Орчин үеийн архитектур, хот төлөвлөлтийн ерөнхий ойлголтыг нэвтрүүлсэн хүн бол Ле Корбюзье. Уран барилгын ер бус шийдэл, ур чадвар нь түүний олон талт авьяас, бүтээлч хандлага, эрэл хайгуултай холбоотой. “Чөлөөт хэлбэр” хэмээх ойлголтыг салбартаа таниулж мэргэжил нэгтнүүдийнхээ нүдийг нээсэн нэгэн билээ. Тэрбээр эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ, орчин үеийн шийдэл бүхий гоёл чимэглэлгүй, цэвэр энгийн хэв маягийг нэвтрүүлсэн. Энэ нь ХХ зууны дунд үеийн дэлхийн архитекторууд, төлөвлөгчдөд шинэ санаа өгсний илэрхийлэл юм. Ле Корбюзье1922 онд Парис хотноо “Гурван сая хүнтэй орчин үеийн хот”, 1925 онд Парисын гудамжуудыг өндөр барилгуудаар солих "Вуазен төсөл", 1930 онд "Гэрэлт хот" төслүүдийг санаачилжээ. Энэ нь намхан жижиг байшингууд шигүү байрласнаас өндөр, эргэн тойрондоо ногоон байгууламжаар хүрээлүүлсэн байвал илүү донжтой бөгөөд тохиромжтой гэсэн санаа байсан ба тухайн үедээ хэрэгжиж чадаагүй ч дараа үеийн хот зохион байгуулалтын төслүүдэд ихээхэн нөлөө үзүүлсэн юм.
Модернизмыг тунхаглагч
Яруу найрагч Пол Дермитэй хамтран авангард үзэл баримтлалын бэлгэ тэмдэг “L’Esprit Nouveau” сэтгүүл хэвлүүлэхдээ Ле Корбюзье хэмээх нууц нэр ашигласан нь насан туршийнх нь алдар болсон юм. Түүний жинхэнэ нэрийг Чарльз Эдуард Жаннерет гэдэг. Аав нь Швейцарт алдартай цагны загвар зохион бүтээгч, ээж нь төгөлдөр хуурын багш байв. Тэрбээр 13 насандаа Швейцарын Ла Шо-де-Фондын гоёл чимэглэлийн сургуульд элсэж, эцгийнхээ урланд цагны нүүр пааландах, сийлбэрлэх ажил хийнэ. Европын арт нова урлагийн нэрт төлөөлөгч, зураач Шарль Л'Эплаттеньегийн удирдлагад уран зураг, чимэглэлийн чиглэлээр түлхүү суралцжээ. Л’Эплаттенье шавьдаа архитектурын салбарыг санал болгож, улс орнуудаар аялахыг шаарддаг байжээ. Ингээд анхны зураг төслөө 18 настайдаа гүйцэтгэсэн нь сургуулийн удирдах зөвлөлийн дарга Луи Фаллегийн шинэ байрны захиалга байв. Шагналынхаа мөнгөөр 1907 онд Итали, Австри, Унгар, Герман, Орос, Турк, Газар дундын тэнгисээр аялан эртний хөшөө дурсгал, ард түмний соёл, урлаг, уран барилгын уламжлалтай танилцсан байна. Энэ нь түүний урлаг, архитектурт хандах хандлагыг эрс өөрчилжээ. Парист аяллаа өндөрлүүлээд төмөр бетоныг нээсэн ах дүү Огюст, Густав Перрегийн товчоонд хоёр жил шугам зургаар дадлагажжээ. Дараа нь Берлиний мастер Петер Беренсийн урланд мэргэжил дээшлүүлсэн байна. Ингэхдээ Сэргэн мандалтын үеийн сонгодог харьцаа, геометрийн хэлбэрүүд ба ландшафтыг архитектурын хэрэгсэл болгон ашигласныг нарийн ажиглажээ. Өвөрмөц барилгуудаараа архитектурыг стандартчилах зорилготой зорилго өвөртлөн 1912 онд Ла Шо-де-Фондод эргэж ирээд багшлахын зэрэгцээ хэд хэдэн төслөө эхлүүлэв. Хувийн архитектурын товчоогоо 2014 онд нээжээ. Альпийн нуруунд вилла төлөвлөж, төмөр бетоныг хүрээ болгон ашиглах туршилт хийсэн нь орчин үеийн барилгын үндсэн техник болжээ. Францын Засгийн газрын гэрээний дагуу бетон бүтцийн архитектороор ажиллахаар 1917 онд Парисыг зорив. Дэлхийн нэгдүгээр дайны дараах сэргээн босголтыг эрчимжүүлэхийн тулд бага өртгөөр богино хугацаанд барих орон сууц концепцоо боловсруулж эхлэв. Ингэхдээ даацын ханыг тулгуур баганаас чөлөөлж, зай талбайтай байлгых чухалчилжээ. Энэхүү угсармал орон сууцны төсөлдөө 10 гаруй жил зарцуулсан гэдэг. 1923 онд хэвлүүлсэн "Vers une Architecture" (Уран барилгын шинэ зүгт) номдоо “Байшин бол хүн амьдардаг машин”, “Шулуун гудамж бол эрчүүдэд зориулсан зам” зэрэг алдартай тунхгаа бичжээ. Модернизмын тунхаг болтлоо алдаршсан эл бүтээлд барилга байгууламжийн дизайнд автомашин, инженерийн гоо зүй, логикийг ашиглах ёстой гэж үздэг. Ле Корбюзье 1930 -аад оны эхээр нэрд гарч, захиалгуудад дарагдав. Москвад Холбооны төвийн ордон, Бразилын Боловсролын яам, Харвардын их сургуулийн соёлын төв, Парисын оюутны хотхоны зураг төслийг гаргажээ. Нью-Йорк,Колумбийн их сургууль, Йелийн их сургуульд лекц уншжээ. Уран барилга, дизайны хөгжилд Модулор гэж нэрлэдэг боловсруулсан хэмжилт буюу пропорциональ системийг нэвтрүүлжээ. Энэ бол Ле Корбюзьегийн бүтээсэн урлаг, барилга байгууламжид чухал байр суурь эзэлдэг хүний дүрс юм. Уг томьёо нь уламжлал ёсоор алтан харьцаа буюу хүний хэмжүүрийг математикийн дараалал болгох гэсэн архитектурын анхны оролдлого байлаа. Модулийн хэмжээсийн дагуу баригдсан анхны бүтээлүүд нь Марсель дахь “Unité d'habitation” орон сууц, Лион хотын “Convent La Tourette” цогцолбор. Түүний 1949 онд хэвлүүлсэн “Модулор” бүтээл нь архитектурын түүх, онолын хамгийн эрэлттэй сурах бичиг болжээ.
Хотыг хүнтэй зүйрлүүлэв
Хүн ам ихтэй хотуудын амьдрах нөхцөлийг таатай болгох хүсэлдээ хөтлөгдөн хот төлөвлөлтөд анхаарал хандуулах болжээ. Түүний хамгийн алдартай төлөвлөлт бол Энэтхэгийн Чандигарх хот. XX зууны технологийн хөгжил, амьдралын хэв маягийн хурдацтай өөрчлөлтийн үр дагаврыг олж харснаараа онцлог. Өнөөдөр Ле Корбюзьегийн ерөнхий санаа хот төлөвлөлтийн үндсэн зарчим болсон. Аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээ, функциональ байдал, үе дамжсан архитектурын хэлбэрийг өөрчлөхийг эрмэлзэж байлаа. Морин тэрэг зөрөх боломжгүй нарийн давчуу гудамжуудыг автомашинууд сүлэлдэх өргөн чөлөөтэй болгох “Contemporary City” нийтлэлээрээ парисчуудыг алмайруулав. Цэцэрлэгт хүрээлэн, спортын талбайн дунд сүндэрлэх 60 давхар орон сууц, олон эгнээтэй авто зам бүхий хотыг тэр үеийнхний төсөөлөлд буусангүй. Уг төлөвлөлтөд Парисын 240 га талбай бүхий хуучин хорооллыг буулгаж 50 давхар тэнгэр баганадсан 18 барилга, ахуй үйлчилгээний цогцолбор, бизнес төвийг явган хүний зам талбай, газар доорх байгууламж, иж бүрэн тохижилтойгоор шийдсэн байна. Удалгүй ангит нийгмийн ялгааг халах зорилготой Стокгольмыг сонгодог байдлаар дүрсэлсэн “Гэрэлт хот” төсөл маргаан дагуулсан. Шинэ төлөвлөлтийн мөн чанар нь хотод тав тухтай амьдрах ахуй нөхцөлийг бүрдүүлэх, ногоон бүс, авто зам, төмөр зам, явган хүний зам, гүүр, агаарын зам, инженерийн шугам сүлжээг оновчтой цогцоор шийдэхэд чиглэжээ. Ле Корбюзье дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Алжир, Буэнос-Айрес хотын ерөнхий төлөвлөгөөг гаргажээ. Шинээр тусгаар тогтносон Энэтхэг улсын Ерөнхий сайд Жавахарлал Неру түүнээс Пенжаб мужийн төвийг шинээр төлөвлөж өгөхийг хүсэв. Энэтхэгийн уламжлалт архитектураас санаа авсан барилгуудтай Чандигарх хотын зураг төсөлдөө тунхгуудаа бодитоор хэрэгжүүлсэн. Далайн эргийн үзэмж, орон нутгийн байгаль ландшафтын онцлог, нарны гэрэл, сүүдэрт өөрчлөгдөн өнгө зүс хэлбэрээ тоглон толилуулах үзэсгэлэнтэй хотыг сүндэрлүүлэв. Тэгш өнцөгт хэлбэрийн замын сүлжээ, хөдөлгөөний энгийн хялбар урсгал цэгцтэй байхаар шийджээ. Төлөвлөлтийн гол үзэл баримтлал нь үндсэн хоёр тэнхлэгтэй, хойд зүгээс урагш чиглэсэн мөнх ногоон зурвас, зүүнээс баруун тийш үргэлжлэх худалдааны зам, өргөн чөлөө. Хотыг хүнтэй зүйрлүүлбэл, толгойд хотын үндсэн барилгууд, зүрх нь худалдаа үйлчилгээний төвүүд, харин хоёр гарт боловсрол сургалт болон чөлөөт цагийн үйлчилгээг хуваарилж төлөвлөжээ. Чандигарх хотын төлөвлөлт Энэтхэг улсад шинэ амьдралын эхлэлийг тавьсан юм.
Угсармал орон сууцны “эцэг”
Архитектур дахь модернизмын анхдагчдын нэг түүний бүтээл Европоос Төв Азийн тал, Вашингтоноос Өмнөд Америк хүртэл олон зуун хотод сүндэрлэжээ. Төв Ази гэж тодотгохын учир тэр бол Зөвлөлтийн үеийн даруухан таван давхар орон сууцнуудын загалмайлсан эцэг. Дэлхийн хоёрдугаар дайны сүүдэрт өртсөн хотуудыг яаралтай сэргээн босгож, иргэдийг орон сууцжуулах нь улс орнуудын тэргүүн зорилго байлаа. Нийтийн орон сууцны зураг төслийн төлөөх тэр үеийн архитекторуудын өрсөлдөөнд Ле Корбюзье ялжээ. Түүний зураг төслөөр барьсан орон сууцыг ЗХУ-ын удирдагч Никита Сергеевич Хрущев 1960 онд Францад айлчлахдаа анх удаа харж, эх орондоо нэвтрүүлсэн. Бүх холбоотнуудын үл хөдлөх хөрөнгийн хомсдолыг даруй нөхөх, “Социалист аж төрөх ёс”-той Зөвлөлтийн хүмүүст зориулсан шинэ төрлийн орон сууц барих Хрущевийн зорилго ингэж биелэв. Тогтсон стандарт болох 2.48 метр өндөр таазтай, ижил зохион байгуулалттай Корбюзьегийн утопизм нь коммунист хөтөлбөртэй гайхалтай нийцсэн. Корбюзьегийн санаачилсан угсармал орон сууцны хорооллууд социалист орнуудад сүндэрлэж эхэллээ. Төмөр бетон хавтан, хавтгай дээвэр, илүү чимэглэлгүй архитектурын цуурай Парисаас Улаанбаатар хүртэл хаджээ. Хэдийгээр уран барилгын салбарт ноёрхлоо тогтоосон ч зураг түүний дотоод сэтгэлд хүчтэй оршиж байлаа. Бүтээлч карьераа бүрэн зориулж чадаагүй ч кубизмын эсрэг тунхаг болох “Après le cubisme” (Кубизмын дараа) номоо хэвлүүлж, пуризм хэмээх шинэ урсгалыг үүсгэжээ. Уран зураг, баримал, эвлүүлэг, сийлбэр бүхий хийсвэр урлагийн бүтээл туурвиж, пурист тавилгын загвар, өнгөний шилдэг зохилдлогоо буюу полихромийг гаргасан тэрбээр хүчирхэг эготой уран бүтээлч. Тэрбээр хувийн тэмдэглэл, захидлаа нууц зураас, хээ тэмдэгтээр бичдэг этгээд нэгэн байв. Нас ахих тусам хэлбэр дүрс, өнгөний бэлгэдлийг судалж өөрийн гэсэн хэв маяг бүрдүүлжээ. Архитектурын полихроми бол гайхалтай бүтээл, үндсэн есөн бүлэгт хуваагддаг сэтгэл татам 63 өнгөнөөс бүрддэг. Архитектурын ертөнцөд алдартай болсон хойноо интерьер, дизайныг сонирхож, минимал загварын ширээ, шүүгээ, сандал зохион бүтээжээ. 1928 онд зохион бүтээсэн шоо хэлбэртэй “LC2” савхин сандлын загвар алдартай. Дээврийн цэцэрлэг, задгай фасад, дотор орон зайг гэрэлтүүлэх хэвтээ урт цонхнуудыг уран барилгын хөгжилд нэвтрүүлжээ. Дэлхийн өвийн архитектурын дурсгалт газрын жагсаалтад Ле Корбюзьегийн 17 төслийг бүртгэжээ. ЮНЕСКО-гийн шийдвэрт “Ле Корбюзьегийн бүтээлүүд архитектурын шинэ хэл болсон. Ялангуяа XX зууны асуудлуудад үр дүнтэй хариулт өгсөн” гэжээ. Жагсаалтад багтсан онцлох бүтээлүүдээс дурдвал, Токио хотын Урлагийн музейн барилга, Лион хотын “Ла-Туретт” сүм ба Штутгарт дахь “Вайсенхоф” орон сууцны барилгыг нэрлэж болно. Өдгөө Парис дахь “Le Corbusier” сан түүний мөнхийн өвийн эрхийг эзэмшиж байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24598/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна