ГУРВАН ЦАГААН БАЙШИН
Дархан хот нэгэн цагт “Найрамдлын” гэдэг тодотголтой байв аа. Орос, Чех, Болгар, Герман, Унгар, Польш гээд олон улсын хамтын ажиллагаатайгаар энэ хот сүндэрлэн, цемент, хүнсний комбинат, нэхий эдлэл, керамзит, байшин үйлдвэрлэх комбинатын яндангийн дуун нүргэлнэ. Илгээлтийн эзэн залуусын хот учир үйлдвэр тус бүрээс амьдрах байр хуваарилдаг байж. Аав минь цементийн үйлдвэрт, ээж хүнсний комбинатад ажилласаар намайг дөнгөж сургуульд оронгуут аавын үйлдвэрт шилжсэн.
Манайх намайг ухаан орсон цагт хуучин Дарханд цементийн “Гурван цагаан” нэртэй байранд амьдарч байсныг санадаг юм. Эгнэсэн гурван цагаан байшингийн нэгэнд нь гэхэд дөрвөн айл амьдарна. Дөрвөн тийш харсан хаалгатай. Нэг айл ердөө л хоёр өрөөтэй. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг нэг л тэс хөндлөн айл санаанаас ер гардаггүй. Жигтэйхэн ганган эгч, хүүгийн хамт зэргэлдээ байранд амьдардаг ч, тэднийд өөр өөр харчууд ирдэг нь сонирхол татна. Хөрш эгч эмэгтэй хүн гэхэд усны тэрэг жолооддог. Аав бөхийн хорхойтон. Нэг өдөр томчууд бужигналдаад, баяр хөөртэй харагдав. Тэдний яриагаар Хадбаатар гэдэг бөх өнөө эгчийнд айлчилжээ. Тэр өдрийн үдээс өмнө бөх хамраа ч цухуйлгасангүй. Нар жаргахын алдад хөршийн гадаа сойлттой байдаг усны том тэрэгний дэргэд хүүхдэрхүү цагаан царайтай, биерхүү эр гарч ирээд сунайхуйд аавууд тойроод бүччихэв. Томчууд гадаа ширээ засаад, хиам, талх, консерв хамаг байдгаа дэлгэн ганц хоёр шил дарс тавьчихсан ихэд хүндэтгэлтэй хандаж билээ.
Намайг таван нас хүрэхэд манайх шинэ Дарханд шилжин, цементийн ажилчдын 300 айлын орон сууцны айл болов. Найман настайдаа нэгдүгээр ангид ороход тус байрны бүх хүүхэд шинээр баригдсан есдүгээр сургуульд элсэн суралцаж билээ. Өдгөө сургуулийн хашаанд дүнхийн буй эрхэмсэг өвгөн моддыг бид тарьж ургуулсан. Зуны амралтаар ч зулзаган моддоо услах гээд эртлэн сэрж, тавын бидоноо савчуулаад хөлийн хурдаар чавхдацгаана. Дархан хотод шинэ барилгууд шил дараалан сүндэрлэж байсан үе л дээ.
Хоёрдугаар ангид орох жил бид оршин суугаа газартайгаа ойрхон баригдсан 31 дүгээр байр руу мөн л нүүлээ. Дөрвөн өрөөтэй, жинхэнэ орчин цагийн цэлгэр байранд амьдарч эхлэв. Орцны нэг жигүүрт монгол, нөгөө жигүүрт чех айлууд амьдарч, аав амралтын өдрөөр гаднын мэргэжилтнүүдтэй анд яваад өгнө. Тэдний хувьд ангийн дээд болох туулайн махан хувийг мэргэжилтнүүдэд хүртээж, өөрийнхөө амиа тавьдаг тарваганы махыг хүүхдүүдтэйгээ сэмхэн хувааж иднэ. “Үнэртчихвэл алуулна шүү” гэж ээжтэй шивнэлдэхийг олонтаа сонсож билээ. Ангийн мах идвэл торгодог ч бил үү томчуудын яриа тэр үед санагдана. “Үнэртчихвэл” гэж аав болгоомжлохыг сонсохул матаач ойр амьдардаг байж л дээ. Түүнээс биш орцоороо хуваагаад идсэн ч болохгүй гэх газаргүй. Хүүхдүүд ярвайчихаад нэг их идэж чадахгүй нь илт. Манайх нэг давхарт, хоёр давхарт аавын үйлдвэрийн дарга Цэрэнтогтох гуайнх, гурван давхарт хожим Л.Өлзийтөгсийн дуртгалд арвин баялаг номын сантайгаараа онцлуулсан Уртнасан гуайнх амьдардаг. Даргын эхнэрийн ах Эрдэнэбулган найруулагч, хотын дэгжин эгч нартай үе үе зочилдог байв. “Хатанбаатар Магсаржав ирлээ” гэлцэнэ.
Даргын эхнэр Тунгалаг эмч цав цагаан царайтай. Байрны жаалууд миний дүү Оюунаагийн царайг түүнийхтэй зүйрлэн, “Даргын эхнэрийн сүнс” гэж шоолон орилчихоод ум хумгүй зугтдагсан. Бодвол би айлын том гэсэндээ дүүгээ шоглосон хүүхдийг хашраахаас сийхгүй царай гаргадаг байсан биз. 30, 32, 25 дугаар байрыг барихаар зэхэж ухсан фундаамууд дээр бид тоглож, бас эр, эмгүй хөл бөмбөгдсөөр өдрийг өнгөрөөнө. Уртнасан гуайн охин Байгалмаатай илүү дотно нөхөрлөхдөө номын сантай шадарлах гэсэн далд санаа агуулж, эцгийг нь эзгүйд үргэлж тэднийд өнжин ном шагайдаг байв. Ийнхүү тавдугаар анги төгсөх жил минь “Хуучин Дархан руу нүүх нь дээ” гэсэн гунигт мэдээ ирдэг юм даа. Аав тоох шинж алга. Ээж тун дургүй байгаа нь илт. Байрандаа дасах нь арга ч үгүй юм даа. Хэдий зэргэлдээ байранд амьдардаг ч багын найз Ариунтуяа бид нэг айлын хүүхэд шиг болчихсон. Холдвол уулзаж чадахгүй мэт санагдана. Жавзмаа, Байгалаа, Эрдээ гээд ижилдэн дассан охидоо санах болов уу гэсэн харуусалд автана.
ЦОНХООР ШИРТЭХ АРИУНЗАЯА
Багад цементийн үйлдвэрийн шав тавихад баригдсан гурван цагаан байшиндаа, өмнө нь амьдарч асан хоёр өрөө байрандаа бид ирцгээв. Аав, ээж хоёр эд юмсаа шалавлан зөөж байршууллаа. Усан бороо зүсэрч буй нь уйтай. Аав, ээж шинэ гэрээ төвхнүүлсний дараа тэнгэр цэлмэж, нар доошилжээ. Хоёр эрэгтэй дүү минь миний үеийн танихгүй жаалтай бөмбөгөөр харилцаад сүйд. Тэр нь хожим нэг ангийн хөвгүүн болох Мягмардорж ажээ. Үеийн хүү хоёр дүүтэй жигтэйхэн элгэмсүү харилцана. Энэхүү хандлага бидэнд нөлөөлсөн болов уу гэж бодогддог. Байрны хүүхдүүд тал талаас цуглаад инээлдэн, хөөцөлдөж гарах нь тэр. Миний ухаан орсон үеийнхийг бодоход манай байрны гадна сагсны шийд зоожээ. Тэр шийдний цаана буюу манай өөдөөс харсан цонхоор Ариунзаяа маань дүрлийчихээд “шинэ айл иржээ” гэсэн янзтай ширтэнэ. Унаган багын найз, өвөр түрийдээ өссөн Ариунтуяагаас холдсон ч, Ариунзаяа гэдэг эгэлгүй авьяаст найз минь ийнхүү гайхсан харцаар угтлаа. Одоо олон нийтийн сүлжээгээр Ариунзаяагийн дуулсан дуу бүхэн өндөр хандалт авч буйг харах бахархмаар. Тун удалгүй тэр гитараа сугавчилсаар гарч ирэв. Зөвхөн гурван цагаан байр биш тэндхийн гудамжуудад амьдардаг хүүхдүүд энд цуглан цээл хоолойт охины дуулахыг сонсдог уламжлал нэгэнт тогтжээ. Ингэсээр томчууд багачуудаа хөтлөн гэр гэртээ орж унтацгаана. Хаа нэгтэйгээс чарлах тахиан дуу, шувуудын жиргээнээр тэр дэнж амилан сэрдэг.
Намар хичээл орох үед шинэ Дарханы хүүхдүүд ногоон зоорины төмс хураалтад дайчлагддаг уламжлалтай. Манай цаахна талд ногоон зоорь бий. Хуучин ангийнхан дайчилгаанд ирэхдээ манай гадна ирж ус ууцгаана. Хүүхдүүдэд ус хутгаж өгөхдөө манайх энд байгаа нь бараг зол заяатай учрал юм шиг санагдаж, бахархал төрөөд байгаа юм биш үү. Хуучин ангийн багш Батцэнгэл нэг өдөр ирлээ. Нүдний шилтэй, хичээлээ маш сонирхолтой заадаг /хэл, уран зохиол/ сургуулийн хамгийн донжлог, царайлаг, туранхай бүсгүй манай байрыг гайхширан хараад нүдэнд нь нулимс цийлэгнэв. “Энхээ чи ангиасаа шилжихгүй биз дээ”, “Ээж, аав хоёр шилжүүлнэ гэсээн, багш аа”. Түүний царайнд гуниг тодорно.
Зургадугаар ангидаа Дархан хотын Нэгдүгээр арван жилд, Мангилжав гэх тооны багшийн ангид шилжлээ. Сургуулиас тарахдаа ногоон зоорины цаахна гэртэй, алаг нүдтэй, өндөр охинтой ханьсан хамтдаа алхдаг болов. Ингэсээр Оюунтөгс бид сайн нөхөд болсон юм. Сургууль манай байр хоёрын хооронд сулхан элстэй тал бий. Тэр дундуур туучаад, багш нар, анги, сургууль, уншсан ном, гэрт тохиолдсон хөгжилтэй явдал гээд ярих сэдэв юу эс мундах вэ. Яриад л, инээгээд л алхсаар бид оюутан болохдоо ч нэг сургуульд орлоо.
Улаанбаатарт ирсэн оюутан Долоон буудалд амьдардаг залуухан хосынд дотуур байр нээгдэхээс өмнө хэд хоног амьдрахад Оюунтөгс хамтдаа байлцав. Энд анх ганцаараа ирчихээд, ах, эгчийн зараалаар дэлгүүр орохдоо би нэг зүйлээс үнхэлцгээ хагартал айж билээ. Хойхно талд хоёр хятад бүсгүй чанга дуугаар бахиран ярих нь араас ирээд хоолой боох гэж байгаа мэт санагдангуут амьсгалж чадахгүй зогтусаад, ухаан сэхээ оронгуутаа хар хурдаараа гүйж дэлгүүр рүү ортол мөн л энд тэнд хятад хүмүүс чарлалдаад, дараалалд зогсох монголчууд үл тоосон янзтайг хараад сая нэг санаа амрав. Ах, эгч хоёр ихэвчлэн эзгүй, хадмындаа л хонодог байсан болов уу. Ахын пянз тоглуулагчийг тэнхээ мэдэн чарлуулж, Пупо, То то Кутуньогийн дуунуудад “Ёстой, үнэн үгтэй дуу шүү” гээд л сэгсийтэл бүжиглэнэ. Итали хэл ойлгодог аятай л мэдэмхийрцгээх нь инээдтэй.
ГЭЭГДСЭН ДУРСАМЖ
Өнгөрсөн жилийн зун найзуудтайгаа хүү бид хоёр аялж, Алтай Таванбогдыг хүртэл харж баясчихаад “Гэнэтийнхэн бас Сүүн зам” тэмдэглэл бичсэн. Сая долдугаар сарын аравны өглөө дөнгөж сэртэл С.Оюунтөгс найз утас цохиж байна. “Энхээ, нөхөр бид хоёр хүүхдүүдтэйгээ ингэсхийгээд гарлаа. Ихэрээ та хоёр нэгдэх үү” гэлээ. Урд орой нь үсчинд таарахад “Бид аялна. “Отог”-ийн гоё майхан авсан” гээд яриад суусан болохоос биднийг хамт явах эсэх талаар асуугаагүй л дээ. Хачин нь бид хоёр хаяа нийлэн амьдарцгаадгаа жилийн өмнө мэдэлцэж билээ. Манайх Нүхтийн ам руу өгсөөд, тэднийх Нисэхийн тойргийн цаахна буюу 10 жилийн сурагч байхдаа амьдарч ирсэн яг тэр зайнд гэсэн үг. Биднийг оюутан байхад манай гэр шинэ Дарханы 16 давхар барилгын дэргэдэх 17 дугаар байр руу нүүлээ. Мөн л цоо шинэ байранд манай гурван цагааныхан нэг орцыг эзэгнэн төвхнөцгөөв. С.Оюунтөгсийнх Хөтөл рүү нүүсэн ч, манайхаар хааяа ирж хонодог байсан. Би том хүүгээ ой гарантай байхад Хөтөлд тэднийд нэг очсон нь эхний бөгөөд сүүлчийнх байж. Үүнээс хойш 2005 онд бид хотод тааралдлаа. Тэрбээр дүү охины хамт хотын төвд цайны газар ажиллуулж, бид түүгээр нь орж гарна. Гэвч түрээслэгч нь зальжин этгээд таарч гуанзаа ашигтай ажиллуулаад, хүмүүс шаваад ирэнгүүт түрээсээ огцом нэмж сандаргасан юм билээ л... Тэд өөр газар хайгаад алга болсон болов уу.
2023 онд түүний утасны дугаарыг ангийн найз Оюунжаргалаас олж аваад залгатал өдөр бүр уулзаж байсан юм шиг л тайван ярьж байна аа. Гэхдээ арван жилийнхэнтэй нийлдэггүй, найз нөхөдгүй, амьдралын төлөө зүтгэсэн тухайгаа хүүрнэнэ. “Нийгэмших хэрэгтэй шүү, Төгсөө минь” гэлээ. Түүнээс хэдхэн хоногийн дараа “Ээжийнх нь хөл өвддөг гэл үү. Архангайн Дагмид гуай руу явъя. Маргааш хөдөлье” гэж байна. Есөн жилийн дараа ийнхүү нүүр нүүрээ харалцан, Архангай явах замд багын дурсамжуудаа ярьж хөхрөлдсөөр хүрэв. Түүнээс хойш ямартаа ч таван удаа уулзалдсан байх. “Лам багштайгаа гороо хийх гэж байна. Ёстой гоё шүү дээ. Явцгаая” гэх мэт бас л гэнэт шийдвэр гаргадаг нэгэн болж хувирчээ. Пүрэвбат ламыг насан өөд болохын өмнөхөн ажлынхантайгаа Аглагийн хийд орохдоо бас гэнэт залгаад л хамтдаа явсан.
Багын найзтайгаа уулзаад өмнө нь хэзээ ч амжаагүй Аглагийн хийд, Манзуширын хийдийг үзчихсэн нь гайхалтай биш гэж үү. Бага дүүгийн нөхрийн хамаатнууд Архангай аймгийн Батцэнгэл суманд амьдардаг, жил бүр “Ирээч” хэмээн урьдаг юм. Гэтэл сая найзынхаа гэр бүл, үр хүүхэд, ач зээтэй нь хамтдаа явж байгаад нэг мэдэхэд Батцэнгэл суманд оччихсон хуучин цагийн хийдийн гадна зогсож байсан. Уг нь бид анх Дархан зүг хөдөлсөн. Хамт яваа хүмүүс Дарханаар аль эрт дайраад цааш явж байхад хүүг ардаа суулгаад сэлүүхэн яваа бид хүүхдийн паркийн дэргэдэх замаар салхи татуулан давхив.
Энэ зам Дарханд өсөж төрж, бага насаа өнгөрөөсөн хэн бүхэнд олон дуртгал өгүүлэх нь гарцаагүй. Хотоос аажуу хөдөлсөн тул бид Урьханы наахна буудаллаж хоноход найз бүсгүй хариуцлагатай аяллыг эрхэмлэдэг тухайгаа ярьсан юм. “Отог” майхныг энэ жилийн аялалдаа зориулж шинээр худалдан авчээ. Өөрийнхөө, ууган охин, хүүгийн, гурван майханд зэргэцүүлээд барих эко 00 авч өгсөн гэв. “Өөрчлөлтийг өөрсдөө л эхлүүлнэ, тийм биз” гэж давтан давтан хэлнэ. Надад тэр Оросын “Сайхан Серафима” киноны гол дүр шиг санагддаг. 10-ны орой Урьханы наана голын эрэг дээр бид майхнуудаа засан, шорлог шарж, аяллаа эхлүүллээ.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24605/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна