ThunderZ: Сэтгэл хангалуун үлдэх тоглолт хийнэ


Орчин цагийн урлагт өөрийн уран бүтээл, өнгө аясаараа аргагүй ялгардаг хүн бол яах аргагүй реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал билээ. Тэрбээр 2012 онд “Реп дэмбээ”-д оролцож анх олны өмнө гарсан. Үүний дараагаар 2016 онд Backyard тэмцээний ялагч болсон реппер Thunder болсон түүхтэй. “Реп дэмбээ”-гээр олонд танигдсанаас хойш 11 жилийн хугацаанд “Байгаагаар минь хүлээн авах уу”, “Ганцхан шалтгаан”, “Бүгд тэгээс эхэлдэг”, “Дандаа даардаг охин”, “Хатуу”, “Оюутан”, “I am man”, “Ноён эмэгтэй” зэрэг уран бүтээлээрээ сонсогчдын сэтгэлийг хөдөлгөж, сонорыг мялаасан түүний “Цэнгэлдэх дүүрэн хүмүүсийн урд тоглолтоо хийнэ” гэсэн тэрхүү мөрөөдөл нь бодит болоход найм хоног үлджээ. Түүний уран бүтээлүүдтэй 10 жилийн турш хамт байсан сонсогч та бүхнийг энэ сарын 9-нд болох түүний анхны бие даасан “Нэг л өдөр” тоглолтод хүрэлцэн ирэхийг урьсныг уламжлъя.

Тоглолтын бэлтгэл, клипний зураг авалт, шинэ дуу, боксын бэлтгэл, ярилцлагын нэвтрүүлэг гээд тэр өдрийг тун завгүй өнгөрүүлж байгаа гэнэ. Завгүй цаг хугацаанаас нь багаханыг хомсолж, хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.

 

-Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Бэлтгэл ажил хэр явж байна вэ?

-Уг нь өнгөрсөн жил энэ тоглолтоо төлөвлөж байсан юм. Гэвч “Тоонот”-ынхон маань 21 аймгаар тойрч аялан тоглолт хийгээд амжаагүй. Ингээд өнгөрсөн гуравдугаар сард тоглолтын дараа дахин ярилцаж, Төв цэнгэлдэх хүрээлэнд цаг авсан юм. Хэдийгээр цагаа эрт авсан ч тоглолтоо хамгийн сүүлд зарлаж байх шиг. Наадмаас хойш Төв цэнгэлдэхэд хийж буй дөрөв дэх тоглолт нь минийх болж байна. Миний араас “Чингис хаан”-ы Жагаа ах маань энд тоглолт хийх юм билээ. Бэлтгэл ажил гурван сарын өмнөөс эхэлсэн. Бараг хангаж дууссан, тоглолт болох өдрөө хүлээж байна. Бусад бэлтгэл болсон ч өөрийнхөө хувьд бүрэн хангаж дуусаагүй.

-Өөрөө болоогүй гэдэг нь?

-Анхны бие даасан тоглолт учраас сүртэй хиймээр байна. Маш гоёор төсөөлж байгаа юм. Гэвч санаагаар болохгүй нь бололтой. Жилийн өмнөөс л бэлдвэл болох юм шиг. Хажуугаар нь монголчуудын наадмын амралт удаан үргэлжилдэг юм байна. Би хүлээгээд байдаг, хүмүүс ирдэггүй. Өөртөө сэтгэл хангалуун үлдэх хэмжээний тоглолт хийхээр хичээж байна даа.

-Уран бүтээлчид тоглолтынхоо өмнө шинэ клип, дуу цацдаг шүү дээ. Таны сонсогчдодоо ямар шинэ бүтээлээр сюрприз барьж байна вэ?

-Тоглолтоос өмнө хоёр, гурван дууныхаа клипийг цацах гээд дуншаад л байна. Хэд хоногийн өмнө гурван клип цацсан. Одоо дахиад гурвыг цацна. Хамгийн сүүлд Ка ахтай хамтарч “Хар юүдэн” нэртэй дуу гаргалаа. Сонсогч фэнүүдэд маань нэлээд таалагдсан бололтой. Үүнээс өмнө “Нэг л өдөр” дуугаа олны хүртээл болгосон. Энэ бол анхны бие даасан тоглолтдоо зориулсан үндсэн брэнд дуу юм. Уг дуугаараа тоглолтоо нэрлэснийг та бүхэн анзаарсан байх. 2013 оноос хойш миний тайзан дээр гарсан бүх бичлэгийг түүвэрлэж энэ дууны клипэнд оруулсан байгаа. Нэг ёсондоо миний уран бүтээлчээр ажиллаж буй он цаг хугацааг л илтгэж байгаа юм.

-10 жилийн хугацаанд та хэчнээн дуутай болов. Анхны бие даасан тоглолт бодит биеллээ оллоо. Одоо цомгийг тань фэнүүд нь хүлээж байгаа байх. Сураг байна уу?

-2016 оноос хойш цомгийн тухай бодоод өнөөдрийг хүргэлээ. Цомог гаргахаар зэхэж хэдэн дуу хийж байгаад л явц дундаа тэс өөр сэдэв рүү хазайгаад орчихдог. Ингээд нөгөө дуунуудаа нэгтгээд цомог болгох гэхээр хоорондоо авцалдаж өгөхгүй. Бүр өөр өөр утга санаа, агуулгатай болохоор нийлүүлж болдоггүй. Тухтай хийе гэж бодож явсаар анхны тоглолттойгоо нүүр тулж байна. Энэ тоглолтын араас л анхны цомгийнхоо ажилд ханцуй шамлан орж, өөр сэдэв рүү хазайхгүйгээр цомгоо гаргана аа. Харин цацсан дуу, клипний тоо нь 50-д хүрчээ. Бүгд дүрстэй.

-Сүүлийн үеийн дууны шүлэг хүмүүсийн шүүмжлэлд их өртөх болсон. Харин таны дууны үгэнд шүүмжлэл харьцангуй бага ирдэг юм шиг. Шүлгээ зохиохдоо юунд анхаардаг юм бол?

-Үггүйтээд байвал ном их уншина. Уран зохиолын номоор толгойгоо цэнэглэнэ. Хамгийн гол нь миний дууны үг шүлэглэсэн хэлбэрээр биш, энгийн харилцан яриа шиг байдаг. Тэр нь хүмүүст их хүрдэг юм болов уу. Би сүүлийн үед дууныхаа үгийг яруу найргийн маягаар хийх бодолтой байна. Хуучны монгол яруу найргийн өнгө аястай үг бичвэл зүгээр байх. Үүнээс гадна бусад уран бүтээлчийг харна, дүгнэлт өгнө. Туршлага судалдаг гэх үү дээ. Зөвхөн Монголын уран бүтээлчид гэлтгүй гадаад дууны үг, аяыг хүртэл сонсож, чиглэлээ тодорхойлно. Хэв маягаа огцом өөрчилж болохгүй. Гэхдээ үргэлж нэг хэвэнд цутгасан юм шиг байж болохгүй. Аажим аажмаар өөрчлөгдөнө.

-Та 50 орчим дуутай гэлээ. Миний мэдэх нь гарын 10 хуруунд багтах төдий юм байна. Миний мэдэх дуунуудаас дуучин А.Хишигдалайтай хамтарсан “Ганцхан шалтгаан” гэж дуу зүрхэнд гүн тусчээ. Үг нь их гоё юм билээ. Энэ дууны санаа хаанаас төрөв?

-Энэ талаар өмнө нь олон удаа ярьсан даа. Эзэнтэй дуу шүү дээ. Хүнд өвчин туссан Заяа найздаа зориулсан юм. Бодит явдлаас сэдэвлэсэн амьтай дуу учраас хүмүүст маш сайн хүрсэн байх. Миний хайртай бүтээлүүдийн нэг. Найз минь хорт хавдар тусаад эмчлүүлж байхдаа надад хандсан юм. “Найздаа урам зориг, эрч хүч хайрласан дуу хийж өгөөч” гэж бичиж байлаа. Ингээд л түүнд зориулж энэ дуугаа олны хүртээл болгосон. Хамгийн гоё нь найз маань дуунаас хүч авч эдгэрсэн. Өвчнөө ялан дийлсэн. Энэ бол хийсвэр дуу биш. Нэг хүний амьдралтай холбоотой, бодит түүхтэй учраас хүмүүст амархан хүрч, чихэнд нь хоногшсон болов уу.

-Боксын бэлтгэл хийдэг юм байна. Багын мөрөөдлөө гүйцэлдүүлэх зорилгоор уу, эсвэл ажлын ачааллаа тайлах гэж үү?

-2018 оноос хойш хичээллэж байна. Тухайн үед бэлтгэл хиймээр, төмөр өргөмөөр санагдаад болдоггүй. Миний бэлтгэл хийдэг “One team” клубт Даваа гээд эмэгтэй найз маань явдаг. Тэр надад санал болгосон юм. “Манай клуб дээр ирээд бэлтгэл хийж үз” гэсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хоббигоороо бэлтгэл хийж байна даа.

-Хүмүүс бэлтгэл хийхдээ, мишок цохихдоо стресс, бухимдал, бүтэн өдрийн ажлын алжаалаа тайлдаг юм билээ. Та мишок цохиход ямар мэдрэмж авдаг вэ?

-Юу ч бодохгүй. Зүгээр л хөлсөө гаргах сайхан байдаг. Мэргэжлийн тамирчид бол өрсөлдөгчөө төсөөлөхөөс эхлээд олон зүйл боддог байх. Харин миний хувьд тийм биш. Хүн хүний харах өнцөг өөр биз. Ер нь зорилго, үзэл бодол нэгтэй найзуудтайгаа хамт бэлтгэл хийх гоё шүү.

-Урлагийн зам руу хальтирч орсон түүхээ хуваалцвал?

-Хүний хувь тохиол таарна гэж байдаг даа. Тэр нь л таарсан байх. Багадаа урлагийн үзлэгт орно, урлагт дуртай хүүхэд байсан. Би программист мэргэжилтэй. Хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажилласан. 2016 онд Backyard шоунд оролцож, ялагч болсноос хойш урлагийн зам руу хальтирсан даа. Дахиж нэг хэсэгтээ гарахааргүй болтлоо гүн орсон гэхэд хилсдэхгүй.

-Одоо мэргэжлээрээ ажиллахгүй юу?

-Хэсэг хугацааны дараа уран бүтээлээ завсарлаж үндсэн мэргэжлээрээ ажиллана гэж төлөвлөж байна. Хүн олж авсан мэргэжлээ зүлгэж, арчилж байхгүй бол болохгүй. Нэгэнт эзэмшсэн мэргэжлийг зэврүүлмээргүй байна шүү дээ.

-Холын зорилгоосоо хуваалцвал?

-Бодсон зүйлс байгаа. Гэхдээ дотроо бодоод явж байя. Хэлчихвэл биелэхгүй байх.

-Найм хоногийн дараа тоглолт болох нь. Сонсогч, фэнүүддээ юу амлах вэ?

-Юу ч амлахгүй ээ. Ямар ч байсан хамгийн сайнаараа тоглолтоо хийнэ. Чадах бүхнээ л гаргана. Зуны гурван сарын хугацаанд бэлдлээ шүү дээ. Хүмүүсийн мэддэг бүх дууг дуулна. Ихэнх дуугаа амьд хөгжимтэй дуулах юм. Яг дуун дээр дуулдаг шигээ л дуулж үзүүлье. Бүгдээрээ хүрэлцэн ирээрэй.

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22