Монгол эх орныхоо түүх, өв уламжлал, ёс заншил, соёлын өвийг хойч үедээ таниулан сурталчлахад Их эзэн Чингис хааны зарлиг сургаал, хэлсэн үг бид бүхний анхаарлыг зүй ёсоор татаж байна. Тэмүжин бага наснаасаа түмэн янзын зовлон бэрхшээл, өөрөөсөө ахадсан, цаг үеэсээ давсан саад тотгорыг амсаж ирсэн. Түүнийг дөнгөж есөн нас хүрэх үед эцэг нь татаруудад хорлогдож, эх нь таван хүүхэдтэйгээ өнчрөн үлдэж, аймшигт зовлон зүдгүүр туулжээ. Тэмүжин хөвгүүн амьд мэнд үлдэхийн тулд хар багаасаа өлсөх, даарах гэх зэрэг бие бялдар, санаа сэтгэлийн түмэн зовлонг амсаж хатуужин, сэтгэлийн тэнхээ суужээ. Идэр насанд хүрэх үедээ дайсагнагч овгийн тайчуудад олзлогдож, хүзүүндээ дөнгө зүүж, хэдэн жилийг өнгөрөөв. Энэ мэтчилэн ертөнцийн хамаг зовлонг эрийн мятаршгүй зоригоор давж, хэдхэн жилийн дараа гэхэд тухайн цаг үедээ дэлхийн хамгийн хүчирхэг улс гүрнийг байгуулж, хаанаар нь өргөмжлөгдсөн билээ.
Тэмүжин олзноос оргосны дараа өөрийн анд бололцсон Жадран овгийн Жамухтай нийлж, хэдэн жилийн дотор хоорондоо дайсагнасан олон аймгийг бүгдийг нь хатан зориг, суут оюун ухаан, зохион байгуулах хосгүй чадвар, цэргийн жанжны гоц авьяас, гайхам заль мэхээрээ нэгтгэж чаджээ. Монголын бүх аймаг, овог 1206 онд Онон мөрний бэлчирт Хар зүрхний Хөх нуурын орчим их хуралдай хийж, түүнийг Монголын их хаанаар залан “Чингис хаан” хэмээн өргөмжилжээ. Чингис хаан олон саад тотгор, хар санаат муу хүмүүсийн дайралт, отолт, хуйвалдаан зэргээс бөө мөргөл, мөнх тэнгэрийн хүчээр агуу их суу залийн дор мултарч байв. Тэмүжин багаасаа зовж, ядарч явсан хүний хувьд хүмүүсийг их бага, дээд доод гэж ялгалгүй адил тэгш, шударга харилцдаг байсан ба тэдний зовлон жаргалыг мэдэрч, олон овог аймгаас Татарын Шихихутаг, Урианхайн Зэлмэ, зүрчдийн Чу мэргэн, Хушээний Борохул, Жалайрын Мухулай, Сүлдүсний Сорхан шар, Бэсүдийн Зэв, хүлэг Боорчи гэх мэт есөн хүнийг авч Өүлэн эх ухаан санаа оруулж эгэмнээс нь татаж, эрийн цээнд хүртэл өсгөн бойжуулж, ухаан суулгасан гавьяаг яахан мартах билээ. Чингис хаан бүх улсаа зүүн, баруун, төвийн түмэн гэж нэрлэжээ.
Энэхүү гурван түмэн дотроо аравт, зуут, мянгат, түмт гэсэн шаталсан зохион байгуулалттай байв. Чингис хаан цэргийн эрдэм, байлдах урлаг, стратеги, байнгын армийн онол сургаалыг боловсруулсан төдийгүй байлдааны төрөл арга тактикийг зохиож монгол цэргийн шидэгч болон галт зэвсэг, нуур байт байлдах арга, хүрээ тулалдаан, нохой хэрэлд, гахай хадралт, цүүцлэн байлдах арга зэрэг маш олон янзын арга хэрэглэж, дайснаа буулган авч байсан. Үүнээс гадна монгол цэргийн байлдааны гойд чадвар нь мориныхоо жолоог сул тавиад хоёр гараараа байлдах, цавчих, жадлах, цохих, морин дээрээс авч хаях, бугуйлдах зэргийг нэгэн зэрэгт үйлддэгт оршдог гэж түүхчид нотолдог.
Чингисийн цэргийн урлагийн дээрх аргыг түүнээс хойших дэлхийн олон шилдэг жанжин авч ашиглахдаа тухайн цаг үедээ тохируулан улам боловсронгуй болгожээ. Тухайлбал, Оросын монгол гаралтай алдарт жанжин М.Кутузов Москваг шатаахаас болгоомжилж Бродиногийн дэргэд Наполеоныг бутцохисон ялалт, хожим улаан арми Гитлерийн Германыг бутцохисон ялалт, Халх голд 1939 онд Японыг бутцохисон Г.К.Жуковын тактик бүгд Чингисийн тактикийн хувилбарууд юм. Тэмүжиний сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байх үед нь олж нийлсэн Боорчи, Зэлмэ хоёроос эхлэн төр улсыг байгуулахад гавьяа байгуулсан 95 хүний хийсэн гавьяаг нь марталгүй, дээд доод гэж ялгалгүй мянгат, түмтийн ноёдоор томилж, заримд нь дархан цол олгож янз бүрийн хэлбэрээр гүйцэтгэсэн үйл хэргийг нь шударгаар үнэлдэг хүн байжээ. Энд Чингис хаан чигч шударга журмыг баримтлан хүн бүрийн гавьяа зүтгэлийг нэгд нэгэнгүй тоочсон байдаг нь хүний хийсэн үйл ажиллагаа, гүйцэтгэсэн үүргийг мартахгүй олон жил санаж явдаг гайхалтай ховорхон удирдагч болохыг тодорхой харуулж байна. Чингис хаан дайснуудаа хүртэл шударга үнэлж нөхөрлөж байсан жишээ олон бий.
Их хааны гаргасан Их засаг хуульд “Бүх шашныг ялгаварлахгүй хүндэтгэх хэрэгтэй” гэж заасан байдаг нь одоогийн намуудын уриа лоозон туган дээрх бичээсийг харагдуулж “Эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс"-ыг тэр үед олж харж ойлгон мэдэрч, ямар их алс холыг, цаг хугацаа, орон зайтай нь хардаг хүн байсны бэлээхэн жишээ гэж хэлж болохоор. Тэр хуульдаа хулгай хийх, худлаа ярих, завхайрах хэмээх ёс зүйгүй үйлдлийг хатуу шийтгэхээр тогтоож өгсөн нь аливаа хууль ёс буруу үйлдлүүдийг жигшин үздгийн тодорхой баримт байна.
Италийн жуулчин Марко Поло аяллын тэмдэглэлдээ “Түүний нийтлэн захирах нь туйлын голч бөгөөд найрамдуу, ард иргэд түүнийг хүндлэн хайрлах нь эзэн болохоор “өөрийн эцэг эх мэт санана” гэж тэмдэглэсэн байдаг нь Чингис хааны голч шударга занг ард түмэн нь хэр их хүндэтгэн хайрлаж биширч байсныг илтгэн үзүүлдэг.
“Хүнд гайтайг мэдвэл, хаан болбол зайлуул. Олонд тустайг мэдвэл харц боловч өргөмжил. Өндөр уулыг зорь, өргөн далайг гатал. Давшгүй даваа байна гэж бүү сэтгэ, давъя хэмээвээс давтугай. Гэтэлшгүй мөрөн байна гэж бүү сэтгэ, гэтэлюү хэмээвээс гэтэлтүгэй. Жудаггүй сэтгэл гаргаж байгаа хүний өөдөөс яаж журмын сэтгэл гаргах билээ” гэх мэт эр зориг, эрч хүч, нэгдэл нягтралыг чухалчлан зааж сургаж иржээ. Ийнхүү суут Богд эзэн Чингисийн билиг сургаалд гарч буй сэцэн цэлмэг, үг хэллэг утга төгөлдөр шүлэг сургаал бол манай дуудлага болж монгол хүн амьдралынхаа турш мөрдөх зарчим, зүг чиглэл, ёс суртахууны эрхэм дээд хэмжүүр байх учиртай. Цаашдаа үүх түүхээ, үндэс угсаагаа мэдэж, хүний нийгмийн түүхэнд өвөг дээдсийн хүрсэн газар, харилцсан соёл, байгуулсан төрт улс, оруулсан хувь нэмрээрэй бахархах нь цаашдын хөгжил дэвшлийн эх үндэс болох юм.
Америкийн “Вашингтон пост” сонины 1995 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дугаарт мянганы хамгийн алдарт хүнээр Чингис хааныг тодруулсан байдаг.
Одоогоос 30 орчим жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон өнөөгийн дэлхий ертөнцийн хүрсэн түвшин мөхөл хямралд орж, зогсонги байдалд хүрч, эмх замбараагүй тал руугаа хэлбийж байна. Иймд дэлхий дахиныг эзэгнэсэн эртний Монголын XIII зууны үеийн Чингис хааны суу ухаан, үг сургаалууд цаг тутам шинэ зүйлийг сурч, амьдралаар баяжуулан зөвхөн өөрөө мэдээд хадгалаад яваад байх биш, сурсан зүйлээ Монголын эзэнт гүрний оюун ухааны үзүүр толгой тавьж, бодлогынхоо гол цөмд нь оруулж эзэнт гүрний цөөхөн монголчуудыг үүгээрээ зөв залж, чиглүүлж удирдаж байсан байна. Нөгөөтэйгүүр талын монголчуудын нүүдэлчдийн амьдрал ахуй бол нийгмийн үе шат бүрд хэнээс ч хараат бус чөлөөт сэтгэлгээнд тулгуурласан үндэсний өвөрмөц онцлогоо өөрсдийн амьдрал ахуйгаар баяжуулж, үүнийгээ чадварлаг хэрэгжүүлж, байгаль орчинтойгоо харьцаж байгаа зэрэг нь хүн төрөлхтний өмнө одоо ч ач холбогдлоо алдаагүй бүр ч сонирхол татах хэмжээнд ойлгогдож байна. Тиймээс Чингис хаан, түүний Их засаг хууль монголчууд нүүдэлчдээс сурах зүйл их байна. Үүнийг судалж амьдрал ахуйдаа хэвшүүлэх, хөгжүүлэх асуудал бид бүхний өмнө тавигдаж байна.
Чингис хааны үйл ажиллагаа, байлдан дагуулалт, удирдлагын ухааны менежмент, ялалт ололт, дэлхий дахинд шинэ ёс зүй, гүн ухааныг бий болгосон юм. Бид эх түүхээсээ сургамж авч, улс гэрээ өөд татаж чадвал монголчуудад асар их ирээдүй бий. Монгол хүн бүр Чингис хаан шиг хүн чанартай, өндөр ёс суртахуунтай, хатуу зарчимтай, хүний ач тусыг мартдаггүй, аав ээж ахан дүүсээ хүндэтгэдэг, үерхэл нөхөрлөлдөө үнэнч, хань ижилдээ халамж, халуун түшигтэй, өвөг дээдсээ асардаг, өнчин ядуусыг тэтгэдэг, ажилсаг хөдөлмөрч, тэвчээр хатуужилтай, итгэл үнэмшилтэй, өөдрөг ариун сэтгэлтэй болон төлөвшихөд чиглэгдэх учиртай.
Гэр орон муу гэж бүү хэл, есөн насандаа ааваасаа салж, нутгаасаа хөөгдөн гарч байлаа. Ядуу зүдүү гэж бүү хэл, талын хулгана барьж идэж амиа зогоож байлаа.
Дорой буурай оронд төрсөн гэж бүү хэл, сүүдрээсээ өөр найзгүй байсан ч зуун мянган цэрэг эрстэй болж чадсан.
Сурсан мэдсэн зүйл бага, хүч чадал дорой гэж бүү хэл, өөрийнхөө нэрийг ч бичиж мэддэггүй байсан ч, бусдын үгэнд чихээ наалдуулж, амьдралын ухаанд сурч байлаа.
Дэндүү хэцүү байна, шантарч цөхөрлөө гэж бүү хэл, хүзүүндээ дөнгөтэй оргон зайлж байлаа.
Амьд явж буйгаа аз ивээл гэж бодон өнгөрөн одсон, хуучинтай зууралдаж, хоргодолгүй ирээдүйгээ бүтээж явдаг байлаа.
Мэдэж ухаартал, дайсан гэгч гадаа байх бус, харин миний дотор байдаг юм байна. Тиймээс тэрхүү төвөгтэй зүйлсийг хуу шүүрдэн хаяад би өөрийгөө даван гарах тэр агшинд Чингис хаан болсон билээ гэсэн байдаг.
Хас төрийн дээд эрдэнэ энэ хэмээвээс чин шударга, чигч журамт, эрдэм дэлгэр, билиг хурц, зориг чанга, зүтгэл үлэмж, зөв санаат, орчноо бүтээгч, төрд үнэнч тэр болой хэмээжээ.
Эзэн хааны алтан гэрээс нь "Зовж байгуулсан төрийг минь зонхилон үүдсэн үйлийг минь, амь лугаа адил сахихтун, Ам тангаргаа ашид батлагтун" гэж айлдсан. Олон овог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсэж байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан, тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц өнөөдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойчдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй. Энэ дэлхийд хаа ч ямарваа зүйл зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана. Аливаа хүмүүний биеийг эзлэх гэж бүү яар, сэтгэлийг нь эзлэхийг яарахтун. Сэтгэлийг нь эзэлбээс бие нь хаа одох билээ. Хаан гэдэг бол ердийн зэрэг хэргэмтэй адилгүй, энгийн нэг хэлж хэлэгдэж яахан болмуй.
Үнэндээ хаан хэмээн өргөмжлөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан болсон атал хааны явдлаар явбал амттай бус уу. Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хиймой шившиг. Миний баясгам энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төр түвшин, энх амгалан болбоос сая миний баясах хэрэг. Эргэн тойрон олон хаан баймой. Тэд эрх дураараа аашилж, олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүмүүний үхэх нь элс хийсэхтэй адил болжээ. Иймээс би тэднийг номхтгож дэлхий нийтээрээ энх түвшин болгох бодолтой баймой” гэж айлджээ.
"Монголын нууц товчоо"-нд Дэ Цэцэн “Хөвүүн чинь нүдэндээ галтай нүүрэндээ гэрэлтэй” гэсэн агуу метафор учрыг тайлах учиртай. Доктор Я.Ганбаатар “Их хааны харц үнэхээр жирвэш ямархан нэг ид шид нууцхан увдис шингэсэн мэт харагдана. Тогтож харах юм бол тэр харц далд гүн утга харуулах мэт, хүнд бодолд автсан мэт, эс бөгөөс чимээгүйхэн ямархан нэгийг асуух мэт, Чингис хааны харц ихийг агуулнам, өгүүлнэм” гэжээ. Үүнтэй холбогдуулан хэлэхэд бид хүн төрөлхтөнд хайрлан хүндэтгэхээр үнэт зүйл бүтээе гэвэл эзэн хааныхаа галтай нүд, гэрэлт царайнаас эхлээд монгол удмынхаа оюун ухаанаас түүнийг эрж хайх болно гэдэг нь өнөө болон хойч үеийн залуусын өмнө тавигдаж байна. Дээр өгүүлсэн шиг Тэмүжин Онон мөрний хариг усанд нуугдаж байсныг Сорхан Шар үзэж, хайж явсан хүмүүст хэлэлгүйгээр гэртээ аваачин тэнхрүүлсэн нь ач гавьяаг нь үнэлж харанхуй шөнө гэгээн өдөр цээжиндээ санасаар явж байсан гэдгээ хэлээд их буян үйлдэж өглөг хишиг тараан, есөн осол гаргасан ч хэрэгсэхгүй байх тухай зарлиг буулгажээ. Үүнээс үзэхэд өнөөгийн хөвүүн бид зөвхөн ил харагдаж байгааг нь мэдэж мэдэрч хүртэж шүтэж явах болохоос дээд оюун ухаан далд ухамсар дахь нууц оршихуйг бөө мөргөл, нууц тарни бөө мөргөлийн тэнгэртэй харьцах ёсон зэргийг үл ойшоож ирснийг энэхүү бумбын оюун ухамсрын эрэн зуунд засаж залруулах нь зайлшгүй, нийт хүн төрөлхтөн аль хэдийнэ хүлээн зөвшөөрснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй мэт санагдаж байна. Мөнх нар, мөнгөн сар, од эрхсийн ивээлд оршдог ховорхон хувь заяатай, дэлхийн зулайд мэндэлсэн монголчууд бидний эзэн Чингис хааны ундаалж явсан ус голууд урсаж, бишрэн сүсэглэж тахиж шүтэж байсан уул овоо нь сүмбэрлэж Монголын сайхан оронд мал сүрэг нь бэлчиж, мөнх хөх тэнгэрийн хишиг буян хур бороо орж, ээрэм талын эгшиглэнт салхи жавар нь үлээж, эцэг өвгөдийн маань оюун ухааны орчлон болсон хязгааргүй цэнхэртэх агаарын орон зай оршиж, мөнх тэнгэрийн хүчин дор агуу их суу залийн ивээлд багтана. Монгол түмэн өөдлөн мандахын бэлгэдэл ерөөлтэй учир эцэг өвгөдийнхөө нэр алдрыг бодож сайн ажиллаж, сайхан амьдрах хэрэгтэй. Тэр үед гарсан "Эртний сайхан" дуунд тэнгэр мэт заяатай, тэгш тавуун оюунтай, тэнүүн уужим заяатай тэнгэрийн минь үр сад билээ гэж магтсан байдаг.
Энэ нь Монголын ард түмэн хүнд хүчир цагт засаг төрдөө түшиг тулгуур болсоор ирсэн учраас ингэж бичсэн хэрэг. Мөн Монгол ардын "Эрхэм төр" уртын дуунд
Эрхэм төр энхжээд
Эрх чөлөө нь тунгалаг, энгийн олон нөхөдтэйгөө
Эгүүрт хамтдаа цэнгэн жаргая зээ... хэмээн өгүүлсэн төрийн буулга дор тунгалаг цэвэр ёс суртахуун, шударга чигч байдал, эв нэгдэл хамгаас чухал болохыг эртээс бэлгэдэж бэлгэшээж ирснийг тэмдэглэвэл зохилтой.
Чингис хаан гаднын улсуудын халдлага, түрэмгийлэл, явуулсан элчтэй бүдүүлгээр харьцаж хороосон зэргийг үл тэвчдэг байлаа. Монголын морин цэрэг Польш, Герман, Унгарыг бутниргэж цааш хөдлөх гэсэн боловч Өгөдэй бие барснаас хүлгийн жолоогоо эх нутаг руугаа чиглүүлсэн байна. Үүнээс гадна Чингис хааны хүүхдүүд ач нар нь Орос улсад Бат хааны байгуулсан Алтан ордны улс XVI зуун хүртэл, Кремийн хаант улс 1783 он хүртэл оршин тогтнож байв. Түүнчлэн Чингис хааны удам гэж өргөмжлөгдсөн Доголон Төмөр хаан Дундад Ази, Персийг эзлэн түрэмгийлж, Төмөрийн гуч Бабур хаан Энэтхэг улсад халдан довтолж Их Моголын Улсыг үндэслэн байгуулжээ. Их моголын удмынхан Энэтхэг улсыг бүхэлд нь эзэлж XVII зууны дунд үе хүртэл оршин тогтножээ.
Хүн төрөлхтний түүхэнд дэлхий дахиныг байлдан дагуулж захирах гэсэн зарим санаархал, оролдлого түрэмгийлэл гарч их А.Юлий Цезарь, Наполеон Бонапорт, Адольф Гитлер зэрэг гарсан боловч дэлхийн талыг эзэлсэн Монголын эзэнт гүрний удирдагч гүнзгий ухаалаг сэтгэгч, цэргийн том стратегич, гарамгай авьяаслаг жанжин Чингис хааны дэргэд шатрын хүү төдий байсан юм. Суут богд Их эзэн Чингис хаан тухайн цаг үедээ асар их уулам газар нутаг, маш олон тооны хүн амыг захирч байснаараа, морин өртөө холбоо харилцааг хөгжүүлснээрээ хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, бүх төрлийн шашныг хүндэтгэн хүлээн зөвшөөрснөөрөө, нэг цэгээс нөгөө хол газарт толгой дээрээ нэг кг алт тавиад урт хугацаанд яваад хүрэхэд хэн ч саад болохгүй тийм аюулгүй байдал, эрх чөлөөг олгосноороо, "Ёс ёмбогор, төр төмбөгөр" гэдгийг илтэд ойлгуулж чадсанаараа тухайн үеийн нийгмийн амьдралд ихээхэн нөлөө үзүүүлж байсныг хэн ч үгүйсгэж чадахүй. Ийнхүү Умард байгалиас Өмнөд түйн газрын Цагаан хэрэм хүртэл, Зүүн зүг Хянганы нуруунаас өрнө зүг Алтайн уулс өнгөртөл уудам дэвсгэр нутаг бүхий Монгол хэмээх хүчирхэг улс “Монголын эзэнт гүрэн-Mongolian Empire” тогтсон ажээ. “Хөлөөрөө хүн эх нутгийнхаа хөрсөн дээр бат зогсох хэрэгтэй. Гэхдээ нүд нь бүх дэлхийг харж байвал зохино” гэж нэг ухаантан хэлсэн бол Германы гүн ухаантан Гегель “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн юм. Учир нь төр байсан юм” гэж баталсныг бас Оросын нэрт эрдэмтэн Лев Гумелёв “Агуу их хээр тал” зохиолдоо “Оготнын нүхэн дээрээс харвал ойр орчмын юмс үзэгдэнэ, уулан дээр гараад харвал эргэн тойрны юмс үзэгдэл харагдана. Бүргэдийн өндөрлөгөөс харвал Чингис хааны эзэлсэн нутаг үзэгдэнэ” гэж маш гайхамшигтайгаар томьёолон бичсэн байна.
Бид үүсэхээсээ урган төлжиж мандах бадрах цаг нь ирж байна. Энэ цаг үеийг монголчууд их хүлээсэн билээ. Уул ус бүрэн тахилгатай, учир утгаа тайлах нарийн дэг жаягтай, өөрийн үүсэл хөгжил мандал бадралын зүй тогтолтой, туулж өнгөрүүлсэн замналаа нууцлан хадгалсан нь орон зай бүхнээ танин мэдэрч, эрчмээ дүүргэдэг жамтай хүн ард нь газарт боловсорч, орон зайд мэргэжиж, огторгуй гэгээрсэн цоморлигоо дэлгэх тавилантай. Таван хошуу мал нь оршин амьдрахуйн ундарга болсон тийм нэгэн тансаг орон зай бидний Монголоос өөр хаана ч байхгүй билээ. Чингис хаан бол хүн төрөлхтний түүхэнд төрсөн бөгөөд мөнхөрсөн. Дэлхийн хамгийн том жанжин, их эрдэмтэн, агуу их сэтгэгч, авьяаслаг мэргэн, ухаалаг, цоглог удирдагч мөн. Дэлхийн түүхэнд Чингис хааны удирдсан нэг бум хүрэхгүй монгол цэрэг, 25-хан жилийн дотор ромчуудыг 400 жилийн туршид эзэлснээс хавьгүй уудам газар нутгийг нэгтгэн Сибириэс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн эзэнт гүрнийг байгуулж, дэлхийн газрын зургийг цоо шинээр өөрчлөн зурсан” гэж тэмдэглэсэн бөгөөд Их эзэн хааны сэтгэлгээ тэр үед дэлхийг засаглаж байсан гэж ойлгогдож байгаа юм. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд их эзэн Чингис хааны айлдсан үг тунхагласан айлдвар, тангараг өчиг, өгүүлсэн билиг сургаал, байгуулсан төр улс, гаргасан эш зарлиг, түүний ертөнцийг үзэх үзэл, сэтгэн бодох оюун ухааны ур чадвар, эцсийн шийдвэр гаргах цэцэн мэргэн чанар зэргийг бид ухамсарлан ойлгож, бишрэн шүтэж явах нь одоо болон хойч үеийнхний эрхэм зорилго болон тавигдаж байна.
Б.Түнэрэв
/МАН-ын ахмад гишүүн/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна