Засгийн газар үнийн өсөлтийг бууруулах, малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр хоёр ч хуулийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж эхлээд байна. Энэ хүрээнд сайн дурын үндсэн дээр хоршиж нэгдсэн малчдад жилийн зургаан хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 3-5 жилийн хугацаатайгаар олгох боломжийг бүрдүүлээд байгаа юм. Түүнчлэн импортоор орж ирж буй гурил, тэжээлийн татварыг тэглэснээр үнэ буурч эхлээд байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх хоёр хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим асуултад хариулт өглөө.
-Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж байгаа нь хуулийн зөрчилтэй гэдэг зүйлийг АН-ынхан яриад байна. Энэ тухайд хуульд хэрхэн зохицуулсан юм бэ?
-Хөдөө явж үзээгүй, хөдөөгийн амьдрал мэдэхгүй хэдэн нөхөр хэвлэлийн хурал хийж харагдсан. Улс төржихөөсөө өмнө малчдын амьдрал ямар байгааг эхлээд судалж, очиж харах хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэ өвлийн зуд улсын хэмжээнд маш хүнд туслаа. Газар нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй, улс орон даяар ихээхэн тооны мал хорогдсон. Урьдчилсан үнэлгээ хийхэд ОБЕГ төдийгүй олон улсын байгууллагаас 20 орчим сая мал хорогдоно гэсэн дүгнэлт гаргаж байлаа. Тиймээс Засгийн газраас малчдадаа малаа эргэлтэд оруулахыг уриалж, их хэмжээний мах бэлтгэлийн ажлыг зохион байгуулах ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлүүлсэн. Мөн энэ оны 2-3 дугаар сард Засгийн газраас сайд нараар ахлуулсан Шуурхайн ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж ажиллан, малчдад нэн тулгамдсан, шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлж ажилласан. Эдгээр ажлын үр дүнд өнөөдрийн байдлаар 7.5 орчим сая малын хорогдолтой, 5000 гаруй айл өрх нийт малынхаа 70 орчим хувийг алдсан, үндсэндээ орлогогүй болсон байдалтай байна. Түүнчлэн зудын нөхцөл байдал 10 жилээр тоологддог байсан бол одоо жил дамнан яригддаг болсон. Давтамж нь ойртсон гэсэн үг. Жилд хорогдож буй малын тоо 6-7 саяд хүрч байгаа нь маш хүнд гарз болчихоод байгаа юм. Цаашдаа мал аж ахуйн салбарт тулгамдаж байгаа сөрөг нөлөөллийг хэрхэн тэсвэрлэн даван туулдаг болох вэ гэдэг нь нэгдүгээр асуудал болчихоод байна. Хоёрдугарт, мал аж ахуйн салбарын хөгжлийг бодитой болгохгүй бол монголчуудын хувьд нийтээрээ амьдралын түвшин сайжрах, дээшлэх тухай ойлголтгүй болчихоод байна шүү дээ. Учир нь мал аж ахуйн салбарын хөгжил сул байгаагаас тогтвортой ханган нийлүүлэлт байдаггүй. Улмаар мах, сүү, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн улирлын шинж чанартай явж ирсэн. Улаанбаатарчууд махыг намартаа хямд үнээр иддэг бол өвөл, хавартаа илүү өндөр үнээр авч хэрэглэж байна. Үнийн хувьд тогтворгүй нөхцөл байдалтай. Гэтэл Монголоос бусад улс оронд махыг нэг үнээр авдаг буюу тогтвортой байдаг. Хэлбэлзсэн ч 10 хувиас хэтэрдэггүй. Нөгөө талаас Монгол Улсад үнийн өсөлтийн нөлөөлөл үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн болох мах, сүү, гурил гурилан бүтээгдэхүүн инфляцын 50 хувийг бүрдүүлж байдаг. Тиймээс мал аж ахуйн салбарыг дэмжиж, тогтвортой болгож өгснөөр Монгол Улс даяараа хүнсний тогтвортой хэрэглээтэй болж, үнийн хөөрөгдлийн суурь шалтгаан арилна гэж үзэж байгаа юм. Улмаар зуд болсон, сануулга өгсөн жилд малчид маань шинэ түвшинд хүрч, дараачийн шатанд шилжих шаардлагатай байна. Мал аж ахуйн салбараа хөгжүүэх хэрэгтэй байна гэдгийг хаана хаанаа ойлгоцгоосон болов уу. Зуд болохоор л татвар төлөгчдийн мөнгөөр дэмжлэг, хандив тусламжаар гээд явдаг арга барилаасаа салж, тодорхой бодлого хэрэгжүүлээч гэдэг шаардлагыг ч малчид, ард иргэдийн зүгээс тавьдаг. Эдгээр нөхцөл шаардлагад үндэслээд Засгийн газраас хуулийн төслийг боловсруулан өргөн бариад хэлэлцүүлж баталсан. Хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх талаар УИХ-ын тухай хуулийн 21.1 дэх заалтад бий. Үүнд ”Эдийн засгийн эрсдэл тулгарсан тохиолдолд нэн яаралтай горимоор зохицуулалт хийнэ” гэсэн хуулийн зохицуулалттай. Мөн уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 6.7-д “Мал аж ахуйн салбарт тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдэх, арга хэмжээ хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт олгосон” зохицуулалттай. Тэгэхээр энэ хууль бүхэлдээ малчдыг дэмжих, тэдний амьжиргааг дээшлүүлэх боломж гэж харах ёстой юм. Гэтэл АН-ыхан буруу ойлгоод байх шиг байна. Хоршоо гэдгийг “Хүчээр нэгдэлжүүлэх хөдөлгөөн болгож байна” гэдэг зүйлийг ч яриад байна. Гэтэл хүнийг хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, хүчээр зээл олгох, хүчээр хоршин нэгтгэх гэдэг ойлголт XXI зуунд, ардчилсан нийгэмд байхгүй шүү дээ.
-Малчдын зээл гэж бий. Үүний хажуугаар дахиад зээлийн боломж нээж байгаа нь хэр зөв шийдэл гэж та хэлэх вэ?
-Ард иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эдийн засгийн сонирхол, хөшүүрэг боломждоо тулгуурлаад анхан шатны үйлдвэрлэл эрхлэх боломжийг бий болгож өгөх нь Засгийн газрын үүрэг. Тэр ч утгаараа малчид энэ хуулийг ихээхэн дэмжиж, таатай хүлээн авч байна. Малчдад олгодог арилжааны банкны зээл жилийн 20-24 хувийн хүүтэй байдаг. Нэг ёсондоо сарын хоёр хувийн хүүтэй мөнгөөр малчид амьдарч байна. Улаанбаатар хотод хоёр хувийн хүүтэй мөнгө ББСБ-д л байгаа шүү дээ. Гэтэл малчдад ийм боломж алга. Тэгэхээр жилийн зургаа буюу сарын 0.5 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын боломжийг малчдадаа олгосноор малчид өөрсдөө үйлдвэрлэл эрхлэх боломжийг бий болгож байгаа юм. Малчдад малаа хэрхэн маллах аргыг би ч, Л.Гантөмөр ч, төр ч заахгүй. Харин мал маллах ухаан нь байгаад эдийн засгийнх нь боломж байхгүй бол Засгийн газрын зүгээс эдийн засгийнх нь боломжийг олгож өгөх хэрэгтэй биз дээ. Энэ ажлыг сонгуультай хутгаж бодмооргүй байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагаа сонгуулийн жил ч бай сонгуулийн өдөр ч бай хэвийн явагдаж байх ёстой. Сонгууль болж байна гэдэг нэрийдлээр ард иргэдийн, малчдын амьдрах, амьдралаа дээшлүүлэх боломжийг үгүйсгэж, хойш тавьж болохгүй. Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явж байна. Энэ жилийн цас зуд сонгуулийн жилийг тааруулж ирээгүй шүү дээ. Харин энэ цас зуд уур амьсгалын өөрчлөлтөөс ирсэн. Үүнийг арилгах, сөрөн давах, малчдаа тэсвэртэй болгоход Засгийн газрын бодлого оршиж байгаа юм.
-Гурил, тэжээлийн импортын татварыг тэглэсэн хуулийг энэ сарын эхнээс мөрдөж эхэлсэн. Татваргүй гурил, тэжээл хэзээнээс орж ирэх вэ, үр дүнг та хувьдаа хэрхэн харж байна вэ?
-Гурилын үнэ буурч байгаа. Өнөөдрийн байдлаар Увс аймагт 50 кг-тай дээд гурил 65 мянган төгрөгийн үнэтэй байна. 50 кг-ын нэгдүгээр гурил нэг кг нь 1180 төгрөг буюу 59 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт гурилын үнийн нөлөө мэдрэгдэж эхэлсэн байна. Энэ долоо хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 2000 орчим тонн гурил орж ирнэ. Тэгэхээр нийслэл хотын хэрэглэгчид энэ долоо хоногийн сүүлчээр хямд өртөгтэй, орос гурил хэрэглэх боломжтой буюу сонголттой болно. Гэхдээ мэдээж хэрэглэгчид дотоодын гурилаа авах уу импортоор орж ирснийг авах уу гэдгийг өөрсдөө шийднэ. Хамгийн гол нь зах зээлд сонголт бий болгож өгч байгаа юм. Өрсөлдөөний зарчмаар асуудлыг шийдэх гэж үзэж байна. Увс аймгийн Улаангом хотод 1180 төгрөгийн үнэтэй байгаа нэгдүгээр гурил Төв аймгийн Эрдэнэсант суманд 3200-3700 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байна. Ийм ялгаа амьдралын чанарт шууд сөргөөр нөлөөлж байна гэж бид үзэж байгаа юм. Хоёрдугаарт, ард иргэдийн дунд явуулсан социологийн судалгаагаар үнийн өсөлт хамгийн тулгамдсан, нэг номерын дарамт үзүүлж байгааг хэлж байна. Энэ дотроо орон нутагт гурил, эм, эмийн бүтээгдэхүүн, нефть шатахууны үнэ. Улаанбаатар хотод үнийн өсөлт дотроо мах, гурил, сүү багтаад байгаа юм. Тэгэхээр орон нутагт амьдарч байгаа нэг иргэн 100 мянган төгрөгийн үнэтэй нэг тор бүтээгдэхүүн худалдаж авлаа гэхэд 60-70 мянган төгрөг нь гурил болон гурилан бүтээгдэхүүн байна. Тэгэхээр гурилын үнэ хямдарснаар гурилан бүтээгдэхүүний үнэ дагаад хямдрах боломжтой. Өнөөдөр 100 мянган төгтөгөөр худалдан авч байгаа нэг тор бүтээгдэхүүн нь 50-60 мянган төгрөг болж буурах боломж бодитоор бий болж байгаа юм. Хоёр дахь эерэг нөлөөлөл нь энэ долоо хоногийн эхээр Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, 11 болголоо. Үүнд хамгийн том нөлөөлөгч нь мах, гурил байдаг. Тэгэхээр гурилын үнэ буураад ирэхээр Монголбанк бодлогын хүүгээ бууруулах нөхцөл нэг талаасаа бололцоо нь бий болж, бүрдэж байна. Нөгөө талаасаа Монголбанкны бодлогын хүү буурахаар арилжааны банкууд зээлийнхээ хүүг бууруулах нөхцөл үүсдэг.
Ингээд харахаар ганцхан гурилын үнэ зах зээлд ямар чухал, том нөлөө үзүүлж байдгийг харж болно. Тиймээс Засгийн газар үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллаж байна. Хоёрдугаарт, манай хэрэглэгчдийн зүгээс гомдоллодог нэг асуудал нь ямар нэг шалтгаанаар өссөн үнэ буцаад хэзээ ч буудаггүй гэдэг. Үнэхээр л өссөн үнэ эргэж буудаггүй, тогтоод үлдчихдэг. Сүүнгээр жишээ авахад өвөлдөө сүүний гарц зуныхаас тав дахин багасчихдаг. Зун литр нь 1500 төгрөгөөр худалдаалагдаж байсан сүү өвөлдөө 3000 орчим төгрөгөөр фермүүдээс сүүний үйлдвэрүүд авдаг. Өвөл худалдаж авсан өндөр үнээрээ өртгөө тогтоогоод литр сүүг 5500—6000 төгрөгөөр зарж байна. Зун болоод сүүний гарц 4-5 дахин нэмэгдчихээд байхад ч литрийнх нь үнэ буцаад буурдаггүй. Үүнээс үзэхэд дотоодын зах зээлд үнийн хөөрөгдөл үүсгээд байгаа суурь бүтээгдэхүүнүүдийн үнийг буулгах кампанит ажлыг Засгийн газар сүүлийн үед хэрэгжүүлж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24598/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна