Одоогоос хоёр жилийн өмнө Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас Батсүмбэр сумын нутагт “Сүүн соёлын наадам” зохион байгуулсан юм. Энэ наадмыг өдгөө жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон. Гэхдээ би энэ тухай өгүүлэх гээгүй. Сүүн соёлын наадмын үеэр санаанд оромгүй нэгэн эрхэмтэй таарсан нь мэргэжлийн сүмо бөхийн их аварга Харумафүжи Бямбадорж байлаа. Би Харумафүжитэй уулзаж багахан тодруулга яриа авахад тэрбээр монгол хүүхэд, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад сүүн соёлыг дэлгэрүүлж, сүүний хэрэглээг хэвшүүлэх хэрэгтэй байгаа тухай онцлоод ферм байгуулах ажил эхлүүлээд явж байгаагаа өгүүлсэн удаатай. Түүний ярьж байсан ажил эхнээсээ биеллээ олж сүүн хэрэглээг сурталчлан дэлгэрүүлэх сүүний кафе нээгдсэнийг “Монголын үнэн” сонины сурвалжлах баг газар дээр нь очиж сурвалжлан гараар тэмтэрч, нүдээр үзээд ирлээ.
“Харумафүжи кафе” Төв аймгийн Баянхангай сумын нутагт, Улаанбаатар хот талаасаа 102 дахь километрийн тэмдэглээ бүхий баганаас 500 метрийн зайд харагдана. Цаг завтай, унаа тэрэгтэй хүнд үр хүүхдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулах энэ замын уртад ердөө цаг гаруйхан хугацааг зарцуулж байна. Урин дулаан, аялал зугаалгын цаг болоод ч тэр үү “Сүүн кафе”-ны гадуур үйлчлүүлэгчдийн унаа тэрэг дүүрэн байх юм. Олон машин тэрэг хараад монгол хүний өөнтөгч зангаар “Томхон зогсоол хэрэгтэй юм даа” хэмээн хамгийн түрүүнд бодож амжив.
Хэдийгээр сайжруулсан шороон зам тавьсан ч хуурайшилтай үед шороо, тоос босох магадлалтай санагдсан л даа. Сайжруулсан замын хажуу руу машинаа шахаж тавиад дотогш нэвтрэв. Цаана харагдах үнээний том фермийнх бололтой цэлгэр том хашааны угтах үүдний хэсэгт кафе байгуулжээ. Үүдний хэсэгт үйлдвэрийн дамжлагыг хүүхдэд зориулсан байдлаар зурж, зургаар чимсэн самбар байрлуулсан нь сонирхол татна. Эндээс хүүхэд гэлтгүй том хүн ч мэдээлэл авчих юм байна. Хаалгаар орж асрууд, асрын доторх тохижилт зэргийг зэрвэс харвал хамгийн хямд өртгөөр, эсвэл маш хурднаар задгай кафе байгуулах туршлага эндээс авч болох юм гэж бодогдов. Европ асрын төмөр карказ дээр цагаан цууямбуу даавуу татаж сүүдэрлэжээ. Сандал ширээг үхрийн фермд өргөн хэрэглэгддэг барааг чийгнээс хамгаалан тусгаарлах падоноор хийж будсан нь содон, сонирхолтой, түргэн, хямд шийдэл байв. Байгуулагдаад тун удаагүй учраас бүгд л шинэ юм. Хүүхдийн савлуур, талбайн голд байх түүдэг асаах зориулалтын бололтой том тулга нэлээд том төслийн сэжүүрийг харуулаад байх шиг. Зай талбайн хувьд нэг айлын газрын хэмжээтэй юм уу даа. Кафены гол нэрийн бүтээгдэхүүн сүүн зайрмаг, амьд бактеритай хүйтэн сүү. Дайварт нь гурван төрлийн япон хоолоор үйлчилж байна.
Сүүн кафе гэдэг шинэ үйлчилгээ. Бүр Монголдоо анхдагч нь гэвэл зохино. Кафе бүтээгдэхүүн нийлүүлэх фермийнхээ дэргэд байгуулагдсанаараа өглөөний сүүг өдөрт нь амтлах боломжтой болж байгаа юм. Харумафүжи аварга орчин үеийн автоматажсан ферм байгуулахыг зорьсон нь ийнхүү биеллээ олжээ. Сүүн кафе үндсэн түүхий эдээ авдаг фермийнх нь үнээнүүд хөгжмийн аянд автомат саалтуурандаа өөрсдөө очиж саалгадаг гэнэ. Бүх үнээний дэлэнг даралттай усаар шүршиж цэвэрлэх ба тус тусдаа алчууртай бөгөөд түүгээр нь л арчиж ариутган цэвэрлэнэ. Хуучин эрт балрын үе шиг үхрийнхээ дэлэнг угаах гэж хувинтай ус бариад л тойрч гүйгээд байхгүй юм байна. Багадаа ирээдүйн тухай зөгнөлт ном уншиж байхад л нэг иймэрхүү өгүүлэмжүүд гардаг байсан санагдана. Үнээ саах ажил хөгжмийн аянд гэхээр хөдөө саалийн цагаар ээжийн уянгалуулан дуулах дуу үхрийн зэл орчмоос цуурайлан ирж хаяа нь сөхөөтэй гэрт, хэвтээд л баймаар тайвшрал өгдөг дурсамж сэдрэх ч шиг. Фермийн үнээний сүү стресстэй байдаг тухай яриа энд гарах боломжгүй. Сонгодог хөгжмийн аянд усны бүтэц хүртэл өөрчлөгддөг гэдгийг шинжлэх ухаан аль хэдийнэ нотолчихсон цаг үед бид амьдарч байна. Саасан сүү цоргоор дамжин дараагийн дамжлага руу явах ажээ. Энэ дамжлага сүүг 70 хүртэл хэмд халааж ариутгана. Үүнээс дээш хэмд хүргэж халаасан тохиолдолд амин дэмүүд нь цөөрөх учраас болдоггүй. Технологийн дагуу халаасан сүүг температурыг нь огцом буулган хөргөж ашигтай бактерийг нь хадгалан үлдээж “Амьд сүү”-г бэлэн болгох ажээ. Одоо та энэ сүүг хүйтнээр нь уусан ч асуудалгүй.
Кафены үйл ажиллагаа одоохондоо жигдэрч амжаагүй л байна. Өдөр бүр хэдэн зуу, мянган хүнд үйлчилнэ гэдэг тийм ч амар ажил биш бололтой. Үйл ажиллагааг дулааны улиралд явуулах зорилготой байсан тул түр кэмпийн маягаар зохион байгуулжээ. Сүүн зайрмаг, уудаг амьд сүү, япон хоол худалдаалах павильоныг 40 тоннын контейнерийг засаж тохижуулан хийжээ. Үйл ажиллагаа анх эхлэхдээ дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байсан гэж анхны үйлчлүүлэгчдийн нэг ярьж байна. Сар гаруйхны хугацаанд үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрч чадсан кафе одоо өдөрт дунджаар 1800-1900 хүнд үйлчилж байгаа ажээ.
Бид кафены үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн ахлах тогооч С.Далайбадрахаас хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар байгааг асуувал “Хэрэглэгчдийн сэтгэл ханамж 80 хувь нь 10 онооноос 10-ыг өгч байгаа бол үлдсэн 20 хувь нь яг бодож хүссэн амтаа мэдэрсэнгүй гэдэг сэтгэгдэл хэлж байгаа” гэсэн юм. Бид амьд сүү, сүүн зайрмагаас амталж үзлээ. Ус амтагдсангүй. Зайрмагт цэвэр сүүний амт байх бөгөөд хэт хурц чихэрлэг амтгүй. Хотод зарагддаг сүүн зайрмагаас нэг их ялгаагүй жаахан сулавтар амттай байж магадгүй юм биш үү гэвэл “Хэт чихэрлэг, эсвэл цөцгий ихтэй амтанд дуртай хүмүүс бий. Хотод зарагддаг сүүн зайрмагт цөцгий, чихэр нэмдэг байх.
Манай сүүн зайрмаг тийм нэмэлт бодисгүй, цэвэр, шинэ сүүгээр хийдэг болохоор амтны хувьд сулхан байж болох ч хүнд өгөх өгөөжийн хувьд хэдэн арав дахин илүү байх боломжтой. Яагаад шинэ сүү гэж онцлоод байгаа вэ гэхээр сүүг гашлахаас хамгаалах савлагаа дамжаагүй органикаараа байгаа болохоор” хэмээн бардам өгүүлэх ажээ. Шинэ тутам болохоор алхам тутамдаа засаж сайжруулаад явах зүйл байгаа байлгүй гэвэл “Бидний зүгээс байгаа нөөц бололцоогоо дайчлаад үйлчлүүлэгчдэдээ шинэ соёл, шинэ хэрэглээг дадуулах зорилгоо ойлгуулж түгээсээр л явах болно.
Бид хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьж захиалсан бүтээгдэхүүнийг нь аль болох богино хугацаанд гаргаж өгөхөөр шуурхайлан ажиллаж байна. Хүн хүч бага, захиалга удах тохиолдлоос болж үйлчлүүлэгчид бухимдах байдал ч гарлаа. Хүмүүс маш их стресстэй байна шүү дээ. Захиалгаа хүлээх зуур асарт суугаад сэрүүцэнгээ энэ тал, уул хангай хараад амсхийж, нэг их сайхан амьсгаа авч яагаад болохгүй билээ” гэж яриад “Ер нь үйлчлүүлэгч, үйлчилгээний байгууллага харахаараа л өөрийнхөө давуу байдлыг мэдэрдэг юм шиг зан гаргахаа больж харилцан хүндэтгэлтэй ханддаг соёлд суралцмаар. Шинэ үйлчлүүлэгч ирээд л өмнөх үйлчлүүлэгчийн амаа арчаад хаясан цаасыг хараад л бухимдах жишээтэй. Энэ хашаан доторх хогийг бид дор бүр нь цэвэрлэж аваад байгаа боловч хашааны гадна хаясан хогийг тэр бүр анзаарч цэвэрлэх цаг үнэндээ гарахгүй байна. Хүн хүч хүрэхгүй байна” хэмээн учирлан ярьсан юм.
Бидэнд шинэ хэрэглээг дадуулах, шинэ соёлд сургах энэ ажил өөрөө шинэ учраас л алдаатай оноотой байгаа нь үнэн бололтой. Нээрэн бид хаа хаанаа хүндэтгэлтэй хандаж нэгнийхээ ажилд дэмтэй байхгүй юм аа гэхэд тээр болохгүй байх соёлд суралцмаар байна. Кафе цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн сүүн хэрэглээ давамгайлсан ресторан болох зорилготой гэнэ. Үүнийг сонсоод би нэлээд том төслийн сэжүүр болов уу гэж таамагласандаа өөрийгөө ихэд тоов. Ресторан, буудал, кафе түрүүний миний өөнтөглөн бодсон машины зогсоол хүртэл шийдэгдсэн нэлээд том талбайг хамарсан цогцолборын төсөл зураг нэгэнт гарчээ. Яагаад хямд өртгөөр түр кафе нээсний учир энд тайлагдав.
Тэд эхлээд сүүн соёлд дуудсан жим татаж байжээ. Бид энэ бүхнийг санаачилсан их аваргатай уулзах гэсэн боловч Баянцогт сум руу сургуулийн хүүхдүүдийн асуудлаар ажил хөөцөлдөөд явсан гэдэг сураг дуулав. Хүүхдийн төлөө л сэтгэлээ чилээж явдаг хүн бололтой. Их аварга маань япон хүмүүжил, япон соёлыг бизнесдээ шингээж хүний төлөө гэсэн сэтгэлээр Монголд фермийн инновацыг дэлгэрүүлж эхлээд байна. Хэдийгээр Монгол 70 сая малтай хөдөө аж ахуйн орон гэх боловч цагаан идээний хэрэглээ маш багатай орны тоонд ордог гэх итгэмээргүй статистиктай сууж байна. Бидний ирээдүй болсон үр хүүхдийн амны хөндийн өвчлөл, таргалалт, ясны сийрэгжилт аль хэдийнэ түгшүүрийн харанга дэлдээд эхэлсэн.
Бид яг одооноос эхлэн Харумафүжи аваргын гаргасан жимийг зам болгох ажлыг хийж эхлэх хэрэгтэй. Нөөшлөгч ороогүй амьд сүүний хэрэглээ, сүүн соёлыг дэлгэрүүлэх оролдлого хийсэн энэ кафег алдаатай, оноотой нь онцлон бичих шалтгаан минь болсон юм. Биднийг кафегаас гарахад хүмүүс зөрж ирсээр л байв. Хэрэглэгчдийн тоо амралт, баярын өдрүүдээр гурав, дөрвөн мянга хүрч байсан гэхээр бид ч бас Монгол руугаа ирсээр л байгаа ажээ.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24606/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна