Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов


Жилийн өмнө эхэлсэн  “Шувуу" ажиллагаа үр дүнгээ өгч, гэмт хэрэгт шалгагдаж байхдаа хил даван оргон зайлсан этгээдүүдийг барьж авчирч, хариуцлага хүлээлгэж байгаа хэмээн Хууль зүйн сайд мэдэгдлээ. "Шувуу" ажиллагаа эхэлж байх үед Интерполын улаан булант зард 22, хөх булант зард 70 этгээд эрэн сурвалжлагдаж байсан бол өнөөдөр энэ тоо эрс буурч, улаан булант зард тав, хөх булант зард 52, нийт 57 иргэнийг олж тогтоожээ. Үүнээс 13 иргэнийг барьж, авчирсан бол 14 иргэн сайн дураараа хэргээ шийдүүлэхээр Монголд иржээ.  Гэхдээ тэмээнээс тэмдэгтэй, экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг барьж авчирч чадахгүй л байна. Ч.Сайханбилэг "Бийлэгжүү, Монголоос мөнгө авдаг сүлжээтэй,  холбоо сүлбээтнүүд нь урьдын адил харилцаатай байгаа"-г ч Хууль зүйн сайд нуусангүй.


Намраас хойш яригдаж байгаа “Ногоон автобусны” гэх тодотголтой хэрэг зуны сард шийдэгдэж магадгүй байна. УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн ирэх долоо хоногт нээлттэй сонсгол явуулах тов зарлаж, давхардсан тоогоор 98 гэрч дуудаж байгаагаа мэдэгдлээ. Хамгийн түрүүнд дуудагдах хүмүүсийн тоонд Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэл Улаанбаатарын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны албаны дарга Ц.Батгэрэл, Хотын дарга асан Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал харицсан нэгдүгээр орлогч дарга асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ болон тус худалдан авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийн нэр бичигджээ. 


Засгийн газраас орон даяар хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо. Тус хоршоо нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах гэрээгээ Төрийн банктай байгуулав. Үүнээс гадна Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гарч, Хэнтий, Увс аймгийн малчдын хоршоод мөн зээл авах боломжтой болжээ. Хамтын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Засгийн газрын шийдвэр орон даяар өрнөж, хаа сайгүй хоршоо байгуулагдаж байгаа энэ үед УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Малчны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуульд “Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл бэлчээрийн чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах, салхи шуурга, үер ус, цас зуданд малаа хариулж яваад амь насаа алдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний дөрвөн жилийн доод хэмжээтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх гэх мэт заалт орж байгаа юм. Сүүлийн жилүүдэд байгаль ээжийн ааш зан хувирч, элсэн цөлд аадар бууж, үерт автан, халуун оронд цас шуурч, ган зуд, салхи шуурганы хүч нэмэгдэж байгаа учраас уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа 290 гаруй мянган малчин өрхийн амьжиргаанд төрөөс анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болсныг дээрх хууль гэрчилж өгөв. Үүнээс гадна геополитикийн асуудал ээдрээтэй, хаа сайгүй үймээн самуунтай дэлхий даяар амгалан бус байгаа энэ үед Монгол Улс мал аж ахуйн салбараа тордож, хүнсний аюулгүй байдлаа хамгаалах бодлогыг дээрх хуулиар дамжуулан хийхээр шийдсэн нь энэ. 


Жил бүрийн тавдугаар сард мод тарих сарын аян эхэлдэг. НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарих амлалт авсан Монгол Улсын Ерөнхийлөгч модоо тоолж, энэ хөдөлгөөн өрнөснөөс хойш Монголчууд 42 сая мод тарьсныг зарлалаа. Тэрбээр “Манай улсын нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувь нь ой. Цаашид нийт нутгийн 50 орчим хувийг ойжуулж чадвал ая тухтай амьдрах эко систем бүрдэнэ. Мод тарьж ургуулах нь цөлжилттэй тэмцэх хамгийн сайн арга” гэж мэдэгдлээ. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт хоёр хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Нэгдүгээрт, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Энэ хуульд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “Алдарт эх”-ийн одон авахад дэмжлэг үзүүлэх, дөрөв буюу зургаагаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцох заалт оржээ. Мөн Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.  Төсөлд төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болохоор, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх  зохицуулалтыг тусгажээ.


Засгийн газар хуралдаж, сургуульгүй орон сууцны хотхонуудад сургууль, цэцэрлэг барих ажлыг нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, энэ хүрээнд Нийслэл, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран ажиллахыг үүрэг болгожээ. Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэх магадлалтай 47 сургууль бий.  Тиймээс сургууль барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2024 оны төсөвт тусгаж өгсөн ч зарим ажил удаашралтай байгаа. Тиймээс тавдугаар сард багтаан төсөвтөө тодотгол хийж шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр болсон байна. Сургууль барихад хамгийн хүндрэлтэй байгаа зүйл бол газар. Сургууль барихаар газар чөлөөлөлт хийнэ гэдгийг албаныхан мэдэгдэж байна.


Хорь гаруйхан хоногийн дараа УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Нэр дэвшихээр Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист тараад байсан горилогчдын гороо өндөрлөж, тэд нийслэлийн зүг яарцгаалаа. Энэ нь ч аргагүй. Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодрох учраас нам доторх хэрүүл, хэлцэлдээ орохоор улс төрчид яарч байна. Үндсэн хуулийн дагуу энэ сонгуулийн үр дүнгээр 126 хүн УИХ-ын гишүүний тангараг өргөх ёстой. Гэвч нэр дэвшигчдийн тоо олшрохын хэрээр нэр дэвшихийг хүсэгчдийн тоо нэмэгдэж, намын дарга нарыг сандаргаж байгаа бололтой. Тухайлбал, “Камертон” хамтлагийн дуучин, Төрийн соёрхолт Д.Болд МАН-аас нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Харин АН-ынхан тойрог дээрээ “зодолдож”, дарга нар нь жагсаалтад орох гэж зүтгэн бас л нэг хэрүүлийн үүд нээгээд байна. Аргаа барсан  УИХ-ын гишүүн Н.Ганибал "Монголд ардчиллыг авчрахын төлөө бие сэтгэлээ зориулж байсан хүмүүс маань энэ удаад намын жагсаалтын ард нуугдаж, ардчиллын нэр хүндийг унагаахгүй байгаасай. Тодорхой нэр бүхий хүмүүс бий. Тэднийг намын жагсаалтын ард нуугдан ардчиллын нэр хүндийг битгий доош нь татаасай гэж хүсэж байгаа" гэж мэдэгдэв. Хэдхэн жилийн өмнө “Монголыг МАНАН бүлэглэлээс салгах шинэ улс төрийн хүчин байгуулж байна” гэж сүр дуулиантайгаар мэдэгдэж байсан Ж.Батзандан өнөөх МАНАН-даа хайртайгаа зарлан, “Шинэ нам”-ыг орхиж АН-д элсэв. Хэзээнээсээ “Ноён урваач, нохой шарваач” гэж дургүйцдэг монголчууд Ж.Батзандангийн энэ үйлдлийг нэг их таатай хүлээж авсангүй.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24598/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр