Наадмын дуулиан үргэлжилсэн долоо хоног өнгөрч, намрыг сануулсан хөнгөн салхитай, нартай хуртай, хөдөө тийш хөлхсөн бужигнаантай, хөл дарсан сумдын зуун жилтэй өдрүүд үргэлжилсээр.
Төрийн тэргүүн Алтайн нурууны төрийн тахилгат уулсын тэнгэрийг тахиж, түмэн олноо даатгав. Бурханбуудай хайрхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол энэ сарын 20-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг цагаагчин хонь сарын хөхөгчин тахиа өдөр Бурхан буудай хайрхан уулын тахилгат овоонд болсон юм. Бурхан хэмээн хүндэтгэн, дээдлэн шүтэж ирсэн хоёр их хайрхны нэг Алтайн нурууны салбар Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд зарлиг гарган төрийн тахилгат болгож байсан бол энэ жил анхны төрийн тахилгыг ийн үйлдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч тахилгын үеэр хэлсэн үгэндээ уул овоо, тэнгэрийг тайх ёслол нь түүх, соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл болохыг тэмдэглээд байгаль дэлхийтэйгээ зохистой харилцах, унаган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг тодотгож байлаа.
Монгол орны уулсын манлай төрийн тахилгат Алтай Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Алтай Таванбогд уулын тэнгэр тайх ёслолын үеэр байгалийн болон соёлын өв хосолсон дурсгалт газар болох Алтай Таванбогд тэргүүтэй Алтайн өндөр уулсыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх ажил эрчимтэй өрнөж байгааг сонордууллаа. Алтайн өндөр уулсыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлснээр Монгол Алтайн нурууг байгалийн болон соёлын өвийн чухал дурсгалт газар болохыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах монгол уламжлалыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалыг эрчимжүүлж, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байв.
Монгол Улс анх удаа парламентад 126 гишүүн сонгож, хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Өмнөх Засгийн газар 12 яам 21 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол ирэх дөрвөн жилд хамтарсан Засгийн газар 16 яам 23 сайдтай байхаар баталжээ. Хамтарсан Засгийн газарт МАН-аас 13, АН-аас найм, ХҮН намаас хоёр гишүүн орж ажиллахаар болсон. Тэгвэл энэ долоо хоногт Засгийн газар хуралдаж "Хамтарсан засгийн гэрээ"-г Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Тус гэрээнд МАН, АН, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тодорхой зорилтуудыг тусгасны дотор ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эрчим хүчний салбарын либералчлал”, “Боловсролын салбарын реформ”-ыг хэрэгжүүлэх зорилтуудыг удирдлага болгож таван бүлэгтэй гэрээ боловсруулсан байна. Мөн "Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл"-ийн хүрээнд Засгийн газрын яамдын үндсэн чиг үүргийг тогтоолоо. Яамд ирэх дөрвөн жилд ямар үүрэг, чиглэлээр ажиллах вэ гэдэг нь аль хороо, агентлаг аль яаманд хуваарилагдсанаас шалтгаалж тодорхой болох юм.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын гишүүнээр дахин сонгогдсоноос хойших анхны гадаад айлчлалаа АНУ-д хийсэн нь улс төрийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлуудын нэг боллоо. Сайд айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкентэй албан ёсны уулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагаа, түншлэлийн талаар санал солилцов. Энтони Ж.Блинкен уулзалтын үеэр хэлсэн үгэндээ АНУ Азийн ардчиллын баянбүрд болсон Монгол Улсын гуравдагч хөрш болсондоо үргэлж талархалтай явдгаа онцлон тэмдэглээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны наймдугаар сард хийсэн уулзалтаас хойш ахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин бэхжиж Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа нотлов. Цаашид хоёр улсын хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийг хэрэгжүүлж энэ ондоо багтаан Монгол Улс, АНУ-ын хооронд хийх шууд нислэгийг эхлүүлэх ажилд хамтран ажиллахаар тогтлоо. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен наймдугаар сарын 1-нд Монголд айлчилна.
Шинээр томилогдоод удаагүй байгаа Боловсролын сайд П.Наранбаяр математик, биологийн олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авлаа. Олон улсын математикийн олимпиадад энэ жил 108 улсын 600 гаруй сурагч өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн зургаан сурагч оролцон зургаан медаль хүртэж багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарав. Мөн олон улсын биологийн олимпиадад 80 улсын 300 гаруй сурагч оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн дөрвөн сурагч өрсөлдөж хоёр хүрэл медаль хүртсэн. Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсынхаа нэрийг дэлхийд өндөрт өргөж, амжилт гаргасан сурагчдадаа халуун баяр хүргэн амжилт хүслээ.
Сүүлийн жилүүдэд уламжлал болсон допингийн маргаан жил тойрч дараа жилийн наадмын маргаанаар л дуусдаг болсон гэхэд хилсдэхгүй. “Дараа жилийн наадам даанч хол байна даа” гэдэг ч допингийн маргаан ойртуулдаг болж дээ. Энэ жилийн хувьд Үндэсний баяр наадмын хороо “Дөрвөн тамирчны шинжилгээнд эргэлзээтэй хариу гарсан учраас нарийвчилсан шижилгээнд өгсөн, гурван тамирчны сэжигтэй тохиолдлын хариу бидэнд ирээд байна. Тухайн гурван тохиолдол бөхчүүдийнх байсан нь үнэн. Одоогоор нэг сорьцод дахин шинжилгээ хийгдэж байгаа тул хариу хараахан гараагүй байна” гэдэг таавар мэт мэдэгдэл цацаж орхиод таг болов. Энэхүү мэдэгдэл нь улс даяараа “Тэр бөх хэний хэн бэ” гэлцэн маргаж эхлээд байсан хардалтыг бүр дөгөөж орхив. Өмнө нь наадмаар хэний хүү хэн гэдэг бөх түрүүлж алдар суугаа дуудуулах бол гэдэг байсан бол одоо хэний хүү хэн гэдэг бөх допингтой гарч шившгээ дуудуулах бол гэдэг таавар таадаг боллоо. Харин хэдхэн хоногийн өмнө Үндэсний баяр наадмын бөхийн салбар хорооноос “Долдугаар сарын 18, 22-ны өдрүүдэд ирсэн шинжилгээний хариугаар аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн. Улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон хариу ирээд байна. Хэвийн бус гэх бодисын илэрцийн зөвшөөрөгдсөн хэмжээ нь жингийн ангилалтай спортын төрөл болон Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй бөхийн спортын төрөлд зөвшөөрөгддөггүй байна. Харин жингийн ангилалгүй үндэсний бөхийн барилдааны төрөлд зөвшөөрөгдөх эсэх талаар нэмэлт тодруулга хүссэн” гэдэг мухаргүй тайлбар тавьсан нь олон ангит солонгос кинонууд эгзэгтэй мөчид дуусчихдаг шиг л юм болж байна. Ард түмэн, бөх сонирхогчид дараагийнх нь мэдэгдлийг хүлээх л үлдэх шив.
Энэ жилийн хувьд долдугаар сар найр наадам, амралт зугаалгын сар гэхэд болохоор байна. Сумдын 100 жилийн ойн наадмын сүр дуулианд хотын гудамжууд эзгүйрч, хоосорсон зогсоолууд ховрын үзэгдэл байхаа болив. Монгол Улсын 17 аймгийн 102 сум байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа юм. Сумдын тэгш ойн наадмын салхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумынхан хагалж долдугаар сарын 4-5-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн бол Ховд аймгийн Зэрэг сумын 100 жилийн ой наймдугаар сарын 22-24-нд болсноор сумдын 100 жилийн ойн баяр наадам өндөрлөх төлөвтэй байгаа юм. Харьцангуй хожуу байгуулагдсан Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Баян-Өлгий аймаг энэ жил тэгш ойн баяргүй байна.
Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр, зуны олимпын “Парис 2024” XXXIII наадмын анхны тэмцээн регби долоон төрлөөр эхлэв. Хамгийн эхний тоглолт Австрали-Самоагийн багийн тоглолтоор эхэлж, “Ногоон тив”-ийн баг өрсөлдөгчөө 21:14-өөр хожсоноор олимпын тоглолтын анхны ялалтыг авлаа. “Парис 2024” XXXIII олимпын наадамд манай улсын 33 тамирчин спортын есөн төрөлд хүч чадал, оюун ухаанаа шавхан өрсөлдөнө. Монголчуудын итгэл найдвар тавьдаг, тамирчид маань ч тогтмол амжилт үзүүлж ирсэн топ дөрвөн төрөл гэдэг чөлөөт бөх, жүдо, буудлагын төрөлд манайхаас цөөнгүй тамирчин оролцож буй. Мөн байт харваа, хүндийг өргөлт, бокс, усанд сэлэлт, марафон гүйлт, дугуйн төрлөөр тамирчид оролцож байгаа юм. Жүдо бөхийн төрөлд 10, бусад бөхийн төрлүүдээр ес, буудлага, марафон гүйлтээр тус бүр гурав, бокс, усанд сэлэлт, дугуйн төрлөөр тус бүр хоёр, байт харваа, хүндийг өргөлтөөр тус бүр нэг тамирчин эх орноо төлөөлөн олон улсын тавцанд хүч үзэх юм.
Наадмын дараа намар гэдэг үгийг монголчууд бид өвлийн бэлтгэлээ базаах сануулга гэж ойлгосоор ирсэн. Зуны сар зургаа, намрын сар найм биш гэдгийг өгүүлэх юун.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24606/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна