Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалгарсан нь бидний хичээл зүтгэл, эв нэгдлийн үр дүн


Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай ярилцлаа.

 

21 аймаг, есөн дүүргээс анх удаа Баянзүрх дүүргийг дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын баримт бичиг “Хөгжлийн зураглал 2030”-ыг боловсруулсан

 

-Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргын хувьд тантай ярилцаж байна. Таны  удирдан ажилладаг намын хороо 2023 онд “Шилдэг үр бүтээлтэй”, энэ жил “Шилдэг зохион байгуулалттай намын хороо”-гоор шалгарлаа. Ийм амжилтад хүрэхэд ямар бодлого, зорилт дэвшүүлж ажилласан бэ. Бусдад туршлага болгох  үүднээс  энэ асуултыг асууя?

-Миний бие Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргаар 2016 оны нэгдүгээр сарын 9-нд сонгогдсоноос хойш ес дэх жилдээ ажиллаж байна. Түүнээс өмнө буюу 2013-2014 онд намын хорооныхоо дэд даргаар ажилласан. Манай дүүргийн намын хорооны ажлын нэг гол онцлог бол ажлаа маш сайн төлөвлөж, төлөвлөгөөний гүйцэтгэлийг бүх түвшинд архивлаж ажилладагт байдаг.  

 “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд мэдээж цахим шилжилтийг өрнүүлж байна. Гэхдээ стандартын дагуу цаасан архив үлдэх ёстой. үх түвшинд архивлаж ажилладаг явдал. Сонирхуулж хэлэхэд, манайх 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд өөр хаана ч байхгүй, архивын баялаг сан хөмрөгтэй болсон. Бид боловсруулсан төлөвлөгөөгөө ягштал баримталж, долоо хоног, сар, улирал бүрээр төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж хэвшсэн. Тиймдээ  ч ам, ажлын зөрүү арилсан. Баянзүрх дүүргийн МАН-ын хороо сүүлийн хоёр жил дараалан “Шилдэг намын байгууллага”-аар шалгарсан нь намын хамт олны хичээл зүтгэл, идэвх санаачилга өрнүүлж ажилласны үр дүн юм. Намын гишүүд, дэмжигчдээс авахуулаад анхан шатны намын байгууллагыг удирдаж манлайлсан намын хорооны дарга, дэд дарга нар болон дэргэдэх ТББ-ын дарга нар, дүүргийн намын хорооны гишүүд, тэргүүлэгчдийн ажил хариуцах чадвар, зохион байгуулалттай хамтын ажиллагаанд гарсан дэвшил ийм амжилт авчирлаа.  Хамгийн гол нь эв нэгдэл. Үүний дээр нэмэх нь бүх шатандаа намын дүрмээ ягштал баримталж ирсэнд байгаа юм. Намын хамт олон, гишүүд бие биеэ ойлгодог, дүрмээр олгосон эрх үүргээ мэддэг учраас манай намын хороо амжилттай, өндөр бүтээмжэй, үлгэр жишээ байж чадсан гэдгийг намын даргын хувьд дүгнэж байна. Намын дүрэмд заасны дагуу намын хорооны дарга Хяналтын хорооныхоо дүгнэлтийг анхаарч ажилладаг. Тиймээс намын аливаа шийдвэр гаргах, томилгоо хийх зэрэгт дандаа л хамтын шийдвэрээр ажиллаж үр дүнд хүрч ирсэн. Нэг үгээр хэлбэл, манай намын хороо “Дуугарвал дуу нэгтэй, тугтарвал хүч нэгтэй” намын хамт олон болж төлөвшсөн гэж нүүр бардам хэлэх байна.

-Баянзүрх дүүргийн МАН-ын хороо 2012, 2016 онд орон нутгийн сонгуульд хоёр удаа ялагдаж, ИТХ-д цөөнх болсон. Харин 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, бүх шатанд засаглахад хүргэсэн ажлын арга барилаасаа бидэнтэй хуваалцана уу?  

 -Баянзүрх дүүрэгт МАН найман жил завсардсаны дараа 2020 онд ялалт байгуулсан. УИХ-д таван гишүүнээ анх удаа бүгдийг нь, нийслэлийн ИТХ-д 10 мандатаас тавд нь ялалт байгуулж, дүүрэгт олонх болсон. Ингэж шат шатандаа засаглаж ажиллахад зарчмын дагуу өмнөхөөсөө илүү нягтарч, нэгдмэл нэг баг болж ажилласны үр дүн байлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар буюу олонхоороо бүх шийдвэрээ гаргаж явдаг. Намын хорооны тэргүүлэгчид бол Баянзүрх дүүргийн 15 мянган гишүүн, дэмжигчдийн төлөөллийн байгууллага. Тиймээс бид үргэлж төлөөллийн санал бодлыг харгалзаж, хамтын шийдвэр гаргаж ажилладаг. Энэ бол бидний амжилтын нэг гол үндэс гэж ойлгож  болно. Ингэж бид эв нэгдлийг эрхэмлэж, намын дарга ганцаараа бус олуулаа хэлэлцэж байж аливаа шийдвэрийг гаргадаг учраас элдэв шүүмжлэл гараад байдаггүй, амьдрал дээр хэрэгжихдээ ч үр дүнтэй байдаг. Баянзүрх дүүргийн түүхэнд өнөөдрийнх шиг ийм эв нэгдэлтэй, атгасан гар шиг зүтгэсэн баг байхгүй болов уу. Намын хорооны дарга нь УИХ-ын гишүүн, дүүргийн Засаг дарга нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын дарга нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг гурван өөр субьект боловч бүх түвшинд хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллаж чаддаг гэдгийг ам бардам хэлнэ. Төлөвлөлт, төлөвлөгөөгөө гаргаад ягштал баримтална. Намын дүрмээ дээдэлж дагана. Бүх шатанд ямар ч шийдвэрийг төлөөлөгчдөөрөө хэлэлцүүлж хамтдаа гаргана. Энэ бол манай намын хамт олон 21 аймаг, есөн дүүргээс хошой шилдгээр шалгарсан амжилтын гол үндэс гэж үзэж байна. 

-Таны хувьд анхан шатнаас ажлын гараагаа эхэлсэн, дүүрэг, орон нутгийн ажил амьд­ралыг сайн мэдэх гишүүн. МАН Баянзүрх дүүрэгт найман жилийн дараа засаглалын эрхээ хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай, том дүүрэгт засаглаж байгаа намын байгууллагын хувьд шат шатандаа ажлын уялдаа холбоог хангах тухайд ямар менежментээр ажиллаж байна вэ?

-МАН-д өөрийн итгэл үнэмш­лийн дагуу 2006 оны гурав­дугаар сарын 1-нд буюу одоогоос 18 жилийн өмнө гишүүнээр элсэн орж байлаа. Дүүр­гийн залуучуудын байгууллага, хорооны залуучуудын салбар зөвлөлийн тэргүүлэгч, даргаар сонгогдож, намын анхан шатнаас ажлын гараагаа эхлүүлж бай­сан. Тухайн цаг үеэс өнөөдрийг хүртэл дүүрэгтээ ажиллаж, амьдарч байна. Анх намд элсэж, залуучуудын холбоонд ажиллаж эхлэхдээ ямар нэгэн дарга, УИХ-ын гишүүн болно гэсэн ойлголт, төсөөлөлгүй байлаа. Харин найз нөхөдтэй болъё, олон хүнээс суралцъя, зүүний чиглэлийн намын үзэл баримтлалыг ойлгож, таньж мэдье гэдэг бодлоор л элсэн орж билээ. 2008 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газрын Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн даргаар давхар ажилласан. Төрийн болон улс төрийн албыг хавсран гүйцэтгэж байсан л даа. Ингээд нийслэл, дүүргийн ИТХ-д тус бүр нэг удаа сонгогдоод 2020 онд намын гишүүд дэмжигчдийнхээ дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Анхан шат, дүүрэг, хорооноос ажлын гараагаа эхэлсэн учраас дүүргийнхээ иргэдийн ажил, амьдрал, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, боломж бололцоо, тулгамдаж буй асуудал зэргийг хангалттай сайн мэдэж, мэдэрдэг болсон.  Баянзүрх дүүрэгт олон онцлог бий. 500 мянга гаруй хүн амтай, том дүүрэг. Тухайлбал, манай дүүрэгт төрийн болон хувийн хэвшлийн хамгийн олон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байна. Хамгийн олон их, дээд сургууль, гуравдугаар шатлалын эмнэлэг байна. Нэгдсэн хоёр, Халдварт, Хавдар, Цэргийн госпиталь, Монгол, японы эмнэлэг гээд томоохон 13 эмнэлэг манай дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн олон зах, худалдааны төвөөс гадна цэргийн анги, салбар байрладаг. Цагдаагийн академи, Хилийн цэргийн удирдах газар зэрэг хамгийн, хамгийн гэсэн тодотголтой хамгийн том дүүрэг. Бас нэг онцлог нь манай дүүрэгт орон сууцны болон гэр хорооллоос гадна хувийн тохилог хотхон ч бий. Цаашлаад тусгай хамгаалалттай бүс болох “Бумбат”, “Хүрхээ” зэрэг бий. Нэг үгээр хэлбэл, манай дүүрэгт нийгмийн бүх давхаргынхан амьдардаг. Тэгэхээр ийм өргөн хүрээнд хүрч ажиллахын тулд нэр дэвшигчид төдийгүй штабынхан ч нэлээд өндөр мэдрэмжтэй ажиллах шаардлагатай болдог. Тухайлбал, Шар хад орчимд ярьсан зүйлээ урагшаа 26, 36 дугаар хороон дээр очоод яривал ойлголтын зөрүү үүсэж, нэмэлт тайлбар шаардагдана. Нийгмийн олон янзын бүлгийнхэн амьдардаг томоохон дүүрэг учраас шат шатандаа эв нэгдэлтэй байж, амьдралд нийцсэн шийдвэр гаргаж, уян хатан ажиллахыг шаарддаг юм. Тийм учраас бид аливаа сонгуульд шинжлэх ухаанч байдлаар судалгаа, дүгнэлттэй ханддаг.

-Та намын ажил, тэр дундаа сонгуулийн үйл ажиллагаанд шинжлэх ухаанчаар ханддаг гэж онцоллоо. Үүнийгээ тодотгоно уу?

-Япон, өмнөд Солонгос болон зүүн өмнөд Азид суралцаж боловсрол эзэмшсэн, мастер докторын зэрэг хамгаалчихсан, одоо багшилж байгаа, орчин үеийн менежмент маркетинг заадаг багш, судлаач нартай хамтарч ажилладаг. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон анхан шатны намын байгууллагын дарга нартаа тэдгээр багшаар хичээл заалгуулж, мэдсэн сурснаас нь таниулж, туршлага солилцуулдаг. Нөгөө талаас намын анхан, дунд аль ч шатанд ажиллаж байгаа залууст нэг л зүйлийг захидаг. Өмнөх нийгмийн үед Намын дээд сургууль төгсөж, өндөр шалгуураар орж ирсэн хүмүүс улс төрийн намд ажилладаг байлаа шүү дээ. Одоо орчин үед залуучууд итгэл үнэмшлээрээ сонголт хийдэг болчихсон. Миний зүгээс тэдэнд “Намын ажил бол хүнтэй ажиллах ажил. Тиймээс ямар ч хүнийг хүн ёсны үүднээс хүндэлж хайрлаж, харилцах ёстой шүү” гэж захидаг. Бас эв нэгдэлтэй байхыг  хүсдэг. Тэгээд сэтгэлтэй, итгэл даахуйц байж чадвал болохгүй, мэдэхгүй зүйл ховор доо. Ялангуяа намын анхан шатны дарга нартаа “Намынхаа гишүүдтэй тулж ажилла, тэдний амьдрал ахуйтай танилц, яв” гэдэг. Намын нэг хороо 250-600 гишүүнтэй. Тэнд юу нь болоод юу нь болохгүй байгааг мэддэг бай л гэж байгаа юм. Ингэж чадвал ажлаа зөв эрэмбэлж, төлөвлөнө. Улмаар иргэндээ хүрсэн зөв шийдвэр гаргана шүү дээ. Ингэж анхан шатнаас нь иргэдтэйгээ тулж ажилладаг намын ажилтан хороо, дүүргийн асуудал юу вэ, түүнийг хэрхэн шийдэх боломжтой юм гэдгийг мэддэг болчихдог. Ийм л зарчим баримталж ажилладаг. Одоо сонгууль дөхсөн үед дүүрэг, орон нутгаас нэр дэвшигчдийг тодруулахдаа ч ерөөсөө л судалгаанд үндэслэнэ. Миний хувьд олон ч удаагийн сонгуульд оролцлоо. Манайх 43 хороотой, том дүүрэг. Орон нутагт буюу дүүрэгтээ өсөж төрөөд ажиллаж амьдарч байгаа буюу унаган хүмүүсээ нэр дэвшүүлбэл сонгогддог, амжилт үзүүлдэг жишигтэй. Ингэж байж иргэд сонгогчдын хүсэн хүлээдэг нэр дэвшигчдийг гаргаж ирнэ.  Ер нь улс төрийн нам хүчтэй, эв нэгдэлтэй, сонгуульд ялдаг байхын тулд иргэдтэйгээ байнгын эргэх холбоотой ажилладаг байх ёстой. Тийм ч учраас дүүргийнхээ иргэд, сонгогчдыг хамруулсан олон нийтийн арга хэмжээг бид шат шатандаа тогтмол зохион байгуулдаг. Өмнө нь хорооны системд шилжээгүй байхад “Нэг үүр-нэг өдөрлөг”-ийг зохион байгуулдаг байлаа. “Нэг хороо нэг арга хэмжээ” бүтэн сарын турш үргэлжилнэ. Ингэхдээ мэдээж нийгмийн бүх сигментэд зориулсан олон төрөлт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Ингэж байнгын эргэх холбоотой ажилладаг маань ч шилдэг намын хороо болоход нөлөөлсөн болов уу.

 

Гурван жилийн хугацаанд бид өнгөрсөн 60 жилд барьж, байгуулсан замын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний буюу 66 км авто зам тавьсан байна

 

-Сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа учраас хоёулаа үр дүн ярилцъя. Дүүрэгтээ хийж, хэрэгжүүлэхээр зорьсон ажлаа хэр нугалав. Анх та бүхнийг ажил хүлээн авахад Баянзүрх дүүрэг ямар нөхцөл байдалтай байсан бэ. Өнөөдөр эргээд дүгнэхэд ямар өөрчлөлт, үр дүн гарсан гэж харж байна?

-Биднийг 2020 онд УИХ-д нэр дэвшээд явж байхад иргэдийн зүгээс томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэхээсээ илүү гудамжаа гэрэлтүүлж, хог шорооноос салах тухай ярьж байлаа шүү дээ. Ерөөсөө Баянзүрх дүүргийн хувьд 2020 оноос өмнөх найман жилд амьдрах орчин үндсэндээ тэг заачихсан байлаа. Эзэнгүй, золбин нохой, муурын асуудалд тухгүйтчихсэн, иргэн бүрийн амьдралын орчинд иймэрхүү үзэгдэл нийтлэг тулгамдсан асуудал болчихсон байсан. Одоо эргээд харахад манай Баянзүрх дүүргийн иргэд энэ жил нэр дэвшигчдэд гэрэлтүүлэг, хог шороо, нохой муурын асуудал ярихгүй, зовлон тоочихгүй болжээ. Баянзүрх дүүргийн нийтийн эзэмшлийн буюу гудамжны гэрэлтүүлэг 43 хувийн асалттай байсныг өнөөдөр 98 хувьд хүргэж, харанхуй гудамжгүй болсон. Иргэд маань ч гэрэлтүүлгийн ажилд сэтгэл өндөр байгаа. Хөрөнгө оруулалтын тухайд ч үнэмлэхүй өөрчлөлт, дэвшил гарсан. Манай дүүрэг 2020 оноос өмнө 4-5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж байсан бол өнөөдөр 60-80 тэрбум төгрөгт хүрч нэмэгдлээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ 15-16 дахин нэмэгдээд ирэхэд иргэдийн зүгээс тавьдаг, хөнддөг амьдрах орчин, амьдралын чанарын асуудал цэгцрээд ирж байгаа юм. Хог хаягдал, гэрэлтүүлэг, худаг ус, зам харгуйн асуудал  үндсэндээ шийдэгдсэн. 

-Та УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны даргаар сонгогдож, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулсан. Энэ хуулийн ач тус  амьдралд хэрхэн  илэрч байна вэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, дүүрэг орон нутагт тодорхой хэмжээний төсөв бүрдээд эхэлсэн учраас бид бусад салбараа дэмжиж ажиллах ёстой гэдэг бодлого баримталсан. Ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбар болон залуучуудад чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр багагүй ажил хийж, хэрэгжүүлсэн. Сонгуульт жилийн хугацаанд дүүрэгт хийж, хэрэгжүүлсэн маш олон ажил бий. Мөн хэрэгжээгүй, амжаагүй ажил ч бий. Манай дүүргийн хэмжээнд гуравдугаар шатлалын 13 эмнэлэгтэй боловч яг өөрийн гэсэн дүүргийн нэгдсэн эмнэлэггүй. Тийм ч учраас эмнэлэг байгуулах санаачилга гаргаж, мөрийн хөтөлбөртөө оруулсан, үнэхээр зорьж зүтгэсэн л дээ. Газар чөлөөлөхөөс авахуулаад өөрсдийн зүгээс шалтгаалах бүх зүйлийг хийсээр өдий хүрсэн. Нийслэл, дүүргийн төсөвт санхүүг нь хүртэл тусгуулсан. Ингээд шавыг нь тавьсан ч дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас үндсэндээ улсын хэмжээний хамаг ажил нам зогссон. Арай гэж коронаг давтал Хэмнэлтийн хуультай тулгарч, энэ жилтэй золгосон. Энэ онд Монгол Улс түүхэндээ анх удаа төсвийн орлого давж биелсэн гэдэг үндэслэлээр улсынхаа төсөвт тодотгол хийлээ. Цаашид ажил явахад саадгүй болсон гэдгийг онцолъё. 

 

-Улаанбаатар хотын түгж­рэлийг бууруулж, иргэдийн бухимдлыг багасгахад Баянзүрх дүүргийнхэн идэвх, санаачилга гаргаж, чамгүй амжилт ч гаргасан. Гуравхан жилийн хугацаанд 60 жилд барьж байгуулсан замын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний зам тавьсан юм билээ. Энэ тухайд дэлгэрүүлнэ үү?

-Манай Баянзүрх дүүргийн 20, 33, 11, 23, 34, 35, Дарь-Эхийн 2, 21, 27 дугаар хорооны иргэдийн зүгээс нийтлэг зам, гэрэлтгүүлэг, камержуулалтын асуудлыг түлхүү тавьдаг байсан. Энэ тухайд бид гурван жилийн хугацаанд хүний нүдэнд харагдаж, гарт баригдах хэмжээний багагүй ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Баянзүрх дүүрэг анх “Найрамдлын район” байх үеэс хойш 60 гаруй жилийн хугацаанд улс, нийслэл, дүүргийн төсвийн мөнгөөр 220 орчим км авто замыг тавьсан байдаг юм. Тэгвэл Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай болж, Түр хороо амжилттай сайн ажиллаж, дүүрэг орон нутаг өөрийн мэдлийн хөрөнгөтэй болсноор өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид 60 жилд барьж байгуулсан замын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний авто замыг алслагдсан хорооддоо тавьчхаад байна. Суурьшлын бүс нэмэгдэж байгаа учраас бид замаас авахуулаад эрчим хүч, гэрэлтүүлэг гээд дэд бүтцийн бүхий л асуудлыг нь тухай бүр шийдээд явж байна. Сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, боловсролын хүрэлцээ, хүртээмжийг ч нэмэгдүүлсэн. Манай 28 дугаар хорооны 120 дугаар сургууль руу бүх талын төв замаас очиж болохоор авто замыг тавилаа. Мөн түүхэндээ анх удаа Улиастайн ганцхан гүүртэй байсныг хоёр болголоо. Ингэснээр манай дүүргийнхэн 97 метрийн урттай том гүүрээр зорчих боломжтой болсон. Баянзүрх дүүрэг хэвтээ замын таван тэнхлэгтэй байсныг зургаа болголоо. Зүүн талаасаа Улиастай, Гачуурт чиглэлээс орж ирсэн замыг хойгуураа Дарь-Эхтэй холбосон. Ингэснээр энэ чиглэлээс Улаанбаатар хот руу орох замыг сонголттой болгосон. Эдгээр ажлын цаад агуулга нь ерөөсөө л түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, эдийн засгийн хэмнэлт гаргах, стресс бухимдлыг багасгах үндсэн зорилготой. 

-Баянзүрх дүүрэгт өнгөрсөн жилүүдэд “Дэмжье” гээд бодлогын томоохон концепцыг хэрэгжүүллээ. Энэ хүрээнд та бүхэн хэчнээн төрлийн, ямар ажил арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бэ?

-УИХ-ын гишүүнээр ажиллахын зэрэгцээ МАН-ын хорооны даргын хувьд Баянзүрх дүүрэгтээ, өөрийнхөө сонгогдсон тойрогт тогтвортой хөгжлийг хангаж ажиллах бүтэн төлөвлөгөө, зураглал гарган хэрэгжүүлж байна. Хөгжлийн төлөө иргэдийн санал санаачилгыг “Дэмжье” гэдэг аяныг өрнүүлсэн. Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас бүх нийтээрээ хөл хорионд орсон цаг үе таарсан учраас бид хамгийн түрүүнд “Далайд дусал нэмэр” нэртэй аяныг зохион байгуулсан. Дүүргийн иргэн, аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчид, зах худалдааны төвийнхөн болон төрийн албаныхан ч маш идэвхтэй оролцсон. Багагүй хэмжээний хандив тусламж цуглуулснаар өрхийн орлого нь зогссон, амьжиргаагаа залгуулах боломжгүй болсон, зорилтот бүлгийн айл өрхүүдийг шаардлагатай хүнс, хувцас хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулж байлаа. Эндээс эхлээд л ерөөсөө дүүргийн хэмжээний бүх салбараа “Дэмжье” аяны хүрээнд дэмжиж ажилласан. Залуус руу чиглэсэн олон ажил хийсэн. 2021 оноос хойш Баянзүрх дүүргийн хэмжээнд 36 ширхэг 3х3 сагсан бөмбөгийн олон улсын чанар стандартын шаардлага хангасан талбайг барьж ашиглалтад орууллаа. Өнөөдр байнгын хэрэглээ болсон, хүүхэд залуучууд маань гамнаж, тордоод хэрэглэж байгааг харахад сэтгэл өндөр байгаа. УИХ-ын гишүүнээр сонгогдоод дүүрэг, орон нутгийн удирдлагуудтай хамтарч хийсэн томоохон ажлын нэг бол Улиастай, Хужирбулан, Гачууртын замын уулзвар дээр 300 га газрыг хууль журмынх нь дагуу батлуулж International garden of Mongolia буюу олон улсын цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эхлүүлээд, байна. Одоогоор ажил нь ид өрнөөд явж байна. 

-Та гадаад харилцааны болон эрх зүйч мэргэжилтэй төрийн түшээдийн нэг. Дүүргийн бүтээн байгуулалтад гаднын хөрөнгө оруулалтыг татаж оруулах талаар ямар санаачилга гаргаж ажиллав?

-Дүүрэг, нийслэлийн хөрөнгө оруулалтаас гадна олон улсын донор байгууллагууд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Монголд суугаа 32 улсын Элчин сайдын яамныхан гээд олон талын дэмжлэгтэйгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй адилхан, томоохон хэмжээний амралт зугаалгын цогцолбор байгуулахаар зорьж байгаа юм. Миний хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдахад анхны орлогч даргаар нь ажиллаж байлаа. Хүрз жоотуугаа бариад, модоо тарьж, услаад явж байсан хүний хувьд ийм цэцэрлэгт хүрээлэнтэй болохыг мөрөөдөж байсан. Мөн дээрээс нь Дарь-Эхийн 4-5 хорооны хогийн цэг байсан газрыг тохижуулж, уулын энгэрийн 42 га газарт “Дарь-Эх цогцолбор” барьж байгуулах ажлыг санаачилсан. Удахгүй манай дүүргийн төдийгүй нийслэлчүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар бэлэн болно. Хогоо булдаг байсан газрыг амралт зугаалын цогцолбор болгон хувиргана. Хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай зэрэг бүх төрлийн спортод зориулсан гүйлт, хурдны замтай иж бүрэн цогцолбор болгохоор төлөвлөсөн. Энэ ажлаа бид “Баянзүрх дүүргийн хөгжлийн алтан гурвалжин” гэж нэрлээд байгаа юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Олон улсын цэцэрлэгт хүрээлэн, “Дарь-Эх цогцолбор” гурав маань үндсэндээ гурвалжин хэлбэртэй. Тиймээс бид “Хөгжлийн алтан гурвалжин” гэж нэрлээд нийслэл хотынхоо түгжрэл, төвлөрлийг сааруулахад Баянзүрх дүүргийн зүгээс оруулах хувь нэмэр болог гэж төлөвлөсөн. Заавал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олноороо очиж, түгжрэл бөөгнөрөл үүсгэхгүйгээр иргэддээ сонголт бий болгох нь бидний бас нэг зорилго. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш эрүүл мэнд, боловсролын салбарт олон ажил хийж, хэрэг­жүүлсэн. Манай дүүрэг ахмадууд болон хүүхдийн эмнэлэгтэй болсон. Бүсийн хэмжээнд Дарь-Эхийн 50 ортой эмнэлгийг барьж, ашиглалтад орууллаа. Алслагдсан хороодод бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор шинээр барьсан. Сургууль, цэцэрлэг нь хүрэлцэхгүй байгаа орон сууцны хорооллуудад сургууль, цэцэрлэгийг өргөтгөх, шинээр худалдаж авах, түрээслэх зэргээр хүртээмжийг нэмэгдүүлж чадсан. 

 

УИХ-ын гишүүн болоод микрофоны өмнө попрохоос илүү урдах ажлаа л сайн хийе гэж бодсон

 

-Баянзүрхийнхэн дүүрэгт олон жил ажилласан, туршлагатай тө­лөөл­лөө УИХ-д дэмжиж илгээс­ний үр дүн хэрхэн гарсан бол. Энэ тухайд ямар санал, санаачилга гаргаж ажилласан бэ?

-УИХ-ын гишүүнээр сонгогдоод микрофоны өмнө попрохоос илүү бодит амьдрал дээр бүх боломжоо дайчлаад урдах ажлаа л сайн хийе гэж бодсон. Өнгөрсөн хугацаанд 15 хуулийн ажлын хэсэгт орж ажиллалаа. Зарим ажлын хэсгийг ахалсан. 2020 онд нийслэл Улаанбаатар хотыг УИХ-ын түвшинд яаж дэмжиж болох вэ гэж бодож эхэлсэн. Ингээд УИХ-ын болон Улаанбаатар хотын дарга, удирдлагууд, нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүдтэйгээ зөвлөлдсөнөөр Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороог санаачлан байгуулж билээ. УИХ-аас нийслэлийг эрх зүйн хувьд нь дэмжинэ гэсэн үг л дээ. Гишүүн бид өмнүүр нь ороод ажлыг нь хийхгүй, мөнгө гаргаад өгөх боломжгүй. Тиймээс Улаанбаатар хотоос УИХ-д сонгогдсон 24 гишүүнтэйгээ, нам харгалзахгүй хамтраад Түр хороог байгуулсан юм. Түр хороо хамгийн түрүүнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж чадсан. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа иргэн, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхний төлсөн гурван төрлийн татварын тодорхой хэсгийг дүүрэг нийслэлд үлдээдэг болсон. Ингэж орон нутгийн орлого өсөөд эхлэхээр иргэдийн зүгээс тавьж буй санал хүсэлтийг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийх боломж бололцоо бүрдсэн. Өмнө нь Монгол Улс төвлөрсөн орлогоо нийслэлдээ, нийслэл нь улсдаа тушаадаг байлаа шүү дээ. Манай Баянзүрх дүүрэг 500 мянган хүн амтай. Монгол Улсын нийт хүн амын долооны нэг нь манай дүүрэгт амьдарч байна. Гэтэл татвар төлөгч аж ахуйн нэгж, компаниудын зүгээс төлсөн татвар бусад аймаг орон нутаг руу явчихаж байна гэсэн үг шүү дээ. Ийм хөгжлийн, эдийн засгийн, төсвийн тэгш бус хуваарилалт одоо өөрчлөгдсөн. Би УИХ дахь Австри, Монголын парламентын бүлгэмийн даргаар ажилладаг. Манай хоёр улсын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны гэрээ гэж бий. Үүний дагуу Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэтийн нийтийн эзэмшлийн гэрэл, гэрэлтүүлгийн ажлыг Австрийн Засгийн газрын тусламжтайгаар сүүлийн хэдэн жил хийж хэрэгжүүлж байна. УИХ-ын гишүүнээр сонгогдоод олон түмнийхээ итгэлийг хүлээн ажиллахад нэг зүйл маш сайхан санагддаг. Том, жижиг ямар ч ажил хийсэн иргэд сонгогчид төдийгүй намын гишүүдийн дэмжлэг их урам өгдөг. Эмээ өвөө, ах эгч нараас заримдаа урмын үгтэй сайхан захиа ч хүлээн авна. Иргэд, сонгогчдын халуун дулаан чин сэтгэлийн дэмийг маш их мэдэрч ажилладаг даа. 

-МАН Баянзүрх дүүрэгт сүүлийн дөрвөн жил бүх шатанд засаглалаа. Нэг намд ингэж итгэл хүлээлгэж, багаар нь дэмжиж ажиллуулсны ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ. Үр дүн нь эргээд иргэдийн амьдралд мэдрэгдэж байх ёстой учраас сонгогчдын боловсролд зориулан хариулж өгөхийг хүсье?

-Баянзүрх дүүрэгт МАН-аас УИХ-д таван нэр дэвшигч өрсөлдөж, багаараа ялалт байгуулсан. Тэд хууль, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, олон улсын харилцаа, ногоон байгууламж, амьдрах орчны гээд таван өөр салбарын, өөр мэргэжлийн хүмүүс. Миний хувьд дүүрэг, орон нутгийнхаа уялдаа холбоог хангах, УИХ-ын гишүүдээ мэдээллээр хангах гүүр болж ажиллаж ирлээ. Нийслэл, дүүрэгт нийтлэг тулгамдаад буй гол асуудлын талаар хотынхонтойгоо хамтарч цөөнгүй ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Дөрвөн жилийн дотор мэдээж дүүргийн бүх иргэний сэтгэл ханамжид тааруулах боломжгүй ч бид бүх талаар хичээж ажилласан. Манайх 21 аймаг, есөн дүүргээс хамгийн түрүүнд анх удаа Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлого, нийслэл хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн бодлогод тулгуурлан Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг болох “Хөгжлийн зураглал 2030”-ыг боловсруулан гаргасан. 2030 онд Баянзүрх дүүрэг ямар хэмжээнд очсон байх вэ. Нийгэм эдийн засаг, улс төрийн төдийгүй, амьдрах орчин, ногоон байгууламжаа ямар хэмжээнд хүргэсэн байх вэ гэдгийг тодорхойлсон. Үүний дагуу шат шатандаа ажиллаад явж байна. Иргэд, тэр дундаа намын гишүүд дэмжигчдийн зүгээс ч “Засаглалын хэлбэр бол хөгжлийн хэлбэр юм” гэдгийг мэддэг, ярьдаг болсон байна. Ерөөсөө тогтвортой засаглал бол хөгжлийн тулгуур юм. Үүнийг ч иргэд ойлгодог болсон. Өнгөрсөн жилүүдэд манай дүүргээс УИХ-д олон намын төлөөлөл, мөн бие даагч нэр дэвшин сонгогдож байлаа. Ийм байдалтай бид найман жил явсан. Улс төрийн сонголт ийм алаг цоог байсан учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн уулзалт дээрээ хог шороо, гэрэлтүүлэг, нохой муурын асуудал яриад сууж байсан юм шүү дээ. Манай иргэд үүнийг өөрсдөө эргээд маш сайн ойлгож ухаарсан байна билээ. Дүүрэг, нийслэл, улсын хөгжлийн нэг гол үндэс нь тогтвортой засаглал гэдгийг аль аль талдаа ойлгож, ухамсарласан нь энэ дөрвөн жилийн маш том ололт. 

-Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллахдаа таны хийж, хэрэгжүүлсэн нэг онцлог ажил бол яалт ч үгүй намын хорооны шинэ байр. Энэ ажлыг хэзээнээс, хэрхэн эхлүүлэв?

-Намын байрыг ярихын өмнө уншигчдадаа, тэр дундаа намын гишүүд дэмжигчдэдээ нэг түүх ярья гэж бодлоо. Манай Баянзүрх дүүрэг анх 1965 оны дөрөвдүгээр сарын 17-нд “Найрамдлын район” нэртэйгээр байгуулагдаж байлаа. Тухайн үеийн Улаанбаатар хотын дөрвөн том районы нэг л дээ. Манай дүүрэгт 1965-1992 он хүртэл тухайн үеийн МАХН-ын даргаар дөрвөн эрхэм ажилласан байдаг. 1992-2016 он хүртэл есөн хүн намын хорооны даргаар ажиллаад би арав дахь нь болсон юм. Хамгийн анхны дарга П.Санжид 11 жил Баянзүрх дүүргийн намын хорооны даргаар ажилласан байдаг. Миний хувьд 60 жилийн хугацаанд хамгийн олон жил ажилласан хоёр дахь дарга болж, найм дахь жилдээ ажиллаж байна. 

Анх 2001 онд нийслэлийн МАН-ын хооронд даргын шийдвэрээр “Дүүргийн намын хороод өөрийн гэсэн байртай болох” чиглэл гарч, 2002 онд одоогийн энэ байршилд 600 орчим мкв газрыг манай дүүргийн намын хороонд олгосон. Тухайн үеийн намын хорооны дарга, гишүүд, дэмжигчдийн оролцоотойгоор хоёр давхар модон карказан байрыг аж ахуйн аргаар барьсан юм билээ. Түүнээс хойш 2010-аад онд мэргэжлийн хяналтын газраас “Ашиглаж болохгүй” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө зэрэг олон шалтгааны улмаас миний үед ирсэн. Ингээд 2020 онд намын хорооны Тэргүүлэгчдийн хурал энэ асуудлыг хэлэлцэж, шинэ байр барих ажлыг эхлүүлсэн. Байрны ажил эхлэхтэй зэрэгцээд цар тахал дэгдсэн. Цаг үеийн нөхцөл байдал хүнд байсан учраас жаахан санаа зовниж байсан ч хамтарч ажилласан залуучууд маань шуурхай ажилласны хүчинд 2023 оны долдугаар сард хоёр давхар, орчин үеийн шинэ байраа ашиглалтад хүлээн авсан. Түүнээс хойш нэмэлт засвар үйлчилгээ хийсээр одоо л жигдэрч байна. Ингээд бид хуучин байраа хоёр дахин томсгож, 1000 гаруй мкв үл хөдлөх хөрөнгөтэй болсон. Намын дүрэм журмын дагуу удахгүй төв намдаа бүртгүүлэн хүлээлгэж өгнө. 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24598/


0
angry
0
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр