Баянзүрх дүүрэгт иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тохиромжтой Экстрем спортын талбай, Дарь-Эх гэрэлт цогцолбор, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх IGM буюу олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж байна. Дарь-Эхийн 50 ортой эмнэлгийг ашиглалтад оруулснаар эрүүл мэндийн хүртээмж нэмэгджээ. Дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй хашаа, гарааш барьсан талбайг чөлөөлж авто зам шинээр барих ажлыг эрчимжүүлсэн гээд бүтээн байгуулалтын ажлууд иргэдийн саналын дагуу өрнөж байна. Эдгээрээс онцлох бүтээн байгуулалтуудыг танилцуулъя.
АНХДАГЧ ЭКСТРЕМ СПОРТЫН ТАЛБАЙ
Нийслэлийн хэмжээнд анх удаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, иргэдийн нэрлэж заншсанаар “Адам Евагийн хөшөө” орчимд хүүхэд залууст зориулсан өвөл, зуны экстрем спортын талбайг байгуулж байна. Өндөр хөгжилтэй орнуудад ногоон орчныг чухалчлан байгалийн унаган төрхийг хэвээр нь хадгалж, барилга байшин барихаасаа илүүтэйгээр гол ус, байгалиа дагасан амралт зугаалгын талбайг тохижуулсан байдаг. Энэ жишгийн дагуу Экстрем спортын талбайн тохижилтыг хийж байна. Гүйцэтгэгчээр “СММ” ХХК шалгарсан бөгөөд 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулах аж.
Экстрем спортын талбайд;
• Элсний волейболын талбай
• Уулын фитнесийн талбай
• 3x3 сагсан бөмбөгийн талбай
• Автомашинтай задгай кино театр
• Мах шарах зориулалтын зуухнууд
• Майхан барих зориулалтын талбай
зэрэг иргэд, залуусын бие бялдраа хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тохижилтууд багтаж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн дулааны улиралд ашиглагдах бус өвлийн улиралд ч залуусын ирэх дуртай газар байх үүднээс тэшүүрийн талбайг төлөвлөж зураг төсөлд тусгажээ.
ХӨГЖИЛ ДАГУУЛСАН АВТОЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын нэг нь замын түгжрэл. Үүнийг бууруулахаар олон ажил хийж байгаагийн нэг нь Нийслэл хотын гадуур баригдах тойрог зам. Баянзүрх дүүргийн автозамын ажлуудыг энэхүү замын транстай уялдуулан ГачууртУлиастай-Шар хад-Монель-Дарь Эх чиглэлд авто зам барих ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүр барьж ашиглалтад оруулсан нь зуслангийн бүс рүү чиглэсэн шинэ урсгал бий болгосон байна.
2020-2024 онд 50 байршилд 47.1км зам Баянзүрх дүүрэгт шинээр ашиглалтад орох бөгөөд үүнээс 30.4 км авто замыг барьж байгуулжээ. Мөн алслагдсан гэр хорооллуудыг төв замтай холбох, гэр хорооллын төв гудамжнуудад авто зам шинээр тавих ажлыг хийснээр тухайн байршлын газрын үнэлгээ өсөж, иргэдэд ч амьдрахад таатай орчин бүрдэх юм.
НОГООН ОРЧНЫГ НЭМЭГДҮҮЛЭХ IGM
Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд INTERNATIONAL GARDEN OF MONGOLIA буюу Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дэвшүүлж, Баянзүрх дүүргийн удирдлагууд дэмжсэн. 300 га талбайд үндэсний хэмжээний томоохон ногоон байгууламж барьснаар Баянзүрх дүүрэг төвийн дүүргүүдээс ногоон байгууламжийн хэмжээгээр тэргүүлнэ. Одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийн ажлыг бүрэн хийсэн бөгөөд хашааг барьж, модоо тарьж эхлээд буй.
Үүнд манай улсад суугаа Элчин сайдын яамд болон НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах санал тавиад байгаа аж. Олон улсын цэцэрлэгт хүрээлэн гэдэг утгаараа гадаадын олон орны онцлог, хэв маягийг тусгасан хэсэгчилсэн тохижилттой байхаар зураг төсөлд тусгажээ. Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн цахилгаан хангамж, дугуйн зам, тохижилтын ажлыг болон оффисын барилгын ажил энэ онд хийхээр төлөвлөгдсөн. Одоогоор IGM-ийн ажлын гүйцэтгэл 55 хувьтай явагдаж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН ДАРЬ-ЭХ ЭМНЭЛЭГ
Баянзүрх дүүргийн иргэдээс эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын хүрэлцээ хангалтгүй гэх гомдол хамгийн их ирдэг. Учир нь дүүргийн Нэгдсэн эмнэлэг хувьчлагдсан тул иргэдэд үйлчилгээ авахад ойлгомжгүй, хүндрэлтэй зүйл гардаг аж. Иймээс эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, түргэн шуурхай хүргэх ажлуудыг шат дараатай хийж байгаа юм. Үүний нэг нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо буюу Дарь-Эхэд 50 ортой эмнэлгийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлж байна.
Мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд ахмад, хүүхдийн эмнэлэг баригдаж дууссан, цахилгаан дэд станц барьж байгуулах ажил эхэлсэн байгаа бол 5 дугаар хороонд Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч ашиглалтад оруулжээ. Мөн эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс шинээр 22, 29, 30, 31, 35, 36, 38, 37, 39, 41, 42, 43 хороонд өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орсон нь иргэдийн талархлыг хүлээж байна.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмчлэх, сэргээн засах төв”- ийг ашиглалтад оруулж, нээлтээ хийх бэлтгэлээ хангаад байгаа аж. Эрүүл мэндийн салбарт хийсэн дараагийн томоохон хөрөнгө оруулалт бол дүүргийн нэгдсэн эмнэлгийг шинээр байгуулахаар 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3 га газрыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр чөлөөлөөд байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачлан цар тахлын хүнд үед 7, 10, 12, 13, 19, 24, 28 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Приус-30 маркийн автомашин, 2, 9, 20, 23 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд AQUA автомашин, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд 2 ширхэг STAREX автомашин гардуулснаар өвчтөнүүдэд эргэлт хийх, яаралтай тусламж үзүүлэх зэрэгт чухал дэмжлэг болж буйг эмч нар онцолсон юм.
ЧӨЛӨӨЛСӨН ГАЗАР ДЭЭРХ ТОХИЖИЛТ
Баянзүрх дүүргийн хэмжээнд 2021-2023 онд нийтдээ 86 байршилд 1822 гарааш чөлөөлөхөөс 1635-ыг нь чөлөөлж, газрын зөрчлийг арилгасан байна. Ийн чөлөөлснөөр 39240 мкв талбайг нийтийн эзэмшилд шилжүүлж тухайн байршлуудад иргэдийн санал хүсэлтийг үндэслэн тохижилтын ажлыг хийж эхэлжээ. Эдгээр тохижилтын ажил нь дүүргийн хэмжээнд цогцоороо иргэд, хүүхдүүдэд ээлтэй, сургууль, цэцэрлэгээ тараад гэрэлтэй гудамжаар харих орчныг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Тохижилтын ажлын 80 гаруй хувийг Дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв хариуцан хийжээ. Мөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, явган хүний зам, үзэгдэх орчин хаасан, ногоон байгууламж, шугам сүлжээ, бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн газрын ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж буй. 2023 онд Дүүргийн Засаг даргын 6 удаагийн захирамж гарч нийт 245 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлсөн. Харин энэ онд 112 ТҮЦ нүүлгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 9 хорооны нутаг дэвсгэрт байршсан 94 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн.
ЗАЙСАН- 2 БУЮУ ДАРЬ-ЭХ ЦОГЦОЛБОР
Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эх цогцолборын ажлыг 2015 оноос эхлүүлсэн ч царцсан, бүтээн байгуулалт гэхээр зүйл хийгдээгүй. Иргэдийн санал гомдлын дагуу тухайн байршилд тухтай орчныг бүрдүүлэхээр дүүргийн удирдлагууд шийджээ. Ингэснээр урьд нь нийслэлийн хогийн цэг байсан газар иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх томоохон цогцолбор болно. Гүйцэтгэгчээр шалгарсан “Моринсувд констракшн” ХХК 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.
Дарь-Эх цогцолбор ашиглалтад орсноор,
• 5Х5 сагсан бөмбөгийн талбай
• 3Х3 Олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн талбай 2ш
• Хөл бөмбөгийн олон улсын стандарт бүхий талбай, үзэгчийн суудал
• Волейболын талбай
• Чийрэгжүүлэх талбай
• Экстрем спортын талбай
• Гэрэлт гудамж
• Амарч зугаалах ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалт бий болох ажээ.
ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛД ХӨТЛӨХ 3x3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ
“Манай улсад багийн спорт хөгжихгүй” гэх ойлголт улиран одож буй он жилүүдтэй хамт хуучирчээ. Учир нь багийн спортоор дэлхийд гарах боломж бий гэдгийг 3x3 сагсан бөмбөгийн тамирчид сүүлийн жилүүдэд баталж байна. Тийм ч учраас энэ спортыг дэмжих санаачилгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан гаргаж, Баянзүрх дүүргийн 43 хороонд 3x3 сагсан бөмбөгийн талбайг чанар стандартын дагуу хийхээр төлөвлөж, одоогоор дүүргийн хэмжээнд 36 ширхэг 3x3 сагсан бөмбөгийн талбай хийгдэж байгаагаас 17 нь ашиглалтад орж “эзэд” болсон хүүхэд багачуудын очих дуртай газар болжээ. Алслагдсан гэр хороололд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулагдаж байна.
Үүнээс хүүхэд багачууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрдэж буйг иргэд хэлж байна. Энд хүсэл мөрөөдөл биежиж, ирээдүйн дэлхийн од тамирчин төрөх эхлэл болох учиртай. Тийм ч учраас тоонд бус чанарт анхаарч, стандартад нийцүүлж буйг онцлох нь зүйтэй биз ээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24598/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна