Олимпын наадам бол хүн төрөлхтний эв санааны бэлгэ тэмдэг, нэгдэл нягтралыг илэрхийлсэн баяр цэнгэл гэж бид ярьцгаадаг. Харин зуны 33 дахь удаагийн Парисын олимп монголчуудын дунд хэрүүлийн гал асааж, нэг хэсэг нь тамирчдаа, нөгөө хэсэг нь спортын мэргэжлийн байгууллагуудыг шүүмжлэн талцаж хэрэлдэхэд хүргэв. Монголоос 32 тамирчин оролцож нэг мөнгөн медальтай ирлээ. Хамгийн гол нь хагас шигшээ, шигшээ тоглолтод оролцсон тамирчид шийдвэрлэх мөчид ялагдал хүлээж, медалийн үзүүрээс атгаад алдсан нь монголчуудын хор шарыг гозойлгож, харамсал бухимдал дагуулсан хэрэг. Цахим орчинд олимптой холбоотой мэдээлэл, хэрүүл шуугиан өрнөж байгаа бол Төрийн ордонд нэгдэл нягтрал яригдаж байна. УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг баталгаажуулан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улс 1990 оноос хойш “Эвслийн”, “Шийдлийн” гэх мэт тодотголтой олон хамтарсан Засгийн газар байгуулж байсан ч эцэст нь эвдэрч бутарч, задарч байсан гашуун түүхтэй. Энэ алдааг давтахгүйн тулд гурван намын дарга гэрээгээ маш сайн ярилцаж, тохирсон сурагтай. Хамтарч Засгийн газар байгуулах намууд гэрээ хэлэлцээрээ баталсны дараа УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, улс төрийн томоохон шийдвэрүүд гарч эхэллээ.
Ээлжит бус чуулган зарлаад байгаа УИХ дотор бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт хийж, намын бүлгүүд завгүй байна. Тухайлбал, УИХ-д 42 суудал авсан АН-ынхан өнгөрөгч долоо хоногт бүлгийн хурлаа хийж, дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Х.Тэмүүжин нарыг томилжээ. Үүнээс гадна УИХ-ын зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.
Засгийн газрын ээлжит хуралдаанд Орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцуулсан байна. Бага орлоготой айл өрх, залуу гэр бүл, төрөөс зайлшгүй халамж шаардлагатай айл өрхийг орон сууцаар хангах, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нам давхрын цөөн айлын үнэ, ашиглалтын зардал бага орон сууцны төрлийг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр уг бодлогын баримт бичигт тусжээ. Сонирхуулахад, Монгол Улс 2010 онд 192.236 айлын орон сууцны сантай байсан бол 2023 оны эцэст энэ тоо 411.101 болж нэмэгдсэн бөгөөд нийт айл өрхийн 41 хувь нь орон сууцад амьдардаг юм байна. Энэ онд нэмэлтээр 37.3 мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил шинээр эхэлжээ. Гэвч 37.3 мянган айлын орон сууцны 81.5 хувь буюу 30.4 мянга нь Улаанбаатар хотод төлөвлөгдсөн байна. Тиймээс хөдөө орон нутагт үнэ хямд байр сууц барихад Засгийн газар анхаарлаа хандуулж, Орон сууцны ашиглалтын тухай, Үндэсний орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслүүдийг боловсруулан, УИХ-д өргөн барих, Үндэсний орон сууцны хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх, орон нутаг дахь орон сууцжуулах төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Мөн энэ хуралдааны үеэр Боловсролын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлан, тогтоол гаргалаа.
Орон нутгийн сонгууль хаяанд тулж, улс төрийн намууд үйл ажиллагаагаа идэвхжүүлээд байна. Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлжээ. Ингэснээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн 45 мандатын төлөө 700 гаруй хүн өрсөлдөх нь тодорхой болоод байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 онд нийслэлийн есөн дүүрэг нийт 923.389 сонгогчтой байсан бол 2024 онд урьдчилсан байдлаар 1.092.020 сонгогч саналаа өгөх юм байна.
Хаа сайгүй хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхэлж, хөөрхий Улаанбаатарчууд зам дээрээ нам түгжирч эхлэв. Тиймээс 126 чиглэлд 110 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулах шийдвэр гарсан байна. Гэвч нэг чиглэлд нэг бүү хэл 100 автобус нэмээд ч нийтийн тээврийн хүрэлцээг бүрэн хангах боломжгүй гэнэ. Хөдөө орон нутгаас жил бүр 20 гаруй мянган оюутан хувийн машинтайгаа ирдэг. Үүнийг зогсоож, нийслэлийн түгжрэлийг сааруулахын тулд орон нутгийн дугаартай автомашин 48 цагаас илүү хугацаанд нийслэлд байхаар бол хоног тутамд 5 000 төгрөгийн хураамж авна гэсэн мэдээлэл цахим орчинд дэгдэж, олон хүнийг бухимдуулаад авлаа.
Боловсролын шинэ сайд 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг баталснаа танилцууллаа. Энэ хичээлийн жил сурагчид гурван улирлаар хичээллэх бөгөөд ахлах ангийнхан бие даалтын, цахим хичээлийн тусгай цагтай байх юм байна. Засгийн газраас сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар багагүй ажил хийж, сургуулийн байр түрээсэлж байгаа ч энэ жил нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсээд байгааг салбарын яамныхан ярьж байна. Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр 2024-2025 оны хичээлийн жилд нэг болон 3-11 дүгээр ангийн 115 нэр, төрлийн 1.8 сая ширхэг сурах бичгийг хэвлүүлжээ. Уг сурах бичгүүдийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрд зургадугаар сарын 10-28-ны хооронд хүргүүлсэн байна. Тиймээс сурах бичгийн хүрэлцээ харьцангуй сайн байгаа гэнэ.
Өнгөрөгч долоо хоногийн хамгийн таагүй мэдээ ОХУ-аас сонсогдож эхэллээ. ОХУ-ын Засгийн газар түлш шатахууны экспортын хоригоо дахин сэргээх шийдвэр гаргажээ. Хадлан тэжээл, намрын их ажил ид өрнөж байгаа энэ үед хойд хөршийн хориг монголчуудад хэрхэн тусах бол гэсэн болгоомжлол олон хүнд байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна