Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгтэй



Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг спорт гээд салбар салбартаа шинийг эрэлхийлэн манлайлж яваа эрхмүүдийг бид “Дугаарын зочин” буландаа урьж оролцуулдаг уламжлалтай. Энэ дугаарын зочноор “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Таныг урилаа. АНУ-ын зөвлөх үйлчилгээний “Маккинзи” компанид ажиллаж байсан тэрбээр Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажлаа аваад удаагүй байгаа юм. 

-Хоёр сарын өмнө та чухал шийдвэр гаргаж мянга мянган социал демократ залуучуу­дыг эгнээндээ нэгтгэсэн байгууллагын дэд ерөнхий­лөгчөөр сонгогдон ажил­лахаар болсон. Карьерынхаа ийм нэгэн чухал алхмыг хийхэд танд нөлөөл­сөн зүйл нь юу байв?

-Би Социал демократ Мон­голын залуучуудын холбоо буюу SDY-ийн гишүүн болох шийдвэрийг гаргах болсон нь хоёр шалтгаантай. Нэг­дүгээрт, энэ холбооны ги­шүүн болсноор улс төр дэх залуучуудын оролцоог нэмэг­дүүлэх боломжтой юм байна гэж харсан. Хоёрдугаарт, за­луу­чуудын энэ байгууллагыг нэгтгэж байгаа социал демок­рат үзэл баримтлал нь миний өөрийн улс төрийн үзэл бодолтой нийцдэг. 

Энэ байгууллагаараа дам­жуулаад залууст социал демократ үзэл бодлын талаарх ойлголтыг илүү сайн өгч, тэднийг улс төр болон төрийн бодлогод илүү идэвхтэй оролцож дуу хоолойгоо хүргэхэд хамгийн тохиромжтой залуусын нэгдэл гэж бодсон.

-Социал демократ Монголын залуучуудын холбоо бол ид хийж, бүтээж яваа залуусын нэгдэл гэдгийг таны ярианаас ойлголоо. Энэ хамт олны нэг болоод удаагүй ч багагүй мэдээлэл авсан гэж бодож байна. Цаашид залуучуудтайгаа хамтран ажиллахад ямархуу байхаар санагдаж байна вэ?

-Нэгдээд удаагүй байгаа ч гар нийлэхээр санагдаж байна.  SDY нь зөвхөн Монгол Ардын Намын дэргэдэх байгууллага гэхээсээ илүү Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, урлаг соёл, спорт зэрэг бүхий л салбарт ид ажиллаж, хөдөлмөрлөж яваа залуучуудын нэгдэл. Хамгийн гол нь гишүүдээ нэгтгэдэг үзэл бодол, үнэт зүйлтэй байгууллага учраас үе үеийн залууст хүссэн нийгмээ бүтээхэд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулах боломжийг олгож чадна гэж харж байна.

Ер нь аль нэг намын харьяалалтай байна уу гэдгээс үл харгалзан монгол залуучууд эх орноо хөгжүүлж, сайхан нийгэмд амьдрах нэг л зорилготой. Бидэнд дэлхийн бусад улс оронтой хөл нийлүүлэн алхах нөөц бололцоо байна. Мэдээж ийм үр дүнд хүрэх амаргүй ч зогсолтгүйгээр урагшилбал бид хүссэн хөгжилдөө хүрэх боломжтой. Манай улсын хүн амын 60 гаруй хувь нь 35 наснаас доош залуус байдаг. Тиймээс энэ улсыг хөгжүүлэхэд залуучуудын идэвх, оролцоо хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ гэж боддог.

-Таныг зүүн төвийн социал демократ үзэл баримтлалтай МАН-ыг сонгоход шүүмжилж байсан хүн олон бий. Гэхдээ би таны энэ сонголтыг Монголд ирэхээсээ өмнө гаргачихсан байсан юм байна гэж бодсон. Би зөв таамагласан байна уу?

-Аливаа хүний улс төрийн үзэл бодол насан туршид нь бий болдог зүйл. Түүнээс биш агшин зуурын сэтгэл хөдлөлөөс шалтгаалдаггүй. Би олон улсад сурч, ажиллаж амьдарсан. Улс орон бүрийн улс төрийн орчин өөр, тэдгээрийг  харьцуулснаар миний хувьд социал демократ үзэл баримтлал Монгол Улсад хамгийн нийцэх үзэл баримтлал гэж боддог болсон. Социал демократ үзэл баримтлал нЬ зүүн төвийн үзэл бодол бөгөөд би хувьдаа  “Хүнлэг капитализм” гэж тодорхойлдог. Капитализм мөн үү гэвэл 100 хувь мөн. Чөлөөт зах зээлийг эрхэмлэдэг үү гэвэл тийм. Гэхдээ төр тодорхой түвшинд хяналттай байж иргэдийнхээ суурь хэрэгцээнд хөрөнгө оруулалт хийснээр улсын хөгжил цөөн хэдэн хүмүүс биш нийт иргэддээ хүртээмжтэй байна.

-Юу таныг ийм дүгнэлт хийхэд хүргэсэн юм бэ?

-Би сүүлийн хэдэн жил АНУ-ын зөвлөх үйлчилгээний компанид ажилласан. Тэндээс юуг ажигласан бэ гэхээр ямар ч хяналтгүй капитализм нь зөвхөн бялууг том болгоход төвлөрөхөөс биш нийгэмд хүртээмжтэй хуваах өөрийн гэсэн механизмгүй. Жишээ нь, уул уурхайн салбарыг аваад үзье. Уул уурхайн компаниуд ямар ч хяналтгүйгээр хамгийн их ашиг олох л зорилготой ажиллахаас биш байгаль орчин хамгаалал, ажилчдын эрх, үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн хөгжил гэх мэт олон асуудал тэр чигтээ хаягдана. Өөрөөр хэлбэл, төр тодорхой хэмжээнд хяналттай, оролцоотой байж л нийгмийн олон бүлгийн эрх ашиг хамгаалагдана гэсэн үг юм.

АНУ-ын Сан-Франциско хотод очиж үзвэл их сонин дүр зураг угтана. Тэнд технологийн томоохон компаниудын шилэн барилгууд сүндэрлэж, тэдгээр оффист хамгийн ухаантай гэгдэх, хамгийн өндөр цалин хөлсөөр үнэлэгдэх боловсон хүчнүүд төвлөрдөг. Гэтэл яг гадаа,  гудамжид нь орон гэргүй хүмүүсээр дүүрэн, хараад “Хотын соёл, хөгжил хаана байна” гэж өөрийн эрхгүй асуумаар санагдана. Улаанбаатар хотыг бодсон ч утаа, түгжрэл гэх асуудлуудыг шийдэхгүйгээр хэчнээн тансаг байшинд амьдарч, гоё машин унахын үнэ цэн юу билээ гэж өөрийн эрхгүй бодогдоно.

 

Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байдлаар олгож, дэд бүтцийг хөгжүүлэн ая тухтай амьдрах орчныг хангах нь чухал

 

-Социал демократ үзэл баримтлал яагаад чухал вэ гэдгийг л та үзэж харсандаа тулгуурлан тайлбарлаад байна уу?

-Тийм ээ. Нийгмийн бодлогоор өөрчлөн дэвшихийг дэмжих, хүмүүст тулгарсан хүндрэл бэрхшээлийг аль болох хөнгөвчлөх, амьдралын чанарыг дээшлүүлэх, хүний суурь хэрэгцээг хангаж, хөгжих боломжийг бүрдүүлэх гээд социал демократ үзэл баримтлалын талаар үргэлжлүүлэн ярьж болно. Суурь ойлголт нь хүндээ хөрөнгө оруулалт хийж чаддаг нийгэм л хөгжинө. Нэн ялангуяа эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байдлаар олгож, дэд бүтцийг хөгжүүлж, ая тухтай амьдрах орчныг хангах нь чухал. Үүний үндсэн дээр ардчилсан нийгмийн гол үнэт зүйл болох эрх чөлөөтэй амьдрах суурь тавигдана. Эрүүл бус хүн яаж эрх чөлөөтэй амьдрах юм бэ? Суурь боловсрол эзэмшээгүй бол өөрийн гэсэн үзэл бодолтой байж эрхээ хэрхэн хамгаалах вэ? Гол дэд бүтцүүддээ хөрөнгө оруулалт хийгээгүй орчинд хүмүүс яаж аюулгүй амьдрах юм бэ?

Харин иргэд эрүүл, аюулгүй орчинд, ирээдүй болсон хүүхэд залуус боловсрол мэдлэгтэй болж өсөж торнивол чөлөөтэй сэтгэж, өндөр үр бүтээмжтэй ажиллаж чадна. Улмаар ихийг хийж бүтээх өндөр хөгжилтэй нийгмийг бий болгож чадах юм. Нэг жишээ дурдахад, эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо маш чухал. Гэтэл эмэгтэйчүүд өөрийн ажлаас гадна давхар ээжийн үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс ээжүүдийг дэмжиж, эрхийг нь хамгаалах маш чухал юм. Учир нь тэд бусадтай адилхан хөгжиж, ажиллахад нийгмийн болон эдийн засгийн бодлого, төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Би АНУ-д ажиллаж байхдаа ээж болсон. Миний ажиллаж байсан компани хамгамж сайтай учраас ажлын байрыг хадгалж, тодорхой хугацаанд цалинтай амралт олгож байсан. Тэгвэл АНУ-д  ээжүүдийг хамгаалсан хууль тогтоомж байхгүй. Нэг бол мужийн түвшинд эсвэл тус байгууллагын хүрээнд шийдвэрлэдэг. Нийтлэг тогтсон жишиг нь таван долоо хоногийн цалингүй амралт л олгодог. Тиймээс ээжүүд нэг бол ажлаасаа гарах эсвэл төрөөд удалгүй хүүхдээ орхиод ажилдаа орох хүнд шийдвэрийг гаргах шаардлагатай болдог юм. Энэ мэт зүйлийг хувь хүний асуудал мэтээр тодорхойлж болох ч бодлогоор шийдэж чадвал нийгэм болон эдийн засгийн хөгжилд маш том хөрөнгө оруулалт болох юм. 

-Уул уурхайгаас хамааралтай манайх шиг улсад таны хэлсэн шиг жишгийг бий болгох амаргүй шүү дээ?

-Би саяхан ажлаар Швед улс руу яваад ирлээ. Тэнд хүндээ ээлтэй, тав тухтай орчныг бүрдүүлж чадсан байна. Скандинавын орнуудыг социал демократ үзэл баримтлалын төгс илэрхийлэл гэж ярьдаг. Очиж үзэхэд үнэхээр тийм санагдсан. Стокхольм хоттой танилцахдаа эдийн засгаа хэрхэн хөгжүүлсэн талаар нь сонирхон асуухад хөтөч хийж байсан хүн “Манайх уул уурхайд түшиглэн хөгжсөн” хэмээн хариулж байсан юм. Тэглээ гээд шведүүд өнөөдөр уул уурхайн талаар яриад байдаггүй. Харин уул уурхай дагасан технологийн компаниудаа хөгжүүлж чадсан. Өнөөдөр бол “Ikea”, “Volvo”, “Spotify” гэх мэт олон дэвшилтэт компаниудаараа танигдаж байна. Уул уурхайдаа түшиглэн тийм гоё нийгмийг бүтээсэн байгааг хараад “Бид ч гэсэн улсаа яагаад ингэж хөгжүүлж болохгүй гэж” гэсэн итгэл төрсөн.

 

Дэвшилтэт бодлого, зорилго байгаад ч түүнийг ул суурьтай хэрэгжүүлэх соёл үгүй бол хөгжил удааширна

 

-Хөгжил дэвшлийн талаар бид хангалттай их ярьдаг ч үр дүн багатай явсаар ирсэн. Та гадаадад олон жил ажиллаж, амьдарсан. Монголд ирээд хамгийн түрүүнд таны анхаарлыг татсан зүйл юу байв?

-Хэдийгээр би гадаадад боловсрол эзэмшсэн ч Монголд ирэн очин байсан. Сүүлд албан тушаалд томилогдож ирээд юу мэдрэгдсэн бэ гэхээр бидэнд тулгамдаад байгаа асуудал нь удаан тогтсон соёл юм шиг санагдсан. Бид бодлого боловсруулахгүй, шинэ бүтэц нэвтрүүлэхгүйдээ асуудал байгаа юм биш. Гаднаас технологи  оруулж ирэхгүйдээ асуудал тулгамдаад байгаа ч биш. Ерөөсөө л удаан хугацаанд тогтсон бугшмал зүйлс асуудал болоод байгааг ажигласан. Дэвшилтэт бодлого, зорилго байгаад ч түүнийг ул суурьтай хэрэгжүүлэх соёл нь байхгүй бол хөгжил удаан л байна.

-Та соёл гэж ярьж байна. Таны ярианаас соёл гэж тогтолцоог хэлээд байна уу гэж ойлголоо?

-Нэршил нь юу ч байж болно. Гэхдээ бүх зүйл үүнтэй холбоотой. Тогтолцоо өөрчлөгддөггүй нь хүмүүсийн суурь хандлагатай холбоотой. Бид аливаад ул суурьтай ханддаг, хэлбэрт биш агуулгад ач холбогдол өгдөг, урт хугацаанд төлөвлөж тууштай хэрэгжүүлдэг, хоорондоо хамтарч ажилладаг, иргэний нийгэмд илүү идэвхтэй оролцдог байх гэх мэт хандлагыг бий болгож чадвал илүү хурдтай хөгжинө.


Ж.Тана: Хүндээ хөрөнгө оруулалт хийж чаддаг нийгэм л хөгжинө


 -Улс орны хамгийн үнэтэй капитал бол иргэд нь байдаг. Тэднийг энэ цагтайгаа хөл нийлүүлэн алхахад нь хэрхэн дэмжих шаардлагатай гэж та бодож байна?

-Улсын хөгжил хүний хөгжлөөс эхэлнэ. Хүссэнээрээ мөрөөдөж, мөрөөдөлдөө хүрч чадна гэсэн итгэлтэй амьдардаг тийм л нийгмийг бүтээж байж эдийн засаг, нийгэм хөгжинө.

Түүний тулд хамгийн түрүүнд боловсрол, эрүүл мэнд, нийтийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт сайн хийх хэрэгтэй. Үүнийг биелүүлэхэд Үндэсний баялгийн сангийн хуулиа баталж, хэрэгжүүлж эхэлж байгаа нь маш чухал алхам болж байгаа.

Харин бодит байдал дээр энэ хөрөнгө оруулалтыг хийхэд хөрөнгө мөнгө шаардлагатай. Мөнгөтэй болохын тулд бизнесийн орчноо тэлэх хэрэгтэй. Нэн түрүүнд уул уурхай, байгалийн баялгийн нөөцөө хөгжүүлэх шаардлагатай байна. Гадаад хөрөнгө оруулалтын орчноо илүү ойлгомжтой, тогтвортой болгох хэрэгтэй. Өнөөдөр нэг биш арван Оюу Толгой шиг том төсөл байвал тэр хэмжээгээр манай эдийн засаг тэлнэ шүү дээ. Энэ нь хэн нэгэн хүнийг хүлээх бус бодлогоор хийх ёстой ажил юм.

-Та сошиалд идэвхтэй байдаг. Үүнийг дагаад гадаадын нэр хүндтэй сургуулиудад сурах хүсэл эрмэлзэлтэй залуус танд хандаж зөвлөгөө авдаг юм билээ?

-Би залуустай аль болох нээлттэй харилцахыг хичээ­дэг. “Гадаадын томоохон сургуулиудад хэрхэн элсэх вэ, боломжтой бол миний эсээг хараад өгөөч” гэдэг юм уу надад ханддаг залуучууд бий. Чадлаараа хариулж, зөвлөх, туслахыг хичээдэг ч сууриараа боломжийг илүү олгодог боловсролын системтэй болох хэрэгтэй гэж санагддаг. Зарим зөвлөгөө авахыг хүсэж байгаа залуус яг тавьсан зорилгоо биелүүлэхэд насны хувьд оройтсон байдаг. Жишээ нь, ерөнхий боловсролын сургуулийн арваннэгдүгээр ангидаа гадаадад бакалав­раараа сурах талаар мэдээлэлтэй танилцаж өөртөө зорилго тавилаа гэж бодъё. Энэ тохиолдолд очихыг хүсэж байгаа улсынхаа хэлийг огт сурч байгаагүй бол маш хэцүү. Залуусыг би хүссэн сургуульдаа сурч, зорьсон зорилгодоо хүрээсэй гэж боддог. Тэгэхийн тулд тэд багаасаа мэдээлэлтэй ойрхон байх хэрэгтэй. Харин тэдэнд тэр нөхцөлийг нь, дэл­хийн залуустай өрсөлдөхүйц   боловсролтой болох боломжийг олгох нь чухал юм.

 

Хот, хөдөө, хувийн сургуулиудын хооронд том ялгаа гарахааргүй чанартай системийг бий болгох хэрэгтэй

 

-Та Харвард, Оксфордод тэтгэлгээр сурч өнөөдрөө бүтээсэн. Дараагийн Харвард төгсөгчийг бэлтгэхийн тулд бэлтгэлээ хаанаас эхлүүлэх шаардлагатай гэж та бодож байна вэ?

-Өнөөдрийн байдлаар нэг бол хувийн сургуульд багаасаа гадаад хэл сурч, хэрэгтэй мэдээлэлтэйгээ ойрхон байж чадсан хүүхдүүд эсвэл хувь хүний ер бусын мэрийлт, хичээл зүтгэл гаргасан хүүхдүүд хүссэн сургуульдаа тэнцэж, тэтгэлэг авч, сурч чадаж байна. Гэхдээ энэ хүүхдүүд  чадварлаг, боломж нь байвал бас тэнцэх хүүхдийн цөөн хувь нь гэж бодож байна. Улам олон хүүхдэд мөрөөдлийн үүдийг нь нээсэн боловсролыг олгохын тулд бид хот, хөдөө, хувийн сургуулиудын хооронд том ялгаа гарахааргүй чанартай системийг бий болгох хэрэгтэй. Сургууль болгонд бага ангиас нь гадаад хэлийг чанартай заадаг болох шаардлагатай. Сургууль болгонд орчин үеийн технологийн ойлголтыг өгдөг байх хэрэгтэй. Сургууль болгонд хувь хүний хөгжил, хүмүүжлийн чухал боловсролыг олгодог байх нь чухал.

-Та зөвлөх үйлчилгээний компанид олон салбарт хөрвөж ажилласан турш­лагатай. Гэхдээ тэдгээрээс таны сонирхдог нь аль салбар бэ?

-Байгууллагын бүтэц, үйл ажиллагааг сайжруулах чиглэлд ажиллах сонирхолтой. Энэ нь аль нэг салбарт харьяалагдахгүйгээр хаана ч ажиллаж болдгоороо онцлогтой юм. Төрийн гэлтгүй хувийн хэвшилд ч сайжруулах зүйл байдаг. Тэгэхээр аль нэг салбарт баригдах гэхээсээ илүү байгууллагын үйл ажиллагааг сайжруулах нь миний сайн чадах ажил гэж боддог.


Бүсчилсэн хөгжлийг эдийн засгийн шинэ чиглэл, хүнээ хөгжүүлэх боломж гэж харах нь чухал

 

-Энэ эрчээрээ та одоо яригдаж байгаа бүсийн хөг­жилд залуучуудаа манлайлан оролц­вол олон зүйлийг шинэчилж чадах байх?

-Бүсчилсэн хөгжлийн суурь философи нь надад оновчтой санагддаг. Илүү хөгжилтэй, хүртээмжтэй нийгмийг бий болгоё гэвэл бүсчилсэн хөгжлийг хийхээс өөр аргагүй. Манай ихэнх эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Уул уурхайн компаниудын толгой компаниуд нь хүртэл Улаанбаатарт төвлөрч байна. Ингэж бүгд нэг газар төвлөрөхөөр хайрцаглагдаад байдаг сул талтай. Манай улс нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ тэр нь зөвхөн цаасан дээр л байгаад байна. Бид эдийн засгийг хэдхэн зүйлээр төсөөлж хараад байдаг. Гэтэл аялал жуулчлал, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч гээд хөгжүүлж болох олон салбар байна. Бүсчилсэн хөгжлийн бодлого дор олон төрлийн нөөцийг зөв голдиролд нь чиглүүлж чадвал хөгжүүлэх боломж бидэнд олон бий.

Нөгөө талдаа илүү хүртээмж­тэй хөгжлийг бас бий болгож байгаа. Бүс нутгийн эдийн засгийн хөгжилтэй зэрэгцэн амьдрах орчин хөгжинө. Хөдөө орон нутгийн иргэд заавал хотод ирж илүү сайн үйлчилгээ авах бус оршин суугаа газар орондоо сэтгэл хангалуун ажиллаж амьдрах боломж байгаа юм.

Хүмүүс Бүсчилсэн хөгжил гэхээр сонгуулийн шоу мэтээр хүлээн авч байна. Гэтэл энэ нь улсын хөгжилтэй холбоотой урт хугацааны бодлого. Үүнийг бид эдийн засгийн хөгжлийн шинэ чиглэл, хүнээ хөгжүүлэх боломж гэж харах хэрэгтэй юм.

-Ямар нэгэн зүйлийг тогтсон байдлаар нь байлгаад л байвал өөрчлөгдөхгүй. Түүнийг өөрчлөхийн тулд шинэ алхам хийх хэрэгтэй?

-Санал нэг байна. Үүний тулд хүмүүс илүү мэдээлэлтэй, гярхай, боловсролтой байх хэрэгтэй. Өөрчлөхийн төлөө явдаг соёл, тогтолцоог бий болгоосой гэж хүсдэг.

-Гаднын улс оронд боловсрол эзэмшсэн залуус Монголынхоо орчин нөхцөлийг ойлгодоггүй, хэт агаарын юм бодож хийдэг гэж шүүмжилдэг. Та гадаадад олон жил сурсан. Энэ асуултад юу гэж хариулах вэ?

-Бид шинэчлэлийг хүсэж байвал шинэчлэлийг хийх хэрэгтэй. Өөрчилмөөр байгаа бол өөрөөр л хийх шаардлагатай. Үүний тулд нөхцөл байдлаа ойлгох хэрэгтэй. Бидний орчин нөхцөл адилхан ч шийдэл нь өөр байж болно. Ингэж өөр зүйлийг нэвтрүүлэхгүй бол бид өөр үр дүн хүсээд ч нэмэргүй. Шинэчилмээр байгаа бол туршаад үз.  Тиймээс залуучуудын нийгэм, улс төр дэх оролцоо илүү их хэрэгтэй. Залуучууд юу хүсээд байна гэдгээ ярьдаг, шаарддаг, төрийн бодлогод уялдуулж чаддаг байвал энэ тогтолцоог өөрчилнө. Тэгж чадахгүй, яах нь мэдэгдэхгүй хүлээсээр байвал бид цаг хугацаа алдана.

-Таны үнэт зүйлсийн нэг нь Монгол Улс байсан учраас Монгол Улсын Засгийн газраас санал тавихад татгалзалгүйгээр эх орондоо ирж ажилласан гэж боддог. Одоо ч хийсэн, одоо хийж байгаа ажлынхаа талаар бусдад дөвийлгөн ярил­гүйгээр чимээгүйхэн хөдөлмөрлөж байна. Магадгүй энэ нь таны ажлын онцлог байх?

-Хөгжил шинэчлэлийг хэн нэгэн ганцаараа хийж чадахгүй. Бүх хүний оролцоотойгоор шинэчлэл бий болно. Харин миний хувьд тэр шинэчлэлийг хийх залуучуудын нэг төлөөлөл болохыг хүсдэг төдий. Би л нэг шийдэлтэй хүн гэж харагдахыг хүсдэггүй. Нийгмийн бүх сигментийн дуу хоолойг хэрхэн хүргэх вэ гэдэг л миний хувьд хамгийн чухал асуудал юм.

-Ярилцсанд баярлалаа. 

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24598/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр