ДУГААРЫН ЗОЧИН
“Рояал Трэйвэл” ХХК болон Монголын мисс мистерийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Уянгатай ярилцлаа. “Рояал Трэйвэл” ХХК сонирхолтой аяллуудыг монголчууддаа санал болгодгоос гадна дээд түвшний жуулчдыг эх орноороо аялуулах зорилготой. Мөн монгол залуусыг эх орондоо хэрэгтэй мэргэжлээр буюу авто инженерчлэлийн чиглэлээр дэлхийн хэмжээний боловсрол эзэмшихэд гүүр нь болдог. БНСУ-ын “Ajou motor” коллежтой хамтран ажилладаг аж.
-Танайх авто инженерчлэлийн чиглэлээр Өмнөд Солонгост оюутан зуучилж сургадаг. Яагаад дотоодод түгээмэл бус мэргэжлийг сонгосон юм бэ?
-БНСУ-ын “Ajou motor” коллежтой хамтран ажиллаж, монгол оюутнуудаа авто инженерчлэлийн чиглэлээр сургаж байна. Хоёр жилийн хугацаанд бид 30 оюутан зуучиллаа. Монголд авто машины үйлдвэрлэл хөгжөөгүй, инженерчлэлийн мэргэжил орхигдоод байгаа учраас энэ коллежийг сонгож, хамтын ажиллагааны санамж бичигт 2022 оны арванхоёрдугаар сард гарын үсэг зурсан юм. Эхний ээлжийн оюутнуудаа 2023 онд илгээсэн. Бүртгүүлсэн залуучуудын судалгааг харахад багаасаа автотехник сонирхдог, энэ чиглэлээр сурах сонирхолтой байдаг.
Дотооддоо суралцах гэхээр зорилтот мэргэжлийн сургуулиуд цөөн. Түүнчлэн сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчид Монголд сураад цаг алдах хүсэлгүй болжээ.
-“Ajou motor” коллежийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-“Ajou motor” бол 1995 онд байгуулагдсан, улсдаа тэргүүлэх коллеж. Коллежийн захирал, багш нар манай улсад жилд хоёр удаа ирж ерөнхий мэдээлэлтэй танилцаж, элсэлт авдаг. Коллежоос тавьдаг гол шаардлага бол элсэгчдийн батлан даагч заавал нийгмийн даатгал төлдөг байх. ТОПИК оноо шаардахгүй элсэн суралцах боломжтой. Хоёр жил сурахдаа сард таван сая вонны цалинтай ажлын байраар хангадаг. Энэ бол оюутан суралцагчид санхүүгийн эх үүсвэртэй болоод эх орондоо ирэх том давуу тал. Хамгийн гол нь Өмнөд Солонгос улсад таван жил ажиллаж, амьдрах эрхтэй E-7 вийз олгодог юм. Автомашин үйлдвэрлэл олон шат дамжлагатай. Зураг төслөө гаргахаас эхлээд хэв загварт оруулах, гагнуур гээд олон мэргэжилтний хамтын хүчээр бүтээдэг. Тэр бүх мэргэжлээр БНСУ-д хамгийн эрэлттэй боловсон хүчнүүдийг “Ajou motor” бэлтгэдэг. Автомашины оношилгоо, засвар үйлчилгээний технологи, автомашины дизайн, автомашины хөгжүүлэлт, үйлдвэрлэл автомашины тохируулалт, цахилгаан машин үйлдвэрлэл, байгальд ээлтэй машин үйлдвэрлэл, мото спорт (спорт машин үйлдвэрлэх, жолоодох ухаалаг цахилгаан эрчим хүчний анги), олон улсын стандартын тээврийн хэрэгсэл гэсэн есөн мэргэжлээс сонгон суралцах боломжтой.
-Энэ коллежид сурахын давуу талаас дурдана уу?
-Амжилттай төгсөгчид БНСУ-ын автомашины үйлдвэрүүдэд үндсэн ажилтнаар ажиллах боломжтой. Зөвхөн Өмнөд Солонгос гэлтгүй барууны автомашин үйлдвэрлэгчид энэ коллежийг төгссөн залуусыг ажилд авах сонирхолтой болсон. Улсынхаа бодлогоор коллежоо дэмждэг. Коллежийн шоурумд “Toyota”, BWM, “Mercedes-Benz” байрлах бөгөөд оюутнууд дадлага хийж байна. Мөн жилд хоёр удаа болдог фестивальд оюутнууд загвараараа өрсөлддөг. Энэхүү фестиваль нь солонгос залуусын дунд нэр хүндтэй бөгөөд K pop одууд оролцдогоороо алдартай.
-Коллежийн багш нар монгол оюутнуудын талаар хэр ам сайтай байна вэ?
-Бид оюутнуудынхаа тухай асууж, шаардлагатай, анхаарууштай зүйл юу байгааг тодруулдаг. Жилд гурван удаа элсэлт авахаар ирсэн багш нар монгол оюутнуудад ам сайтай байдаг. Манай оюутнууд сурлага сайтай, 98 A үнэлгээтэй суралцдаг үлгэр монгол оюунтны тухай шагшин магтсан. Тэр оюутныг коллеждоо багшаар үлдэх санал тавьсан юм билээ. Монгол оюутнууд авьяаслаг, бие даалттай, зорьсондоо тууштай сурдаг, багаараа ажилладаг.
-Жилд гурван удаа элсэлт авдаг юм байна. Намрын элсэлт эхэлсэн үү?
-Намрын элсэлтийн бүртгэл эхэлсэн. Сонирхсон залуус бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байхыг шаарддаг. Манай үйлчилгээнд зөвлөгөө, солонгос хэлний сургалт, вийзний материал бүрдүүлэлт, баталгаат орчуулга, анкет бөглөх, урилга, дансны үлдэгдэлтэй хуулга гаргах зэрэг шаардлага бүгд багтсан.
-Дотооддоо хэрэгтэй мэргэжлийг сонгон оюутан зуучилж эхэлснийх бусад инженерийн сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоох уу?
-Инженерийн чиглэлээр суралцах хүсэлтэй залуус олон байдаг. Бусад сургуультай гэрээтэй юү гэж асуудаг. Бид хамтран ажиллах сургуульдаа нарийн шалгуур тавьдаг юм. Нийтлэг мэргэжилтэн бэлтгэдэг, бусад төвийн зуучилдаг сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоохыг эрмэлздэггүй.
-Гадаадын их, дээд сургуулиудад зуучилдаг товчоонууд цагийн аясаар хөгжиж байна. Нэгэн үе бидний элсэхийг мөрөөддөг байсан нэр хүндтэй сургуулиудыг санал болгодог болжээ. Төвийнхөө ирээдүйг өөдрөгөөр харж чадаж байна уу?
-Монгол залуус гадагшаа явж ихийг үзэж, суралцаж ирээд эх орноо хөгжүүлээсэй гэж хүсдэг. Ганцхан их сургууль төгсөөд хүний амьдрал бүрэн дүүрэн болохгүй. Хүн өөрийгөө бүтээдэг. Дэвжиж дээшлэхийг зорьсон бол цаг ямагт боловсорч сурах нь зайлшгүй. Манай улсад инженер, техникийн мэргэжилтнүүд дутмаг санагддаг. Монголд хүнснээс бусад салбарын үйлдвэрлэл зогсонги байдалд орсон. Улсынхаа хөгжлийг өөдрөгөөр харж “Ajou motor”-ыг сонгосон. Яагаад монголчууд хуучин машин унах ёстой гэж. Дотооддоо үйлдвэрлэсэн, үндэсний боловсон хүчнүүдийн зураг төслийг нь гаргаад угсарсан автомашиныг жолоодох 20 жилийн дараах ирээдүйг хүссэн. Мэргэжилтэн, боловсон хүчнээ бэлтгэчихсэн байхад үйлдвэр байгуулахад дөхөм шүү дээ. Шулуухан хэлэхэд, Монголын авто засварын газруудыг вьетнамчүүд ажиллуулж байна. Гэтэл манай залуучууд ямар чадварлаг билээ. Бид мэргэжилтнүүдээ бэлтгэж байгаа учраас хэтдээ энэ салбарт монгол боловсон хүчнүүд цойлно гэдэгт итгэлтэй байгаа.
-Жил бүрийн хавар мэргэжил сонголтын тухай ярьдаг. Энэ чиглэлээр сурагчдад заавар, зөвлөгөө өгдөг газар ховор. Танай төв хандсан элсэгчдэд зөвлөгөө өгдөг үү?
-Эцэг, эхчүүд хүүхдүүдээ ойлгож, ярилцдаг бол мэргэжил сонголтод зөв нөлөөлдөг. Аль нэг мэргэжлийг тулган шаардах, заавал их сургуульд сургах гэж хүүхдээ шахах хэрэггүй. Техник, мэргэжлийн сургуулиуд эх оронд, хүүхдийн цаашдын ирээдүйд хэрэг болох мэргэжил санал болгодог. Харин сүүлийн жилүүдэд Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчид сонголтоо зөв хийдэг болжээ. Манайд хандсан төгсөгчид мөрөөдлөө, ирээдүйгээ бодож автын мэргэжил сонгосноо нээлттэй хуваалцдаг. “Би машин үйлдвэрлэлийн чиглэлээр гагнуур хийгээд сурвал өндөр цалинтай ажлын байр олон байна” гэж алсын хараатай ярьж байна. Нөгөө талаар тэднийг эцэг, эх, асран хамгаалагчид нь зөв чиглүүлж байна. Биднийг сонгоод ирсэн залууст сургуулийнхаа танилцуулгыг өгөхөөсөө урьтан сонирхол, ирээдүйгээ хэрхэн харж байгаа талаар ярилцаж сонголт хийх боломж олгодог. Хүсээгүй мэргэжлээрээ сураад төгсөнө гэдэг цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрсэн хэрэг.
-Боловсролын тухай яриагаа энэ хүргээд дуусгая. Та аялал жуулчлалын салбарт хөл тавиад удаагүй байна. Өрсөлдөөнтэй хэрнээ манай зах зээл жижиг. Энэ салбарт зориглон орсон шалтгаан юу байв?
-Цар тахлын дараа аялал жуулчлалын салбарт орсон. Өмнө нь маркетинг, энтертайнмент чиглэлд олон жил ажилласан. Улсын бодлогоор хөгжүүлж чадвал аялал жуулчлал бол хаан салбар. Монголд ирсэн гаднын зарим жуулчин бидний бүдүүлэг үйлдлийг хараад алмайрдаг. Учир нь тэд “Чингисийн монгол” гэсэн өндөр хүлээлттэй ирдэг. Энэ бол хаан салбар хөгжилд хүрээгүй байна гэсэн үг. Дээд түвшний жуулчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ сайтай, тохилог газрууд байдаг ч цөөн.
-Аяллаа гадаадын зах зээлд борлуулах хэцүү байдаг уу?
-Монголын аяллыг олон улсын зах зээлд борлуулахад хүндрэлтэй. Гадаадын жуулчны товчоодтой хамтран ажиллаж байна.
Б.Уянга: Төрийн бодлогоор хөгжүүлж чадвал аялал жуулчлал бол хаан салбар
Гэтэл аялал жуулчлалын оргил үеэр тийзний үнэ огцом өсдөг, олон жуулчин авмаар байдаг ч шаардлага хангасан кэмп, зоогийн газар манайд хомс. Бүтэн жилийн төлөвлөгөөгөө гаргаад ирсэн жуулчдыг эерэг сэтгэгдэлтэй, дахиад ирэх хүсэлтэй буцаах хэрэгтэй. Харамсалтай нь үйлчилгээний соёл төлөвшөөгүйгээс болоод жуулчид сэтгэл дундуур буцдаг. Хэдий Монгол руу зорчиход үнэтэй ч аялалдаа харамсахгүй, сэтгэл хангалуун буцаахыг хаа хаанаа хичээх нь чухал. Манайх жуулчин хүлээж авахаасаа өмнө маршрут, үйлчлүүлэх газруудын ариун цэвэр, хоолны амт, чанарыг нягталсан. Би энэ бүхнийг ганцаараа хийхгүй, багаараа ажилладаг.
-Аялал жуулчлалын сэргэлт, “Go Mongolia” гээд жуулчдыг татах зорилгоор төрийн бодлогоор анхаарч байна. Дотор нь ажиллаж байгаа хүний хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юу шаардлагатай байна вэ?
-Энэ салбарт хөл тавиад олон зүйлийг сурч, анзаарлаа. Хотын соёл гэдэг зүйл үнэхээр дутагдаж байна. Социализмын үеэс хойш бид соёлгүй болсон мэт санагддах юм. Гудамж талбайд, дотор орчинд биеэ боловсон авч явж чаддаггүй, бүдүүлэг үйлдэл гаргадаг. Шүлс, хогоо хаядаг хүмүүсийн өмнөөс ичдэг. Нийтийн цэвэрлэгээ хийж, хотоо цэвэрлэмээр санагддаг. Түүнчлэн үйлчилгээний газрууд стандарттай болбол хаана ч гологдохгүй. Наад захын үйлчилгээний соёл, харилцаа, аюулгүй байдал, цэвэр цэмцгэр орчны стандартаа баримтлах хэрэгтэй.
-Аль улсын жуулчид манай орныг түлхүү сонирхдог вэ?
-Солонгосчууд манай аяллыг маш их сонирхдог. БНСУ-ын хотууд нүдэнд харагдахгүй агаарын бохирдол ихтэй, уулархаг орон. Манайд ирж уудам талд явж, хүчирхэг шувуудыг харж, эх газрын салхиар амьсгалахыг хүсдэг. Бид өөрсдөө л мэддэггүй болохоос талын салхи үнэхээр сайхан, бодол хүртэл ариусдаг. Манай улсын ахуй, бартаатай зам нь хүртэл жуулчдад сонирхолтой. Би хувьдаа хөдөө нутгаа хэтэрхий хөгжүүлж, хотжуулахыг таашаадаггүй. Нүүдлийн соёлоороо, унаган байгалиараа хамгийн гол нь цэвэрхэн байх ёстой. Жуулчид Улаанбаатарт удаан саатдаггүй. Ирээд хөдөө рүү л тэмүүлдэг.
-Өмнөд Солонгосын алдартай жүжигчид, одууд Монголоор аялсан нь тэд манай улсыг сонирхоход түлхэц өгсөн болов уу?
-Том сурталчилгаа болсон. Цахим орчин хөгжсөн өнөө үед нэг жуулчны оруулсан зураг, сэтгэгдэл бусдад хүчтэй нөлөөлдөг. Солонгосчууд гэр, байр, унааны үнэ голохгүй Монголоор аялж байна. Монголчууд найрсгаар бодит үнэ хэлж, хэлсэн ярьсандаа байж сурах нь чухал. Дахиад уулзахгүй юм шиг жуулчдыг “шулах” гэж дайрдаг зангаа хаях цаг болсон.
-Монголчууддаа санал болгодог гадаад аяллуудаасаа онцлон танилцуулна уу?
-Аялал бол аз жаргалын вирус гэж бид тодорхойлж байгаа. Монголчууд нэгэн үеийг бодвол хилийн чанадыг аялах гэж зорьдог болжээ. Бид тийм хүсэл зорилготой дотоодын аялагчдадаа сонирхолтой хөтөлбөр, маршрут санал болгохыг хичээдэг. Нөгөө л нийтлэг хөтөлбөрүүдтэй бол уйтгартай шүү дээ. Япон орны аяллыг манай байгууллага захиалагчдын хүсэл, сонирхол, зорилго, насны онцлогт тохируулж илүү сонирхолтойгоор гаргаж өгч байна. Аяллын хоногоо сунгах, хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах, төлбөрийн нөхцөл гээд уян хатан хөтөлбөрөөрөө бусад жуулчны товчооноос ялгаатай. Мөн гэр бүлээрээ, байгууллага хамт олноороо, найз нөхдөөрөө, анги хамт олноороо аялахыг хүссэн ч төлөвлөгөө гаргаж чадахгүй цаг алдаж байгаа бол манай байгууллагын 25 жилийн туршлагатай хөтчөөр хөтөлбөрөө гаргуулж болно. Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдардаг монголчууддаа нэгэн сонирхолтой , улирлын чанартай аяллыг санал болгож байгаа. Энэ бол БНСУ-ын өвлийн хамгийн том наадам болох Хуачоны зэвэг загас барих баяр. Эх орондоо амьдардаг монголчууд ч хамрагдах боломжтой. Дэлхийн хамгийн сайхан мөсний баярт тооцогддог. CNN-ээс дэлхийн өвлийн долоон гайхамшгийн нэг, БНСУ-ын Соёл, биеийн тамир, аялал жуулчлалын яамнаас улсаа төлөөлөх фестивалиар шалгарсан том наадам. Мөн бид сертификаттай аяллыг залууст санал болгодог.
-Сертификаттай аялал гэж анх удаа сонсож байна. Сураад амарна гэсэн үг үү?
-Манай “Монголын мисс мистерийн нэгдсэн холбоо” Өмнөд Солонгосын SBS телевизийн дэргэдэх SBS академитай хамтран K-Beauty сургалттай аялал хийдэг. Гоо сайхны мэргэжилтэн энэ салбарыг сонирхдог, суралцдаг, ажилладаг хүмүүс мэйк-ап, маникур, үс заслын сургалтад хамрагдаад мэргэжлийн сертификаттай төгсөж болно.
Нэрийн хуудас:
ДЭЛХИЙГ ТОЙРОХ ДЭЭДСИЙН АЯЛАЛ РОЯАЛ ТРЭЙВЭЛ
Хаяг: ЧД 5-р хороо, МН Тауэр, 16 давхар, 1604 тоот
Холбоо барих утас: 8697-7707
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна