн өмчтэй байхыг ад үздэг. Бусдаас онцгойрохыг хэвийн биш гэдэг. Хийсэн бүтээснээ бусдад тайлагнавал “Онгироо, сагсуу” ч гэж хэлэгдэнэ. Социалист нийгэм хувь хүний амжилт ололтыг хамтын амжилт гэж үзэхийг шаарддаг. Үр дүнд нь өнөөдөр. “Чи маш сайн бүжиглэлээ” гээд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол өгөөд байхад гарч ирээд “Энэ бол миний биш, манай хамт олны амжилт” гээд зогсож байдаг иргэнтэй болсон. Юу гэсэн үг юм, чамд өгч байхад. Ийм сэтгэлгээ одоогийн залуучуудаас зарим талаар арилаагүй.
“Би ийм юм хийсэн. Монголын урлагт оруулсан гавьяаг үнэлээд энэ шагналыг надад өглөө” гэж хэлэх ёстой биз дээ. Хэлэхгүй. За яах вэ, монгол хүний ёс зүйн үүднээс аваад үзвэл багш, эцэг, эх, сургуулийн минь ач гэж хэлж болно. Тэр ач гавьяа нь ч байдаг л байх. Гэхдээ өөрийг нь тухайлан үнэлээд байхад л “Миний өчүүхэн хөдөлмөр, миний хамт олны байгуулсан гавьяаг надад өглөө” гээд байдаг. Хувь хүний бие даасан өөрийн итгэл үнэмшил үнэт зүйлээ эрхэмлэх ёстой нийгэм биз дээ.Тэгэхээр хоёулаа ардчиллын туршлагатай орнуудыг жишээ болгоё. Өмнөд Солонгос, Сингапур байна бүр явж, явж Хятад байна. Өмнөд Солонгос, Сингапур хоёр ардчилсан нийгмийн үнэт зүйлийг иргэдийнхээ толгойд бараг хүчээр суулгасан. Өмнөд Солонгосын үсрэнгүй хөгжлийн эцэг гэгддэг Пак Чон Хын цэргийн эргэлтээр гарч ирсэн. Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ю үндсэндээ дарангуйлагч. Энэ хоёр удирдагч дарангуйлахдаа ардчилсан үзэл санааг нийгэмд аясаар нь хүлээн зөвшөөрүүлчихсэн юм биш, хүчээр суулгаж өгсөн. Хятад бол их айхавтар. Ард иргэддээ эхлээд эдийн засгийн эрх чөлөөг нь олгочихсон.
Дэн Сяопинээс хойш гурван үеийн удирдагч улс төрийн эрх чөлөө олгоогүй өнгөрчихлөө. Гэхдээ Хятад орныг АНУ-тай өрсөлдөхүйц эдийн засагтай болох суурийг мань хүн тавиад өгчихсөн. Сүүлийн хэдэн жил хэдэн сая хүнийг ядуурлаас гаргав. Тухайн үед Дэн Сяопин ард иргэддээ эдийн засгийн эрх чөлөөтэй нь хамт улс төр, хувь хүний эрх чөлөөг тавиад өгчихсөн бол өнөөдөр БНХАУ чухам ямар байхыг төсөөлөхийн аргагүй.
-Бид хятад загвараар явах ёстой байсан уу?
-Бидэнд улс төрийн эрх чөлөө олгосноос болоод баларчихлаа гэж хэлж байгаа юм биш. Бид Хятадаас их өөр. Тухайн шилжих цаг дор нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн оюун санааг ямархуу түвшинд байна вэ гэдгийг сайн тооцож, харгалзаж үзэхгүйгээр ардчилсан Үндсэн хууль баталсны маргааш хүссэнээр голдиролдоо орчихно гэж байхгүй. Тэгээд ардчилал, эрх чөлөө хоёроо ч ялгахаа больсон.
-Шинэ, хуучин хоёр тогтолцоог холиод нухчихсан аятай л юм санагдаад байдаг?
-“Ардчилал хаана байна”, “Бидний ардчилал, эрх чөлөөг хяхан боогдууллаа”, “Бид тэмцэх ёстой” “Ардчиллаа аваръя!” гээд бөөн цуглаан, тэмцэл. Ардчилал гэх нийгмийн тогтолцооны загварыг хувь хүний эрх чөлөө гээд хутгачихна. Ардчилсан нийгэм байгуулж байгаа юм чинь дураараа дургия гэх маягтай. Дарга нь ч тэр, цэрэг нь ч тэр. Идэж, ууж, хууль зөрчиж, хүн доромжилж болно, хамаагүй. Тэгвэл ардчилал гэдэг чинь юу юм бэ. Энэ бол зүгээр л нийгмийн байгууллын нэг загвар гэж би хувьдаа боддог. Хувь хүний эрх чөлөөтэй огт хамаагүй. Бидний туулж ирсэн нийгмийн загварыг тоталитар гэж нэрлэдэг. Хэсэг бүлэг хүмүүс ард иргэдийн саналыг үл харгалзан бодол шийдвэр гаргадаг тогтолцоотой.
Тэгвэл авторитар тогтолцоотой нийгмийн загвар байна. Автортай буюу нэг хүнээс гарсан шийдвэрээр улс орноо залаад явна гэсэн үг. Одоо бол Хойд Солонгос байна. Гэтэл ардчилсан тогтолцоо гэдгийг их бүдүүн тоймоор хэлэх юм бол нийтээрээ зөвшилцөх. Олонх нь шийдвэр гарга, цөөнхийн үгийг сонс, зөв санал гарвал тусга. Төр засгаа сонгуулийн хэлбэрээр төлөөллөөрөө байгуул.Жишээлбэл, миний төрд хэлэх үгийг манай тойргоос УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төлөөлж байгаа. Тэгэхээр би УИХ-тай тооцоо хийх биш Ц.Мөнх-Оргилтой тооцоо хийх ёстой. Чи надаас санал авсан, яагаад УИХ-аас гарсан хууль, тогтоол, шийдвэрт миний саналыг тусгаагүйг тойрогтоо дуудаж авчраад асуух эрхтэй.
-Үгүй ээ, одоо бид чинь 76 төлөөлөгч биш 76 хаан сонгодог болчихлоо гээд л байгаа. Яг үнэндээ зарим гишүүн сонгогчдоо загнаж байсан түүх ч бий. Тэгэхээр юун төлөөлөл гэж л асуумаар байна?
-Тийм учраас л 1992 оны Үндсэн хуулийг “давчихсан” гээд байна. Сонгогчдоо ирж загнаад байгаа тэр нөхөр чинь Үндсэн хуулийнхаа төлөөлөх үзэл санааг ухаараагүй социализмын үеийнхээр дарга болчихсон гэж бодчихсон манийн өрөөсөн байхгүй юу. Уг нь сонгогчдын илгээсэн төлөөний хүн. Мэдсэн ч мэдээгүй юм шиг иймэрхүү юм олон бий.
-Үндсэн хууль гажуудуулсан тодорхой жишээ гаргаад тайлбарлавал манай уншигчдад хэрэг болох байх?
-Би маш тодорхой жишээ хэлж өгье. Манай Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүн гэдэг Засгийн газрын гишүүн бөгөөд сайд, хуучнаар Сайд нарын зөвлөлийн гишүүн гэдэг байсан. Геологи, уул уурхайн сайд. Социализмын үед Төрийн нарийн бичгийн дарга гэж байгаагүй. Нэгдүгээр орлогч сайд, орлогч сайд, газрын дарга гэсэн шатлалтай байсан. Сайд нарын зөвлөлийн дарга гэдэг маань одоогийнхоор Ерөнхий сайд. Сайд нарын зөвлөлийн даргын орлогч гэж байсан. Намайг Төв хороонд ажиллаж байх үед. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Цэвэгмид, Пэлжээ, Сүрэн, Лувсангомбо гэх мэт хүмүүс байсан. Пэлжээ гуай Уул уурхай, геологийн асуудал хариуцсан сайд нарын зөвлөлийн орлогч дарга. Уул уурхайн сайд гэж Монголд байгаагүй, Уул уурхайн яамны сайд гэж байсан.
Ийм нөхцөлд Пэлжээ гуай уул уурхай, геологийг хариуцах хэдий ч яамандаа огт очихгүй.Яамны хүмүүсийг халж, сэлгэж томилгоо хийхгүй. Ордонд л сууна. Гэхдээ төрийн өмнө Монгол Улсын уул уурхай, геологийн асуудлыг хариуцаж, бодлого шийдвэр гаргуулна. Тэр бодлого шийдвэрийг Уул уурхайн яамны сайд Хурц гуай яамныхаа аппаратыг ажиллуулж хэрэгжүүлнэ. Одоо бол Засгийн газрын гишүүн бөгөөд Уул уурхайн сайд. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал бий болсон. Тэр бол хуучнаар яамны сайд.Тэгэхээр манай тодорхой салбар хариуцсан сайд нар бүгд Ерөнхий сайдын орлогч. Хуучнаар Сайд нарын зөвлөлийн орлогчид гэсэн үг. Энэ сайдууд ордонд сууж байх ёстой юм. Яамны ажлыг Төрийн нарийн бичгийн дарга нар төрийн өмнө хариуцан ажиллуулж байгаа. Уг нь ийм хууль хийж өгсөн. Гэтэл яасан. Ялсан намаас томилогдсон улстөрч-салбарын сайд яаманд очоод халаа сэлгээ хийгээд танил талаа ажилд аваад бужигнуулаад эхэлдэг. Төрийн нарийн бичгийн дарга нар бараг “амьгүй албат” болчихсон.
-Уг нь Төрийн нарийн бичгийн дарга яамаа хариуцах ёстой байдаг?
-Сонгуульд ялсан нам мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрээ хэрэгжүүлэхээр салбаруудад сайдаа томилдог. Сайд томилогдоод яаманд очоод баг бүрэлдүүлэх нэрээр бүгдийг нь солиод эхэлнэ. Манай намын хүн биш, бодлого хэрэгжүүлэхэд саад болно гэж үздэг ч юм уу. Ингээд салбарын бүхэллэг бодлого бариад сууж байх ёстой хүн яамны ажилтай хутгалдаад. Нэгэнт ялсан намын улс төрийн томилгоо болох тул яаманд очоод намчирхана. Тэгээд жинхэнэ төрийн албан хаагчдыг төрийн албанд байгаа намын дуулгавартай зарц болгоно.Ингээд төрийн алба суларна. 1992 оны Үндсэн хуулийг ийм сэтгэл зүйтэй хэрэгжүүлнэ гэж байх уу. Төрийн дээр нам байх уу, намын дээр төр байх уу гэж бид ярьдаг. Уг нь төр нь дээрээ баймаар байдаг, гэтэл Засгийн газрын гишүүн-улстөрч төрийн албыг нам руу түлхээд байхаар төрийн дээр нам нь гарчихлаа. Нийгмийнх нь үзэл санаа төлөвшчихсөн, хөгжлийн тогтвортой замд орчихсон улсуудын хуулиас үлгэр аваад суулгачихсан болохоор манай Үндсэн хууль муу хууль биш.
Харин үүнд нийгмийн сэтгэл зүй бэлэн байсан уу үгүй юу гэдэг асуулт. “Бид шилжилтийн үед явж байна” гэж 30 гаруй жил ярилаа. Шилжсэн үү. Шилжилтийн үедээ л байна уу. Тэгвэл хэзээ шилжих вэ. Ингээд бодохоор 1992 оны Үндсэн хуульд шилжилтийн үеийн үзэл санаа сайн шингээх ёстой байж, нийгмийн сэтгэл зүйг бэлдэх, ер нь л шилжилтийн маягийн хууль хэрэгтэй байсан юм биш байгаадаа гэж заримдаа бодогддог. Ер нь материаллаг зүйлийг өөрчлөх амархан сэтгэхүй өөрчлөх л удаан бөгөөд тун бэрхтэй даваа юм шиг байна.
-Өнөөгийн улс төрийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж ярьж байгаа. Үнэндээ ч Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ гэсэн гуран төлөөлөл эв зүйгээ нэг л олохгүй байна?
-Үндсэн хууль хэлэлцэж байх үед монголчууд эзэн хаантай байсан, Ерөнхийлөгчтэй байх ёстой, Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгодог байх ёстой гээд депутатууд санал хураагаад ард түмнээс сонгогдохоор шийдсэн. Ингээд ард түмнээс сонгогддог хууль тогтоох дээд байгууллага, ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч хоёртой болсон. Жишээ нь, 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ялсан. Ялахын тулд хөтөлбөр дэвшүүлнэ. Зүгээр жишээ ярьж байна шүү, би. Бид энэ сонгуульд ялж УИХ-д олонх болбол 100 сургууль, эмнэлэг, соёлын төв төдийг барина, сургуулийг гурван ээлжгүй болгоно гэх мэт амлалт өгөөд ялчихлаа.
Хойтон жил нь Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намуудаас хөтөлбөр дэвшүүлнэ. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр УИХ-д ялсан намын хөтөлбөрөөс тэс ондоо гараад ирлээ. Сонгогчид өнөөх иргэний оролцоогоороо төрдөө зүтгэхийн оронд хэн аятайхан юм амласанд нь саналаа өгөөд сонгочихлоо. Бид 100 сургууль барихгүй 50-ийг барина, харин гурван том үйлдвэр барина. Хоёулаа гоё юм яриад байгаа биз. Аль гоё ярьсныг нь сонгоод л байна. Ард иргэд хууль тогтоох байгууллагад олонх болсон намын мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлсийг Ерөнхийлөгчид нэр дэвшигч хэрхэн тусгаж вэ гэдгийг нэг их бодох ч үгүй.
-Хоёр мөрийн хөтөлбөр зөрчилдөж байсан ч хамаагүй аль таалагдсанаа сонгох нь байна?
-Хамаагүй сонгоно. Хэдийгээр Ерөнхийлөгч намын харьяаллаасаа татгалзавч дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр гэж бий. Их хуралд олонх болсон нам мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтоо биелүүлэхийн тулд төсөв хэлэлцээд эхэлнэ. Нөгөө гурван үйлдвэр байхгүй. Тэгэхээр Ерөнхийлөгч “Би гурван үйлдвэр барина гээд ард түмнээсээ сонгогдсон. Яагаад төсөвт суугаагүй байна вэ” гэж асууна. “Та ард түмнээсээ сонгогдсон нь үнэн гэхдээ хууль тогтоох байгууллагад олонх болсон намын мөрийн хөтөлбөрт ийм зүйл тусгагдаагүй болохоор төсөвт суулгаж болохгүй байна” гэдэг хариулт өгнө.
Ерөнхийлөгч хариуд нь төсөв задална гэж нэг үзээд бүр болохгүй бол Засгийн газрыг шахна,үндэслэл нь ард түмнээс сонгогдсон. Ингээд хөшигний цаана далд тохироо явагдаж Засгийн газарт хүнээ шургуулах оролдлого хийнэ. Ард иргэд бид чинь юу болж байгааг мэдэхгүй, тэр дээр л бужигнаад байдаг. Сайд нарын танхим нь Ерөнхийлөгчөөс санал болгосон сайдтай, Их хурлаас санал болгосон сайдтай Ерөнхий сайдын оруулсан сайдтай хэчнээн толгойтой мангас болж хувирна.
Сүүлдээ бүр 10 тэрбумаар нь өвөртлөөд гардаг 76 сайдтай болж орхисон. Сангийн сайд гэдэг нэг хүн байж байхад улсын төсвөөс 10 тэрбумаар нь аваад явдаг, аймгийн Засаг дарга гэж нэг хүн байж байхад наанаас нь өвөртлөөд очдог нөхөр бий болно. Нөгөө төсвөөс авсан мөнгөө “гишүүний мөнгө” гэж нэрлэчихээд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга хоёрыг дарамталж эхэлнэ, яагаад гэвэл мөнгөтэй юм чинь. Гишүүний мөнгөөр тийм ч сургууль, ийм ч эмнэлэг барина гээд. Дундаас нь тийм ч төсөл, ийм ч төсөл, чи төдийг би хэдийг гээд хувааж авдаг юм руугаа явна.
-УИХ-ын бол хууль тогтоох дээд байгууллага. Харин яагаад аж ахуйн ажилд орооцолдоод байна вэ?
-Эрх мэдлийн хуваарилалтаа ойлгоогүй. За дахиад нэг жишээ. Их хурлын дарга хөдөө орон нутгийн томилолтоор явлаа. Малчдын сууриар ороод ахуй байдалтай нь танилцаад зовлон жаргалыг нь сонсоод л явна. Тухайн нутгийн тулгамдсан асуудал нь отрын бэлчээр нутагт нь өөр аймгийн мал ороод байгаа. Их хурлын дарга малчдын гаргасан “Гурван жил отрын бүс рүү мал оруулмааргүй байна” гэдэг саналыг сонсоод шийдэж өгнө л гэж байна. Гэтэл орой нь зурагтаар малчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж гурван жил тус отрын бүс нутагт мал оруулахгүй байх асуудлыг газар дээр нь шийдэж өглөө гээд ярина.
Нэг аймгаас хэдхэн санал авсан ганцхан саналын эрхтэй кнопны эзэн, Их хурлын хуралдааны дэгийг мөрдүүлэх чиг үүрэгтэй нөхөр, Ерөнхий сайдыг амьд мэнд нийслэл хотдоо сууж байхад тэнд отрын бүс нутагт гурван жил мал оруулахгүй гээд шийдчихдэг. Би болсон явдал гэхээсээ илүүтэй жишээ болгож яриад байна.1992 оны Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтаар бол Их хурлын дарга юу гэж хэлэх байсан бэ гэвэл “Та бүгдийн хэлсэн асуудлыг бид шалгаж үзлээ, үнэхээр гурван жил мал оруулахыг хорих нь зүйтэй байна.
Та бүхэн саналаа аймгийн Засаг даргаараа дамжуулаад Ерөнхий сайдад уламжил. Би мөн Ерөнхий сайдад байдал ийм байна гэдгийг дуулгаад энэ талаар шийдвэр гаргах шаардлагатай бол гаргуулъя” гэж хэлэх ёстой. Инээдтэй юм их болно. Жишээ бас. Ерөнхийлөгч маань орон нутагт ажиллаж байна гэж бодъё. Нэг малчин ногоо тарих гэсэн юм надад нэг пад пад трактор хэрэгтэй байна гэдэг хүсэлтээ уламжилтал "Өө тэгье танд пад пад трактор өгнө " гэж амлачихна. Тамгын газрынхаа төсвийг Их хурлаар оруулж батлуулдаг субьект. Өөрийнхөө цалингаар авч өгөх гээд байгаа юм уу. Хууль дүрмээрээ бол Хөдөө аж ахуйн сайдад хүсэлт тавья. Танд трактор хэрэгтэй юм байна гэж хэлж болно доо.
Сайд Ерөнхийлөгчийнхөө саналыг хүлээж авна. Эрх биш бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч хүн байна даа Хөдөө аж ахуйн сайд шийдээд өгч болно.Би их олон жилийн өмнө хэлсэн. Бид 1992 онд Үндсэн хууль гэдэг шатрын хөлөг зурж өгсөн. Тэрэг чигээрээ, тэмээ хөндлөн, бэрс хоёр тийш нүүнэ, ноён нүүдэл алгасахгүй. Дүрэм ойлгомжтой.
Гэтэл өнөөдөр морь болчихоод л тэвдэхээрээ тэрэгний нүүдлээр нүүгээд байна, өрөөлдөж нүүхгүй. Ноён нь тэвдэхээрээ нүүдэл алгасаад явчихна. Ингэхээр чинь яаж тоглох юм бэ, хэн хожих вэ. Хэн ч хожихгүй. Тэд хөлөгт дүрмээрээ тоглохгүй, дүрмээ бүгд мэднэ. Тэгээд л дур дураараа морь нь тэмээний нүүдлээр нүүгээд явчихна. Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалттай холбоотой гол асуудал ингээд л саармагжчихна, асуудал энэ шүү.
-Миний харснаар Ерөнхийлөгчийн статус нэг л тодорхойгүй, төрийн тэргүүн гээд байдаг мөртлөө эрх мэдэл хязгаартай гэх. Ард түмнээсээ сонгогдсон төрийн тэргүүн байх юм уу, аль эсвэл...?
-Яах вэ, Ерөнхийлөгчөө бүх ард түмнээсээ сонгох үндэсний онцлог сэтгэхүй, газар зүйн байршил ч гэх юм уу янз бүрийн хүчин зүйл бий л дээ. Гэхдээ Ерөнхийлөгч сайдуудаа дуудаж аваачаад дандаа "загнаад" байвал бас яамаар ч юм. Өнөөдөр нийгэмд нэлээд шуугиан тариад байгаа нүүрсний асуудлаар жишээ аваад ярихад Ерөнхийлөгч энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөө ярих , Үндэсний аюулгүй байдлын дарга гэдэг утгаараа Их хурлын дарга, Ерөнхий сайдад энэ асуудал чинь хурцдаад байгаа юм биш үү, яаж шийдэх гэж байна вэ гэж ярилцаж зөвшилцөөд аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн дэмжсэн саналаар тухайн асуудлаар зөвлөмж гаргах гээд олон хэлбэр бий.
Мэдээж, улсын Ерөнхийлөгчийн хувьд манлайлах сайхан. Тэр өнөөх засаглалын дүрэмтэйгээ л зохицож байвал сайн хэрэг. Ерөнхийлөгчтэй байхгүй л бол болохгүй, баларна, сүйрнэ, доройтно гээд бодчих юм бол тун хэцүү. Харин эсрэгээрээ ардчилал зах зээлийнхээ энэ үзэл санааг иргэддээ сайн суулгаад өгчихвөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болоход болохгүй юм байхгүй.
-Таны яриаг сонсож суухдаа Үндсэн хуулийнхаа суурь зарчмуудыг агуулсан хичээлийг ерөнхий боловсролын сургуульд бага ангиас нь заамаар юм байна гэж бодлоо?
-Одоогоос жил гаруйн өмнө байна уу даа, Г.Занданшатар дарга “Иргэний боловсрол” гэдэг хичээлийг ерөнхий боловсролын сургуульд заая гэсэн санаачилга гаргаад эрдэмтэд, багш нар суугаад гурван шатны сурах бичиг боловсруулсан. Би энэ номын редакторын хэсэгт ажилласан.Нийгмийн талаарх мэдлэг, хүлээж авах боломж, мэдээллийг шүүж авах чадамж талаас нь харах байх гэж намайг багш хүний хувь хамтран ажиллахыг хүссэн. Их аятайхан ном болсон.
Иргэний боловсрол хичээлийг дан ганц ерөнхий боловсролын сургуульд заагаад орхих биш албан газар, компаниуд, эмнэлэг, соёлын байгууллагуудын ажилтан, албан хаагчид хийж байх ёстой. Хуучны намын дугуйлан гэж байсан шиг. Хуучин нийгмээс бид авах ёстой юмнуудаа агуулгыг нь орхиод хэлбэрийг нь хуулах юм их байна. Бидний эцэг, эх дандаа буруу юм хийгээд яваад байсан гэж үзэж болохгүй биз дээ. Үзэл сурталжсан хэсгийг нь орхиж хэлбэрийг нь аваад нийгэмд суулгах гээд байгаа мэдлэг, мэдээллээ системтэй болгох хэрэгтэй.
-Нийгмийнхээ тогтолцоог иргэд нь ойлгочихвол хөгжил ойрхон болох байх?
-Удирдагч сайн байх нь ардчилсан нийгэм цааш хөгжих баталгаа болж чадахгүй. Иргэн ардчилсан нийгэмдээ ухамсартай, идэвхтэй оролцож байгаа нөхцөлд л ардчилсан нийгмийн араа, шүд хоорондоо зөв таарч хөгжлийн хүрд эргэх ёстой мэт. Японд нийтийн эзэмшлийн гудамж талбайд хогийн сав байдаггүй мөртлөө гудамжиндаа хоггүй. Манайд гудамжинд хогийн сав байна, хог нь ч байна. Тэгээд япон хүнээс “Танай гудамжинд хогийн сав алга” гэхээр “Хог хаяж болохгүй юм чинь яаж хогийн сав тавих юм бэ” гэж хариулна. Манайх болохоор хог хаяж болохгүй гэчихээд “хая хая” гээд хогийн сав тавьчихдаг. Бид хогийн сав тавилгүй хог хаяхгүй байлгах тэр арга зам руу орж бүх хүчээ дайчлах нь байна.
Яагаад гудамжинд тамхи татаад, татсан тамхины ишээ хийгээд халааслаад явчих жижигхэн хуванцар сав хадгалаад явж болохгүй гэж. Яагаад аялал зугаалганд явахдаа багтаагаад ачиж очсон тэр их хоол хүнс, архи пивоныхоо савыг буцаагаад ачаад ирж болохгүй гэж. Бид машин замаар нэвтрэх явган хүний гарц зураад, гэрлээр гар гээд гэрэл зоогоод өгчихнө. Тэгээд гарцаар гараагүй хүнийг торгохгүй, гарцгүй газраар яваад л байна. Хэрвээ болохгүй, хориглоно гэсэн дүрэм хийсэн л юм бол Сингапурын Ерөнхий сайд шиг, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч шиг иргэдээ дүрэм, журам зөрчихгүй болтол үзэх ёстой. Иргэн ардчилсан нийгэмдээ ухамсартай, идэвхтэй оролцдог болох гэж үүнийг л хэлээд байгаа юм. Уг нь их хичээвэл болох эд.
-Нийгэм ч их сонин болжээ. Хүн бүр л өөр өөрийнхөө толгойгоор, өөр өөрийнхөө санаагаар шийдээд явах санаатай, хуучнаар бол олон ургалч үзэл байсан бил үү?
-Олон ургалч үзэл ч яах вэ дээ хуучин үзэл сурталжсан нийгмийг задлахын тулд хэрэглэсэн нэр томьёо. Одоо ч үеэ өнгөрөөж байна даа.
-Тэгвэл нэг чигт харъя гэж байна уу?
-Нэг чигт харъя гэхээр яах юм, эргээд коммунизм байгуулах уу, тэгж болохгүй шүү дээ.
-Нэг чигт харахгүй юм бол яаж хөгжил ярих юм бэ?
-Нийтээрээ хог хаяхаа болиод дэг журмаа мөрдье. Хог хаях юм бол өөрсдөө цэвэрлэж байя гэж тогтъё л гээд байгаа юм. Манайд нэг уучилж, цаг хугацааны хувьд жаахан хүлээзнэж байж болох нэг асуудал байгаа нь суурин иргэншилд дадах. Бид чинь хамтаараа төвлөрч амьдарч сураагүй. 1961 онд 40 мянгат ашиглалтанд ороод, орцны нэг хаалгаар 12 айл орж гараад гайхамшигтай, сонин юм болж байгаа хэрэг. Монголчууд нэг хаалганд нэг л айл, үсрээд хоёр айл байхыг л мэднэ. Одоо хүртэл нэгдүгээр давхарт байгаа тамхины ишийг хоёрдугаар давхарт амьдардаг айлын хүн авдаггүй нь нийгэмшээгүйгээ л илтгэж байна. Нүүдлийн сэтгэхүйн улбаа. Сэтгэхүй, нийтийн эрх ашигт нийцсэн саналыг олноороо гүйцэлдүүлэх гэхэд бэрхшээл бас байсаар л байна.
-Төсөв батлах үед Их хурал дээр ажиглагддаг жалга довны үзэл үү?
-Тийм. Манай аймагт соёлын ордон хэрэгтэй, танай аймаг ямар хамаа байна гэх мэт нутаг усаараа талцаад л эхэлдэг биз дээ.
-Бидний яриа 1992 оны Үндсэн хуулийг цаг үеэсээ түрүүлсэн хууль байжээ гэсэн ойлголт надад төрүүлээд байна?
-1992 оны Үндсэн хуулийг цаг үеэсээ түрүүлсэн гэж дүгнэхээсээ илүү, тухайн цаг үед нийгэм шилжиж байгаа юм бол шилжилтийн үеэ эрх зүйн дээд баримт бичигт тооцох ёстой байжээ гэж дүгнэвэл зохих болов уу. Б.Амгалан гуайн “Капитализмыг алгассан нь” гэдэг зураг шиг хамаагүй харайгаад баймааргүй. Капитализм хэрэгтэй нийгэм байж. Өөрийгөө эрж хайсан, олдог, өмч хөрөнгөтэй, үнэт зүйлтэй хувь хүмүүсийг бий болгоход капитализм хэрэгтэй нийгэм байжээ. Ажил хийж сурна, хамтарч тэмцэж сурна, эрх ашгаа хамгаалж сурна, цалин хөлсөө тооцуулж сурна. Бид энэ нийгэмд орж суралцалгүй шууд социализм руу орчихсон. Социализм руу орохдоо ч бид огт бэлтгэгдээгүй.
Социализмын чинь гол гай нь хувь хүн юу ч биш. Гэтэл хүн гэдэг амьтан чинь байгалиасаа бүтээгч, орчлонд ганцхан хувь заяасан. Бодсон санасан зүйлээ хиймээр байвч социализм тэгүүлэхгүй. Өнөөдөр эрх чөлөө нь байвч боломжоор хаалттай. Тэгээд сайн сайхан зүйл хийсэн ч яг хуучин шигээ нэг одон зүүгээд өглөө, нөгөөх нь баярлаад найр хийгээд алга болно.
-Уг нь энэ нийгэмд чинь сайн ажиллавал амьдрал нь сайжрах ёстой биз дээ?
-Амьдрал нь сайжрах ёстой. Гэтэл мянгат малчинд нэг хувин сав өгч ч байх шиг. Харин ойрын жилүүдээс өөрчлөлт ажиглагдаад байна. Шилдэг инженерт төдөн сая төгрөгний шагнал гэх мэт. Энэ мэтчилэн нийгэм бидний төсөөлсөн шиг цааш цаашдаа багаар ч болов урагшлан дэвжих байхаа гэж иргэн хүний хувьд харж илүү дутуу юм тунгааж л суух юм даа. Одоо бид яадаг ч байсан нэг зүгт харж, зүтгэх цаг болж. Цөвүүн цаг дэлхийд цахилж байна. Өнгөрсөн зууны 11 дүгээр оноос хойш Намнансүрэн, Ханддоржоос эхлээд зүй бусаар одсон тэр идэр залуу аугаа хүмүүсийн ачаар өнөөдөр бидний залуу үе дайны фронтод дайчлагдаагүй, үр хүүхдэд минь монгол хэл заах уу, заахгүй юу гэсэн яриа гарахааргүй их ач гавьяаг үеийн үед санаж, 100 жилийн дараах бахархал нь болж үлдэцгээх юм сан.
-Цаг зав гарган санал бодлоо илэн далангүй хуваалцсан танд баярлалаа.
Трамп төмөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24524/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна