Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байгаа ч хаваржилт хүнд, улсын хэмжээнд зургаан сая гаруй мал хорогдсон гэдэг таагүй мэдээтэй долоо хоног өнгөрч байна. Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар болсноо мэдэгдлээ. Урьдчилсан байдлаар энэ хавар 20 сая мал хорогдож, 20 мянга орчим малчин малынхаа 70-аас дээш хувийг алдах эрсдэл үүсээд байгаа учраас зуданд зориулсан тусгай хууль тогтоомж гаргахаас өөр гарцгүй болж байна. Нийтдээ 600 орчим өрх бүх малаа алдаж, хотоо харлуулан, амьжиргаанаасаа салсан гэдэг мэдээллийг Улсын онцгой комиссоос ирүүлжээ. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд байгаа 107 тэрбум төгрөгийг малгүй болсон иргэдэд зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ удаа 5-8 сая төгрөгийг хүүгүй, урт хугацаатайгаар олгох юм байна.
Хөдөөд зуд болж, мал хорогдож байгаа бол нийслэлд махны үнэ өсөж эхэллээ. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн экспортлохоор бэлтгэсэн хонь, үхрийн махнаас дотоодын махны нөөцийг зохих хувиар нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ. Гурил, тэжээлийн үнийг өсгөхгүй байх зорилгоор Засгийн газраас импортоор орж ирэх улаанбуудай, гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн нь багагүй хэл ам таталж байна. Гурилын үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой байлгах гэрээ хийж хөнгөлөлттэй зээл, үнийн урамшуулалд хамрагддаг ч 4-5 дахин нугалсан ашиг хийж байгаад УИХ-ын зарим гишүүн бухимдаж “Хилийн цаана нэг кг гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2600-3000 төгрөгөөр гурил авч идэх шаардлагагүй” гэж үзэж байна. Гурилын үнийн хөөсийг хагалах Засгийн газрын энэ хэрүүл сошиалд хүчээ авч, нэг хэсэг нь “Үндэстнээ боддоггүй үндэсний үйлдвэр хэрэггүй” гэдэг шүүмжлэл хүртэл өрнүүлэв.
Засгийн газрын хуралдаанаар олон жил яригдаж, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх болсноо мэдэгдлээ. Үндэсний баялгийн тухай хуулийг АН, ХҮН-тай нийлж боловсруулах учиртай. Тиймээс хоёр намын саналыг авч, хуулийн төслөө боловсруулжээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн өгсөн мэдээллээс үзвэл Үндэсний баялгийн сан дотроо “Ирээдүйн өв сан”, “Хуримтлалын нэгдсэн сан”, “Хөгжлийн сан” гэсэн гурван хэсгээс бүрдэх бололтой.
Өнгөрсөн долоо хоногт найм дахь парламентын сүүлчийн чуулган нээлтээ хийсэн. Ирэх сонгуулийн үр дүнгээр монголчууд УИХ-ын 126 гишүүнтэй болно. Тиймээс чуулганы хуралдааны танхимд засвар хийж, эрхэм гишүүд энд тэнд хуралд дуудагдаж, тав, тух муутайхан ажлаа хийцгээж байна. Үүнээс гадна Төрийн ордонд 50 өрөө шинээр гаргах шаардлагатай болж, сайд дарга нарын зөвлөх, туслахууд өрөөгөө суллаж, их нүүдэл үргэлжилж байна.
Долоо хоногийн хамгийн таатай мэдээг эдийн засагчид дуулгалаа. Тодруулбал, Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа таван тэрбум ам.доллар давжээ. Хоёрхон жилийн өмнө 300 гаруйхан сая ам.доллартой болчихоод сандарч байсан Монгол Улс ямартаа ч валютын нөөцөө зузаатгаж, өр ширнийхээ асуудлыг цэгцэлж эхэллээ. Үүнээс гадна энэ оны эхний хоёр сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.3 их наяд төгрөгөөр өссөн сайн мэдээ байна.
Засгийн газар хулгайтай тэмцэхээ ил тод зарлаж, нийслэлийн газрын асуудлаар томоохон сонсгол хийхээ УИХ-ын дарга мэдэгдсэн. Өргөн уудам газар нутагтай гэж цээжээ дэлддэг монголчуудын 50 илүү хувь нь нийслэл Улаанбаатартаа чихэлдэн амьдарч, сүүлдээ бүр эрийн гурван наадмаа хийх газаргүй болчихоод байгаа. Уг нь Төв цэнгэлдэх хүрээлэн нийслэлийн өмч байхдаа 38 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваа гэгч хүний мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор арав гаруйхан га болтлоо багасаж, “Эрэл”-ийн Эрдэнэбатаас эхлээд мөнгө, төгрөгтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн эзэмшилд очсон гэнэ. Хамгийн хачирхалтай нь анх 49 хувийг нь хувьчилж авсан Т.Нямдаваа нас барсан. Одоо Төв цэнгэлдэх хүрээлэн Т.Нямдаваагийн хүү Н.Нямдаваа, дүү Т.Нямдаваагийн эзэмшилд байдаг гэнэ. Сошиалчид олон Нямдаваагийн дунд толгой нь эргэж, хотын удирдлага учир нь олддоггүй Нямдаваа нарыг АТГ-т өгөхөөр болсноо мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод метро барих тендер зарлаж, монгол компани зөвлөн туслах үйлчилгээний тендерт ялсан. Тэгвэл үүнээс хэдхэн хоногийн дараа “Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлалаа. Шалгаруулалтад дотоод, гадаадын байгууллага, баг оролцох боломжтой бөгөөд шагналын сан 1.6 тэрбум төгрөг байх юм.
Сонгуулийн чимээ ойртохын хэрээр улс төрийн намуудын идэвх сэргэж байна. МАН-ын Бага хурал Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын товоо зарлалаа. УИХ-ын Сонгуулийн хуулийн дагуу 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулах зохицуулалттай учраас ийнхүү намын Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа мөрийн хөтөлбөрөө эцэслэх юм. Том намуудын сонгуулийн өмнөх хурал нэлээд халуун, бас хэл ам, хэлцэл дүүрэн болох нь тодорхой.
Өнгөрсөн долоо хоногт “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баяр болж, мөрдөстэй, мөрдөсгүй, армид алба хаасан хаагаагүй гэж ялгахгүйгээр монгол эрчүүд хотол даяараа баяраа тэмдэглэв. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын генералын тоо таваар нэмэгдлээ. Шинэ жил, Цагаан сар, валентин, март гэх цуварсан олон баярын сарууд ийнхүү шувтарч, зургадугаар сарын 1-нийг хүртэл монголчуудын хавтгайрсан их баяр цэнгэл түр завсарлан сонгуульдаа анхаарах цаг иржээ.
Б.Нүүдэл
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна