Мянгат малчин Б.Ганчулууны гэр кэмпэд тухалж, монгол ахуйг мэдрээрэй


Зуны өглөө үүр хаяарахтай зэрэгцэн эртлэн босож  Н.Сийлэгмаа цайгаа чанаж, дээжийг нь хангай дэлхийдээ өргөнө. Нөхрийгөө хониндоо явахаас өмнө Б.Ганчулууны гэр бүл өглөөний цайгаа хамтдаа ууцгаана. Б.Ганчулуун хониндоо яваад, адуугаа хурааж ирнэ. Энэ зуур Н.Сийлэгмаа үхрээ сааж, сүүгээ хөөрүүлнэ. Нөхрийгөө адуугаа хурааж ирэхээр нь хамтдаа гүүгээ саана. Айргаа бүлж, ааруул, ээзгий, бяслаг шахаж, хонио хотлуулах гээд малчин айлын нэг өдрийн ажил гүйцэгдэхгүй.

Үүний зэрэгцээ гэр кэмп ажиллуулж, тур-оператор компанитай байгуулсан гэрээний дагуу жуулчин хүлээж авна. Б.Ганчулуун, Н.Сийлэгмаа хоёр гадаадын жуулчдыг монгол дээлээ өмсөн угтаж, үйлчилнэ. Тэднийх гадаадын жуулчин хүлээж авахдаа тав, тухтай зочлуулахыг зорьж, гаднаа ариун цэврийн байгууламж хийжээ. Тэд жуулчдад монгол ахуй соёл, малчин айлын нэг өдрийн амьдрал ахуйг харуулж, байгалийн сайханд аялуулна.

Энэ бол өнөөдрийн залуу малчдын нэг өдрийн дүр зураг. Б.Ганчулуун, Н.Сийлэгмаа нар хоёр хүүхэдтэй, том нь оюутан, бага нь ЕБС-д сурдаг. Гэргий Н.Сийлэгмаагийн дүүгийнх  тэднийхтэй айл бууж хамтдаа хөдөлмөрлөж, хоршсоор 10 гаруй жил болжээ.

Биднийг зорин очиход нөхөр Б.Ганчулуун өвөлжөө рүүгээ явсан, гэргий Б.Сийлэгмаа нь саалиндаа гарахаар бэлтгэж байхтай таарсан юм.

Төв аймаг Алтанбулаг сумын гуравдугаар багийн мянгат малчин Банзрагчийн ГАНЧУЛУУН, гэргий Найдангийн СИЙЛЭГМАА нартай ярилцлаа.

 

Б.Ганчулуун: Хоршоо байгуулж, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлнэ

 


-Та сайхан зусаж байна уу. Энэ жил зуншлага ямар байна вэ?

-Сайхан зусаж байна. Энэ жил ногоо эрт гарсан. Зургадугаар сарын сүүл хүртэл бороо, хургүй байлаа. Харин ойрноос бороо хур ороод газар өнгө засаад сайхан байна.

-Алтанбулаг суманд малчдын амьдрал ахуй хэр байна вэ?

-Ерөнхийдөө дажгүй байна. Малаа маллахын зэрэгцээ аялал жуучлалын зэрэг төрөл бүрийн аж ахуй эрхэлж байна.

-Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлсэн. Энэ хөдөлгөөнийг танай сумын малчид хэр дэмжиж байна.  Малчид хоршоолж байна уу?

-“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг малчид дэмжиж байна. Манайхан хоршоо байгуулахаар төслөө бичиж, материалаа өгсөн. Одоогоор санхүүжилт нь шийдвэрлэгдээгүй байна.

-Ямар чиглэлээр хоршооны үйл ажиллагаа явуулах вэ. Хэчнээн малчин нэгдэв?

-Манайх хөдөө аж ахуйн техник, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төслөө бичиж өгсөн. Зургаан айл нийлж үйл ажиллагаа явуулна. Хоршоо байгуулснаар бид өвс, тэжээлээ эрт бэлтгэж, ойр хавийн малчдаа өвс, тэжээлээр хангана. Айлуудын хөрзөн, бууцыг гаргахад техникээр хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.

-Малчдад төрийн үйлчилгээ хэр хүрч байна вэ. Тулгамдсан асуудал юу байна?

-Бидэнд эрүүл мэндийн үйлчилгээ хол байдаг. Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаж чадахгүй байна. Мөн арьс, нэхий, ноос гэх мэт малын түүхий эдийн ханш муу байгаа нь бидэнд тулгамдсан асуудал болоод байна. Худаг ус, өвөлжөө хаваржааг шийдэх хэрэгтэй байгаа юм.

-Залуу малчид аж ахуй эрхлэхэд боломж бололцоо хэр байдаг вэ?

-Манай нутагт мал маллаад амьдрахад таатай. Залуус мал маллахыг зорьж байгаа ч тулгамдсан асуудал их байна. Үүнд төр, засгийн зөв бодлого хэрэгтэй.

-Та залуу малчин хүн. Залуус мал маллах сонирхол хэр байна вэ?

-Уг нь манай залуус мал маллах дуртай. Гэхдээ байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалаад хаширсан малчид олон бий. Ялангуяа өнгөрсөн өвлийн зуд хэн хэнд маань сургамж боллоо. Малчид их хаширлаа. Бидний дараагийн үеийн залуу малчид ховордох вий гэж санаа зовж байна.


-Танайх Хустайн нурууны дагуу малаа маллаж амьдарч иржээ. Байгалийн үзэсгэлэнт энэ газар мал маллахаас гадна аялал жуулчлал эрхэлж байна. Хэдэн оноос аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлсэн бэ?

-Манай энд жуулчин хүлээж авдаг энгийн малчин айл олон бий.  Бид 2017 оноос хойш аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байна.  Малчин айлд тухтай зочлуулахыг хичээж, гэр кэмпээ монгол маягаар тохижуулж, гаднаа 00, шүршүүр байршуулсан. Ковидын үед жуулчдын ирэх тоо багассан. Харин жил  гаруйн өмнөөс дахин сэргэж байна. Манайх энэ жил засаж, тохижуулсан таван гэр кэмпдээ жуулчин хүлээн авч байна. Нэг гэрт гурван ортой.

-Хичнээн жуулчин хүлээж аваад байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд нийтдээ 1000 гаруй жуулчин хүлээн авсан байна. Аль улсаас ирж байгаагаас шалтгаалан жуулчин бүр өөрийн гэсэн онцлогтой. Монгол соёл ахуйн байдал, зан заншлыг өөрийнхөөрөө хүлээж авдаг.

-Танай гэр кэмпэд аль орны жуулчид түлхүү ирж байна вэ?

-Америк, Япон, Өмнөд Солонгосоос жуулчид түлхүү ирж байна.

 

Н.Сийлэгмаа: Гадаадын жуулчид цагаан идээ бэлтгэж байхыг хараад “Бидний мэдэхгүй, цэвэр эко үйлдвэрлэл явагдаж байна” гэдэг

-Та жуулчдаа хэрхэн хүлээж авдаг вэ?     

-Бид аялал жуулчлалын  “Люкс гэр” кэмп ажиллуулж байна. Зочдоо угтаж авахаас эхлээд үдэж мордуулах хүртэл бид хамтдаа байх шаардлагатай. Тур оператор компанитай гэрээ байгуулж ажилладаг. Зун ирэх гадаадын жуулчдын захиалгыг өвөл өгдөг. Өвөл ирэх жуулчид зун нь захиалгаа өгдөг. Маш хариуцлагатай ажил шүү. Малчин ахуй амьдралаа танилцуулдаг. Гэрт оруулаад монгол хүн зочноо яаж угтан авч, гэртээ оруулж мэнд мэддэг тэр ёсыг дагадаг. Нөхөр зочдодоо хөөрөг зөрүүлж, мэнд мэднэ, цай, хоолоо аягалж, дайлахаас эхэлнэ. Үнээгээ саагаад хэдэн төрлийн цагаан идээ боловсруулж байгаагаа тайлбарлана. Зочдодоо бас зааж өгнө. Шагай, наадгай тоглоно, морь унана. Нум сум харвана гэх мэтчилэн монгол ахуй амьдралаа сурталчилна.

Монгол гэрт хононо, морь, тэмээ унана. Явган аялал зохионо. Хустайн цогцолборт байгалийн баян бүрд, тахь үзүүлнэ.



 -Жуулчид юуг илүү сонирхож байна вэ?

-Үхрээ саагаад, сүүгээ өөрсдөө хөөрүүлж, өрөм, ээзгий, ааруул, бяслаг, тараг гээд олон төрлийн цагаан идээ гаргаж байгааг гадаадын жуулчид өөрсдийн нүдээр харж, өөрсдөө боловсруулж үзээд гүн сэтгэгдэлтэй байдаг. “Энд бидний мэдэхгүй цэвэр эко үйлдвэрлэл явагдаж байна” гэж их  сонирхоно.


-Жуулчдад монгол хоол зохих уу?

-Жуулчдын хоолны цэсийг урьдчилан бэлтгэнэ. Тухайлбал, цагаан хоолтон ирэхэд бяслагаар хуушуур хийж өгдөг. Хуушуурыг өөрсдөө хамт хийлцэж, идэцгээнэ.  Гадаадын жуулчид наадмын үеэр хуушуур их захиална. Харин бусад үед хорхогны захиалга их ирнэ. Япончууд монгол хоолонд  дуртай. Солонгосчууд халуун ногоотой хоол түлхүү хэрэглэнэ. Европууд хүнсэндээ  ногоо, будааг түлхүү оруулдаг.

-Өвөл жуулчин хүлээж авдаг байх нь ээ?

-Хүйтний улиралд жуулчин ирэх нь ховор. Ан амьтан харах, цас үзэх гэж л сард ганц нэг жуулчин ирдэг. Харин зуны долоо, наймдугаар сар жуулчны идэвхтэй үе.


-Жилд тогтмол ирдэг гадаадын жуулчин бий юү?

-Америк, Япон, Өмнөд Солонгосын жуулчдаас Монголд дахин ирж, аялж байна.

-Сүүлийн үед дотоодын аялагчид их ирж байна гэлээ. Манайхан хэр аялж сурч байна вэ?

-Манайхан хүүхдүүдээ агаарт гаргаж, аялж байна. Гэхдээ хогоо авч явахгүй орхидог дутагдал бий. Гадаадын жуулчдын бүх зүйл  цагийн хуваарийн дагуу  байдаг бол манайхан шөнөжин бужигнаж хоноод, өглөөний хоол цайны цагтаа унтаад босдоггүй гэмтэй. Өдрийн хоолон дээр л өглөөний хоол эхэлж байгаа юм. Гадаадын жуулчдыг хүлээж авахад ямар нэг асуудал үүсгэдэггүй. Хэрвээ гадаадын жуулчид цагаасаа хоцрох бол урьдчилж хэлдэг.

Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24606/

 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
2
care
0
haha
9
liked
4
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.162
2024/07/26
0
0
Бид энэ айлд очиж байсан тэмдэглэл https://beesoy.blog spot.com/2022/03/hus tain-malchin-ail.htm l
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр