ХХ зуундаа үлдэж хоцорсон эрчим хүчний салбар



Засгийн газар эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төсөл хариуцсан дэд хороо байгуулан ажиллаж байна. Тус дэд хороо эрчим хүчний шинэчлэл, томоохон мега төслүүдийг хөдөлгөх, үнэ тарифын өөрчлөлт хийх, салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулан нээлттэй ХК болгох чиглэлээр салбарт үйлчилж буй Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг хүлээн ажиллаж буй юм.

Мөн салбарын реформ зөвхөн үнэ тарифаар хязгаарлагдахгүй. Үнийн судалгаанаас гадна өөрчлөлт, шинэчлэлт хийх ажлууд байгаа тул олон ажлын хэсэг байгуулагдсан. Монгол Улс эрчим хүчээ импортолдог. Асар их нөөц рүү орохын тулд эрчим хүчний салбарт либералчлал хийх шаардлагатай. 

Эрчим хүчний компаниудын үр ашгийг хэрхэн нэмэгдүүлж, хэрхэн нээлттэй зөв засаглалтай болгох вэ. Мөн эрчим хүч экспортлохын тулд зах зээлийн орчныг яаж бүрдүүлэх вэ, гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэсэн асуудлыг хамран судалж, шийдвэр гарган хэрэгжүүлнэ хэмээн Шадар сайд Т.Доржханд мэдэгдэж байв.
Нийгэм өнөөдөр эрчим хүчний салбар ингэтлээ хямралд өртсөн шалтгаан юу вэ гэсэн асуултад хариулт хайж байна. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш эрчим хүчний салбарт үнийн хязгаартай бодлого хэрэгжүүлэхийг даалгасан төрийн зохицуулалттай явж ирсэн юм. Энэ нь эрчим хүчний үнийг нэмэх тоолонд даган өсдөг инфляц, өргөн хэрэглээний барааны өсөлтөөс жийрхсэн Засгийн газруудын болгоомжлол бөгөөд үүнээс үүдэн салбарын үнэ тарифыг хүчээр барихаас өөр сонголтгүй болсон байв. 
34 жилийн турш үргэлжилсэн энэ зохицуулалттай хамт эрчим хүчний эх үүсвэрүүд “Тэтгэвэрт гарч”, тоног төхөөрөмжүүд нь хуучран, хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний шугам тоноглол системүүд аваарын нөхцөл байдалд эрсдэлтэй нүүр тулахад хүргэсэн нь гашуун боловч үнэн. Тиймээс Засгийн газар энэ салбарт реформ хийхээс өөр сонголтгүйд хүрээд байна.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд 6-10 орчим хувиар өсөн нэмэгдэж байдаг. Сүүлийн 30 жил ганц ч том эх үүсвэр ашиглалтад ороогүй энэ салбар өнөөдөр үнийн болон хэрэглээний өсөлтдөө цаламдуулж, хөдөлж чадахгүй гацаанд орчихоод байна. Үүн дээр нэмээд валютын ханшийн өсөлт, тос тослох материал, шатахуун, сэлбэг материал, ачаа тээврийн үнэ өсөхөд нөлөөлж нүүрс ухахаас эхлээд шатааж эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн эрчим хүчээ түгээж дамжуулах бүхий л шат дамжлагад өссөн зардлууд давхар дарамт үүсгэж буй юм. 
Цар тахлын үед эрчим хүчний үнийг төр даасан. Цар тахлын дараа эрчим хүчний үнийг тогтвортой барих бодлого баримталж, айл өрхийн цахилгаан, эрчим хүчний үнэ тарифт одоогоор өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл, Монголын эрчим хүчний салбар эрсдэлээ өөрөө дааж, хэрэглэгчээ бөөцийлөх бодлого баримталсаар өнөөдөртэй золгож яваа юм.


Эрчим хүч ба Үндэсний аюулгүй байдал

Үндэсний аюулгүй байдал, бие даах чадвартай холбоотой учраас улс орнууд эрчим хүчний салбартаа чухал ач холбогдол өгдөг. Монгол Улсын тухайд цахилгаан, эрчим хүч хэрэглэгчдийн тоо жилээс жилд тогтмол өсөж, эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэн ч өнгөрсөн намар ашиглалтад оруулсан Бөөрөлжүүтийн ДЦС-ыг эс тооцвол шинэ эх үүсвэр сүүлийн 30 жилд огт баригдсангүй. 
Өнөөдөр Монгол Улс эрчим хүчний байгаа нөөц боломжоороо өвлийн улирлын их ачааллыг давж чадах уу, үгүй юү гэдэгтээ тулж ирсэн бөгөөд энэ хямрал нь дан ганц эрчим хүчний салбарт ч хамаатай биш. Эрчим хүч үйлдвэрлэгчдэд түлш, нүүрс бэлтгэн нийлүүлдэг нүүрсний хэдэн уурхайг түгшээх хэмжээнд ирээд буй. 
Эрчим хүчний салбар шаварт суувал Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн зуун эмнэлэг, сургууль, цэцэрлэг, төр захиргааны болон соёл урлагийн байгууллага, хувийн хэвшлүүд эрсдэлд орох бөгөөд үүссэн  асуудлыг шийдвэрлэхгүй, төрөөс менежментийн ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол үндэсний аюулгүй байдал яригдахаар болжээ. Хэрвээ тодорхой арга хэмжээ авахгүй бол Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой, найдвартай ажиллагаа алдагдаж, нийгэм-эдийн засаг бүхэлдээ доголдох юм. 

243 төгрөгөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ 140 төгрөгөөр борлуулдаг

Монгол Улс эрс тэс уур амьсгалтай, хүйтний улирал удаан хугацаанд үргэлжилдэг. Зөвхөн дулаан дээр жишээ татаж үзье. Айл өрхүүд жил бүрийн есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэл дулаан авдаг бөгөөд энэ нь орон сууцууд ердөө дөрөвхөн сар л дулаан хэрэглэдэггүй гэсэн үг. Үүнээс гадна гэртээ гэрэл гэгээтэй, ая тухтай амьдрах, хоол цайгаа бэлтгэх, зурагтаа үзэх, хөргөгчөө залгаж, хувцсаа угааж, индүүдэх, гэрээсээ гарч явахад авто  замын гэрлэн дохио ажиллагаатай байна уу, замын хөдөлгөөн хэвийн зохицуулалттай байна уу гэх мэт эрчим хүчтэй холбоотой бүх асуудал хүмүүсийн амин чухал хэрэглээ мөн үү гэвэл мөн.  
Харин энэ хэрэглээг өнөөдөр улсын хэмжээнд дулааны есөн цахилгаан станц, Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, Алтай, Улиастайн дизель станц болон бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд цахилгаан, эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бол ОХУ, БНХАУ-аас 220 кВ, 110 кВ-ын дэд станц, дамжуулах сүлжээгээр дамжуулан Монгол Улсын 330 гаруй сум, суурин газрын цахилгаан, эрчим хүчний хэрэглээг импортоор худалдан авч байна.
Харин төрийн зохицуулалтад баригдсан эрчим хүчний салбар 243 төгрөгөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, эрчим хүчээ 140 төгрөгөөр айл өрхөд худалдаж байгаа юм. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өртгөөс нь хямд зардаг ганц салбар бол ганцхан эрчим хүчний салбар гэсэн үг. Нэг хайрцаг шүдэнзний ханш хүрэхгүй үнээр эрчим хүч худалдаж аваад сурсан монголчууд бидэнд харамсалтай нь эрчим хүчийг гамнах, хэмнэх ойлголт тун бага. Уг нь үнэ хямд байна гэдэг үнэгүйдүүл гэсэн үг биш. 
Энэ улсын 3.6 сая хүнийг аятай тухтай байлгах үүрэг хүлээсэн эрчим хүчний салбар ийнхүү ХХ зуундаа үлдэн хоцорсон бол иргэд нь хэдийнэ гар утас, интернэт, хиймэл оюун ухааны хөгжил түрсэн XXI зуунтай мөр зэрэгцэн алхаж явна.

Импортын эрчим хүчинд жилд 700 орчим тэрбумыг төлж байна

Монгол Улсын цахилгаан, эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувийн өсөлттэй явж ирсэн бөгөөд нийт хэрэглээний 79 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 21 хувийг импортоор хангадаг. Дотоодын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 90.8 хувийг дулааны цахилгаан станцууд, үлдсэн 9.2 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд тус тус үйлдвэрлэдэг байна. Импортын цахилгаан эрчим хүчний 66 хувийг “Оюутолгой” ХХК-ийн хэрэглээ, 34 хувийг бусад бүс нутгийн хэрэглээ эзэлдэг бол дулааны эрчим хүчний хэрэглээ 2023 онд өмнөх оноос найм орчим хувиар нэмэгдэж 17.6 сая гкал-д хүрсэн байдаг.
Монгол Улс оргил ачааллын үед ОХУ-аас импортоор эрчим хүч авдаг ч дамжуулах шугамаас хамаараад тодорхой хязгаар тавигддаг аж. Үнийн хувьд импортын эрчим хүч өндөр үнэтэй. Тухайлбал, ОХУ-аас импортоор худалдаж авсан цахилгаан эрчим хүчний төлбөрт 2022 оны дүнгээр 206 тэрбум төгрөг, БНХАУ-аас импортоор авсан цахилгаан эрчим хүчний төлбөрт 2022 онд 468 тэрбум төгрөг, нийт 674 тэрбум төгрөгийг төлсөн байдаг. Харин 2023 оны хувьд ОХУ-аас худалдаж авах цахилгааны чадлын үнэ зургаан хувиар, энергийн үнэ 18 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Харьцуулсан нэг жишээ дэлгэж харуулъя. Монгол Улс 2012 онд дотооддоо 4,856.3 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, импортоор 707.8 сая кВт.ц эрчим хүч авч байсан бол 10 жилийн дараа буюу 2022 онд дотооддоо 8,178.6 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, 2,161.2 сая кВт.ц эрчим хүч импортоор авсан байна. Импортоор авдаг эрчим хүч 2012 онд нийт эрчим хүчний зургаан хувийг эзэлж байсан бол 2022 онд 20.9 хувьд хүрч өсжээ.
Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нэг жилд 1564.4 МВт. Гэсэн хэдий ч нарны цахилгаан станц гэх мэт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр тогтмол үйлдвэрлэл явуулах боломжгүй. Эрчим хүч үйлдвэрлэх дулааны станцын суурилагдсан хүчин чадал 1264 МВт. Энэ нь хэрвээ Монгол Улсын эрчим хүч хэрэглэгчдийн ачаалал 1200 МВт-аас дээш гарсан тохиолдолд бид нийтээрээ эрчим хүчний дутагдалд орсон байдалтай байна гэсэн үг юм. 
Эрчим хүчний ачаалал чадлын хязгаараас ихээхэн хэтэрч, хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна. Тухайлбал, 2022 онд хамгийн их оргил ачаалал арванхоёрдугаар сарын 16-ны өдөр тохиож, өвлийн ачаалал 1469 MВт хүрч, улсын хэмжээнд 48 МВт-ын хязгаарлалт хийж, 226 МВт эрчим хүчийг импортоор авсан бол 2023 оны өвлийн оргил ачаалал эхлээгүй үед буюу арваннэгдүгээр сарын 24-нд хоногт 1506 МВт хүрч эрсдэлтэй байдал үүсэж байжээ.

Нүүрсний уурхайн зовлон

Эрчим хүчний салбарын хүндрэл зөвхөн цахилгаан, дулааны төлбөр тооцоогоор хэмжигдэхгүй. Дулааны станцуудыг түүхий эд, нүүрсээр хангадаг уул уурхайн компаниуд ч дагаад хямарсан тухай дээр дурдсан. Тухайлбал, “Багануур” ХК жилдээ 69230 ширхэг вагон нүүрс ачиж, дулааны цахилгаан станцуудад нүүрсээ нийлүүлдэг байна. Гэвч үнийн зохицуулалт гээчээс шалтгаалан вагон нүүрс тутамд 224.8 мянган төгрөг, хоногт 42.6 сая төгрөгийн алдагдал хүлээдэг. Хэдийгээр тус уурхай алдагдалтай ажиллаж ирсэн ч төрөөс татаас авалгүй, үйл ажиллагаагаа нэг цаг ч  зогсоолгүй явуулж байна. 
Багануурын уурхай болон Шивээ-Овоо, Шарын гол, Адуун чулууны уурхайнууд жил бүр нүүрсний үнэ нэмэх хүсэлт илгээдэг ч төрийн зохицуулалт яригдаж, асуудлыг гал унтраах байдлаар шийдвэрлэж, нүүрсний үнийг бодит өртгөөс доогуур барьсаар өдий хүрсэн юм. 
Асуудал ийм байхад салбарын хэдэн гол компанийн тухайд хөгжил яриад ч нэмэргүй.  45 жилийн настай Багануурын уурхай гэхэд тоног төхөөрөмж, машин механизмууд нь хуучирч муудан, нүүрсний нөөц доошлохын хэрээр олборлох зардал нь жилээс жилд өсжээ. Валютын ханшийн савлагаа ч бас уурхайг нэрмэж, 2022 оны байдлаар дизель түлшний үнэ 54, тос тослох материалын үнэ 40, тэсрэх материал 121, туслах материал төмрийн бэлдэц 35 хувиар тус тус нэмэгдэж, алдагдалд өндөр хувь нэмэр оруулж байгаа юм. 
Хэрвээ Багануурын нүүрсний уурхай зогсвол “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” гэсэн том станцууд бүгд зогсох аюултай. Дан ганц Улаанбаатар хот ч биш Монгол Улс бараг тэр чигээрээ гэрэл цахилгаангүй болох, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн том хотууд хөлдөх эрсдэл хэдийнэ үүсэх биз. Энэ бэрхшээл мөн бусад уурхайнуудад ч ижил давтагдсан гэдгийг дурдах хэрэгтэй. 
Тиймээс салбарын компаниуд түлш, эрчим хүчний үнийг чөлөөлөх, чөлөөлж чадахгүй юм бол өртөгт нь хүргэх. Ийм боломжгүй гэж үзвэл төрөөс тодорхой хэмжээний татаас, хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатайг олон жил дараалан учирлаж явна. Учир нь, салбар хооронд өрийн сүлжээ үүсэж, 2024 оны байдлаар энэ салбар 1.8 их наяд төгрөгийн урт хугацааны зээлтэй, 539.6 тэрбумын богино хугацааны өр төлбөртэй болжээ. 

Засгийн газар “Эрчим хүчний сэргэлт”-ийн бодлогод юу тусгав

Үүссэн хүндрэлийг арилгахын тулд үнэ чөлөөлдөггүй юм гэхэд эрчим хүчний үнийг нэмж, уурхай, цахилгаан станцуудаа аврах, эсвэл улсаас татаас өгөх замаар асуудлыг шийдэх зэрэг олон гарцыг хайх хэрэгтэй болоод буй. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Эрчим хүчний сэргэлтийг хэрэгжүүлж байна. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд богино, дунд, урт хугацааны олон талт бодлогыг дэвшүүлсэн. Мөн Эрчим хүчний сэргэлтийн 24 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжид эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд энэ сарын сүүлээр 200 МВт-ын багтаамжтай, 80 МВт-ын том чадлын батерей хураагуур ашиглалтад оруулсан бол 2024 оны аравдугаар сард Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулаад байна. Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хоёр жилийн дараа ашиглалтад оруулснаар ОХУ-аас эрчим хүч импортлохоо больж, дотоодын хэрэглээгээ хангана. Мөн говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц байна. Энэ төслүүдээ хэрэгжүүлж чадвал Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болно гэж тооцож байгаа юм.
Мөн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангадаг, эрчим хүч экспортлогч орон болно” хэмээн тусгасан бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлж, үнэ тарифыг индексжүүлж, цахилгаан, дулааны эрчим хүчний тарифыг бодит өртөгт нь хүргэх бодлого барьж байна.
Хэрэглэгчийн цахилгаан, дулааны эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулж бодит өртөгт нь хүргэх, цаашид тарифыг индексжүүлснээр Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан эрчим хүчний шинэ эх үүсвэр, өргөтгөлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж, санхүүгийн эх үүсвэр бүрдэхээс гадна улсын төсөвт дарамт болохгүйгээр шинээр баригдах эх үүсвэрүүдийн эрчим хүчний төлбөр болон зээл, хүүгийн төлбөрийг төлөх, эрчим хүчний салбар санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд шилжин ажиллах боломжтой болох юм. 
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Шинэ бүтээн байгуулалтын ажлууд ч төлөвлөж, шинэ орон сууц, үйлдвэрүүд барих төсөл хөтөлбөрүүд шил шилээ даран хүлээгдэж байна. Гэхдээ эрчим хүчний салбараа, эрчим хүч үйлдвэрлэж буй станцуудын ажиллах гол эх үүсвэр болох эрчим хүчний нүүрс олборлож байгаа уурхайгаа өөд татахгүйгээр бид ямар ч сайхан төлөвлөгөө байсан хэрэгжүүлж чадахгүй нь үнэн.

Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээ юуг дохиолж байна вэ

Эрчим хүчний ачаалал 2023 оноос огцом өссөн. Арванхоёрдугаар сард эрчим хүчний хэрэглээний ачаалал 1500 МВт хүрсэн. Энэ нь өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 200 МВт-аар өссөн гэсэн үг. Хэрвээ энэ хэмжээгээр өсвөл өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээ 1660 МВт хүрэхээр байна. Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1474 МВт байдаг тухай дээр өгүүлсэн. Энэ нь үйлдвэрлэж гаргах эрчим хүч нь 113 МВт гэсэн үг. Үүн дээр 310 сая хүртэл кВт эрчим хүч ОХУ-аас авч, салхины эрчим хүчээ нэмлээ гэхэд цаана нь 100 гаруй МВт эрчим хүч шаардлагатай. Тиймээс энэхүү шаардагдаж буй 100 гаруй МВт эрчим хүчийг хэмнэж, хязгаарлах, зохицуулах шаардлагатай бид тулгарч байна гэсэн үг. 
Сонирхуулж хэлэхэд, Монгол Улсын хувьд нэгдсэн сүлжээний өвлийн оргил ачааллын 17:00-22:00 цагт цахилгаан, эрчим хүчний ачааллыг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлэх, хэрэглэгчдэд ойлгуулах, эцсийн хэрэглэгчийн хэрэглээг хязгаарлахгүйгээр хэрэглээний өсөлтийг хэмнэлтээр хангах боломжийг бүрдүүлж эх үүсвэрийн чадлын дутагдал, импортын эрчим хүчний хэмжээг багасгах боломжууд бас бий. 
Тухайлбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 19.00 цагт оргил ачаалал 1.506 МВт хүрэх үед ОХУ-аас 300 орчим МВт чадлыг импортоор авч байжээ. Эрчим хүчний зохицуулах хороо үүн дээр анхаарч хэрэглээг бууруулах ажлын хүрээнд тодорхойлсон зорилтот бүлгийн 283 ААНБ-тай хамтран ажиллаж 98 МВт чадлыг хөнгөлж, хязгаарлалтад орох хэрэглэгчийн тоо, чадлын хэмжээг бууруулж ажилласан нь үр дүнгээ өгч байжээ.


 Д.Жаргалан

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/


0
angry
1
care
1
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 4 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 5 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 6 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 6 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 6 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 6 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 6 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 7 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 7 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө