“Хэл-Хил”-ээр монгол бахархлыг бүтээхүй


Еэти боловсролын академийн захирал Г.Шүр-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хоёулаа таны “Хэл-Хил” төслийн талаар яриагаа эхлэх үү?

-Хилийн цэргийн албан хаагч, монгол хэлний багш нарыг хамруу­лаад бүтэн жилийн хугацаатай үргэлжлэх төсөлд хамрагдах юм. “Хэл-Хил”гэдэг төслийн нэрийн утга агуулга ийм учиртай. Хилчид төв суурин газраас хол алслагдмал байдалтай амьдран суудаг хүмүүс. Эх орон, ард түмэн­дээ өргөсөн тангарагтаа үнэнч хилчдийн маань ажлын шаардлага энгийн иргэдийнхийг бодвол илүү хүнд. Түүнчлэн Монгол хэлний багш нар эх хэлний манаанд сайн дураар зогсох мэргэжлийг эзэмшсэн хүмүүс. Нөгөө талаар эх хэлээ хайрлаж, эрхэмлэх сэтгэлээс минь үүдэлтэй төсөл юм л даа. Тийм ч учраас санхүүжилтийг нь манай Еэти сургалтын төв хариуцаж байгаа юм.

-Монгол хэлний багш нар англи хэл сурах нь бусад мэргэжлийн багш нараасаа юугаараа онцлог, давуу талтай байдаг юм бэ?

-Хэдийгээр хүн болгон англи хэл чухал гэж байгаа боловч миний хувьд эх хэлээ төгс сайн мэддэг байх нь чухал санагдаад байгаа юм. Англи хэлний салбарт ажилладаг ч эх хэлээ эрхэмлэн нандигнадаг монгол хүнд англи хэл заамаар байна. Энэ санал санаачилга анх 2021 онд хилчдэд англи хэлний хичээл зааснаар эхэлсэн. Дараа жил нь буюу 2022 оны арванхоёрдугаар сард монгол хэлний багш нарт мөн англи хэлний хичээл орлоо. Монгол хэлний багш нар цаг заваа зарцуулан ирж оролцсон, би ч мөн адил цаг заваа харамгүй зориуллаа. Энэ үйл ажиллагааны бүх зардал мөнгийг нь сургалтын төв гаргасан. Үүнээс улбаалаад 2023-2024 онд монгол хэлний манаач болсон монгол хэлний багш нар, Монгол Улсын хилийн манаач болсон хилчидтэй нийлүүлээд хийх энэ урт хугацааны төслөөс зайлшгүй эерэг үр дүн гарна гэсэн хүлээлттэй байгаа.

-Хэлний манаач, хилийн манаа хоёрыг уулзуулсан энэ төслөөс хүлээж байгаа эерэг үр дүн нь чухам юу байх юм бэ?

-Эх орон үнэ цэнтэй, эх хэл эрхэмлэж нандигнах зүйл гэдгийг ээж аавуудад, үр хүүхдүүддээ ойлгуулахыг хичээж байгаа. Бид өөрсдийн үнэ цэнээ мэдэж, ойлгож, ухаарч байж бусдын эх хэл буюу бусдын үнэ цэнийг ойлговол илүү хялбар болох юм уу. Нэг ёсондоо өөрийгөө үнэлдэггүй, үгүйсгэдэг хүн юм сурахад тун бэрх. Тэтгэлэг авахыг хүсэж буй сурагч залуус монгол хүний үнэ цэн болон өөрийгөө хаана төрж өссөн хэн бэ гэдгийг ойлгох нь маш чухал байдаг. Өөрсдийнхөө үнэ цэнийг мэдсэн, ухаарсан хүүхдэд тэтгэлэг олдох магадлал нь өндөрсдөг. Энэ мэт гарах эерэг үр дүнгүүд бий. Засгийн газрын тэтгэлгүүдэд эргэж эх орондоо ирж ажиллах нөхцөл шаардлагыг тавьсан байдаг тул дээрх хандлага маш чухал.

-Сүүлийн үед англи хэл сурах хүсэлтэй хүн их болсныг анзаарсан англи хэлний багшийн эмзэглэл ч юм шиг?

-Нийгмийн ихэнх хэсэг англи хэл рүү орох хандлага ажиглагдаад байгаа нь санаа зовоож байна. Нэгдүгээрт, эх хэл, хоёрдугаарт, бусад хэл гэдэг эрэмбийг тогтоож өгөх. Мөн англи хэлнээс гадна хятад, орос, франц, испани гэх мэт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хоёрдогч хэлүүдийг тэнцвэржүүлэх шаардлагатай. Бид ямар нэг зүйлд хэтэрхий давлагаалан хошуурахаас илүүтэй тэнцвэртэй оролцох нь чухал. Бусад хоёрдогч хэлийг сурах зөв суурийг тавихад эх хэлнийхээ үгсийн аймаг, бүтцийг сайн сурах нь зөв.

-Танай сургалтын төв танхимаар хичээл, хөтөлбөрүүдээ явуулж байна уу, эсвэл цахимаар бүгдийг нь амжуулаад байна уу?

-Хөтөлбөр, сургалтуудаа хоёулангаар нь явуулж байна. Бид Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод тofel-ийн сургалтыг виртуал хэлбэрээр явуулж байгаа. Сурагчид маань тэндээ танхимд суугаад хичээлээ хийнэ, би эндээс виртуал хэлбэрээр сургалтаа заана. Даланзадгадад танхимд сууж даалгавраа хийх ба бид эндээс үндсэн тofel-ийн сургалт, хөтөлбөрөө цахимаар өгөөд явчихна. Сурагчдыг тofel-д бэлдэхээс гадна багш давхар бэлдэж байгаа. Тэгэхээр Даланзадгадад гадаад руу суралцах тofel-ийн оноо, сайн дурын ажил хийх боломж нь ойртлоо гэсэн үг.

-Ганцхан аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байна уу, хүүхдүүд хэр их хандаж байна вэ?

-Одоохондоо ганц аймгийн төвд л явуулж байна. Над руу хандсан хүмүүстэй л харилцаа холбоо тогтоож байна. Яг үнэнийг хэлэхэд манай сургалтын төв маркетинг жаахан муутай, мөнгөний араас явдаггүй. Бид үйл ажиллагааны цөм болсон сургалт, төсөл хөтөлбөрүүддээ анхаараад маркетингаа орхигдуулчихаад байдаг. Энэ бидний сул тал бололтой. Гэсэн ч манай сургалт ердөө ч зогсдоггүй, танхим дүүрэн хүнтэй л байдаг. “Таныг тэр хүнээс сонслоо, энэ хүнээс сонслоо” гээд сургаар л ирээд л байдаг. (Инээв) Дээрээс нь бид амжилтаа нуудаг. Манай төвд хэдэн хүүхэд сураад, хэдэн оноо аваад аль улс руу ямар тэтгэлэгтэй явсныг бүгдийг нь нуудаг. Жишээ нь таны хүүхэд 100 хувийн тэтгэлэг аваад Америк ч юм уу Итали явлаа гэхэд бид ингэж явуулж чадлаа гээд зургийг нь тавиад шоудаад байвал танд ямар санагдах вэ. Энэ талаас нь бид харах хэрэгтэй. Нөгөө талаар манайд суралцаад тэтгэлэг авсан залуус “Шүрээ багш олон нийтийн сүлжээнд зураг, хөрөг тавиад нэр цохож дуудаад байдаггүй” гэж таашаан ярилцаж байна.

-Хоёулаа эргээд “Хэл-Хил” төсөл рүүгээ яриагаа хандуулъя. Яагаад хилчид, монгол хэлний багш нарыг онцлов?

-Монгол хэлний багш нар миний хичээлийг маш сайн ойлгодог. Яагаад гэвэл би өгүүлбэрийн бүтэц барьж заадаг. “Энэ үгсийн аймгийн тэр хэлбэр нь ингэж орж ирнэ, бүтцийн хувьд ийм” гээд заахаар монгол хэлний багш нар маш сайн ойлгож гялс, гялс барьж авдаг. Хэлний үндсэн “Сүнс” нь энэ гэдгийг тэд нар мэддэг байхгүй юу. Тэгэхээр монгол хэлний багш нар “Аан үүнийг англи хэлээр ингэдэг юм байна, тэгвэл хүүхдэд ингэж заая”гэх мэтээр бид хоорондоо ярилцаад явдаг. Тэгэхээр яг үнэндээ монгол хэлний багш нар бид хоорондоо мэргэжлийн хувьд солилцоо авч байгаа хэрэг. Одоо сошиалд харж байхад reading skill ийм байдаг, listening skill ийм байдаг гээд хольж яриад байдаг болсон. Энэ бол эх хэлний дайсан байхгүй юу. Би өнөөдөр хүмүүст тofel-ийн тухай ярих гэж байгаа бол “Уншлагын хэсгийн чадвар шалгадаг шалгуур бол энэ, дүрмийн хэсгийн чадварыг шалгадаг шалгуур бол энэ”гэж монголоор ярьж тайлбарлаж өгөх ёстой. Үүнийг би эцэг эхэд монгол хэлээр, монгол хэлний багш нарын дэмжлэгтэйгээр ойлгуулах, нөгөө талд англи хэл сураад байгаа хүүхдүүдэд багш нар “Наадах үг, дүрэм чинь англи хэлээр ийм, монгол хэлээр ийм” гээд тайлбарлаад өгөхөөр монгол хэлнийх нь үнэ цэн өсөх юм гэж ойлгоод байгаа. Хилчдийн хувьд эх орон, эх хэл нь тэдний үнэт зүйл дархлаа болчихсон байдаг. Дээрээс нь хилчид алслагдмал газарт боловсролоос хаягддаг учраас дэмжих гээд байгаа л санаа. “Би Улаанбаатараас хол байгаа учраас сургалтаас хол, сурч боловсорч чадахгүй байна” гэдэг дутуу мэдрэмж төрүүлэхгүй байх, тийм сэтгэгдэлтэй бол түүнийг нь нөхөх гэсэн санаа.

-Хилчдэд хичээл заана гэхээр багш нараа дагуулаад хилийн шугам дагаад явчих юм уу, яаж хичээлээ хийж байх юм бэ?

-Хилчдийн хичээл дандаа цахимаар явна. Цахим платформ дээр бүлгэм үүсгээд тэндээ хүмүүсээ оруулаад хичээлээ тавиад явчихна. Тэгээд суралцагчид асууж тодруулах зүйл байвал “ZOOM”-ээр холбогдоод ярилцаж тодруулаад, даалгавраа авчих юм. Ажил, амьдралд нь ерөөсөө саад болох юм байхгүй. Өдөрт нэг хүн таван минут л өөртөө зарцуулна. Тэр хичээл өөр газар орохгүй. Бүр цаашлаад хилчин ээж, аав мундаг англи хэлтэй болохгүй ч гэсэн тэдний үр хүүхэд хамрагдаж суралцаад тэтгэлэгт хамрагдах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, миний өгсөн мэдээллийн дагуу хаана ямар тэтгэлэгт хөтөл­бөр зарлагдаж байгааг мэдэх боломжтой болно. Тэтгэлэг гэдгийн утга ерөөсөө л энд харагдана гэ­сэн үг. Бизнес, арилжаанаас хол, зөвхөн сарын цалингаараа амь­дарч байгаа хилчин өрхийн хүүхэд зарлагдаж байгаа тэтгэлэгт хамрагдах ёстой биз дээ. Хэрэгцээ шаардлага байна. Үнэхээр бизнес нь амжилттай яваа айлын хүүхдэд энэ боломж хаалттай. Та мөнгөтэй бол төлбөрөө төлөөд суралц гэдэг зарчим.

-Монгол хэлний багш нар энэ группэд ямар оролцоотой байна гэсэн үг вэ?

-Би өөрийнхөө хичээл заадаг арга хэлбэрийг дээр хэлсэн. Хичээлийн дундуур “Би нэг дүрмийг ингээд тайлбарлачихлаа, энэ зөв үү багш аа” гээд асуулаа гэхэд монгол хэлний багш нар доор нь “Энэ бол монгол хэлний тэр дүрэм” гээд тайлбарлах жишээтэй. Тэгэхээр нөгөө хилийн цэргийнхэн харьцуулж хараад ойлгоход нь дөхөм болно гэсэн үг. Хичээлээ групп дотроо харилцан ярилцаад, нээлттэй чөлөөтэй заана гэсэн үг. Сургалтын төвүүд нэг хичээлийг цаг гучин минут ордог бол цахим группэд ердөө л таван минут орчим л болно. Цаашдаа ярилцаад явах нь чөлөөтэй. Нэг хичээл дээр ойлголт муу байлаа гэхэд дахиад цаг тохироод тухайн хичээлээ давтан үзэж болно. Тэгэхээр энэ бол зөв сургалт гэж би хараад байгаа юм. Хэл сурах гээд заавал бүтэн сараар ажлаас чөлөө авах ч юм уу, ажлын дараа сургалтад сууж цаг заваа алдаж ядарч зүдрэх хэрэггүй. Бүтэн жил долоо хоногт нэг удаа таван минутаар хичээллэхэд тухайн суралцагчийг бухимдуулж ядраахгүйгээр боловсрол олгочих нь байна. Одоогийн байдлаар группэд 200 гаруй хилчин, 10-аад монгол хэлний багш орчихсон байна.

-Даланзадгад хотод виртуал сургалтын танхим нээсэн гэж байсан. Энэ нь хэдэн сарын хуга­цаатай юм бэ, хугацаа дуусахаар өөр аймаг, хот руу явчих уу эсвэл тэндээ байнга байх юм уу?

-Манай виртуал танхимын сургалт Монголд анхны ийм хэлбэрийн сургалт юм л даа. Бусад сургалтын төв ингэж явуулдаг эсэхийг би мэдэхгүй байна. Сургалт маань гурван сарын хугацаатай явах юм. Цаашид үргэлжлүүлэх эсэхээ одоохондоо мэдэхгүй байна. Яагаад гэхээр манайхтай харилцаж байгаа Даланзадгад дахь байгууллагынхан хэр тууштай байхаас энэ бүхэн шалтгаалах юм. Өөр аймаг руу сэлгэх зэрэг асуудал мөн л шийдэгдээгүй. Анх удаа ийм хөтөлбөр эхлүүлчихээд буйр сэлгэх ч юм уу, дахиад өөр аймагт хичээл орно гэвэл Далан­задгадад элсүүлсэн хүүхдүүд орхигдчих магадлал өндөр болох уу гэх зэрэг бодох зүйл их байна. Яагаад сонгогдов гэдэг асуулт гарч ирнэ. Тэнд байгаа хариуцагч маань Англид боловсрол эзэмшсэн Радио телевизэд 17 жил ажилласан Эр­дэнэсувд гэдэг бүсгүй бий. Даланзадгадад байгаа төв маань тууштай, найдвартай хүний гарт орчихсон байгаа юм. Бүсгүй маань ажил эхэлбэл дуусгадаг дайчин чанартай. Сургалтад хамрагдсан хүмүүсийн мэдлэгийн түвшин, үр дүн шууд утгаараа түүнтэй хамаатай. Тэгээд орчин нь их гоё.

-Орчин үеийн залууст та юу гэж уриалмаар байна?

-Монголд хайртай, мэдлэг боловсрол өндөр залуус дэлхийд өрсөлдөөд хөрөнгө оруулалтыг Монголдоо оруулж ирээсэй гэж маш их хүсэж байна даа. Тэгэхээр залуус юм үзэж хараасай. Нэг зүйл рүү хэт туйлшрахгүй эх орноороо бахархах үзлийг бүтээж, өөртөө суулгаасай гэж боддог.


Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орчин үеийн хот төлөвлөгч 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Засгийн газар малчдынхаа амьжиргааг дээшлүүлж, үнийн … 3 цагийн өмнө
​ Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “… 3 цагийн өмнө
1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно 3 цагийн өмнө
ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ 3 цагийн өмнө
Японд стрептококкийн тархалт нэмэгджээ 3 цагийн өмнө
Бүтээн байгуулалт өрнөөн Баянзүрх 3 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалга… 3 цагийн өмнө
Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээ… 3 цагийн өмнө
Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож ба… 3 цагийн өмнө
Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов 3 цагийн өмнө
Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгт… 4 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага яри… 20 цагийн өмнө
Морин хуурын увдислаг шинжийг судлан докторын зэрэг хамгаалжээ 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн т… 23 цагийн өмнө
Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдэ… Өчигдөр
“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ Өчигдөр
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталлаа Өчигдөр
Улаанбаатарт 29 хэм дулаан байна Өчигдөр