Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож байсан ч сонголт маань буруу байгаагүй



Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Тарвагатай” багийн малчин, СТА Ш.Батбаяр буюу Баавартай ярилцлаа. Шоу энтертайнментын гол бөгөөд тод дүр гэнэт л хөдөөг зорих болсонд урлагийн салбарынхан нь гонсойсон ч малчид “Залуу малчин нэгээр нэмэгдлээ” хэмээн алгаа тосон угтан авсан юм. Тэрбээр малынхаа ашиг шимийг хүртэхийн зэрэгцээ өдгөө “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий давуу талыг олж харсан тул нэгдэх шийдэлд хүрчээ.

 

-Хүмүүс таныг хип хоп дуучин, “Digital” хамтлагийн гишүүн Баавар гэдгээр нь сайн мэднэ. Тиймээс бид энэ удаад тантай малчны хувиар ярилцъя. Таныг малчин болоход яг юу нөлөөлсөн бэ?

-Хоёр зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, цар тахал буюу коронавирус. Хүүхдүүдээ дөрвөн хананы дунд дэлгэц, утас ширтүүлэх үү цэвэр агаарт хөдөлгөөнтэй байх уу гэдэг сонголттой тулгарсан. Хоёрдугаарт, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллаж, амьдарч буй Канад улсын иргэн Жереми Тийссэнгийн гэр бүлийн тухай нэвтрүүлэг нөлөөлсөн. Монголд үхрийн аж ахуй эрхлээд 30 жил амьдарч байгаа тухай сонсоод “Би яагаад чадахгүй гэж” гэдэг бодол орж ирсэн. Тэгээд л эхнэртэйгээ ярилцаад малчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн дээ. Тухайн үед манай эхнэрийн дүү 100 үхэр зарж орон сууц худалдаж авах гэж байсан юм. Тиймээс бид наймаа тохиролцож, манайх хөдөө гарсан түүхтэй.

-Малчин хүний хувьд Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий тухайд ямар бодолтой байна вэ?

-Би “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг зөв талаас нь харж байгаа. Ер нь аливаа зүйлийг шүүмжлэхээсээ өмнө нэг удаа ч болов мэдээллийг нь сонсож, давуу тал, боломжийг нь олж хараасай гэж боддог юм. Хоршиж хамтарч чадвал маш олон давуу тал бий. Хамгийн наад зах нь мал, малынхаа түүхий эдийг ченжийн дамжлагагүйгээр өндөр үнээр зарж борлуулах боломжтой. Гэхдээ малчид бүгдээрээ ченж, бизнесмэн болох гээд байгаа юм биш. Халуунд халж, хүйтэнд хөрч, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулан байж өсгөж үржүүлж буй мал, малынхаа түүхий эдийг ченжийн гар харж үнэгүйдүүлмээргүй байна шүү дээ. Бусад төрлийн бараа, бүтээгдэхүүн ямар үнэ ханштай байгаа билээ. Тиймээс малчид бид төр, засгаас олгож буй энэ боломжийг шүүрч аваад тултал ашиглах хэрэгтэй. Бид өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг зах зээлд өртөг өндөртэй нийлүүлэх боломжийг алдаж болохгүй.

-Ер нь танай сумын хэмжээнд өмнө нь байгуулагдчихсан, тогтмол үйл ажиллагаа явуулж буй хоршоо бий юү?

-Миний мэдэхээр энд одоогоор хоршоо байхгүй. Одоо л нэгдэн нийлж, хамтарч ажиллах боломж нөхцөл нь бүрдэж  байна. Яг үнэндээ Монгол Улсын төр малчдаа 30 жил хөсөр хаясан шүү дээ. Би мал маллаад удаагүй байгаа хэдий ч мал, мал аж ахуйн талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон. Мөн малчдад төр, засгаас ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг вэ гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Яг одоо л бидний хүссэн боломж нээгдлээ гэж харж байна. Би малчин болсон үеэсээ л хоршиж, хамтарч ажиллахын ач холбогдол, давуу талын тухай хэлж ярьж байсан. Ер нь “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэдэгтэй адил айл өрхүүд ганцаараа бус хамтарч, хоршоо болж нэгдэн нийлж чадвал байгалийн болон бусад эрсдэлт хүчин зүйлийн өмнө хүчин мөхөстөхгүй гэдгийг малчид ойлгож, ухаарч “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг нэлээд сонирхож, асууж тодруулж буйд баяртай байгаа.

-Хамтарч хоршоо байгуулах гэж буй малчид бүс болон аймгийнхаа нөхцөл боломж, давуу талд тулгуурлан төслөө сонгож хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй байх юм шиг санагдсан. Танай аймаг, суманд ямар чиглэлийн төсөл хэрэгжүүлбэл илүү зохимжтой гэж харж байна вэ?

-Миний харж буй өнцгөөр мах болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх нь илүү үр дүнтэй байх болов уу. Мөн стандартын шаардлага хангасан мал нядалгааны зориулалтын газартай болох хэрэгтэй гэж харж байгаа.

Өнгөрсөн өвлийн зуд зүүн бүсийнхэнд маань өвөлжөө, хаваржаа муутай гэдгийг нь  ойлгуулж мэдрүүлсэн. Сэлэнгэ аймаг модны аж ахуйгаараа тэргүүлдэг учраас энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлж, хашаа хороо барих, сайжруулах ажлыг хариуцан гүйцэтгэж болохоор санагдсан. Энэ мэт хэн хэндээ ач холбогдолтой, нэг нэгнээ дэмжсэн төслийг хэрэгжүүлэх олон боломж бий.

-“Шинэ хоршоо хөдөлгөөн” үр дүнтэй, удаан хугацаанд оршин тогтнох эсэх нь малчдаас өөрсдөөс нь шалтгаалах юм шиг санагдсан. Тиймээс малчдын зүгээс ямар гарц, шийдэлтэй байх ёстой гэж харж байна вэ?

-Яг зөв. Хөдөлгөөний үр дүн яах аргагүй малчин биднээс шууд шалтгаална. Хамгийн чухал нь итгэл. Дараагийнх нь сэтгэл, бас зүтгэл чухал шүү. Малчин бид бие биедээ итгэж, сэтгэлээрээ хамтарч зүтгэх ёстой. Өөрөөр хэлбэл, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий үйл ажиллагаа, үр дүн малчин бидний итгэл, сэтгэл, зүтгэл дээр оршин тогтноно. Төр, засгаас холбогдох хуулийг нь баталж, урт хугацаатай, бага хүүтэй зээл авах боломж нөхцөлийг нь бүрдүүлж өглөө. Харин одоо бид энэхүү боломжийг алдахгүй ашиглаж, төр, засгийн эхлүүлсэн ажлыг үр дүнтэй, тогтвортой авч явах л үлдэж байна. Тиймээс малчид маань үүнийг сонгууль гэж харж улстөржүүлэхгүйгээр өөрсдийнхөө амьдрал ахуйг дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх боломж гэж харах хэрэгтэй.

Монголчууд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй”, “Дэм дэмэндээ дээс эрчиндээ”, “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” гэж ярьдаг. Тэгэхээр хурдтай өөрчлөгдөж буй энэ нийгэм, зах зээлийн шуурганд бид өнөөдрийг бус ирээдүйг харж ганцаараа зүтгэх биш хамтаараа урагшлах хэрэгтэй. Одоо дэлхий нийтээрээ эргээд эко зүйл рүү хошуурч эхэлж байна. Монгол Улсад өнөөдөр сүүлийн үеийн барилга байшин, машин тэрэг, гар утас гэх мэт хэрэглээний зүйлс төрөл бүрийн сонголттойгоор байна. Хатуухан хэлэхэд бид дэлхийтэй өрсөлдөхүйц хэмжээний цахилгаан бараа, тоног төхөөрөмж хийж үйлдвэрлэж чадахгүй. Харин бид мал аж ахуйн үйлдвэрлэлээ илүү сайн хөгжүүлж, дэлхийн хэмжээнд гаргаж чадна. Гаднын жуулчид Монгол орны юуг үзэж харах гэж ирж байна вэ гэвэл, онгон дагшин байгаль, өргөн уудам газар нутаг,  уламжлалт мал аж ахуй буюу нүүдэлчин, малчин түмнийг харах гэж ирж байна шүү дээ. Тиймээс малчид малаа маллаж, мал аж ахуй эрхлэхийн хажуугаар хамтарч аялал жуулчлалын бизнес эрхлэх ч боломж харагдаж байгаа юм. 

-“Залуучууд мал маллахгүй байна. Залхуурч суурин газар бараадлаа” гэж шүүмжилдэг тал бий. Тэгвэл та залуу малчны хувьд үүний шалтгааныг хэрхэн харж байна вэ?

-Энэ бол санхүүтэй шууд холбоотой. Мал, малын түүхий эд нь хямдхан, зарим нь бүр хог дээр хаягдаж байхад хэн ч, ялангуяа залуучууд мал маллахыг, малчин болохыг хүсэхгүй шүү дээ. Хэрэв мал, малын гаралтай түүхий эд нь үнэтэй байвал залуучууд утаатай, түгжрэлтэй хотод амьдрахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Тиймээс төр, засгаас хууль эрх зүйн орчин нөхцөлийг нь бүрдүүлж, бодлогоор дэмжиж буй энэ боломжийг л алдахгүй атган авч, үр дүнд хүргэх хэрэгтэй гэдгийг л дахин дахин тодотгож хэлмээр байна.

-Таван жил гэдэг бол тийм ч бага хугацаа биш.  Та шантарч, сонголтдоо эргэлзэх үе гарч байв уу?

-Байлгүй яах вэ. Мал маллах тийм ч амар ажил биш шүү дээ. Хүйтэнд хөрч, халуунд халж цаг наргүй хөдөлмөрлөж байж л хэдэн малаа өсгөж үржүүлнэ.  Хамгийн анх үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож байлаа. Гэхдээ би өөрөө хүсэж шийдсэн учраас тиймэрхүү саад бэрхшээлийг даваад л гардаг. Сүүлдээ ажилдаа дасаад хийгээд сурчихаар хүнд санагдахаа больчихдог. Бас амьдарч буй газрынхаа давуу талыг мэдрэх хэрэгтэй. Хөдөө бол цэвэр агаартай, ямар ч стрессгүй. Хүүхдүүд утас, дэлгэцнээс хол. Бас хоол хүнс, ахуйн зүйлээ нэг сайн бэлдчихсэн байхад өдөр бүр мөнгө үрэх шаардлага гарахгүй гэх мэт олон давуу талтай шүү.

-Та хүүхдүүдээ малчин болгох уу. Танай хүүхдүүд мал маллах, мал аж ахуй эрхлэх талаар нэлээд ойлголттой болсон болов уу?

-Бид зургаан хүүхэдтэй. Том охин маань Ирландад сурдаг. Дараагийн гурав нь дунд сургуулийн сурагчид. Хоёр бага нь цэцэрлэгт явдаг. Бид хүүхдүүдтэйгээ ярилцаж, хүсэл сонирхлыг нь сонсож дэмжихийг хичээдэг. Хоёр том хүүхэд маань малчин болох хүсэл, сонирхолгүй. Харин манай дунд хоёр хүүхэд малчин болно гэдэг юм.

Би хэний, юуны төлөө малчин болох замыг сонгосон юм бэ. Мэдээж үр хүүхдийнхээ төлөө шүү дээ. Малчин бол мянган мэргэжлийн эзэн. Тиймээс хүүхдүүдээ малын дөртэй болгох, мал аж ахуйн салбар руу хөтлөн оруулж, малчин болох хүсэл сонирхлыг нь төрүүлэхийн тулд өөрийн биеэр үлгэрлэхийг хичээж байна.

-Тантай нэгэнт уулзсаных урлагийн салбарын замнал, уран бүтээлийн тухай сэдвээр ярилцъя. Энэ жил танай хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа юм билээ. Фэнүүддээ ямар бэлэг барихаар төлөвлөж байна вэ?

-Хамтлагийнхаа 25 жилийн ойг тохиолдуулан Цэнгэлдэх хүрээлэнд тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ хэвшмэл тоглолтуудаас арай өөр шинэлэг байдлаар хийе гэж бодож байгаа. Тиймээс тоглолтоо зөвхөн өөрсдийн үеийнхэндээ бус нэг хэсгийг нь сүүлийн үеийн Z үеийнхэнд зориулах хэрэгтэй шүү дээ. 

-Үзэгч фэнүүддээ барихаар төлөвлөж буй гэнэтийн бэлгээсээ ганц нэгийг задалж болох уу?

-Түрүүлээд хэлчихвэл гэнэтийн бэлэг, сюрприз байхаа больчихно шүү дээ. Ямартаа ч хамтлагаараа ганц нэг шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа. Мөн хамтлагийнхаа зарим хит дууг залуу уран бүтээлчидтэй хамтарч шинэчилж дуулах бодолтой байна. Бусад бэлгийг тухайн үед ялангуяа ойн тоглолт дээрээс үзэж, мэдрээрэй гэж хэлмээр байна. Би маш олон дуучин, хамтлагийн тоглолтыг хариуцан зохион байгуулж байсан учраас өөрийгөө шоу менежер талдаа туршлагатай гэж боддог шүү. 

-Танай хамтлаг долоон гишүүнтэй байсан билүү. Бүгдээрээ цуглаж чадах болов уу?

-Тийм ээ. Манай хамтлаг долоон гишүүнтэй. Одоогоор бүгд л хувийнхаа карьераа хөөж, өөр өөрсдийн ажил, уран бүтээлээ хийгээд явж байна даа. Хамтлагийнхаа 25 жилийн ойн тоглолтоор тайзан дээрээ хамтдаа гарч чадах байх аа. 

-Зарим дуучин, уран бүтээлч ойн тоглолтоо хийгээд зодог тайлдаг. Таны хувьд ийм бодол байна уу?

-Байхгүй ээ. Би хэзээ ч урлагийн салбараа орхихгүй. Энэ сайхан урлагийн салбарынхаа ач буянаар дуучин болж, нэр хүндтэй, өдий зэрэгтээ явж байгаа гэж боддог. Тиймээс би урлагийн салбартаа ч ажиллана, малаа ч маллана. 

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24598/


0
angry
0
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр