Олон улсын продюсеруудын холбооноос итгэмжлэгдсэн “А” зэрэглэлийн дэлхийн шилдэг 15 кино наадмын нэг, Эстони улсын Таллин хотод зохион байгуулдаг “Хар шөнө” кино наадамд найруулагч Ж.Сэнгэдорж “Чимээгүй хотын жолооч” киногоороо оролцож, Гран-при шагнал хүртсэн нь саяхан. Тус киноны гол дүрд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр тоглосон юм. Мэргэжлийн бүжигчдийн ур чадвараа сорьдог олон улсын тэмцээнүүдэд оролцохын зэрэгцээ үндэсний томоохон хэмжээний бүтээлүүдэд гоцлон тайзнаа гарах болсон түүний чамгүй жүжигчин болохыг “Чимээгүй хотын жолооч”-оос харж болохоор байв. Авьяас чадвараараа өсөн дэвшиж буй түүний энэ цаг үеийн бодлоос хуваалцаж, уран бүтээлийн яриа өрнүүлснээ уншигчдадаа хүргэе.
-Үндэсний хувцастай монгол бүжигчин залуугаас их хотын загвар хөөсөн нэгэн хүртэл өөрчлөгдөж олон янзын дүр төрх бүрдүүлэхийг тань харсан. Энэ удаад дүнсгэр, бодлогоширсон атлаа сэтгэл татам нууцлаг нэгнийг “Чимээгүй хотын жолооч” киноны Мягмарын дүрээр гаргажээ. Илэрхийллийн хувьд бүжгээс ондоо ч мэдрэмж нь адилхан санагдлаа. Харин та юу гэж бодсон бол?
-“Чимээгүй хотын жолооч” киноны Мягмар их дотогшоо хүн. Бодно, эргэцүүлнэ, “өөрийгөө уудална”. Энэ онцлог бүжигчдэд ч их ойр. Тайзан дээр гараад мэдрэмжээрээ холбогдож, нүдээрээ нэг нэгэнтэйгээ ойлголцдог. Тэр мэдрэмж надад байсан болохоор Мягмарын дүрд тоглоход хол зөрөөгүй байх. Ганцхан бүтээж байгаа дүрдээ орохын тулд өөртөө хэтэрхий их ачаа үүрүүлчихсэн. Түүнээсээ болоод хэсэг хугацаанд шаналсан тал бий. 2023 онд Ж.Сэнгэдорж найруулагчтай уулзахдаа “Та намайг киноныхоо гол дүрийн жүжигчинд тоглуулна гэж сонжиж хараад байна уу. Би чадахгүй байх” гээд бодлоо шууд хэлсэн. Тэгэхэд найруулагч олон зүйлийн талаар нуршилгүй “Чи чадна” гэсэн. Анхнаасаа уулзаад ярилцчихсан байсан юм шиг болж өнгөрсөн уулзалтаас би урам авсан юм уу. Эсвэл “Чадна” гэсэн үг нь намайг ирлэсэн үү, найруулагчийн саналыг хүлээн авснаар 2023 онд киноны зураг авалтад оролцож эхэлсэн. Мягмарын дүр амьдрал дээрх надаас зургаан насаар ах. Мэдээж амьдралын туршлагаар хэн хүнээс илүү. Алдаж бас онож ч явсан. Найруулагчийн хэлснээр өөрийн төсөөллөөр энэ дүрийг гаргах амар байгаагүй ч даваад гарлаа.
-Тэр та хоёрын хувьд анхны уулзалт байсан уу. Найруулагчид бодолдоо буулгасан дүрээ амьдрал дээр хайж ойролцоо нэгнийг хараад хамтран ажиллах санал тавьдаг талтай?
-“Централ” телевизийн уран бүтээлчид “Монгол өв соёл” нэртэй контент хийсэн нь олон түмэнд одоо хүртэл хүрч байна. Тэр контентод миний бүжиглэж байгаа нэг хэсэг гардаг. Найруулагч түүнийг олж хараад надтай уулзахаар болсон гэсэн. Түүнээс гадна найруулагчийн эхнэр нь бүжигчин, манай театрт ажилладаг байсан. Тэр хүн “Манай театрт ийм залуу байдаг” гэж миний зургийг харуулж байсан нь тус болсон байх. Нэг л өдөр санаанд ч орж байгаагүй зүйлээ хийж кинонд тоглож эхэлсэн. Бас Таллины “Хар шөнө” кино наадмын улаан хивсэн дээр алхаж бодол ямар хүчтэйг өөрийн биеэр мэдэрлээ. “Чимээгүй хотын жолооч” кино олон улсын “А” зэрэглэлийн кино наадмын Гран-при шагналыг авч, “Шилдэг зураглаач” номинацын эзэн манай киноны багаас тодорсонд маш их баяртай байна.
“Чимээгүй хотын жолооч” киноны Монгол дахь нээлт ирэх сард болно
-Жүжигчний хувиар тайз, дэлгэцийн бүтээлд тоглож байсан туршлага танд бий юү?
-Бид Хөгжим бүжгийн коллежийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгсдөг. Текст уншихгүй ч этюд хийдэг. Бүжиглэхээс гадна жүжиглэж уран бүтээлээ амьдруулдаг болохоор өмнө нь сурсан зүйлс кинонд тоглоход нэмэр болсон байх. Найруулагч Ж.Сэнгэдорж “Хүний нүдийг сайн ажигладаг” гэж хэлж байсан удаатай. Дуу хоолой, биеийн өгөгдөл гэхээсээ нүд харж бүтээлийнх нь дүрийг амьдруулах эсэхийг тодорхойлдог. Түүний жүжигчиндээ тавьдаг энэ шалгуур, харилцааны онцлог дүрээ гаргахад надад их тусалсан. Дүрийн илэрхийллийн тухайд ярих эртдэх байх. Учир нь, киноны маань Монгол дахь нээлт 2025 оны нэгдүгээр сард болно. Нээлтийн дараа, өөрөөр хэлбэл, киног үзсэний дараа илүү сонирхолтой яриа өрнүүлж чадна гэж бодож байна.
-Цаашид кинонд тоглож болмоор санагдаж байна уу?
-Би туранхай талдаа. “Чимээгүй хотын жолооч” кинонд ажиллаад жингээ улам хассан. Магадгүй хүссэн хэмжээнд хүртлээ дүрээ гаргаж чадахгүй байсан учраас бухимдаж, сэтгэл зүйн хувьд хүнд санагдсан байх. Киноны зураг авалтын явцад дасан зохицож тодорхой арга барилыг өөртөө нээснээр өмнө нь байсан асуудал багассан. Зургийн төгсгөлд дахиад ийм ажлын санал тавибал хийчихмээр санагдсанаа нуухгүй. Намайг ийм зүйлийн талаар бодоход хүргэсэн хүн нь Ж.Сэнгэдорж найруулагч. Энэ хүнээс олон зүйл сурч, урмын үг ч сонссон болохоор одоо айдасгүй болсон хэрэг. Тиймээс киноны дараа яг тэр эрчээрээ “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн ажилд орж Ноён хутагт Данзанравжаагийн дүрийн судалгаагаа эхлүүлж байсан юм.
-Дараагийн сэдэв рүү та хөтөллөө. Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг энэ жилийн сод бүтээлүүдийн нэг. Та Дорноговь аймгийн уугуул болохоор Ноён хутагтын дүрийг бүтээх амаргүй даалгавар болсон байх?
-“Чимээгүй хотын жолооч” киноны Мягмар хийсвэр дүр учраас би яаж ч илэрхийлж болно. Хутагт Данзанравжаа бодит төдийгүй хүн бүрийн мэддэг хүн. Энэ дүрд маш болгоомжтой хандахгүй бол би асуудалд унах болохоор маш их уншиж, энэ эрхэм хүмүүнийг ойлгох оролдлого хийсэн. Би Дорноговь аймгийн Өргөн сумынх. Хамарын хийдээ зорин очиж, “Үлэмжийн чанар” дуугаа дуулдаг байсан нь бага ч атугай тус нэмэр болсон юм болов уу. Говийн хүн ямар байдгийг гадарладаг нь дүрээ гаргахад дөхөм байсан.
-Бүжгийн дэглэлт ямарваа нэгэн зүйлд баригдаагүй, бүжигчний давуу талыг гаргасан байдаг?
-Хайрцаглагдахгүй байя гэсэн бодол нөлөөлсөн байх. Бүжиг дэглээчийн бодлыг би мэдэхгүй юм. Хамгийн гол нь урлагийн цогц бүтээл, бүжгэн жүжиг хийе гэсэн санаачилгын үр нөлөөгөөр дуу хөгжим, циркийн үзүүлбэр, орчин цагийн бүжгийн элементээс бүрдсэн бүжгэн жүжиг бий болсон.
-Таны оролцсон бүтээлүүдэд монгол ондоошил харагддаг. Үүнийг та бий болгодог уу эсвэл хувь тохиол тэгж таараад байна уу?
-Миний өсөж өндийсөн газар Дорноговь аймгийн Өргөн сум. Хонь, хурганы араас гүйж өсөхдөө монгол ахуй, аж байдлын талаар бага сага гадарлахтайгаа болсон. Бас энэ үеэс урлагтай холбогдсон нь аз тохиол гэхээсээ хувь тавилан гэлтэй. Хүрээлэн буй орчин, миний сонирхдог зүйл гээд бүгд л үндэсний гэх агуулгыг өөртөө хадгалах болсон нь өнөөдрийн таны асуултын хариулт болох байх. Дээр нь монгол үндэсний урлаг хязгааргүй баялаг, яаж ч хувирч болдгийг би өөрийн биеэр мэдэрч байна.
-Та бүжигчин гэхээсээ илүү спортын хүн байх өгөгдөлтэй. Спортын аль нэг төрлөөр хичээллэх боломж байсан ч яагаад мэргэжлийн бүжигчин болохоор шийдсэн тухайгаа сонирхуулаач?
-Манай аав ээж хоёртой холбоотой асуулт байна /инээв/. Манай аавын талынхан спортлог. Ээжийн талд урлагийн алдартай хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хоёрын нийлмэл нь би байгаа биз. Би Хөгжим бүжгийн коллежийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Багадаа намхан хүүхэд байсан ч ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангидаа гэнэт өссөн. Огцом өсөхөөр хүн орон зайн хувьд баримжаагүй болдог. Ялангуяа мэргэжлийн хувьд хөгжмийн хэмнэл тоололт бүрд хоцорч, гүйцэхгүй байх тохиолдол гардаг юм билээ. Тиймээс энэ өөрчлөлтөө даван туулахын тулд өөрийгөө дайчилсан нь үр дүнгээ өгсөн. Бусдынхаа хөдөлгөөнийг алдалгүй хамт урагшилж хөгжмийн хэмнэлдээ тохируулан бүжиглэхийн төлөө ажилласан.
Харин монгол бүжгийг сонгосон тухайд, хүн бий болсон цагаас бүжиг үүссэн. Монгол бүжиг монгол гэр, молор эрдэнэ хоёртой салшгүй холбоотой. Хүний морь унаж байхад илрэх бүх хөдөлгөөн монгол бүжигт их бага хэмжээгээр агуулагддаг. Гэрийн эзэгтэй цайгаа самарч байгаа, охид бүсгүйчүүд үсээ самнах нь хүртэл бүжгийн хөдөлгөөнд шингээстэй байдаг. Магадгүй тийм учраас гаднынхан монгол бүжгийг гайхаж хүлээж авдаг. Тэд монгол ардын урлагийг “Гүн ухаан шингэсэн юм байна, хөгжлийн дээд түвшинд хүрсэн урлаг байна” гэж хардаг.
-Аль нутагт хөгжсөнөөс шалтгаалан ардын бүжиг өөрийн гэсэн намба төрхийг агуулдаг. Тэдгээрээс та алийг нь өөриймшүүлсэн бэ?
-Мэргэжлийн бүжигчин тэдгээрийг бүгдийг нь мэддэг, чаддаг байх ёстой. Ямар нэгэн зүйлд баригдалгүйгээр аль болох “задарч” байх шаардлагатай. Одоо би монгол бүжиг бүжиглэж байгаа ч контемпорарийг сонирхдог. Дан ганц монгол бүжиг бүжиглэвэл хайрцаглагдах гээд байдаг тал бий. Ийм байдалд орохгүйн тулд бүжгийн олон төрлийг туршиж, оролдож үздэг.
Өнгөрсөнд чадсан шигээ өнөөдөр хичээж ирээдүйд үр дүнгээ үзэхийн төлөө цаашид суралцсаар байх болно
-Танд мэргэжлийн бүжигчний хувьд өсөн дэвших боломжийг олгосон газар бол Үндэсний урлагийн их театр. Нэг сонирхолтой хүмүүс, багагүй өрсөлдөөнтэй орчинд орохоор өөрийн эрхгүй хурцлагдан сурч, судалж эхлэх нь цаг хугацааны асуудал болдог байх?
-Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга маань 40 гаруй бүжигчинтэй. Энэ хамт олны нэг болж гайхалтай бүжиг дэглээчдийн бүжгийг бүжиглэнэ гэдэг их хувь заяа. Цаашлаад энэ бүжигчидтэй мөр зэрэгцэн ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Багш нарынхаа хүчинд, ах эгч нарын өгсөн зөвлөгөөг авах гээхийн ухаанаар хандсанаар өнөөдрийн өөрийгөө бүтээж чадсан. Одоо ч надад сурах зүйл олон байна. Өнгөрсөнд чадсан шигээ өнөөдөр хичээж ирээдүйд үр дүнгээ үзэхийн төлөө цаашид суралцсаар байх болно.
-Олон улсын мэргэжлийн бүжигчдийн тэмцээнүүдэд оролцож тэргүүн байрт удаа дараа шалгарлаа. Илүү ихийг хийж бүтээх зориг орж байна уу?
-Өөрийгөө чамлах сэтгэл төрсөн. Би энэ жил анх удаа олон улсын бүжгийн тэмцээнд оролцсон. Мэргэжил нэгт үе тэнгийнхэнтэй харьцуулахад хаахна яваагаа мэдье гээд зориглосон юм. Тэгээд хаана илүү, юугаараа дутуу байгаагаа мэдэж авлаа. Өөр нэг зүйлийг ажигласан нь манай үзэгчидтэй холбоотой. Хүмүүс монгол үндэсний бүтээлийг олон сувгаар, дэргэдээс нь үздэг болохоор нэгэн хэвийн байдаг л зүйл мэт хүлээн авдаг. Харин гаднын улс оронд очиж тэмцээн уралдаанд оролцохоор биднийг арай өөр өнцгөөс харж эхэлдэг юм шиг санагдсан. Үүнээс хүмүүст тодорхой түвшинд өөрийгөө таниулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Түүнээс биш надаас ч сайн бүжигчид манай театрт олон бий.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Үндэсний урлагийн их театрынхаа цоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. “Үйлийн гурван толгой” балетыг хүн бүр мэдэх байх. Тэр бүтээлийг ардын хэв маяг руу оруулах ажлыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Д.Баярбаатар хийж байгаа.
Миний хувьд 2025 оны эхээр үзэгчдийн хүртээл болох уг бүтээлийн гол дүрд тоглохоор бэлтгэж байна.
-2024 он таны хувьд их ачаалалтай бас амжилт бүтээлээр дүүрэн жил болон өнгөрч байна?
-Завгүй байх тусам надад илүү сайхан байдаг гэвэл та гайхах уу. Завтай, хөдөлгөөнгүй нэгэн хэвийн оршихоор эзгүйрсэн мэт мэдрэмж авдаг. Тиймээс бүтээхэд, суралцахад цаг заваа зарцуулах дуртай. Би чөлөөт цагаараа видео, зургийн эвлүүлэг хийдэг. Харин энэ жилийн хувьд БНСУ-ын Сөүл хотод болсон “А” зэрэглэлийн хослол бүжигчдийн тэмцээн болон ОХУ-д зохион байгуулсан тэмцээний хослол төрөлд тэргүүн байр эзэлсэн. Хамгийн сүүлд “Виртуоз” наадмын оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулах уралдааны цомын эзэн болсон.
-Энэ их ажлын хажуугаар хүүхдүүдэд бүжгийн хичээл заадаг юм билээ. Багшлах саналыг танд хэн тавьсан бэ?
-Монгол Улсын Гавьяат жүжигчин, бүжигчин Ш.Одонтуяа “Манай студид ирж хүүхдүүдэд бүжиг заа. Хүүхдүүдэд хичээл орохоор уран бүтээлч өөрөө “задардаг” юм байна” гээд намайг “задлах” гэж үзсэн. Хүүхдүүдэд хичээл заахад маш сайхан энергитэй. Бүжиг гэхээр нүд нь сэргээд л ирдэг. Одоо ч гэсэн ажлын хажуугаар тэдэнд хичээл зааж байгаа. Би бодол биеллээ олно гэдэгт итгэдэг. Ер нь хийх ёстой зүйлээ хийгээд явж байвал бүх юм аяндаа бүтнэ дээ.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна